Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Бт холбогдох эрүүгийн 2135000000126 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Цээл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Жын Б, Регистрийн дугаар: ОО 73032510.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн дүү Ж.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000126 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байхад манай төрсөн ах Ж.Б эхнэрийнхээ хамтаар гаднаас орж ирсэн. Манай төрсөн ах Ж.Б бид хоёрын дунд урьдны өр авлагын маргааны асуудал байсан юм. Манай ах Б намайг “Б хоёулаа хөзөр тоглох уу?” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хөзөр тоглож байхад “чи надад гомддог юм уу?” гэхээр нь би “гомдолгүй яахав дээ, бид хоёрын дунд урьдны асуудал байгаа биз дээ, та мэдэж байгаа” гэхэд ах уурлаад манай гал руу /зуух/ шүлсээ хаясан. Би “та яагаад дүүгийнхээ гал голомт руу шүлсээ хаяж байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдаад барьцалдаад авахад миний хоолойг фудволкны захаар боосон. Тэгэхээр нь “та яаж байгаа юм, тавиач” гэхэд намайг боож байснаа тавьсан бөгөөд би эргэхдээ бүдрээд уначихсан. Миний зүүн гараас Б ах татсан бөгөөд би эргээд харахад миний хүзүүний зүүн тал, зүүн талын шанаа, чихний ар хэсэгт 2 удаа дэвсэж өшиглөсөн. Би гэрээс мөлхөж гараад зугтсан бөгөөд өөрийнхөө гэрээс гараад босож алхаад ээжийнхээ гэр лүү яваад орох гэж байтал намайг бариад авсан. Тэр үед миний 2 дугаар ангийн хүүхэд болох Элбэгсайхан “та миний аавыг битгий цохиоч” гээд дундуур орсон бөгөөд тэр үед би ээжийн гэр лүү орох гэхэд миний зүүн чихний ар, хонхор хэсэгт цохисон. Түүний дараа би ухаан алдчихсан. Би гэрт байхад ойр зуур ухаан орсон, намайг усаар шавшиж байсан. Түүний дараа нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Би Б ахад нарны самбар авахуулах гээд 400,000 төгрөг өгсөн ба түүнийг авчихаад нарны самбар өгөөгүй, түүнээс болж л маргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

2. Гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэрийнхээ хамтаар ...2 дугаар сургуулийн урд хэсэгт явж байхад манай хамаатны дүү Б гэгч нь гар утсаараа залгаад “Б ах, Б ах хоёр зодолдоод байна, танай аавыг зодоод унагаачихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт гүйгээд очиход манай аав Б нь эмээгийн гэрийн үүдний хэсэгт уначихсан байдалтай, манай дүү Элбэгсайхан аавын толгойг тэврээд суучихсан уйлж байсан. Аавын зүүн талын чихний хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тухайн үед аав хагас дутуу ухаантай байсан бөгөөд сайн ярьж чадахгүй байсан. Юу болсон талаар асуухад зүүн талын хүзүүний хэсэг рүү заагаад 2 удаа өшиглөсөн гэж хэлсэн. Авга ах Б тухайн үед байгаагүй, манай хашаанаас гараад явчихсан байсан. Би дүү Элбэгсайханаас “аавыг яаж цохисон юм” гэж асуухад “намайг байшингаас гарч ирээд аавыг зодохоо боль гэтэл зүүн чихний орчимд гараараа 1 удаа цохисон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

3. Насанд хүрээгүй гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...байшиндаа гар утсаар ганцаараа тоглож байхад ойролцоогоор үдээс хойш байх цагийг нь сайн мэдэхгүй байна, хүмүүс орилох чимээ гарахаар нь би байшингаас гарахад манай авга эмээгийн гэрийн үүдний хэсэгт манай аавын төрсөн ах Б болон аав хоёр байсан ба би аавыг цохиж байна гэж бодоод очоод “та болиоч, битгий миний аавыг цохиод бай” гэж хэлээд дундуур нь орох үед аавын чих, хүзүүний арын хэсэгт Б ах гараараа нэг удаа цохисон. Тэгээд аав гэрийн үүдний хэсэгт уначихсан. Б ах манай хашаанаас гараад явсан. Аавыг Б ах цохиж байх үед түүний эхнэр нь бас байсан. Би аавын толгойг өргөөд уйлаад сууж байхад манай төрсөн ах Өсөхбаяр ирсэн. Тэгээд бид нар түргэн дуудаж, эмнэлгийн машин ирээд аваад явсан. Ээж маань тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Аавын зүүн талын чихнээс цус гарч байсан. Мөн хүзүүний хэсгээр хоёр өшиглөсөн гэж аав хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

4. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Үзүүлэгч Ж.Б-н биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, тархины хаван, баруун бугалга, зүүн мөрний урд хэсэгт цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтэл байна. 4. Тархи доргилт, тархины хаван гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун бугалга, зүүн мөрний урд хэсгийн цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх 297 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

5. Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах төрсөн дүү Ж.Бгийн гэрт очиход Б гэртээ ганцаараа байсан бөгөөд би Бг “хөзөр тоглох уу?” гэхэд “тэгье” гэж хэлээд бид хоёр хөзөр тоглож байгаад би “ахын дүү яагаад мөнгө төгрөг авч гараад хоосон орж ирж байгаа юм, амьдралдаа хэрэглэхгүй юу” гэж уурлахад “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Түүнээс болж бид хоёр маргалдсан. ...Тэгээд би Бг боож унагаад, толгой руу нь нэг удаа гараараа цохиж, шалан дээр дарсан. Өөр яаж цохисон болохоо санахгүй байна. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна. ...Би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Би өөрийн төрсөн дүү Ж.Бгоос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ бичгийн нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч болох төрсөн дүү Ж.Бтой хувийн таарамжгүй харилцаа буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн биед тархи доргилт, тархины хаван, баруун бугалга, зүүн мөрний урд хэсэгт цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.

Хохирогчийн биед учирсан тархи доргилт, тархины хаван гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 297 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Б, хохирогч Ж.Б нар нь төрсөн ах дүүгийн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байхаар хуульчилжээ.

Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.

Шүүгдэгч Ж.Б хувьд төрсөн дүүтэйгээ нэг дор амьдардаггүй, Төв аймгийн Цээл суманд ажиллаж, амьдардаг, Увс аймгийн Улаангом суманд ээжийнхээ буяны ажилд оролцоод байхдаа хохирогчийн биед халдсан нь байнгын шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн давтамжийн хувьд 3, түүнээс дээш удаагийн үйлдэл биш тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байна.  

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Ж.Б нь нөхөн төлсөн болох нь хохирогч Ж.Бгийн “...Надад учирсан хохирлыг Б ах бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Б ах надаас уучлалт гуйсан учраас гомдолгүй. Хэргийг аль болох түргэн шуурхай шалгаж шийдвэрлэж өгнө үү. Би төрсөн ахынхаа үгийг сонсохгүй өөдөөс нь хэрэлдэж, маргалдсан миний буруу үйлдэл бас байгаа. Энэ бүхнийг харгалзаж хэргийг аль болох Б ахад ашигтай байдлаар шийдмээр байна, бид хоёр сайн дураар ярьж тохиролцож, хохирлоо бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй учраас энэхүү хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/-ээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.М Хадам ах Ж.Б нь Төв аймгийн Цээл суманд мал маллаж амьдардаг. 3 хүүхэдтэй, эхнэр Дулмаа нь эрхэлсэн ажилгүй, хөдөө нөхрийнхөө хамт мал малладаг, өрхийн амьжиргааны түвшин дунд зэрэг, малынхаа ашиг шимээр амьдардаг. ...Зан байдлын хувьд цовоо сэргэлэн зантай, яриа хөөрөөтэй, янз бүрийн муухай ааш, араншин байхгүй, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, уурлаж уцаарладаггүй, тамхи татдаг, хааяа архи уудаг, байнга хэрэглээд байдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Б.ОийнЖ.Б нь миний нагац ах байгаа юм. Зан аашийн хувьд муухай ааш араншинтай хүн биш, бусадтай зөв боловсон харьцдаг, ажилсаг, сайхан сэтгэлтэй, бусдад тусархуу, илүү, дутуу зан байдаггүй тийм л хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 91-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Жын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН