Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00638

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00638

Төв аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Угтаалцайдам сум, 2-р баг, Асгат номгон 15 гудамж, 124  тоотод оршин суух НТ62041016 регистрийн дугаартай Баясгалант овогт Борын Баясгалангийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1979 оны 06-р сарын 25-ны өдөр техник мэргэжлийн сургууль төгсөөд Угтаалын Сангийн аж ахуйд троктарчнаар 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Тушаал гараад ажилтнаар очсон боловч ажилд орсон тушаал алга болсон. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт байгаа. Иймд цалингийн түүвэр, цуглуулсан нотлох баримтуудыг минь үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

     Б.Баясгалан нь  Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын Сангийн аж ахуйд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

             - Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйн даргаас 1981 оны 10 сарын 31-ний өдөр Борын Баясгаланд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

             - Төв аймаг дахь Угтаалын сангийн аж ахуйн даргын 1982 оны 11 сарын 26-ны өдөр олгосон 246 дугаартай “Амралт олгох тухай” тушаалд “... 47 дугаарт тракторчин  Б.Баясгаланд 1982 оны 12 сарын 01-ний өдрөөс 26 хоногоор амралт олгох ..” гэх бичилт,

             - Төв аймаг дахь Угтаалын сангийн аж ахуйн даргын 1984 оны 12 сарын 03-ны өдрийн 305 дугаартай “Трактор комбайнчны мэргэжлээр удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаалд “... хавсралтын 27 дугаарт Б.Баясгалан ажилд орсон он 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, тооцсон 1984 оны 12 сарын 01-ний өдөр нийт ажилласан 5 жил, 4 сар, 16 хоног байх тул 10-15 хувийн нэмэгдэл олгох ..” гэх бичилт,

            - Төв аймаг, МХЗЭ-ийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйн даргын 1992 оны 01 сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Сангийн аж ахуйн ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтын 359 дугаарт “.. Б.Баясгаланг ажлаас чөлөөлсүгэй гэх...” гэх бичилт,

           -  Ажиллаж байх үед буюу 1989 оны 12 сарын 29-ний өдрийн 21/22 тогтоолоор Борын Баясгаланд олгосон Таван жилийн гавшгайчийн үнэмлэх,

             –гэрч Я.Нямдорж: Б.Баясгалан нь  Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

–гэрч Б.Батсайхан: Б.Баясгалан нь  Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Б.Баясгалангийн ажилд орсон тушаал өөрт нь болон архивт хадаглагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

     Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйд трактор комбайнчнаар хамт ажиллаж байсан гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдал, Төв аймаг дахь Угтаалын сангийн аж ахуйн даргын тушаалууд, Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйн даргаас 1981 оны 10 сарын 31-ний өдөр Борын Баясгаланд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох  баримт гэж үнэлэв. 

            Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.

 

            Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НТ62041016 регистрийн дугаартай Баясгалант овогт Борын Баясгалан нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаалын сангийн аж ахуйд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ