| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0112/э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Ед холбогдох эрүүгийн 2135001200133 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 9-67 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Сын Е, Регистрийн дугаар: ОЮ 79080618.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Е нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135001200133 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид дөрөв уг пивийг уугаад юм яриад сууж байтал 2021 оны 7 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 00:30 цагийн орчимд бид нар дээр Дын ээж эхлээд хүрч ирээд бид нарыг загнасан. Дараа нь Дын аав нь ирээд бид нарыг загнаж миний барьсан байсан майхныг “хураа” гээд Ө, Д нартай хамт майхныг хураасан. Тэгэхээр нь би тэр ахад “та яахаараа миний майханг хураадаг юм” гэж хэлэхэд тэр ах надад “миний хүүхдийг уруу татлаа” гэхээр нь би тэр ахад “би танай хүүхдийг танихгүй, манай найз дагуулж ирсэн хүүхэд, та яахаараа миний майханг хурааж авдаг юм, бид нарын ууж идэх танд ямар хамаатай юм” гэж хэлэхэд Дын аав гэх Е нь миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхэд миний хамраас цус гарсан бөгөөд би хамраа гараараа барихад миний хамар хугарчихсан шал далий болчихсон байсан. Тэгээд би тэр ахад “цагдаа дуудна” гэхэд “тэр цагдаа чинь надад хамаагүй” гэх хэлчихээд Дыг дагуулаад явчихсан. ...Тэгээд би тухайн үед найз охин Баярцэцэгийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ...103-аар чих, хамар, хоолойн эмч Б.Оийг дуудуулж хамраа үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр эмчээр хамраа тэгшлүүлж, эмчлүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд 50,000 төгрөг төлсөн. Би өөрийн сэтгэл санаа болон гоо сайхан, эрүүл мэндэд тодорхой хэмжээний хохирол учирсан тул С.Еаас хохиролд 300,000 төгрөг нэхэмжилсэн. Уг хохирлыг С.Е нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уулзаж учирсан хохиролд 300,000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
2. Гэрч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд цаанаас нь Г гэх залуу бие засчхаад хүрч ирээд манай нөхөр болон над руу дайрч “та нар ямар хачин юм бэ?, та нар бид нарын зовлонг мэддэггүй байхгүй юу, та нарт юугаа идэж, ууж явж байгаа нь ямар хамаатай юм, наад майхан чинь миний майхан, та нар яахаараа миний майхныг буулгадаг юм” гэж хэлсэн. Тухайн үед Д, Ө, Г нар бүгдээрээ пиво уучихсан байсан ба тэр майханд 4-5 пивоны хоосон сав байсан. Тэгээд Г нь манай нөхөр лүү дайрахаар нь манай нөхөр Е нь Гын урдаас толгойгоороо түүний нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Гын хамарнаас нь жаахан цус гараад тогтчихсон. Тэгээд нөхөр бид хоёр хүү Дыг аваад тэндээсээ шууд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
3. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 00:30 цагийн үед бид нар дээр Дын аав, ээж хоёр алхаж хүрч ирсэн. Тэгээд бид нарыг загнаад ууж байсан пивийг асгасан. Тэгээд Дын аав нь гэх хүн Ө, Д нарыг загнаад майхныг буулгуулсан. Тэгтэл манай найз залуу Г нь тэр ахад “та яасан гээд миний майхныг буулгаад байгаа юм бэ?, бид нарын ууж идэх танд ямар хамаатай юм” гэж хэлээд уурлахад Дын аав гэх эрэгтэй Гын хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэр үед Гын хамарнаас нь цус гарсан. ...Г нь маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр надтай хамт явж бид хоёр түүний хамрыг эмчид үзүүлэхэд хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
4. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гын биед үзлэг хийхэд хамар ясны шинэ гэмтэл, хугарсан байсныг тэр дор нь тэгшилж янзлаад явуулсан. Хамар ясны хугарал гэмтэл нь эмчлүүлснээс хойш 1 сарын дотор шинэ хугарал бороолж эдгэрдэг юм. Тухайн хүн 3 дугаар сард хамар нь хугарал авч эмчлүүлсний дараа 1 сарын дотор бороолж эдгэрдэг, ингэсний дараа 7 дугаар сард дахин хамар ясандаа хугарал гэмтэл авсан бол уг гэмтлийг шинэ гэмтэл гэж үздэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
5. Шинжээч эмч Б.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Б.Г нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бусдад зодуулахдаа хамар ясанд шинээр хугарал үүссэн байсныг 2021 оны 3 дугаар сард эмчлүүлж хамраа тэгшлүүлсэн байна. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах буюу эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм. Энэ нь хамар ясны хугарал гэмтлийн эдгэрэх хугацаа нь 4 долоо хоногоос доош хугацаанд эдгэрдэг гэсэн үг юм. Тиймээс Б.Гын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр учирсан хамар ясны хугарал гэмтэл нь нэг сарын дотор бүрэн эдгэрсэн гэж үзнэ. Б.Гын хамар ясанд 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дахин хугарал гэмтэл учирсныг шинэ хугарал гэмтэл учирсан гэж үзнэ. Ер нь бол хамар ясанд учирсан хугарал нь 1 сарын дотор бүрэн бороолж эдгэрдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
6. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Б.Г-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
5. Шүүгдэгч С.Еын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч Б.Год учирсан хохиролд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Е нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө 00:30 цагийн орчим хохирогч Б.Гыг үл ялих зүйлээр шалтаглан улмаар хохирогчийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Еын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч С.Е нь нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Гын “...Надад учирсан хохирол 300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/-ээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Нын “Би Етай танилцаад 7 жил гаруй болж байгаа найзууд юм. С.Е нь ааш зангийн хувьд хүнтэй зөв боловсон харилцдаг, хамт ажилладаг хүмүүсийн дунд нэр нүүртэй, ажил хөдөлмөрт сайн, хичээнгүй хөдөлмөрч зантай, мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг хүн, архи дарсыг тохируулаад хэрэглэдэг, ямар нэг муу зуршилгүй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, гэрч П.Бын “Би С.Етай 2014 оноос хойш барилга дээр ажиллаж нэг нэгнээ таньж мэддэг болсон. Одоо байнгын харилцаатай хамтарч барилга дээр ажилладаг юм. ...Амьдралын нөхцөл байдлын хувьд доогуур түвшний амьдралтай, зан аашийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй зөв яриатай, зан ааш даруу төлөв, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи татдаггүй, элдэв муу зуршилгүй, боловсролын хувьд бичиг үсэг мэдэхгүй, их хөдөлмөрч, амьдралын төлөө, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж явж байгаа жирийн л нэг эцэг хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.Е нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 106-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч С.Е нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Сын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Е нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Е нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ед өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН