| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00588/И |
| Дугаар | 151/ШШ2017/00625 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00625
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Батсүмбэр сум, 1-р баг, Мандал уйлант 2 гудамж, 17 тоотод оршин суух НБ52092018 регистрийн дугаартай Боржигон овогт Жамцийн Лхагвасүрэнгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Лхагвасүрэн нь 1970 онд цэрэг явсан. 1973 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймаг, Батсүмбэр сумын “Сангийн аж ахуй”-д адуучин, хоньчин, үхэрчин хийж байсан. “Үнээ” ферм, “Адуу” бригадад тасралтгүй ажилласан. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж Дэвээ нь нас барч. Энэ хүн халамжийн тэтгэвэрт байж байгаад 5 жилийн өмнө халамжаас хасагдсан. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын тушаал шийдвэрээс малчнаар орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан. Иймд цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Лхагвасүрэн нь Төв аймаг, Батсүмбэр сумын “Сангийн аж ахуй”-д 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
- Төв аймгийн Батсүмбэр сумын Байгууллагын архивын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн лавлагаанд “...Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйд хоньчноор ажиллаж байсан Жамцын Лхагвасүрэнгийн 1975 оны 06 сараас эхлэн 1976, 1977, 1978, 1979, 19780 онуудын цалингийн түүвэр ..” гэх бичилт,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн Сангийн аж ахуйн даргын 1973 оны 11 сарын 26-ны өдрийн 223 дугаартай “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалд “.. Лхагвасүрэн нарт ажлын 18 өдрөөр 12 сарын 01-ний өдрөөс амруулсугай ..” гэх бичилт,
- Төв аймаг, Батсүмбэр сум, Эрдэнэтолгойн фермерийн аж ахуйн даргын 1991 оны 03 сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Аж ахуйн орон тоо, ажиллагсдыг батлах тухай” тушаал,
- мөн 1992 оны 11 сарын 04-ний өдрийн 47 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд “... 1992 оны 11 сараас үхэрчин Лхагвасүрэнг 21 хоногоор, нэмэгдэл хоног 5 гээд нийт 26 хоногоор амраах ..” гэх бичилт,
–гэрч И.Цэндээхүү: Ж.Лхагвасүрэн нь багаасаа Жамц гэх эцгээсээ өнчин хоцорч Дэвээ гэх ээжийн хамт айлын хонь мал маллаж явсан. Төв аймаг, Батсүмбэр сумын сангийн аж ахуйд 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл адуучин, хоньчин, үхэрчин гээд хийх л ажл байвал хийгээд явдаг байсан. Одоо ч айлд мал маллаж байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Ж.Лхгавасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймаг, Батсүмбэр сумын сангийн аж ахуй, “Хонь” “Үхэр” “Адуу” бригадын даргаар ажиллаж байсан гэрчээс хууль сануулж авсан мэдүүлэг, цалингийн түүвэр, , Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын тушаал, Төв аймаг, Батсүмбэр сум, Эрдэнэтолгойн фермерийн аж ахуйн даргын тушаал, Төв аймаг, Батсүмбэр сум, Эрдэнэтолгой хувьцаат компанийн даргын тушаал зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үнэлэв.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ52092018 регистрийн дугаартай Боржигон овогт Жамцийн Лхагвасүрэн нь Төв аймаг, Батсүмбэр сумын “Сангийн аж ахуй”-д 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ