| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0149/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-07-21 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч М.*******,
“Дархан ган*******” ХХК болон шүүгдэгч Ж.*******гийн өмгөөлөгч Х.*******,
“Дархан ган*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч Ж.*******,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.******* нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Дархан ган*******” ХХК-д холбогдох эрүүгийн 2115000390077 дугаартай, 163/2021/0149/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Чонос овогт Жамъяндоржийн ******* /РД: .............../, 1979 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан,
Монгол Улсын иргэн, Жагарынхан овогт Жаргалын ******* /РД: ................../, 1971 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, ................................. ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ............................................. тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан.
Хуулийн этгээд: “Дархан ган*******” ХХК, .............................. улсын бүртгэлийн дугаартай, ..................... регистрийн дугаартай, .............. аймгийн ................ сумын ...... дүгээр баг, ................. тосгонд байрлаж үйл ажиллагаа явуулдаг.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.*******ыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Дархан ган*******” ХХК-ийн ойжуулагч ажилтай Ж.*******гийн зөвшөөрлийн дагуу ..................... улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м3 хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ж.*******г Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Ж.*******, Л.*******, Д. нарыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлэхээр хөлслөн явуулж 9.242 м3 мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“Дархан ган*******” ХХК-ийг өөрийн нэрийн өмнөөс, компанийхаа ашиг сонирхлын төлөө Ж.*******, Л.*******, Д. нарыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлэхээр хөлслөн явуулж 9.242 м3 модыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн мэдүүлэгтээ: Би “Дархан ган*******” ХХК-ийн модонд 3 дугаар сарын 23-ны өдөр явсан. Ж.******* эгч 3 дугаар сарын 23-ны өдөр модонд явах уу гэж над руу утсаар ярьсан. Тэр өдөр машин эвдрээд модонд явж чадаагүй. Тэгээд Ж.******* эгчтэй яриад 3 дугаар сарын 24-ний өдөр модонд явахаар болсон. Өглөө нь манай эхнэр , *******, ******* нартай хамт тухайн компани руу хөрөө авах гэж очсон. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиггүй ирсэн. Би тэд нараас хаашаа явах талаар асуухад “Цагаан хустын ам” гэх газар руу яв гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар “Цагаан хустын ам” гэдэг газраас мод бэлтгэсэн. Модоо бэлтгэж дуусаад уулнаас бууж яваад Булган аймгийн Хангал сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нартай таарсан. Эрх бүхий албан тушаалтнууд надаас мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүл гэж хэлэхэд надад үзүүлэх баримт бичиг байгаагүй. Тиймээс бид нарыг Булган аймгийн Хангал сум руу дагуулж яваад модоо хүлээлгэн өгсөн. Энэ компани өмнө нь талбай тусгаарлалт хийлгэж байхад би яваагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* өгсөн мэдүүлэгтээ: Манай компанид Булган аймгийн Хангал сумаас шинэсний 35 м.куб, нарсны 35 м.куб, түлээний 25 м.куб модны гоожин хуваарьлагдсан. Энэ нь 2021 оны модны хуваарь юм. Тэгээд 3 дугаар сарын 24-ний өдөр анхны модондоо явсан. Тэр үед шинэсний 35 м.куб модны гоожингийн үнэ болох 948.000 төгрөгийг тушаасан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд шинэс төрлийн мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тухайн үед Ж.******* “би явъя” гэхээр нь модонд явуулсан. Тэр өдөр Ж.*******т 10 м.куб мод бэлтгэх эрхийн бичгийг өгөөд, мод бэлтгэх газраа зааж өгөөд явуулсан. Гэтэл орой нь Ж.******* “би баригдчихлаа” гээд утсаар ярьсан. Яагаад тийм зүйл болов гэж асуусан чинь “би өөр амнаас мод бэлтгэсэн” гэж хэлсэн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичигтэй тул зүгээр байх гээд өнгөрсөн, Ж.*******ын яриагаар ам андуурч ороод мод бэлтгэсэн байсан. Манай компанийн зүгээс шинэс төрлийн модны мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Ж.*******ыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Дархан ган*******” ХХК-ийн ойжуулагч ажилтай Ж.*******гийн гаргасан шийдвэрийн дагуу ...................... улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м3 хэмжээтэй модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ж.*******г Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж Ж.*******, Л.*******, Д. нарыг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлэхээр хөлслөн явуулж 9.242 м3 мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
................ улсын бүртгэлийн дугаартай, ....................... регистрийн дугаартай, “Дархан ган*******” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс, компанийхаа ашиг сонирхлын төлөө мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 9.242 м3 мод бэлтгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйл, 3.4 дүгээр зүйл, 9.1 дүгээр зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, ........................ улсын бүртгэлийн дугаартай, ................... регистрийн дугаартай, “Дархан ган*******” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг ойжуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн банктай, маниулын хэсэг нь цэнхэр өнгийн тагтай, бензинээр ажилладаг моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэх замаар олсон 42 ширхэг шинэс төрлийн нойтон мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............... улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл зэргийг хурааж, улсын орлого болгох, хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******, Ж.*******, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, харин ................. улсын бүртгэлийн дугаартай, .................регистрийн дугаартай “Дархан ган*******” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс, компанийхаа ашиг сонирхлын төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж мэтгэлцжээ.
Эрүүгийн 2115000700120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Дархан ган*******” ХХК-ийн ойжуулагч ажилтай Ж.*******гийн шийдвэрийн дагуу тус компанид Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м3 хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр ................. улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэсэн,
Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас буюу Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ж.*******аар 9.242 м3 мод бэлтгүүлсэн,
“Дархан ган*******” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс, компанийхаа ашиг сонирхлын төлөө Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 9.242 м3 модыг хууль бусаар бэлтгүүлсэн үйллээрээ Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Хандгайтын цагаан хустын ам гэх газар болсон байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн, хэсэг цасан бүрхүүл тогтсон ойн сан бүхий газар байв. Оролцогч Ж.*******аар өөрөөр нь мод бэлтгэсэн газрыг заалгаж “Huawei P20” загварын гар утасны Soviat Military maps аппликейшнээр цэгийг тогтооход 43.3500840N, 104.303570E гэж зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-13 тал/,
4 метрийн урттай, 18-35 сантиметрийн диаметр бүхий 42 ширхэг модонд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-14-21 тал/,
Мод бэлтгэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн: “Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай, “JINLIANG" гэсэн бичиглэлтэй хуучирсан цахилгаан хөрөө байв” гэх тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-22, 26 тал/,
Мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь 1980 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ачааны бор ногоон өнгийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар 2217962, Түвдэнгийн гэдэг хүний эзэмшлийн ................. дугаарын гэрчилтээтэй хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл байв...” гэх тэмдэглэл, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-32 тал/,
Иргэний нэхэмжлэгч П.*******ын өгсөн: “...Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг дэвсгэр Хандгайтын “Цагаан хустын ам” гэдэг газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хангал сумын 4-р багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дархан ган*******” ХХК хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Тухайн “Дархан ган*******” ХХК нь 2021 онд Хангал сумын 2-р баг Хандгайтын Зүүн аманд тусгаарлалт хийлгэсэн байсан. ...Хандгайтын зүүн ам гэдэг газар Хандгайтын Цагаан хустын ам гэх газраас ойролцоогоор 4-5 км орчим газар байгаа. Хууль бусаар мод бэлтгэсэн “Хандгайтын Цагаан хустын ам” нь Хандгайтын Зүүн ам гэдэг газраасаа наана, өөрөөр хэлбэл Хялганат тосгоноос ойрхон гэж хэлж болно. ...” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,
“Дархан ган*******” ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №06 дугаартай “хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч томилох тухай” албан тоот, мөрдөгчийн тогтоол /хх-42-44 тал/,
Гэрч Д.*******ийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хангал сумын засаг дарга М.Төмөрбат, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Ойдов нарын хамтаар Булган аймаг Хангал сум 1-р багийн нутаг Хандгайтын аманд байдаг 70 наснаас дээш насны 4 иргэнд сумын засаг даргын гарын бэлэг гардуулаад явж байхад Хангал сумын 1-р багийн Хандгайтын Цагаан хустын амнаас мод ачсан Зил-131 загварын тээврийн хэрэгсэл гарч ирээд очиж шалгахад тээврийн хэрэгслийн жолооч ******* гэдэг залуу “Дархан ган*******” ХХК-ны модонд явж байгаа мод бэлтгэх эрхийн бичиг өгч явуулаагүй даргад байгаа гэхээр нь танай тусгаарлалт хийлгэсэн газар биш байна гэж хэлээд байгаль хамгаалагч Б.*******аас дахин лавлаж утсаар асуухад “Дархан ган*******” ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн талбай биш хийлгэсэн талбай нь “Хандгайтын Тавхайн ар” гэдэг газарт тусгаарлалт хийлгүүлсэн гэж хэлэхээр нь дагуулаад Хангал суманд аваачиж саатуулсан юм. ...Зил-131 загварын ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, жолоочтойгоо 4 хүн явж байсан. Надад ямар нэгэн бичиг баримт гаргаж үзүүлээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг асуухад “Дархан ган*******” ХХК-ны захирал *******д байгаа би өнөөдөр хөлсөөр явж байгаа хүн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-47-49 тал/,
Гэрч Л.*******гийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 9 цагийн үед “Дархан ган*******” ХХК-ийн захирал ******* гэх хүн модонд яваад өгөөч гоожин хаах гээд байна. Гоожин бусад бичиг баримт ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Удалгүй ******* гэх залуугийн эхнэр ирж авсан. Тэгээд модонд , ******* нартай хамт *******ын хувийн эзэмшлийн ЗИЛ-131 загварын машинтай явсан. Тэгээд Хялганатаас гарч Хангал сумын Хандгайт гэх газар руу явж хар мод буюу шинэс төрлийн мод бэлтгэсэн. Бэлтгэж дуусаад ачаад доошоо уулын ам руу бууж байх явцдаа Хангал сумын Засаг дарга, ойн байцаагч нартай тааралдсан. Тухайн үед бичиг баримтыг маань шалгахад ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Гэхдээ мод бэлтгүүлсэн ******* гоожин байгаа гэж бид нарт хэлсэн боловч гоожинг бид нарт өгч явуулаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,
Гэрч Г.*******ийн өгсөн: “...Тэр өдөр би ар гэрийн ажлаас болоод модонд явалгүй үлдсэн. Уг нь тэр өдөр , *******, ******* нартай хамт явах байсан боловч “Дархан ган*******” ХХК-ны хашаанд үлдсэн. ...Тухайн үед “Дархан ган*******” ХХК-ийн ******* гэх хүн манай тусгаарлалт хийсэн талбай мод муутай тэгэхээр Хандгайтын цагаан хуст гэх ам руу орж мод бэлтгээрэй гэж хэлсэн. Би тухайн үед хажууд нь байсан учраас яг тэгж хэлж байхыг нь сайн сонссон. ...” гэх мэдүүлэг /хх-69 тал/,
Гэрч Б.Болор-Эрдэнийн өгсөн: “...Дахиад тодруулаад *******, хоёроос хаашаа яв гэж байна гэж би асуухад тэр хоёр Хандгайтын Цагаан хуст гэх амнаас очиж мод ав гэж байна гэж хэлсэн. Тухайн үед ******* эгч хамт байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-77 тал/,
Гэрч Д.ын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн өглөө *******ын эхнэр над руу залгаад “модонд хамт явъя” гэж хэлэхээр нь “хэний модонд явах юм бэ?” гэж асуусан. Тэгтэл “Дархан ган*******” ХХК-ийн *******гийн модон явна гэхээр нь тэгье явъя гээд хамт явсан. Модонд Хангал сумын Хандгайт гэх газар руу явсан. Модоо бэлдэж дуусаад бууж байтал Хангал сумын Засаг дарга, ойн байцаагч нартай таарсан. ...“Дархан ган*******” ХХК-ийн ******* гэх хүн манай тусгаарлалт хийлгэсэн газар мод муутай, та хэд Хандгайтын Цагаан хустын ам гэх газар руу орж мод бэлтгээрэй гэж хэлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар бид нар дур мэдэн тусгаарлалт хийсэн талбайгаас өөр талбайд мод хийсэн зүйл байхгүй. ******* гэх хүний хэлснээр хийсэн. ... Жолооч *******ын эхнэр, *******, ******* бид нар байсан. Бүгдийг сонссон мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-57-58, 71 тал/,
Гэрч Б.гийн өгсөн: “Би бичиг баримтаар “Дархан ган*******” ХХК-ийн захирал ажилтай, манай эхнэр Ж.******* манай компаний ойжуулагч ажилтай. Энэ компанийг манай эхнэр Ж.******* хариуцан ажиллуулдаг гэж хэлж болно. Бичиг баримтаар л би энэ компаний захирал гэж харагдаж байгаа болохоос би энэ “Дархан ган*******” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, би өөрөө Орхон аймагт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,
Гэрч Л.*******гийн өгсөн: “Дархан ган******* ХХК-ийн ******* гэх хүн манай тусгаарлалт хийлгэсэн газар мод муутай. Тэгэхээр та хэд Хандгайтын Цагаан хуст гэх ам руу орж мод бэлтгээрэй гэж хэлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар бид нар дур мэдэн тусгаарлалт хийсэн талбайгаас өөр талбайд мод бэлтгэсэн зүйл байхгүй. ******* гэх хүний хэлснээр хийсэн” гэх мэдүүлэг /хх-75 тал/,
Гэрч Л.ын өгсөн: “******* нь Булган аймгийн Хялганат тосгонд байдаг залуу байгаа юм. 2007 онд надаас ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан залуу байгаа юм. Би машинаа *******т худалдаад гэрчилгээг нь шилжүүлж амжаагүй одоог хүрээд байна. Одоо надад тээврийн хэрэгсэл ямар нэгэн хамааралгүй” гэх мэдүүлэг /хх-79 тал/,
Гэрч М.ын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ж.******* миний өрөөнд орж ирээд “машин эвдэрсэн байгаа, модонд явж чадахгүй байна” гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Бат-Эрдэнээр модондоо явж амжаагүй болно гэсэн бичиг мод бэлтгэх эрхийн бичгийнхээ ард бичүүлээд орж ирэхээр нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийг дуустал 2 хоног сунгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-83 тал/,
Гэрч П.Бат-Эрдэнийн өгсөн: “Дархан ган******* ХХК-ийн ойжуулагч Ж.******* ирээд модондоо хугацаанд нь явж амжаагүй, хугацаа нь дуусчихлаа сунгаад өгөөч гэсэн хүсэлт гаргахаар нь би сунгахгүй Хангал сумын байгаль хамгаалагч буюу холбогдох хүмүүсээр нь сунгуул гэхэд Хангал сумын байгаль хамгаалагч ******* нь бид нар сунгаж чадахгүй, хяналт тавьж байгаа байцаагчаар нь сунгуул гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр рам буюу аж ахуй нэгжийнх нь хашаанд очиж үзэхэд буулгасан мод байгаагүй, тээврийн хэрэгслийн жолоочийнх нь гэрт очиж тээврийн хэрэгслийг нь харахад задарсан, мотор, бөгсийг нь аваад тавьсан байхаар нь сунгах тухай цохолт хийж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-87-88 тал/,
Экологи эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №07 дугаартай: “Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хуст” гэх газарт 2021 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон, хэрэглээний бөөрөнхий мод болно. Шинэс төрлийн 4 метрийн урттай, 42 ширхэг нойтон мод байсан ба нийт хэмжээ нь 9.242 м3 х 1.8=16.63 м3 х 267.707=4.451.967 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-100 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №21/92 дугаартай “.................... улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг 2.400.000 төгрөг, “JINLIANG” гэсэн бичиглэл бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг 63.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-115-119 тал/,
Байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №12 дугаартай: “Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 4.451.967 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 13.355.901 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-125 тал/,
Сери-БУА, Дугаар-047164 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-202 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай “JINLIANG” гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг моторт хөрөө, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх бөгөөд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар “Дархан ган*******” ХХК-ийг төлөөлж Ж.******* нь хэлцлийг Ж.*******тай хийж, уг хэлцлийн дагуу Ж.******* нь компаний мод бэлтгэх ажилдаа Л.*******, Д. нарыг туслуулсан болох нь нотлогдож байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.******* нь мод бэлтгэх эрхийн бичиггүй улсын ойн сан бүхий газарт халдаж босоо модыг хөрөөдөн унагаж бэлтгэсэн, шүүгдэгч Ж.******* нь БУА сери, 047164 дугаартай цэвэрлэгээний огтлолтоор шинэс төрлийн хэрэглээний 9.8 м3, түлээний 9.8 м3 модыг “Дархан ган*******” ХХК-ний 2021 онд тусгаарлалт хийлгэсэн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Хандгайтын Зүүн ам”-аас бэлтгэх эрхийн бичиг авч 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр сунгуулж, бусдыг хөлслөн уг модыг бэлтгүүлэхдээ эрхийн бичигт заагаагүй газрыг заан өгч “Дархан ган*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, байгууллагынхаа ашиг сонирхлын төлөө мод бэлтгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл хэргийн 34 дүгээр талд авагдсан сери БУА, Дугаар 047164 бүхий мод бэлтгэх эрхийн бичигт заасан Хангал сумын 2-р багийн нутаг “Хандгайтын Зүүн ам” гэх газраас бэлтгээгүй, “Хандгайтын Цагаан хустын ам” гэх газраас бэлтгэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэдэгт хамаарч байна.
Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Ж.******* нь “Дархан ган*******” ХХК-ийн нэр дээр талбайн тусгаарлалт хийлгэсэн, БУА серитэй 047164 дугаар бүхий мод бэлтгэх эрхийн бичгийг “Дархан ган*******” ХХК-ийн нэр дээр уг компаний тусгаарлалт хийлгэсэн талбайгаас цэвэрлэгээний огтлолоор бэлтгэхээр авсан /хх-202 тал/, “Дархан ган*******” ХХК нь ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх буюу Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаагаар авч, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөн хугацаагаар сунгуулан /хх-194 тал/ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа, түүнчлэн “Дархан ган*******” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд /хх-193, 198-203 тал/ нэг хүний гишүүнчлэлтэй, компаний эрх бүхий албан тушаалтан нь Б. гэж заасан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрхийг шилжүүлсэн талаарх “Би бичиг баримтаар “Дархан ган*******” ХХК-ийн захирал ажилтай, манай эхнэр Ж.******* манай компаний ойжуулагч ажилтай. Энэ компанийг манай эхнэр Ж.******* хариуцан ажиллуулдаг гэж хэлж болно. Бичиг баримтаар л би энэ компаний захирал гэж харагдаж байгаа болохоос би энэ “Дархан ган*******” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй, би өөрөө Орхон аймагт амьдардаг...” гэх захирал Б.гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-59-62 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2021 оноос эхлэн компаний гүйцэтгэх захирал болсон. Манай нөхөр Б. хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаад 15 жил болж байна. Компаний аливаа шийдвэрийг би гаргадаг, *******ыг модонд явуулах шийдвэрийг би гаргаж зөвшөөрөл олгосон” гэх шүүгдэгч Ж.*******гийн өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 тал/ мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Ж.*******г “Дархан ган*******” ХХК буюу энэ хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг төлөөлүүлж болохгүй гэж заасан хэдий ч “Дархан ган*******” ХХК нь нэг хүний гишүүнчлэлтэй, захирал Б. нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгч, “Дархан ган*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тус компаний ойжуулагч ажилтай Жаргалын *******г томилсон /хх42 тал/ нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчаас өөр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд энэ зүйлийн 1.2 дахь заалт хамаарахгүй” гэх заалтад нийцэж байна.
Шүүгдэгч Ж.******* болон шүүгдэгч Ж.*******гийн “Дархан ган*******” ХХК-ний нэрийн өмнөөс, түүний ашиг сонирхлын төлөө улсын ойн санд дур мэдэн халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”, 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын болон “Дархан ган*******” ХХК-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх болон энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******ыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ................. улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос шинэс төрлийн хуурай 9.242 м3 хэмжээтэй модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ж.*******г Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Дарханган*******” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж шүүгдэгч Ж.*******ыг хөлслөн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 9.242 м3 мод бэлтгүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдүүлсэн гэм буруутайд,
................. улсын бүртгэлийн дугаартай, .................регистрийн дугаартай, “Дархан ган*******” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс, компанийхаа ашиг сонирхлын төлөө мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын цагаан хустын ам” гэх газрын ойгоос 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мод бэлтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нар болон “Дархан ган*******” ХХК-ний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 4.451.967 төгрөгийн шууд хохирол /хх-100 тал/ учирсан нь Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 13.355.901 төгрөгийн /хх-125 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. Уг хохирлыг гэм буруутай этгээдүүдээр хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй байх тул “Дархан ган*******” ХХК, Ж.*******, Ж.******* нараас тус тус 4451967 төгрөгийг гаргуулахаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* нь 6.677.950 төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд төлж, баримтыг ирүүлсэн байх тул “Дархан ган*******” ХХК болон шүүгдэгч Ж.******* нарт оногдох 8.903.934 төгрөгийн хохирлоос хасаж үлдэх 2.225.984 төгрөгийг, шүүгдэгч Ж.*******аас 4.451.967 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Гурав. Хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Дархан ган*******” ХХК-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч Ж.*******, шүүгдэгч Ж.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.*******гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч Ж.*******, шүүгдэгч Ж.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 161-187 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .................................. тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, түүний эхнэр хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, байнгын асаргаанд байдаг, амжиргааны баталгаажих түвшингээс доогуурх орлоготой, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Ж.******* нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ............................................. тоотод амьдардаг, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “Дархан ган*******” ХХК-ний ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарын болон “Дархан ган*******” ХХК-ний хөрөнгө орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар, хуулийн этгээд “Дарханган*******” ХХК-д оногдуулсан 20.000.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт сануулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн ................. улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийнх болох нь гэрч Л.ын өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Ж.*******ын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 2.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий ................. улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг хурааж, түүнийг хохирол тооцохыг; гэмт хэрэг үйлдэж олсон 9.242 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 42 ширхэг шинэс төрлийн түлээний нойтон модыг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн банк нь цагаан өнгөтэй, маниулын таг нь цэнхэр өнгөтэй, “JINLIANG” гэсэн бичигтэй моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.*******, Ж.******* нар нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Жамъяндоржийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Жагарынхан овогт Жаргалын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж үйлдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хуулийн этгээд “Дархан ган*******” ХХК /РД: ................. /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ................. улсын бүртгэлийн дугаартай, .................регистрийн дугаартай, “Дархан ган*******” ХХК-ийн ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 20000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт тус тус оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар, хуулийн этгээд “Дархан ган*******” ХХК /РД: ................. /-д оногдуулсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 555.555 /таван зуун тавин таван мянга таван зуун тавин тав/ төгрөгөөр буюу хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.*******, Ж.******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******, Ж.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан “Дархан ган*******” ХХК-иас 2.225.984 /хоёр сая хоёр зуун хорин таван мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг, шүүгдэгч Ж.*******аас 4.451.967 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ................. улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг хурааж, хохиролд тооцохыг; 9.242 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 42 ширхэг шинэс төрлийн түлээний нойтон модыг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 63000 /жаран гурав/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай “JINLIANG” гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.*******, Ж.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД