“Ф к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ф к” ХХК
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Ф К” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, "Ф К" ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 527 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2023/0403/З
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “Ф т к” ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан ““Ф К” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ф К” ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 527 дугаар шийдвэрээр
-
- “Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.6, 5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Ф к” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тогтоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ф к” ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж” шийдвэрлэжээ.
- Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
-
- “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нарийвчилан зохицуулсан хэм хэмжээг удирдлага болгох тухай суурь зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан.
-
- Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд “төлбөр таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа”-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байдаг.
-
- Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-д заасан зарчимд үндэслэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг дурдаж, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухай тодорхой дурдсан болно.
-
- Зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд, тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж буй нь хуулийн боломжгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгохоор заасан.
Иймд “Хариу хүргүүлэх тухай” 7/1921 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ф к” ХХК-ийн “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах” тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1.1-д “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”, 8.1 дүгээр зүйлийн 11-д “Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 11.4-д “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх”, “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж тус тус зааснаас үзвэл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрхийг эдлэхээр зохицуулсан байна.
- Нэхэмжлэгч “Ф К” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/25 дугаар албан бичгээр дээрх чиглэлээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгээр “...уг зөвшөөрлийг яамнаас олгох ажиллагааг түр зогсоосон болно. Дээрх хууль заасан “төлбөрт таавар, бооцоот тогтоолын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс /тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт/ ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэх хариуг өгчээ.
- Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс “...“Ф К” ХХК-ийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь болоогүй байх тул шаардлага хангасан өргөдөл гэж үзэв. ...Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд “зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх эрхийг хуулиар олгоогүй, ...зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг түр зогсоосон нь хууль бус, хуульд байхгүй эрхийг хэрэгжүүлсэн, ...хүсэлтийг буцаасан ... үндэслэл нь зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй буцаах үндэслэл биш” гэх дүгнэлт өгч бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
- Хэдийгээр хариуцагч Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй ч уг эрхийнхээ хүрээнд “төлбөрт таавар, бооцоот тогтоолын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг үндэслэн Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, уг хуулийн төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоосныг буруутгах боломжгүй юм.
- Өөрөөр хэлбэл, цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом ихэссэнтэй холбоотой залилангийн гэмт хэрэг ихэсч байгаа нөхцөл байдал нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж хариуцагчаас хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн /уг хуулийн төсөл нь намрын чуулганаар хэлэлцэгдэхээр тусгагдсан/ уг хуулийн төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасантай нийцэж байна.
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан зохицуулалтыг Засгийн газарт хамаарч байгаа гэж зөв дүгнэсэн атлаа “...Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх эрхийг олоогүй” гэж дүгнэсэн нь буруу юм.
- Түүнчлэн хариуцагчаас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахдаа нэхэмжлэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь дутуу, бүрдэл дутуу гэж үзээгүй байхад энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байхад шүүх “...шаардлага хангасан өргөдөл” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.
- Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх бөгөөд дээр дүгнэсэнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг буцаасан үндэслэлийг буруутгах боломжгүй байх тул “Ф К” ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй юм.
- Хариуцагчаас “төлбөрт таавар, бооцоот тогтоолын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг олгож эхлэхэд нэхэмжлэгч нь зохих журмын дагуу хүсэлтээ, холбогдох баримтын хамт гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1 ,1.1, 8.1 дугаар зүйлийн 11.4-д заасныг баримтлан “Ф к” ХХК-ийн Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан ““Ф К” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, "Ф К" ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН