Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00643

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00643

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 88 гудамж, 11 тоотод оршин суух НЮ67072165 регистрийн дугаартай Том тайж овогт Жагдарын Өлзийхутагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Өлзийхутаг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Өлзийхутаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Угтаал суманд 1967 онд төрсөн. 6 хүүхэд төрүүлснээр буюу 50 настайдаа тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг байхгүй байгаа тул шүүхэд хандах болсон. Иймд миний цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

     Ж.Өлзийхутаг нь  Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

             - Төв аймаг, Зуунмод хотын 1-р яслийн эрхлэгчийн 1986 оны 10 сарын 16-ны өдрийн 15 дугаартай “Түр ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд “... 1  дэх заалтад Жирэмсний амралттай байгаа бэлтэгч Янжинсүрэнгийн оронд Өлзийхутагыг 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэгчээр түр авч ажиллуулсугай ..” гэх бичилт,

 

             –гэрч О.Уранчимэг: Ж.Өлзийхутаг нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний тушаал шийдвэрийн хуулбар,

             –гэрч Б.Самбуу: Ж.Өлзийхутаг нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

            –гэрч М.Пүрэвсүрэн: Ж.Өлзийхутаг нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

             Ж.Өлзийхутагийн хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадаглагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

             Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид угаагч, хүмүүжүүлэгч багш, няраваар хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдал, Төв аймаг, Зуунмод хотын 1-р яслийн эрхлэгчийн тушаал  зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох  баримт гэж үнэлэв. 

             Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.

 

             Иймд Төв аймаг, Зуунмод хотын 1-р яслийн эрхлэгчийн 1986 оны 10 сарын 16-ны өдрийн 15 дугаартай “Түр ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын 1  дэх заалтад “.... Жирэмсний амралттай байгаа бэлтэгч Янжинсүрэнгийн оронд Өлзийхутагыг 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн бэлтгэгчээр түр авч ажиллуулсугай ..” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс анх ажилд орсон өдрийг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЮ67072165 регистрийн дугаартай Том тайж овогт Жагдарын Өлзийхутаг нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр Яслид 1986 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 сарын 31-ний өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ