Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч/хохирогч Т.Т,

шүүгдэгч/хохирогч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Т, Ц.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Т.Т /РД:***/.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:***/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.М нь хардалтын улмаас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашин дотор хохирогч Т.Тийг зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашин дотор хохирогч Ц.Мыг цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Т.Т мэдүүлэхдээ: “2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед ажил тараад явж байсан. Манай байгууллагын борлуулалтын ажилтан Болороогийн гэр манай зам дагуу байдаг болохоор замдаа буух гээд автобусны буудал дээр зогсоод 20-30 минут сууж байсан. Тэр үед М намайг эхнэртэйгээ хардаад машины хаалга онгойлгоод зодсон” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Ц.М мэдүүлэхдээ: “2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Хүрээ” дээд сургуулийн хажууд ажлаа тараад гэртээ орох гээд явж байтал манай эхнэр машиндаа Т гэх залуутай хамт байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод Болороо яаж байгаа юм бэ гээд Т гэх залуутай барьцалдаад авсан. Тэгээд харилцан зодолдсон” гэв.  

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашин дотор хардалтын улмаас хохирогч Т.Тий нүүрэн тус газарт гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашин дотор хохирогч Ц.Мын нүүр лүү гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

Шүүгдэгч Т.Тий мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Манай ажлын газрын борлуулалтын менежерээр ажилладаг Б- гэх эмэгтэйн нөхөр М 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн хойд талын автобусны буудал дээр Б-гийн Тоёота Акуа маркийн машинд байхад миний сууж байсан хаалгыг онгойлгоод зүүн талын нүд рүү гартаа нэг зүйл барьчхаад шууд цохисон. Би машины хоёр суудлын голоор нүүрээ хаагаад налахад миний дээр гарчихаад хоолойноос боож байгаад олон удаа толгой руу цохисон бөгөөд би энэ хооронд мөн зууралдаж Мын нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед манай эхнэр Б- ажлаа тараад 28 дугаар сургуулийн автобусны буудал дээр Т гэх залуутай хамт өөрийнхөө Акуа маркийн машиндаа сууж байсан. ...Ингээд би машин руу нь очоод харахад Т нь манай эхнэрийг налчихсан, гаран дээр нь гараа тавьчихсан байхаар нь би “хаалгаа онгойлго, Болороо чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд манай эхнэр “Би чамайг мэдэх хүртэл ингэж явах байсан” гэж хэлсэн. Энэ үед Т гэх залуу нь урд талын суудалд согтуу байдалтай байсан бөгөөд миний зүүн нүдний хэсэгт маажаад, хамар луу нэг удаа цохихоор нь би Т гэх залуугийн хоолойг нь багалзуурдаад нүүр лүү нь нэг удаа гараараа цохиж хэсэг зууралдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2021 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед ажлаа тараад Тийг гэрт нь буюу 28 дугаар сургуулийн автобусны буудал дээр буулгахаар болсон. Тухайн буудал дээр Ттэй юм яриад сууж байтал манай нөхөр М гэнэт гарч ирээд хаалга онгойлгоод Тий нүүр лүү гараараа цохиод хоолойг нь боож дээр нь гарч суусан. ...Манай нөхөр М нь намайг Т гэх залуутай хардаад түүнийг цохиж зодсон. Тэгээд тэр хоёр зууралдаад, зодолдоод байсан. Би болсон асуудлыг сайн харж чадаагүй. Хоёр хоногийн дараа Мтай уулзахад хамар хэсэгт нь шархтай, гэмтэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №7640 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Ц.Мын биед хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №7610 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Т.Тий биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 34-35 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Т.Тий иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 61 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 63 дугаар хуудас/, хохирогч Ц.Мын “...Надад гомдол, санал байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/.  

 Шүүгдэгч Ц.Мын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 71 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дугаар хуудас/, хохирогч Т.Тий “...Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 81 дүгээр хуудас/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

   

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашин дотор хардалтын улмаас хохирогч Т.Тий нүүрэн тус газарт гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн автобусны буудлын зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашин дотор хохирогч Ц.Мын нүүр лүү гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хэн алинд нь хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Т.Т, Ц.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т, Ц.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь өөрсдөд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

      Улсын яллагчаас шүүгдэгч Т.Т, Ц.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, тэдгээрт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

              Шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Т, Ц.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

             Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Т, Ц.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Ц.М нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Ц.М нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Ц.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Т, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЗОЛБОО