Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/635

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

хохирогч Д.П-,

шүүгдэгч У.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001066 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Х- /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч У.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Д.П-той маргалдан зодож түүний биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, язарсан шарх, баруун нүдний алимны салстын гадна булангийн тархмал цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.П- мэдүүлэхдээ: “2021 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найзуудаараа уулзаж байсан. Надад хэлгүйгээр уулзсан байна гэж бодоод гэрт нь явж очсон. Х-гийн гэрт ороход түүний багын найзууд байсан бөгөөд Х- найзуудыгаа гаргаж өгөх гээд гарсан. Тэр үед би гомдох маягаар надгүйгээр уулзлаа гэсэн зүйл ярьсан. Х- бас гаднаас бухимдалтай орж ирсэн. Би Х- рүү салаавч гаргаж бүдүүлэг зан гаргаад өрөөнд орж ярилцъя гээд үл ойлголцол болсон. Тэгээд Х- намайг цохисон, би газар унаад нөгөө хэд намайг салгаж гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан” гэв.

Шүүгдэгч У.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Д.П-той маргалдан түүний нүүр лүү гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, язарсан шарх, баруун нүдний алимны салстын гадна булангийн тархмал цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 03 цагийн орчимд миний найз Б, Н нар над руу холбогдоод намайг Баянгол дүүргийн нутаг, 10-р хороолол орчмоос  ирж аваад Х-гийн гэрт очсон юм. Тэгээд Х-гийн гэрт орж байхад Х- найзуудтайгаа гараад явж байсан бөгөөд намайг ороход манай Discord программын найзууд болох А, А, Ц нар байж байсан. Тэгээд би тухайн үедээ найзууддаа та нар намайг хаяад уулзлаа гэж гоморхоод байж байтал Х- гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би Х-д “чамд надад дээрээс хойш хэлэх гээд байгаа зүйл байгаа биз дээ тэрийгээ хэлчих” гээд салаавч өгчихсөн юм. ...Х- бид хоёр маргалдаад өөр өрөөнд орж ярилцахаар болоод жижиг өрөөнд ороод маргалдаж байтал Х- миний нүүр лүү цохиод намайг газарт унагасны дараа өшиглөж байтал жижиг өрөөнд унтаж байсан Ц сэрээд Х-г ардаас нь татаж салгах гээд дийлэхгүй байсан. Тэр үед мөн гаднаас Б /Кума/ орж ирж таараад салгаад би тэндээсээ Кума, Ц нартай цуг шууд ГССҮТ- рүү очиж оёдол тавиулсан юм. Баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал , доод зовхины цус хуралт, язарсан шарх,  баруун нүдний алимны салстын гадна  булангийн тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдийг Х- цохиж унагаад өшиглөж учруулсан. Ерөнхийдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд арай илүү дотно байдаг хүндээ гоморхоод агсам тавиад буруу, зөрүү үг хэлээд гомдоочихсон юм шиг байна. Би Х-тэй маргалдаад өөр өрөө рүү явж байхдаа ухаан орсон. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 27А байрны 1 тоот гэртээ байж байхад Ц над руу залгаад манай Discord  программын найзууд Х-гийн гэрт уулзалдах гэж байна цуг явах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Цтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудал дээр уулзалдаад тэндээсээ шууд Х-гийн гэр болох Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот руу алхаад очсон юм. Х-гийн гэрт очиход Н, А, Х- 3  нийлээд пиво уугаад сууж байсан. ...П- ерөнхийдөө “та нар надгүйгээр хоорондоо уулзалдлаа” гэх мэтээр үг хаясан. Тэгтэл Х- чи болиоч гэж хэлтэл П- “чи яах гээд байгаа юм бэ, чамд хэлэх юм байгаа юм уу” гэж хэлээд салаавч гаргаад хоорондоо муудалцсан. Тэгэхээр нь бид нар голоор нь ороод салгачхаад байж байтал Х-, П- 2 хоорондоо маргалдаад ярилцахаар Цын унтаж байсан жижиг өрөө рүү яваад орсон. Тэгэхээр нь юмыг яаж мэдэх бэ гэж бодоод хаалганы гадна талд зогсоод сонсоод байж байтал нэгнийгээ цохиод байгаа мэт дуу чимээ гарахаар нь би  гаднаас хаалга онгойлгоод өрөө нь харанхуй байхаар нь гэрэл асаатал П- газарт уначихсан харин Х-г Ц ардаас нь татаад салгаж байгаа байдалтай байсан. Би П-ийг татаад босгох гэтэл босгохгүй байхаар нь өндийлгөөд дээш харуулаад нүд нь нэлээн эвгүй хавдчихсан байхаар нь Ц бид 2 П-ийг аваад ГССҮТ рүү очиж үзүүлэхэд нүдний доод ухархай цөмөрчихсөн гэсэн. Тэгээд нүдний зовхины гадна болон дотор оёдол тавиулсан. Х-г харахад бол ямар нэгэн гэмтсэн шинж байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Цын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ...Бтой хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудал дээр уулзалдаад тэндээсээ шууд Х-гийн гэр болох Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот руу  алхаад очсон. ...Х-гийн найзууд юм шиг өөр хүмүүс том өрөөнд шуугилдаад байхаар нь тэр дуунд нь сэрчихээд жижиг өрөөндөө гар утсаараа оролдоод хэвтэж байтал хэсэг хугацааны дараа Х-, П- 2 хоорондоо маргалдсан байдалтай жижиг өрөөнд орж ирээд “яагаад байгаа юм бэ” гэх мэт зүйлс ярьж байснаа П- “чи чаддаг юм бол намайг цохичих” гэж хэлтэл хүн цохиж байгаа чимээ гарахаар нь босоод хартал П- доош хараад толгойгоо хамгаалаад суучихсан харин Х- ардаас  нь цохиж байсан. Тэгэхээр нь би босоод Х-г ардаас нь татаад дийлэхгүй байтал Б, А нар орж ирээд бид 3 нийлээд салгасан. Х-гийн хувьд бол П-ийг зодож байсан харагдсан. Тэрнээс бусдаар П- бол Х-г зодоогүй...” гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №6280 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Д.П-ийн  биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, язарсан шарх, баруун нүдний алимны салстын гадна булангийн тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 27-28 дугаар хуудас/

Шүүгдэгч У.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд Н, П-той утсаар яриад очоод авъя гэж хэлээд Н, Б нар гэрээс гарч яваад байж байгаад П-, Н, Кума нарыг орж ирсэн даруйд зөрж гарч яваад над руу утсаар залгаад Булгантамир нүдний шилээ үлдээчхэж чи аваад  гараад ирээч гэж хэлэхээр нь  би нүдний шилийг нь авч гэрээсээ гаргаж өгчихөөд буцаад гэртээ орж ирэхэд П- нэлээн согтчихсон байдалтай манай том өрөөний зурагтны урд талд зогсоод хүмүүст агсам тавьж байснаа намайг орж ирэх үед тэнд байсан хүмүүс рүү салаавч гаргаад мөн миний нүүрэнд тулгаж салаавч гаргаад чи бол май шүү, чамайг ална шүү гээд агсам тавиад байхаар нь би жижиг өрөө рүү дагуулж ороод энд унт гэж хэлтэл миний урдаас тулж ирээд чамайг ална шүү, чи яагаад байгаа юм бэ гэх мэт үгс хэлээд дайрч байснаа миний духан тус газар минь 1 удаа мөргөөд үргэлжлүүлээд зодох гээд дайраад байхаар нь би нүүрэн тус газар нь 1 удаа цохиод П- газар унахаар нь би дээр нь ар нуруун тус газарт  нь цохиж байтал гэнэт өрөөний гэрэл асаад Ц, А нар намайг салгаад тэр орчмоо хартал цус болчихсон байсан. Тэгээд би айгаад найзуудыгаа “хурдан эмнэлэгт үзүүлчих наадах чинь намайг харвал уурлаад дайраад байна” гэж хэлээд П-ид харагдахгүй байж байгаад эмнэлэг рүү цуг явуулаад би араас нь удалгүй шууд өөр машинаар ГССҮТ-д очсон юм. Би тус дүгнэлттэй  танилцлаа, хүлээн зөвшөөч байна. Миний баруун нүд 90 хувийн хараагүй. Би хийсэн зүйлдээ маш их  гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 40-42 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч У.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хохирогч Д.П-той маргалдан түүний нүүр лүү гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, язарсан шарх, баруун нүдний алимны салстын гадна булангийн тархмал цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч У.Х- нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч У.Х- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч У.Х- нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч У.Х-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

              Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой 1.223.100 төгрөгийн баримт /хэргийн 61-66 дугаар хуудас/ авагдсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Х-гээс гэмт хэргийн хохирол, хор уршигт 1.223.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.П-ид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Түүнчлэн хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаА гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч У.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч У.Х-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус туст тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч У.Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч У.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Х- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Х-гээс 1.223.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.П-ид олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаА гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО