Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0470/З |
Дугаар | 835 |
Огноо | 2018-12-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 835
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э, нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Б, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, З.Э, Л.Ц, А.Г, гуравдагч этгээд Э.З нарыг оролцуулан Б.Х-ын нэхэмжлэлтэй, Н.Г.Анд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: Н.Г.А
Хаяг: УБ хот, Ч******* дүүрэг, *******, Ц.Ж*******ын гудамж-7/1, Нийслэлийн төр захиргааны Х******* ордон . ба . давхар.
Гуравдагч этгээд: Э.З .
Нэхэмжлэлийн шаардлага: “Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай Б/36 дугаар тушаал”, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаал буюу С******* дүүргийн Газар зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 147 хоногоор, нэг өдрийн 31.516 төгрөгөөр тооцож, нийт 4.632.852 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х намайг С******* дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаанд Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал гарч “Б.Х-т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараа хоцорч, ажил тасалсан, хариуцсан ажилдаа хайнга хандсан зөрчил гаргасан...” гэж үзэн үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Улмаар миний бие Н.Г.А-ны даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж ажилд шилжүүлэн томилох тухай тушаалыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авахдаа мэдсэн ба тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14/169 дугаар албан бичгээр “...Н.Г.Аны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/236 дугаар тушаал...” нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Намайг ажил тасалсан гэж үзэж байгаа тэр үед буюу 2017 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын эхний 10 хоногт миний бие “Паратонзилярный абцесс” гэдэг оноштойгоор Халдвар өвчин судлалын Үндэсний төвд үргэлжилсэн эмчилгээ хийлгэдэг байсан.
Энэхүү өвчин нь хоолойн хүндэрсэн идээт үрэвсэл бөгөөд тухайн үед хагалгаа хийлгэсэн боловч Газар зохион байгуулагчийн ажлын онцлогоос шалтгаалж иргэдийг өдөр бүр хүлээн авч уулзаж, асуудлыг шийдвэрлэдэг байсан учраас хэвтэж эмчлүүлээгүй (уг нь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай)зарим үед өглөө цагаа бүртгүүлээд ажлаа хийж байгаад үдээс хойш эмчилгээндээ явдаг, эсвэл өглөө цагаа бүртгүүлэлгүй эмчилгээгээ хийлгээд үдээс хойш ирж ажлаа хийдэг байсан.
Миний бие өөрийн хариуцсан ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслаагүй бөгөөд энэ тухай холбогдох албан тушаалтнуудад тухайн үед хэлж байсан болно.
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие тус шүүхэд нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/263 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын Б/36 дугаар тушаал, мөн оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах талаар маргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохицуулсан ба миний хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргахгүй бол зөрчигдсөн буюу ажилгүй болсон эрх сэргээгдэх боломжгүй тул дээрх гурван захиргааны актыг хүчингүй болгосноор хэргийг нэг мөр шийдвэрлэх учиртай тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Мөн ажилгүй байсан цаг хугацааны цалинг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл нийт ажлын 110 өдөр өнгөрсөн бөгөөд 1 өдөр/31516 дундаж цалин/110 ажлын хоног/нийт 3.466.866 /Гурван сая дөрвөн зуун жаран зургаан мянга, найман зуун/ төгрөгийг нэхэмжилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Б.А нараас ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Х нь С******* дүүргийн Газрын албаны Газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараа хоцорч, хариуцсан ажилдаа хайнга хандсан зөрчил гаргасан нь Н.Г.А-ны даргын зөвлөлийн 8 дугаар хурлаар хэлэлцэгдэж албан албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/263 дугаар тушаалаар ногдуулсан байна.
Иргэн Б.Х нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, дахин алдаа дутагдал гаргахгүй тухай өргөдлөө тус албанд ирүүлсэн байдаг. Иймд Б.Х нь мэдсэн, мөн мэдэх боломжтой гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нараас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбартаа: “...Даргын зөвлөлийн 2017 оны 7 дугаар хуралдаанаас С******* дүүргийн Газрын албаны Газар зохион байгуулагч Б.Х-ыг шилжүүлэн томилох шийдвэр гарч энэ талаар иргэн Б.Х-т мэдэгдлийг хүргүүлж, мөн утсаар удаа дараа мэдэгдэж байсан боловч хариу тайлбар гаргаагүй, биечлэн ирж уулзаагүй учир албан ажлын зайлшгүй шаардлагаар 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Б******* дүүргийн Газрын албаны Газар зохион байгуулагчаар шилжүүлэн томилсон ба тус тушаалын талаар иргэн Б.Х нь мэдэж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.
Б******* дүүргийн Газрын албаны Газар зохион байгуулагч Б.Х-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн арга хэмжээ авах болсон тухай мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан, цаг бүртгэлийн төхөөрөмжид өөрийн бүртгэлийг бусдаар бүртгүүлж байсан ноцтой зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг үндэслэн арга хэмжээ ногдуулсан тухай Албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Н.Г.А-ны даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/63, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 тоот тушаалууд гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.3, 27.5-т тус тус заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан боловч иргэн Б.Х нь тайлбарыг ирүүлээгүй байдаг.
Иймд Н.Г.А-ны даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/36, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 тоот тушаалуудад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Э.З хариу тайлбартаа: “...Э овогтой З миний бие тус газрын албанд анх 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/81 дүгээр газрын даргын тушаалаар ажиллаж эхэлсэн.
Н.Г.А-ны даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Э.З намайг Б******* дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагчийн албан тушаалаас чөлөөлж, С******* дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар шилжүүлэн томилсон тушаал гарсан байсан.
Энэ тушаалын дагуу Н.Г.Аны хүний нөөцийн мэргэжилтэн А.Г тэр үед утсаар мэдэгдэж, Б******* дүүргийн Газрын албаны дарга н.М тушаалын хуулбарыг надад өгч мэдэгдсэн.
Дээрх тушаалтай холбоотойгоор Б******* дүүргийн Газрын албаны дарга н.М нь чиний ажлыг хүлээж авах Б.Х хүрч ирсний дараагаар ажлаа хүлээлцээд С******* дүүргийн Газрын алба руу явж ажиллах үүрэг өгсөн. Энэ талаар Б.Х-тай 2018 оны 02 дугаар сард 991106.. утас руу өөрийн тухайн үед эзэмшиж байсан 888199.. дугаартай утсаар хэд хэдэн удаа ярьж байсан. Б.Х-тай утсаар ярихад дээрх шилжүүлэн томилох тухай тушаалыг мэдэж байсан ба “намайг тушаалын талаар ямар бодолтой байгаа талаар асуухад миний бие Б******* дүүргийн газрын албанд ажиллаж байвал хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч байхад амар л даа гэхдээ даргатай уулзаад үзнэ, бүүр болохгүй бол С******* дүүрэгт очиж ажиллана, өмнө нь би С******* дүүргийн газрын албанд ажиллаж байсан гэх зэргээр хэлж ярьж байсан.
Харин Б.Х байцаагч С******* дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллах хүсэлтэйгээ хэлж байсан. “Б******* дүүрэгт байж бай, ах нь удахгүй чөлөө авна эхнэрийн бие өвдсөн Бүгд найрамдах Солонгос улсад эмчилгээгээр явна” гэж ярьж байсан.
Н.Г.А-ны хүний нөөцийн мэргэжилтэн А.Г-тэй /990855../ миний бие өөрийн /888199../ утаснаас ажлаа хэрхэн хүлээлцэх тухай, мөн Б.Х яагаад ирж ажил хүлээлцэхгүй байгаа талаар тодруулахад, сүүлийн үед утсаа авахгүй байна, утас нь холбогдохгүй байна гэхчлэн хариу өгч байсан ба би өөрийн утаснаас “Би яг одоо аль дүүрэг дээр ажиллах вэ?, Б******* дүүргийн Газрын албаны дарга н.М дарга миний орны хүн ирээгүй Б******* дээр байж бай” гэх мессеж бичилцэж байсан тухай мессеж миний барьж байсан утсан дээр байгаа.
Мөн Б.Х-тай утсаар “Би С******* дүүргийн газрын албанд ирчихсэн байна, хоёулаа хэрхэн ажлаа хүлээлцэх вэ” гэж ярихад “Чи Б******* дүүргийн Газрын албандаа ажиллаж л байхгүй яасан юм бэ, за за би ажлаа очиж хүлээлгэж өгнөө, чи юмаа цэгцлээд байж бай, би удахгүй очно би ажлаа хүлээлгэж өгье” гэж утсаар хэлж байсан.
Миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С******* дүүргийн Газрын албанд ирж ажиллахад ганц ч удаа ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд С******* дүүргийн Газрын албаны даргатай “Үр дүнгийн гэрээ” байгуулж чадахгүй байсан ба Б.Х-ын утас 03 дугаар сарын дунд үеэс холбогдохгүй болсон. Иймд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус албаны ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, нягтлан бодогч А.Лхагважаргал, бичиг хэргийн ажилтан О.Сэлэнгэ нартай ажил хүлээлцэх акт хийсэн.
Энэхүү тайлбарт Б.Х-тай /991106../ утсаар Э.Зориггбаатар миний өөрийн 888199.. дугаар хооронд хэрхэн харилцаж байсан талаар Юнител ХХК-аас мессеж болон утсаар ярьж байсан клип зэрэг нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Х Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/263 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх 2018 оны 5 дугаар 10-ны өдөр гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор тогтоож, 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн тул 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр эцсийн байдлаар “Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Хт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай Б/36 дугаар тушаал”, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Хыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаал буюу С******* дүүргийн Газар зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 147 хоногоор, нэг өдрийн 31.516 төгрөгөөр тооцож, нийт 4.632.852 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн “Н.Г.А-н даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлагын тухайд.
Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорч, ажил тасалсан, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Б.Х нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч дахин алдаа дутагдал гаргахгүй тухай өргөдлийг Н.Г.А-ны Захиргааны хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн “Н.Г.А-ны даргын 2018.02.13-ны өдрийн Б.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлагын тухайд.
Маргаан бүхий Б/36 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэж Б.Х-ыг 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тухайн өдрөөс Б******* дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар шилжүүлэн томилжээ. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Б.Х-ыг албан тушаалын ангилал, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилсон...” гэж тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “..шилжүүлэн ажиллуулах...”, 22.2 дахь хэсэгт “...сэлгэн ажиллуулах...” заалтууд аль аль нь төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, өөрийнх нь зөвшөөрснөөр урьдчилсан нөхцөл хангагдаж байж тухайн хуулийн заалт биелэгдэх зохицуулалттай.
Иймд Б.Х-ын цалин, албан тушаалыг бууруулахгүйгээр Б******* дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар шилжүүлэн томилж байгаа хэдий ч хариуцагч төрийн жинхэн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон байх, өөрийнх нь зөвшөөрлийг авах хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна захиргааны актын мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийлгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “Б.Х нь Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/263, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/36 дугаар тушаалуудыг гарсан цаг тухайд нь мэдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна” гэх тухайд.
Нэхэмжлэгч Б.Х нь Нийслэлийн дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд анх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дээрх 2 захиргааны актад холбогдуулан гомдол /2018.3.13 огноолсон/ гаргаж, Нийслэлийн дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс өргөдлийг хянасан хариуг ... өдрийн Б/169 тоот албан бичгээр өгчээ. Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар 19-ний өдрийн Б/263, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/36 дугаартай тушаалуудад холбогдуулан өргөдлөө тухайн захиргааны актуудыг мэдсэнээс хойш хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор гаргаагүй байна. Гэвч төрийн албаны маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн хариуг авснаар нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ гэж дүгнэхээр байна.
Төрийн захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэнтэй холбоотой шүүхээс буруутгах боломжгүй. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай маргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй дээрх 2 захиргааны акттай маргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн 2018 оны 2 дугаар 13-ны өдрийн Б/36 дугаар тушаал гарсныг нэхэмжлэгч Б.Х мэдэж байсан, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдөр захиргааны чөлөө авах өргөдлөө хариуцагчид өгөхөөр очиход нь Хүний нөөцийн мэргэжилтнээс мэдэгдэж байсныг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хэлдэг бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн “Н.Г.А-н даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” тухай Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлагын тухайд.
Хариуцагчийн зүгээс “Б******* дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Х-т Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн арга хэмжээ авах болсон тухай мэдэгдлийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн боловч заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан, цаг бүртгэлийн төхөөрөмжид өөрийн бүртгэлийг бусдаар бүртгүүлж байсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбарыг хийдэг.
Б.Х-т “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн арга хэмжээ авах болсныг үүгээр мэдэгдэж байна... гэх 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн мэдэгдлийг хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрийн хаягаар Улаанбаатар шуудангаар хүргүүлснийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Х-ын амьдардаг байрны менежер Болор хүлээн авсан байна. Хэдийгээр нэхэмжлэгч тухайн мэдэгдлийг өөрийн биеэр хүлээж аваагүй нь хариуцагчаас мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй гэж маргах боловч хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Х-ын гаргасан зөрчил нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан С******* дүүргийн Газрын албаны албан хаагчдын цагийн цаасан болон цахим хэлбэрээр бүртгэсэн бүртгэл, хэргийн оролцогчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Х ажлын цагийн бүртгэлийн төхөөрөмжид өөрийн өмнөөс бусдын хурууг уншуулж байсан нь тогтоогдсон. Тухайлбал, С******* дүүргийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн М.Тын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гаргасан тайлбар “...2018 оны 1 дүгээр сарын дундуур цагийн бүртгэлийн төхөөрөмжид мэргэжилтэн Б.Х-ын хурууны бүртгэлийг түүний өмнөөс бүртгүүлж байсан нь үнэн болно... Дээрх асуудлын хүрээнд хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй болно...гэх”, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрч М.Тын шүүхэд өгсөн мэдүүлэгт “...2018 оын 1 дүгээр сарын эхээр Б.Х өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа хоцроод байна, иймд шаардлагатай үед миний бүртгэлийг хийж бүртгүүлж байгаач гэж гуйсан,...би баруун гарын ядам хурууг Б.Х-ын өмнөөс таниулж, өөрийнхийг баруун гарын дунд хуруугаа уншуулсан, өглөө ирээд эхлээд өөрийн хурууг уншуулдаг, дараа нь Б.Хаас хуруугаа уншуулж гэж мессеж ирдэг тэр үед нь би өмнөөс нь хуруугаа уншуулдаг байсан, ... 2018 оны 4 дүгээр сарын сүүл буюу 05 дугаар сарын эхээр Н.Г.А-ны Захиргааны хэлтсээс дүүргийн Газрын албаны нийт мэргэжилтнүүдийн цагийн бүртгэлийг шалгахдаа намайг Б.Х-ын өмнөөс хуруугаа уншуулдаг гэдгийг тогтоосон гэх”, мөн гэрч Ж.Г-алын “...өглөө ажилдаа хоцроод байна, өөр хүний хурууны хээг бүртгээд өгөөч гэсэн, ...эхлээд хэцүү гэж байгаад дараа нь бүртгэсэн, ...М.Т-ын хурууны хээг Б.Х-ын өмнөөс бүртгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, үүнээс болж байгууллагын Ёс зүйн хороогоор орж сахилгын шийтгэл авсан. Ёс зүйн хорооны хурлаар орохоос өмнө энэ талаар мэдэгдээгүй, хурал дээр энэ талаар яригдахад би өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх” мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Н.Г.А-ны Захиргааны хэлтсийн дарга Л.Ц, Газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Ж, Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Э.О нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд төвийн 6 дүүрэгт ажиллаж албан хаагчдын хурууны хээний бүртгэлийг системд уншуулан шалгаснаар С******* дүүргийн Газрын албаны өмчлөлийн мэргэжилтэн М.Т нь нэхэмжлэгч Б.Х-ын өмнөөс хурууны хээний бүртгэлийн системд бүртгэл хийж байсныг тогтоосон байна. Улмаар хурууны хээний бүртгэлийн системд хийсэн хяналт шинжилгээний дүнгийн тухай 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн танилцуулагт зөрчил гаргасан мэргэжилтнүүдийг байгууллагын Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж, даргын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлэхээр саналыг гаргажээ. 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Н.Г.А-ны даргын шуурхай зөвлөгөөний тэмдэглэлд “Шилжүүлэн томилсон тушаалыг мэдсэн хэдий ч ажлаа хүлээлгэн өгөх, хүлээн авахаас татгалзаж, албаны ажлыг хойш татаж ... удаа дараагийн ажил тасалсан шалтгааныг үндэслэн Б.Х-ыг ажлаас халах арга хэмжээ авах” талаар Н.Г.А-ны даргаас цаг үеийн байдалтай холбогдуулж үүрэг даалгаврыг өгч байсан байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий Н.Г.А-н даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” тухай Б/162 дугаар тушаалыг гаргасан үндэслэл болох Б.Х-ыг өөрийн өмнөөс бусдын хурууг ажлын цагийн бүртгэлд уншуулсан гэх зөрчилд шийтгэл ногдуулах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг тухайд.
Дээр дурдсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Х нь өөрийн өмнөөс М.Т-ын хурууны хээг 2018 оны 1 дүгээр сард уншуулж байсан, мөн дүүргийн Газрын албаны албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийг шалгаж Б.Х-ын өмнөөс М.Т хуруугаа төхөөрөмжид уншуулдаг байсныг 2018 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар тогтоосон байх бөгөөд Н.Г.Аны даргын мөн оны 5 дугаар сарын 7-ний өдрийн хурал дээр ажлын хэсгээс тухайн асуудлыг танилцуулснаар хариуцагч Н.Г.А-ны дарга мэджээ гэж дүгнэхээр байна.
Сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хугацааг дүүргийн газар зохион байгуулагчийг ажилд томилох, чөлөөлөх тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан буюу Н.Г.А-ны дарга хэзээ мэдсэнээс хойш тооцох бөгөөд хариуцагч тухайн зөрчлийг 2018 оны 5 дугаар 7-ний өдөр мэдсэнээр 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд Н.Г.А-ны даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагчийн 2018 оны Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас түүнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй, 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,... олгоно” гэсэн хуулийн зохицуулалттай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Н.Г.А-ны даргын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдсэн ”Н.Г.А-ны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаал буюу С******* дүүргийн Газар зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 147 хоногоор, нэг өдрийн 31.516 төгрөгөөр тооцож, нийт 4.632.852 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г.А-ны даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д