Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 0127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхон  сумын 1-р баг, 8-р хэсгийн 12 тоотод оршин суугч  иргэн  Шандас овогт *******гийн/ РД: МЙ-/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч  Д*******, гэрч П.Рэнцэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч  Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Миний бие нь тэтгэвэрээ тогтоолгох гээд бичиг баримтаа хөөцөлдсөн чинь миний ажиллаж байсан тушаалууд олдохгүй байгаа. Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Сангийн аж ахуйн, Хүн эмнэлгийн харьяа 24-р яслид 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  ажиллаж байгаад амралтаа аваад өөр ажилд шилжсэн. Миний энэ хооронд ажиллаж байсан бүх тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Би анх яслид 1986 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ажилд орсон. Яслид ажиллаж байгаад 1991 оны 07 дугаар сарын  02-ны өдөр ажлаасаа гараад үр тарианы бригадад ажилд орсон. Би яслид  асрагч, цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан  4 жил 08 сар 28 хоног ажилласан байдлаа тогтоолгоно. Би 1987 оныг оруулаад оноор нь тоолсон чинь 6 жил болчихоор нь нэхэмжлэлдээ 06 жилийг тогтоож өгнө үү гэж бичсэн. Одоо 4 жил 08 сар 28 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үүгэв

            Шүүх хуралдаанд  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, хүсэлт гаргагч Д*******гийн 1986 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн № 272271 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан баярын бичиг, Сэлэнгэ аймгийн Орхон САА-н хүн эмнэлгийн харьяа 24-р яслийн асрагч Д*******гийн 1986-1991 он хүртэлх цалингийн түүвэр, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай, Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн тушаал, Батаагийн Ганчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч Т*******гийн тушаал, 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч Д*******гийн  ажилд томилох тухай тушаал, 24 дүгээр яслийн шаардах хуудаснууд, гэрч асуулгах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг нэг бүрчлэн бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

              Иргэн Д******* нь Сэлэнгэ аймгийн Орхон САА-н хүн эмнэлгийн харьяа 24-р яслид асрагч, цэвэрлэгчээр  1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  04 жил 08 сар 28 хоног улсад ажилласан хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбараас үзэхэд:

             Иргэн Д*******гийн  Сэлэнгэ аймгийн Орхон САА-н хүн эмнэлгийн харьяа 24-р яслид асрагч, цэвэрлэгчээр  1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  04 жил 08 сар 28 хоног улсад ажилласан байдал нь 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан баярын бичиг,  1986-1991 он хүртэлх авч байсан цалингийн түүвэр, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай, Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн “ажилд авах тухай” тушаал, Батаагийн Ганчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч Т*******гийн тушаал, 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай Орхон сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч Д*******гийн  “ажилд томилох тухай” тушаал, гэрч П.Рэнцэнхандын “ Би яслид 1986 онд  ажилд ороод 1991 он хүртэл ажилласан Энэ үед Д******* цэвэрлэгч сав угаагч зэрэг ажлын хийж байсан, ер нь бол хүний оронд янз бүрийн  ажил хийж байсан юм би тэр үед тогоочоор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэгээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Иймд иргэн Д*******г   Сэлэнгэ аймгийн Орхон САА-н хүн эмнэлгийн харьяа 24-р яслид асрагч, цэвэрлэгчээр  1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  04 жил 08 сар 28 хоног улсад ажилласан  хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шандас овогт *******г Сэлэнгэ аймгийн Орхон САА-н хүн эмнэлгийн харьяа 24-р яслид асрагч, цэвэрлэгчээр  1986 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл  04 жил 08 сар 28 хоног улсад ажилласан  хугацааг  сэргээн тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  Д******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  Д******* нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА