Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/621

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч  Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , урьд ял шийтгэлгүй, Э.Б /РД:*** /.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 13 дугаар байранд байрлах караокед Э.Этэй маргалдаж түүний биед зүүн талын хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, уруулд шарх зулгаралт , зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салсталд цус харвалт, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 13 дугаар байранд байрлах “Локо” пабд хохирогч Э.Этэй маргалдан түүний нүүрэн тус газарт хундагаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, уруулд шарх зулгаралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:   

         Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 06 сарын 12-ны оройн 23 цагийн үед өөрийн найз Тамир, Чингүүн нарын хамт БГД-н 4-р хороо, 13 дугаар байранд байрлах нэг караокед ороод тэндээ дуулж байгаад шөнийн 3 цагийн үед  ариун цэврийн өрөөнд орчихоод гарч ирэхэд Тамир нэг залуутай маргаж байсан. Би очоод уг Тамиртай маргаж байсан хүнээс уучлалт гуйтал над руу босоод ирсэн. Ингэхээр нь би тэр хүний цээж рүү нь түлхээд холдуултал тэр хүн ширээн дээр байсан хундагыг аваад миний толгой руу цохисон. Би нүүрээ дараад доошоо хараад буцаад босоод иртэл намайг цохисон эрэгтэй гараад явчихсан, Тамир надад салфетка авчирч өгөөд цус арчаад зогсож байсан. Тэгээд би намайг цохисон эрэгтэй рүү баарны эзнээр залгуулахад цагдаа шүүхээр нь шийдүүл гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

         Гэрч Э.Пы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний бие БГД-н 4-р хороо Төмөр замд байрлах “Локо” пабд найзуудын  хамтаар 21 цаг өнгөрч байхад орж суугаад шөнийн 03 цагийн үед бид нар гарах гэж байхад 2 залуу гаднаас орж ирсэн. Тэгээд манай эгч Н нь бие засах өрөө орчихоод буцаад гарч иртэл хоёр залуу манай эгчийг хоргоогоод явуулахгүй байсан. Энэ үед манай найз Б нь тэр  хоёр залууг манай эгч Номундариас салгаад буцаад ширээн дээр ирээд суутал нөгөө 2 залуу бид нарын сууж байсан ширээний хажуугаар зөрөхдөө үг хаяад байсан. Манай найз Б тэр 2 залууд хандаж “ахын дүү нараа асуудал үүсгэмээргүй байна, ингээд явчих тэгэх үү” гэхэд Э гэх залуу манай найз Бг түрүүлээд хүзүүнээс нь гараараа боогоод авсан. Энэ үед Б нь хажуудаа байсан хундагыг аваад Эийн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд  дахиж муудалцаагүй байж байтал пабын ажилтан “паб хаах гээд байна гарцгаа” гэж хэлээд бид нарыг гаргасан...” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №5152 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Э.Эийн биед зүүн талын хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, уруулд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн талын хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 06 сард ажлынхаа хүмүүстэй хамт Баянгол дүүргийн 4-р хороо, “Локо” пабд сууж байсан. Ингээд манай ажлынхан нэг нэгээрээ явцгаасан. Би тэнд таньдаг хүн болох Птай таарч зааланд сууж байтал манай найз Пы эгчийг нэг танихгүй залуу хоргоогоод байсан. Би очоод Пы эгчийг нь тэр залуугаас салгаад ширээн дээрээ авчирч суулгаад байж байтал Э бид нар дээр ирээд надад хандаад “Уучлаарай ахаа, ямар том ах вэ” гээд өдөөд байсан. Тэгээд би “ахын дүү больчих, асуудал үүсгээд яах юм бэ” гэж хэлсэн. Э бид хоёр муудалцаад, маргалдаж байтал Э миний хоолойг боосон. Тэгээд би хөдөлж чадахгүй байсан болохоор ширээн дээр байсан архины хундагаар хацар луу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 45 дугаар  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт  /хэргийн 55 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 47-52 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

         Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 13 дугаар байранд байрлах “Локо” пабд хохирогч Э.Этэй маргалдан түүний нүүрэн тус газарт хундагаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн доод зовхи, уруулд шарх зулгаралт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстад цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Э.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Э.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой 383.670 төгрөгийн баримт /хэргийн 65-67 дугаар хуудас/ авагдсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.     

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Бгээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 383.670 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Түүнчлэн хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Э.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

          Шүүхээс шүүгдэгч Э.Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Бд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Бгийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Э.Бг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэв.  

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Бгээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 383.670 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эт олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО