Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00626

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2017/00626

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

          Нэхэмжлэгч Төв аймаг, Баянцагаан сум, 1-р баг, Өлзийтэд оршин суух ХЛ62102065 регистрийн дугаартай Шавь овогт Чүлтэмсүрэнгийн Долгоржавын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Долгоржав нь 1962 онд Төв аймаг, Баянцагаан суманд төрсөн. Бага сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт Төв аймаг, Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй хоньчноор ажиллаж байсан. Ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр олдохгүй байгаа тул хөдөлмөрийн хөлсний лавлагаа, архиваас олгосон тушаалын хуулбар зэргийг үндэслэн ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

             Ч.Долгоржав нь Төв аймаг, Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

             - Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 сарын 21-ний өдрийн 108 дугаартай “малчдад ээлжийн амралт олгох” тухай тушаалд “.. хавсралтын 22 дугаарт Долгоржавд 11 сарын 15-ны өдрөөс эхэлж ажлын 15 хоногоор бодож ээлжийн амралт олгох ..” гэх бичилт,

 

             - Төв аймгийн Архивын Тасгийн 2017 оны 05 сарын 29-ны өдрийн 537 дугаартай лавлагаанд “...Банцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд малчин ажилтай Д.Долгоржавын 1981 оноос 1990 он хүртэлх цалингийн түүвэр,

             –гэрч М.Иванов: Ч.Долгоржав нь Төв аймаг, Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             –гэрч Б.Дэчмаа: Ч.Долгоржав нь Төв аймаг, Баянцагаан сумын “Өрнөх амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

             Ч.Долгоржавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивт хадаглагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

             Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймаг, Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдал, цалингийн түүвэр, Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох  баримт гэж үнэлэв. 

            Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.

      

            Иймд Төв аймгийн Архивын Тасгийн 2017 оны 05 сарын 29-ны өдрийн 537 дугаартай лавлагаанд “...Банцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд малчин ажилтай Д.Долгоржавын 1981 оны 01 сараас 1990 оны 12 сар хүртэл бичигдсэн цалингийн түүвэр, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн Төв аймаг, Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг, мөн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас гарсан өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ХЛ62102065 регистрийн дугаартай Шавь овогт Чүлтэмсүрэнгийн Долгоржав нь Төв аймаг, Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ