Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Н.Ө, П.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ө, П.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай  хэргийг  2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:   

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Н.Ө /РД:***/,

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:   

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хойшлуулсан, П.Г /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Г, Н.Ө нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын зам дагуух үерийн далангийн орчим иргэн Б.Бийн эзэмшлийн Самсунг Ми А2 загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн *** дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.  

            1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны автобусны буудал дээрээс 4 залуу суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхбаярын замын хойд талд нийтийн байранд ирсэн. Уг хүн нь ороод хувцас аваад гарч ирээд Энхбаярын зам өгсөөд Зурагтын эцсийн орчим зогссон чинь машинд суусан хүмүүс бүгд буусан. Харин нийтийн байр луу орж хувцас авч гарч ирсэн залуу таксинаас буухдаа хамт явж байсан хүмүүсээ та нар бууж бай гэж хэлээд хамгийн сүүлд буусан бөгөөд буухдаа баярлалаа, баяртай гэж хэлээд таксины мөнгийг өгөлгүй эхэлж буусан 3 хүний араас яваад өгөхөөр нь би машинаасаа бууж “мөнгөө өгөөч” гээд араас нь очоод нэг хүнийх нь гараас бариад чирээд машин дээрээ авчраад цагдаа дуудах гээд 102 дугаар луу залгаад байж байтал хамгийн сүүлд баярлалаа, баяртай гэж хэлдэг залуу намайг цохих гэхээр нь холдтол тухайн залуу араас боож газар унасан. Энэ үедээ гарыг нь тавиулах гэсэн боловч гар утсаа барьсан байсан учир гар утсаа гулгуулж өөрөөсөө баруун чигт шидсэн. Тэгэхэд нэг өндөр нуруутай залуу нь миний гар утсыг авсан. Тэгээд би “энийгээ болиулаач ээ, боогоод байна” гэхэд гар утас авдаг залуу нь боль гэсэн. Удалгүй намайг боосон залуу боохоо болиод гүйгээд явсан, араас нь гар утас авсан залуу явсан. Надаас ямар нэгэн зүйл шаардсан зүйл огт байхгүй. Намайг боосон хүнээс өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй. Гар утас авсан хүн намайг цохиж, зодоогүй. Миний биед гэмтэл, шарх учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

            2. Гэрч Р.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г жолооч залуугийн араас боочихсон байсан. Тэгэхээр нь Ө бид хоёр болиоч гэж хэлсэн. Би Ж ахын хамт Өын гэрт ороод байж байхад араас Ө, Г хоёр орж ирсэн. Ө гартаа нэг утас утас барьчихсан байсан. Машины хажууд гар утас байхаар нь авсан талаар ярьж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

3. Гэрч Н.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г, Ө, А нарын хамт такси бариад Өын гэрийн харалдаа далан дагуу буусан. Би Аын хамт Өын гэр лүү явсан. Г, Ө хоёр таксины мөнгө өгөхөөр үлдсэн. Дараа нь таксины жолоочийн эд зүйлийг авсан талаараа Ө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

            4. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-719/171 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг Ми А-2 маркийн гар утас 600.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 37 дугаар хуудас/,

            5. Шүүгдэгч Н.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Таксинаас буугаад алхаж байхад таксины жолооч араас мөнгөө өгөөч гэж хэлээд Г, А нарын нэгийг нь гараас нь барьчихсан цагдаа дуудна гээд байж байхад Г араас нь боосон. Энэ үед жолоочийн автомашины хажууд засмал зам дээр гар утас уначихсан байхаар нь би аваад яваад өгсөн. Таксины жолоочоос ямар нэгэн эд зүйл шаардсан зүйл байхгүй. Тухайн үед Гд жолоочийн гар утсыг авсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч П.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Таксины мөнгө байхгүй байсан учраас жолоочийг нь айлгаж байгаад мөнгө өгөхгүй буучихна гээд жолоочтой хэрүүл хийж байгаад буусан. Энэ үедээ жолоочийн араас нь гарынхаа шуу хэсгээр нь ороож боосон чинь тухайн жолооч газар унасан. Энэ үед Ө гар утсыг нь авчихсан байсан. Тухайн үед гар утсыг нь авсан талаар мэдээгүй. Өын гэрт очсоны дараа Ө жолоочийн утас нь унахаар нь авчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 205-206 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            7. Шүүгдэгч Н.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 60-65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 81 дүгээр хуудас/.

            8. Шүүгдэгч П.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 136 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 144-146 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжилсан тухай цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 150-152 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт, гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:

   Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ө, П.Г нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр шүүгдэгч П.Гд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

   Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч П.Г нь хохирогчид таксины мөнгө өгөөгүйгээс шалтгаалан тус гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч хохирогчийн гар утсыг шүүгдэгч Н.Ө авч буй үйлдэлд шүүгдэгч П.Ггийн шууд оролцоо байхгүй, дээрэмдэх гэмт хэрэгт шууд шалтгаант холбоогүй байна. 

      Өөрөөр хэлбэл хохирогч Б.Бийн “...хамгийн сүүлд баярлалаа, баяртай гэж хэлдэг залуу намайг цохих гэхээр нь холдтол тухайн залуу араас боож газар унасан. Энэ үедээ гарыг нь тавиулах гэсэн боловч гар утсаа барьсан байсан учир гар утсаа гулгуулж өөрөөсөө баруун чигт шидсэн. Тэгэхэд нэг өндөр нуруутай залуу нь миний гар утсыг авсан. Удалгүй намайг боосон залуу боохоо болиод гүйгээд явсан, араас нь гар утас авсан залуу явсан. Надаас ямар нэгэн зүйл шаардсан зүйл огт байхгүй. Намайг боосон хүнээс өөр хүн миний биед халдсан зүйл байхгүй. Гар утас авсан хүн намайг цохиж, зодоогүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Өын “...Г жолоочийг араас нь боосон. Энэ үед жолоочийн автомашины хажууд засмал зам дээр гар утас уначихсан байхаар нь би аваад яваад өгсөн. Таксины жолоочоос ямар нэгэн эд зүйл шаардсан зүйл байхгүй. Тухайн үед Гд жолоочийн гар утсыг авсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Ггийн “...Энэ үедээ жолоочийн араас нь гарынхаа шуу хэсгээр нь ороож боосон чинь тухайн жолооч газар унасан. Энэ үед Ө гар утсыг нь авчихсан байсан. Тухайн үед гар утсыг нь авсан талаар мэдээгүй. Өын гэрт очсоны дараа Ө жолоочийн утас нь унахаар нь авчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Ө, П.Г нар нь анхнаасаа хохирогчийн гар утсыг шууд авах сэдэлт, санаа, зорилго агуулаагүй байна. 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан объектив болон субьектив талын шинжийг хангахгүй байна.

         “Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг, “хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэж гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг нь хязгаарлана зэргээр айлган сүрдүүлж довтолсон байхыг тус тус ойлгоно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

 Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, “илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.  

 Шүүгдэгч Н.Өын хувьд хохирогчийн гар утсыг анхнаасаа шууд авах санаа, зорилго агуулаагүй боловч гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд бусдын эд хөрөнгийг авах сэдэлт төрж, улмаар хохирогчийн шидсэн гар утсыг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжтэй нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын зам дагуух үерийн далангийн орчим хохирогч Б.Бийн эзэмшлийн “Самсунг Ми А2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

          Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Өт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бөд 600.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Б нь “...Миний бие Н.Ө, П.Г нарт гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан /хэргийн 235 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Өын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Өыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгын хүрээнд Н.Өт 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.   

            Харин шүүгдэгч Н.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Гд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

  1. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1.  Шүүгдэгч Н.Өыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч П.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  90 /ер/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО