| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 171/2020/0336/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2025003890356 дугаартай, 171/2020/0336/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Лодой овогт Амартүвшингийн ******* /РД: .................. /, 2000 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул, уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ............. аймгийн ................. сумын .......... багийн .............. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Тулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш аав, ээжийгээ ч их их зовоолоо, өөрөө ч ухамсарлаж ойлгосон. Маш их гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч А.Тулгыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын агуулахын зүүн талд байсан “Хангайн торх” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эзэмшлийн нэг ширхэг 5 тонн багтаамжтай ёмкостыг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч А.Тулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн 2025003890356 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын агуулахын зүүн талд байсан “Хангайн торх” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эзэмшлийн нэг ширхэг 5 тонны багтаамжтай ёмкостыг .................. улсын дугаартай “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж нууц, далд аргаар авч бусдад зарж борлуулан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/,
Эд мөрийн баримтыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тогтоол /хх-12-14 тал/,
Хохирогч Т.*******ын өгсөн: “Би тус байгууллагын харуул хамгаалалт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хариуцдаг болохоор намайг тус хэрэгт байгууллагын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна. Манай байгууллагад гэрээгээр харуул хамгаалалт хариуцдаг “Бамбай Уул” ХХК-ний хоёр харуул 5 тонны шатахууны савыг хүн аваад явчихсан талаар надад мэдэгдсэн. Би тэгээд очиж үзээд үнэхээр алга болсон эсэхийг шалгачихаад тус хамгаалалтын албаны захирал Ш.******* руу утсаар залгаж энэ талаар мэдэгдсэн. Тэгээд Ш.******* нь өөрөө хэсэг хугацаанд камерын бичлэг ухрааж үзэж байснаа цагдаагийн байгууллагад хандсан байсан” гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Гэрч М.*******ын “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 40 минутын үед “НИК” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ******* гэх хүн 89011243 дугаараас залгаж шатахуун хадгалдаг 5 тонны сав хулгайд алдагдсан гэж ярьсан. Уг сав нь нефтийн агуулахын хашааны гадна байсан. Тэгээд тэр даруй би очоод камерын бичлэг ухрааж үзэхэд цагаан өнгөтэй ачааны машин цэнхэр өнгийн крантай ачаад явж байсан. Зам дагуу байсан “Шунхлай” шатахуун түгээх станцын камерыг үзэхэд Эрдэнэт хотын төв буюу город тал руу явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Гэрч Д.*******гийн өгсөн: “Би төрсөн ах Ариунболдын .............. улсын дугаартай машинаар “Тэнүүн төвөргөө” гэх төмрийн худалдаан дээр ачаа ачиж халтуур хийх гээд зогсож байтал нэг залуу ирээд төмөр замын вокзалын орчмоос морь барианд байх хашаа руу 5 тонны шатахууны сав ачуулъя гээд бид хоёр 100.000 төгрөгөөр үнэ хөлсөө тохироод явахаар болсон. Петровисын агуулахын хашааны зүүн талд очоод хашааны гадна байсан шатахууны савыг “энийг ачна” гэж хэлж ачуулаад хөдөлсөн. Тэгээд тэр залуугаар заалгаад морь барианд байх ахынх нь гэх хашаанд аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Гэрч М.*******ы өгсөн: “...А.******* нь тэр өдөр над руу залгаад “5 тонны шатахууны сав байна, та авах юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэгье” гэж хэлж зөвшөөрөөд “аваад ир, харъя, цоорхой биш бол шууд авья” гэж хэлсэн. Тэгээд байж байтал А.******* нь манай Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах морь барианд байх манай хашаанд авч ирээд буулгасан. Тэгээд би А.Тулгын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд байж байтал үдээс хойш цагдаагаас утасдаж бусдаас зөвшөөрөлгүй авсан байсан шатахууны сав гэдгийг мэдсэн. ..Манай найз энэ шатахууны савыг зарж байгаа юм гэж надад хэлсэн. А.******* надад 7 дугаар сарын 24-ний өдөр миний мөнгийг надад буцааж шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-33 тал/,
Гэрч Д.Ариунболдын өгсөн: “Би ............... улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Анх 2020 оны 3 дугаар сард 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний ................ улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгсэл нь 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн. Би худалдаж авсан цагаасаа хойш төрсөн дүү Д.*******дээ хэрэглүүлж, миний дүү уг тээврийн хэрэгслээр хүний ачаа зөөж мөнгө олдог. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний ................ улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэглийг миний төрсөн дүү Д.******* жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-127 тал/,
Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №210203 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн “...5 тонны шатахууны сав 995.700 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-52 тал/,
Шүүгдэгч А.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр авга ахынхаа адууг услахаар төмөр замын вокзалын “Петровис” шатахуун түгээх станцын хажуугаар яваад гол дээр очих замдаа бетонон хашааны хажууд байрлах шатахууны төмөр савыг харсан. Манай нагац ах ******* шатахууны сав авна гэж өмнө нь ярьж байхыг би сонсож байсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өглөө босоод төмөр худалдааны урд талд очоод крантай “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн жолоочтой 100000 төгрөгөөр вокзалаас шатахууны сав ачаад морь барианд байрлах нагац ахынхаа хашаанд хүргүүлэхээр тохирсон. Тэгээд петровис клонкийн бетонон хашааны хажууд байсан шатахууны төмөр савыг тэр жолооч ахын машинд ачуулаад морь барианд байх ******* ахын хашаанд хүргүүлсэн. Тэнд очоод нагац ах *******даа 500000 төгрөгөөр авч очсон шатахууны саваа зарсан. Ахиж ингэж бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.*******, гэрч М.*******, Д.*******, М.*******, Д.Ариунболд нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Тулгын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч А.******* нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан төдийгүй түүнийг зөөж тээвэрлэх машин механизмыг олж ашиглан өөрийн эзэмшилд оруулж захиран зарцуулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч А.Тулгын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн машин механизмыг ашигласан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Тулгыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын агуулахын зүүн талд байсан “Хангайн торх” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эзэмшлийн нэг ширхэг 5 тонн багтаамжтай ёмкостыг ............... улсын дугаартай “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Тулгын гэм буруутай үйлдлийн улмаас Хангайн торх ХХК-нд 995700 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч А.******* нь 5 тонны ёмкостыг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13 тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Тулгыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Тулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн машин механизмыг ашиглаж үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Тулгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 63, 64, 88, 169, 180-190 дүгээр талд авагдсан эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, сурагчийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтаар ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14 дүгээр гудамжны 34 тоотод амьдардаг, тусгай дунд боловсролтой, уул, уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч А.******* нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.*******д оногдуулах нэг жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах сольж, түүний Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчллөл, эзэмшилд байдаг ба түүнийг хөлслөх гэрээний дагуу ашигласан нь нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............ улсын дугаартай, цагаан өнгийн “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лодой овогт Амартүвшингийн Тулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Тулгыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тулгын оршин суугаа газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............... улсын дугаартай, цагаан өнгийн “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслийн үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөгийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД