Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч Р.Батхуяг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Нямцэцэг,

Шинжээч Ч.Буянзаяа,

Гэрч Н.Нямдорж, Г.Дашсүрэн, П.Отгонжаргал, Б.Сайнбаяр, У.Мягмардорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ц.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батмөнхөд холбогдох эрүүгийн 2115000260062 дугаартай, 163/2021/0146/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Авга овогт Цанжидын Батмөнх /РД: .................. /, 1965 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..................................... ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... аймгийн ............... сумын ............. дүгээр баг, ............... тосгоны ........... дугаар байрны ............ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батмөнх өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр манайд Р.Батхуяг орж ирсэн. Би эхнэр 2 хүүхдийн хамт байсан. Тухайн үед Р.Батхуяг нь манай ээж дээр ирж золгосон. Манайх ээжийнхтэйгээ нэг хашаанд амьдардаг. Манай эхнэр Р.Батхуягт цай хийж өгөөд бид хоёр өмнө нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хөрөө рамын уулын бригадад хамт ажиллаж байсан үеэ яриад сууж байсан. Тэр үед бригадаараа зугаалж байхад Тайван гэдэг хүн тоглоомоор миний бөгсөн дээр алгадсан. Тэр тухай Р.Батхуяг ярьсан. Мөн намайг залуу эхнэр авсан юм чинь бөгсөн дээр чинь алгадна гээд хөөж гүйсэн. Би баригдахгүйн тулд зугтаасан чинь Р.Батхуяг хивсний үзүүрт бүдрээд орны толгой мөргөөд унасан. Тэгээд Р.Батхуяг дөрвөн хөллөж хэвтээд босохгүй байсан. Миний толгой өвдөөд байна гээд байхаар нь би эмч дуудсан. Эмч ирэхэд Р.Батхуяг босоод нөгөө талын орон дээр сууж байсан. Эмч үзээд даралт нь хэвийн байна гэж хэлсэн. Тухайн үед Р.Батхуяг эмчид үзүүлэхгүй гэж бөөн асуудал үүсгэсэн, эмч загнаж байгаад үзсэн. Тэгсэн чинь би зүгээр гээд эмчтэй хамт манайхаас гарч явсан. Түүнээс хойш сураггүй байж байгаад манай эхнэр Отгонжаргалтай 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хамт сонгино тарих ажил хийсэн гэсэн. Тэр үед Р.Батхуяг 1 пиво задлаад манай эхнэрийн гар утсыг угаая гээд зүгээр байсан. Тэгээд би 9 дүгээр сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хөрөө рамд ажиллахаар явсан, 10 дугаар сарын үед Р.Батхуягийн эхнэр Т.Нямцэцэг нь над руу утасдаж манай нөхөр тэр асуудлаас болж 1 нүдээ авахуулсан гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа буугаад Р.Батхуягтай очиж уулзсан. Тухайн үед Р.Батхуяг архи уусан байсан ч бүх зүйлийг мэдэж байсан. Эхнэр нь бид хоёрын яриаг сонссон. Тэгээд надаас эмчилгээний мөнгө нэхэхэд би өгөхгүй гэж хэлсэн. Би Р.Батхуягт гар хүрээгүй байтал юу гэж эмчилгээний мөнгө төлөх вэ гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь уг асуудлаар 2021 оны 1 сарын сүүлээр цагдаад хандсан. Тэгээд би Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны цагдаад дуудагдаж 2 дугаар сард яллагдагчаар татагдсан. Би эхнэр хүүхдүүдтэйгээ зүгээр гэртээ сууж байхад Р.Батхуяг согтуу орж ирээд ийм асуудал үүсгэж байгаад гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Батхуяг өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батмөнхийн дүү Тосондалайтай хамт дэлгүүрээс архи авч уусан. Тэгээд тэдний гэрт нь очсон. Тэгэхэд н.Тосондалай нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг уусан эсэхээ санахгүй байна. Тэгээд Ц.Батмөнхийнд орж өмнө нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хамт ажиллаж байсан үеэ яриад сууж байсан. Тэгээд Ц.Батмөнхийн бөгсөн дээр алгадсан тухай ярьсан. Тэгсэн чинь Ц.Батмөнх чи нялх хүүхдийн дэргэд юу яриад байгаа юм бэ гээд уурласан. Намайг сандал дээр сууж байхад нүдрүү цохисон, юугаар цохисныг мэдэхгүй. Тэгээд цаашаа юу болсоныг би сайн санахгүй байна. Түүнээс хөөцөлдөж гүйгээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Нямцэцэгийн өгсөн: Би Ц.Батмөнх ах руу утсаар холбогдож энэ талаар хэлсэн. Манай нөхөр бас хэлсэн. Тэгсэн чинь юу гэж тийм зүйл байдаг юм гээд инээгээд утсаа салгасан. Утсаар ярихаас өмнө Б.Сайнбаяр энэ талаар Ц.Батмөнхөд хэлсэн байсан. Тэгээд надад утасны дугаарыг нь олж өгсөн. Тэр үед зүүн нүд нь хавдаад харагдахгүй байсан. Намайг яасан юм гэж асуухад “жижгээ ахад цохиулсан, унтлаа” гээд унтаад өгсөн. Маргааш нь юу болсон талаар асуусан чинь нүдний хавдар буугаад зүгээр болчихно гээд байсан. Тэгээд би ажил руугаа явсан. Би Ц.Батмөнх гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй. Намайг 5 сард ажлаасаа ирэхэд нүд өвдөөд байна гэсэн. Тэгээд Орхон аймгийн Медипас эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч үзээд нүдний дусаалга хэрэглээд 7 хоногийн дараа ирж үзүүл гэж хэлсэн. Сүүлдээ нүдний дусаалга хэрэглээд өвчин нь намдахгүй болохоор нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд уламжлалтын эмчээр хатгуулах эмчилгээ хийлгэж нүд нь муу хардаг болсон. Гэвч нүдний өвдөлт зовиур намдахгүй байсаар 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж зүүн нүдэндээ хагалгаа хийлгэж нүдээ авахуулсан. Дараа нь баруун нүдэндээ болор суулгуулсан боловч амжилтгүй болсон. Хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон, одоо ямарч ажил хийх боломжгүй, цалин орлогогүй байна. Иймд гарсан эмчилгээний зардал,  болон түүний цалингийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Буянзаяа өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн түргэн тусламжийн хуудас, 5 дугаар сарын 20-ны өдрийн нүдний эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрүүдэд улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс засалд орсон эмчийн үзлэг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн түүх зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан. Түргэн тусламжийн тэмдэглэл дээр хохирогчийг зүүн нүд рүүгээ цохиулсан, гэрлийн урвал эерэг, эвэрлэг рефлекс эерэг, нэмэлт тэмдэглэл дээр зүүн нүдний доод зовхины дотор тал улааж цус хурсан гэсэн үзлэгтэй байна. Тухайн үйл явдал болсноос хойш 3 сарын дараа нүдний эмчид үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл байна. Үүнд нүд улаана, торно, нүдний уг руу хатгуулж өвдөнө гэсэн зовиуртай очоод онош нь нүдний солонгон бүрхүүл, соронзлог биеийн үрэвсэл гэсэн байна. Дахиад сарын дараа Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн байна. Тэр үед хоёр нүд юм харахгүй гэсэн зовиуртай очоод 5 сарын сүүлээс эхлэн гэнэт юм харахгүй болсон гэж байна. Эмчийн үзлэгээр зүүн нүдний зовхи хэвийн, улаасан, эвэрлэг бүрхэвч тунасан, шар бие нь хэвийн, дунд зэргийн эмээр үрэвссэн байсан. Эм хэрэглэсэн байх магадлалтай. Нүдний болор байхгүй болсон гэсэн байна. Тэгэхээр энэ хүн нэгдүгээр эмнэлэгт үзүүлэх гээд очиход нүдний болор нь байхгүй болсон байсан. Онош нь солонгон бүрхүүл, соронзлог биеийн үрэвсэл гэсэн оноштой эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон байна. Энэ бол хүний гараар цохих болон ямар нэгэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Хамгийн анх гэмтэл авахдаа нүдний болор дотор байгаа судсан бүрхэвч гэмтсэн. Түүнээс болж үрэвсэл үүссэн ба энэ нь нөгөө нүдэндээ нөлөөлсөн гэж бодож байна. Энэ хүн тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа ирсэн. Эмнэлгийн бичиг баримтаар дүгнэлт гаргасан. Эмчид үзүүлэхэд нүдний хараа муудсан. Үрэвсэл үүссэн байсан. Тэгээд сарын дараа нүдний хагалгаанд орсон. Тэр үйл явдал болохоос өмнө нүдний хараа муудаагүй бол тухайн үеийн гэмтлээс үүссэн байх боломжтой. Хэрвээ тухайн үед гэмтлийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд үрэвслийг тэр дор нь эмчлүүлсэн бол хагалгаанд орсон нүд нь үрэвсээд, нөгөө нүдэндээ нөлөөлөхгүй байх боломж байсан. Гаргасан дүгнэлтээ дэмжиж байна, үнэн зөв гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Нямдорж өгсөн мэдүүлэгтээ: У.Мягмардорж бид хоёр Р.Батхуягийг Ц.Батмөнхийн ээжийн гэрээс очиж авсан. Б.Сайнбаяр гадаа машиндаа хүлээж байсан. Тэр үед Р.Батмөнх согтуу, нүд нь жоохон халцарсан байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед хохирогчийн нүднээс юм гоожсон байсан. Яг юу гоожсоныг сайн мэдэхгүй байна. Намайг Р.Батхуягийг авах гээд ороход нэг өрөөнд орон дээр хэвтсэн байдалтай байсан. Тэр үед нээх их архи уугаагүй байсан. Гаръя гээд сугадаад гарсан. Яагаад сугадаж гарсан бэ? гэхээр хөл дээрээ тогтохгүй байсан. Бас сайн ярьж чадахгүй байсан. Тэр үед нүдний зовхи нь хавдсан, шалбарсан байсан. Нулимс гоожсон уу, шүүс үү гэдгийг нь сайн мэдээгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Дашсүрэн өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгээд “2 хүн маргалдсан юм шиг байна хүүхэд уйлаад тодорхой юм ярьсангүй дуудлага өглөө” гэж эмч надад хэлсэн. Тэгээд дуудлагын дагуу очиход  Р.Батхуяг баруун талын ор налаад сууж байсан. Намайг үзэх гэхэд Р.Батхуяг үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд би цамцных нь гадна талаас даралтыг нь үзсэн. Нүд нь хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад П.Отгонжаргал “манай нөхөр уурлаад Р.Батхуягийг түлхсэн чинь юм мөргөөд унасан” гэж хэлсэн. Би Р.Батхуягт тариа хийгээгүй. Нүд нь хавдсан, ямар нэг зүйл гоожоогүй байсан. Тэгээд маргааш ирж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Би юу болсон талаар Р.Батхуягаас асуухад “бид хоёр маргалдаад би хальт цохиулсан” гэж хэлсэн. Эмнэлэг рүү түргэн тусламжийн дуудлага өгөхдөө хүүхэд уйлаад 2 согтуу хүн маргалдаад, нэг нь уначихлаа гэж хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Отгонжаргал өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрт Р.Батхуяг орж ирсэн. Тэр үед би нөхөр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байсан. Р.Батхуяг согтуу байсан, тэгээд цай уугаад манай нөхөртэй өмнө нь хамт ажиллаж байсан тухайгаа яриад сууж байсан. Тэгтэл залуу эхнэр авсан юм чинь таны бөгсөн дээр алгадна гээд манай нөхрийг хөөж гүйсэн. Ц.Батмөнх зугтаад гэрийн нөгөө талд очсон чинь Р.Батхуяг ширдгэнд бүдрээд орны толгой мөргөөд унасан. Тэгээд эмч дуудаж үзүүлсэн. Эмч үзээд жоохон хөхрөлттэй байна гэж хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Сайнбаяр өгсөн мэдүүлэгтээ: Би Р.Батхуягийг Ц.Батмөнх ахын гэрээс очиж авсан. У.Мягмардорж, Н.Нямдорж хоёр гэрээс нь орж авсан. Зодоон хийсэн гэж хэлсэн. Р.Батхуяг надтай хамт модны ажилд явдаг байсан. Тэр явдал болсны маргаашнаас явахаа больсон. Би хохирогчийн гэрт байнга очдог байсан. Тэр айлын хашаанаас гарч ирэхдээ Р.Батхуягийн нүд нь хавдсан байсан. Р.Батхуягийг гэртээ орохоос нь өмнө асуухад “зодоон хийсэн” гэж хэлсэн. Мөнхөө ахтай зодоон хийсэн гэж хэлсэн. Нүд нь улайгаад зовхи нь унжсан байсан. Тэр явдлаас хойш бид нар байнга уулздаг байсан. Нүд нь ерөөсөө болохгүй байсан. 2020 оны 5 сарын үед юм харж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Нүд аргаад, гялбаад, ажил хийх боломжгүй байна гэж байсан. Р.Батхуягийг очиж авах үед би айлын гадаа машиндаа хүлээж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Мягмардорж өгсөн мэдүүлэгтээ:  Очиж авсан хашаа байшин хэнийх гэдгийг би мэдэхгүй байна. Цагаан сарын дараа байсан хугацааг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр түлээний мод ачиж байсан. Тэгээд Сайнаа ах руу нэг хүн утсаар яриад “Хуягаа ахыгаа ирж ав” гэсэн. Тэгээд Н.Нямдорж ах, Б.Сайнбаяр ах, бид 3 очиж авсан. Н.Нямдорж ах бид 2 тэр айл руу ороход том өрөөнд нь Р.Батхуяг ах унтаж байсан. Тэр айлд өвөө, эмээ нар хөзөр тоглож байсан. Тэгээд бид хоёр Р.Батхуяг ахыг 2 талаас нь өргөхөд баруун нүднээс нь юм урсаад байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш би сургуульдаа явсан. Амралтаараа гэртээ ирсэн чинь Р.Батхуяг ахын нүд нь юм харахгүй болсон нөгөө нүдэндээ болор суулгасан гэж ээж маань хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Ц.Батмөнхийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд байрлах өөрийн гэртээ иргэн Р.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Р.Батхуягийн бие эрх чөлөөнд халдан нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж мэтгэлцсэн ба ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн 2115000260062 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд байрлах өөрийн гэртээ иргэн Р.Батхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Р.Батхуягийн бие эрх чөлөөнд халдан нүд рүү нь цохисны улмаас зүүн нүдний алим гэмтэж хараагүй болж нүдний алимыг авахуулснаар Р.Батхуягийн эрүүл мэндэд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65 хувиар нөлөөлж, хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “айлд согтуу ороод маргалдаж зүүн нүдрүүгээ цохиулсан” гэх өвчитний түүх бүхий түргэн тусламжийн дуудлагын №93 дугаартай хуудас /хх-7-8 тал/,

Улсын нэгдсэн төв эмнэлгийн Мэс засал-Нүдний эмгэг судлалын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 19, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хохирогч Р.Батхуягийн өвчний түүхүүд, хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн анамнез, клиникийн оношийн үндэслэл, үзлэгийн тэмдэглэл /хх-8-29 тал/,

Хохирогчийн Медипас эмнэлгийн нүдний эмчийн үзлэгийн хуудсууд /хх-30-31 тал/,

Хохирогч Р.Батхуягийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар  тогтоосон Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-32 тал/,

Хохирогч Р.Батхуягийн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Тосондалай гэх хүнтэй хоёр шил архи хувааж уучихаад Тосондалайгийн ах Ц.Батмөнхийн гэрт орсон юм. Тухайн үед Батмөнхийн гэрт гаднаас ямар нэг хүн байгаагүй, эхнэр Отгонжаргал, түүний бага насны хоёр хүүхэд л байсан юм. Батмөнхтэй хуучин нэг дор ажил хийж байх үед манай найз Тайван гэх залуу өмдийг нь шувталж байгаад бөгсөн дээр нь алгадаж байсан. Тэр явдлыг нь яриад “одоо чамайг дахиад нэг бөгсөн дээр чинь алгадчих уу” гэж хэлсэн чинь “чи гэр оронд орж ирчихээд эхнэр хүүхдүүдийн хажууд юу яриад байгаа юм” гэж хэлээд зүүн талын нүд рүү цохиод авсан, нэг мэдсэн чинь Батмөнхийн гэрт эмч ирээд намайг үзэж байсан. ...Зүүн нүд хавдсан, нүдний болор улаан өнгөтэй болчхоод зүгээр яваад байсан чинь хараа муудаж эхэлсэн... нэг нүдээ бүрэн авахуулсан, нөгөө нүд нь 20-30 см зайд юм хардаг боловч өдөр бол огт юм харахгүй, бараандуу өдөр юмуу бүдэг орчинд л 20-30 см зайд хардаг болсон” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Б.Нямцэцэгийн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 17-18 цагийн орчимд Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд Батмөнх гэх айлд жаахан халамцуу ороод инээж хөхөрч юм ярьж байгаад Батмөнх гэх хүн уурлаад баруун нүдэнд нь гараа цохисон гэсэн өөр зүйл яриагүй. Тухайн үед нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан эдгэх байх гэж бодсон боловч нүдний болор нь хагараад эмчилгээгүй болсон байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө гаргуулж авмаар байна. Бүхэл бүтэн нэг нүд сохороод нөгөө нүд нь харахаа болиод саяхан болор суулгаад одоо бүдэг бадаг харж байгаа. Эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-40-43 тал/,

Гэрч Н.Нямдоржийн өгсөн: “Би 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд Сайнбаяр гэдэг хүний хөрөө рам дээр ажиллаж байгаад 17 цаг өнгөрч байхад хөрөө рам дээрээс түлшний мод буулгахаар Ц.Батмөнхийн гадаа очиход Ц.Батмөнхийн дүү охин “Р.Батхуяг, Ц.Батмөнх ахынд зодуулчихсан байна, та орж ав” гэж хэлэхээр нь Ц.Батмөнхийн гэрт ороход Р.Батхуяг нүдэндээ цохиулсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгье гээд хамт ажилладаг Урангэрэлийн Мягмардорж, Базарын Сайнбаяр нарын хамтаар гэрийн гадна дөхүүлж өгөөд буулгаад гэртээ харьсан. ...Тухайн үед намайг авахаар ороход зодуулж нүд нь хавдсан байдалтай орон дээр хэвтэж байхад нь У.Мягмардорж бид хоёр, хоёр талаас нь өргөж аваад гарахд Р.Батхуяг хэн намайг зодчихсон юм бэ гээд юу болсныг мэдэхгүй байсан. Харин Ц.Батмөнхийн ээж хэлэхдээ “Батмөнх, Батхуяг хоёр хоорондоо муудалцаад Батхуягийг түлхэж унагаад унахдаа юм мөргөсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-49-51, 53 тал/,

Гэрч Г.Дашсүрэнгийн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 14:47 цагт Р.Батхуяг гэдэг хүн Ц.Батмөнх гэдэг айлд ухаан алдаж унаад сэргэхгүй байна гэж Батмөнхийн дүүгийнх нь охин Анужин дуудлага өгсөн. Уг дуудлагаар миний бие очиж үзлэг хийхэд Ц.Батмөнх гэдэг айлд Р.Батхуяг нь согтуу баруун талын орон дээр налаад суучихсан, би зүгээр байна, үзлэг энэ тэр хийлгэх шаадлага байхгүй гэж хэлээд надад үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь би чамайг заавал үзэх ёстой гэж хэлээд нэлээн юм болж байж үзсэн чинь амин үзүүлэлтүүд нь хэвийн, харин зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт улайж цус хурсан байсан, нүд нь хавдартай, цус нөж гоожсон зүйл байхгүй байсан. Ингээд “чи маргааш заавал очиж зөвлөгөө аваарай” гэсэн чинь “би одоо гэртээ харих гэж байна” гэж хэлээд гараад явсан. Энэ айлд Р.Батхуяг, Батмөнхийн эхнэр Отгонжаргал, бага насны ганц нэг хүүхдүүд л байсан санагдаж байна. Р.Батхуяг нь нэлээн согтуу, нүд нь хавдаж хөхөрсөн байсан учраас гэрт байсан Отгонжаргалаас “энд юу болсон юм бэ” гэж асуухад “Р.Батмөнх нь гэрт орж ирээд согтуу агсраад, бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь Ц.Батмөнх уурлаад түлхсэн чинь орны урдуур уначихсан юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-54 тал/,

Гэрч П.Отгонжаргалын өгсөн: “2020 оны цагаан сарын шинийн 6-8-ны үед байх яг сайн санахгүй байна. Тухайн өдөр би нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад 15 цагийн үед Р.Батхуяг нь манай гэрт архи уусан байдалтай согтуу орж ирээд цай ууж байгаад Батхуяг, Батмөнхөд хандаж чамайг би бөгсөн дээр чинь алгадана гээд босч ирээд манай нөхөр Батмөнхийг хөөгөөд Батмөнх гэр дотор гэр тойрч зугтаах үед араас нь Батхуяг хөөж гүйж яваад хивсний үзүүрт хөл нь тээгэлж бүдэрч унахдаа буйдангийн өнцөг рүү мөргөж унасан. Уначихаад босож ирэхгүй байхаар нь жаахан дуудаж байгаад түргэн тусламж дуудаад удалгүй Дашсүрэн эмч ирээд үзчихээд “зүгээр, нүд чинь жаахан улаасан байна, тос түрхээрэй” гэж хэлэхэд Батхуяг “би харьлаа, зүгээр” гэж хэлээд гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-55 тал/,

Гэрч Д.Дулмаагийн өгсөн: “...2020 оны 3 сарын үед манай хүргэн Батхуягийн нүд нь харахаа байчихлаа гээд эмнэлгээр яваад байсан дараа нь 9 сарын үед байх хот явж эмнэлэгт хэвтэж нэг нүдийг нь авахууллаа гэж Нямцэцэгээс сонсож байсан. Надад хэлэхдээ нэг хүнтэй айлд очоод цохиулсан юм гэнэ гэж л хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-60 тал/,

Гэрч У.Мягмардоржийн өгсөн: “...айлд орж авахаар ороход үүдний хажууд газар унасан байхаар нь Нямдорж ах бид хоёр хоёр талаас нь өргөөд харахад зүүн талын нүд нь хавдсан нүднээс нь юм гоожоод байсан тэгээд авч гарч ирээд Сайнбаяр ахын машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш гэрээс бараг гараагүй гэртээ л байсан, саяхан хараагүй болсон гэж дуулсан” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/,

Гэрч Б.Сайнбаярын “2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед 95350153 гэсэн дугаарын утаснаас ирж найзыгаа ав согтуу байна гэж эмэгтэй хүн ярихаар нь би ... Батмөнхийн гэрийн гадаа очсон. Мягмардорж, Нямдоржхоёр Батхуягийг хоёр талаас нь сугадсан байдалтай гарч ирээд миний машинд Батхуягийг суулгахаар нь Батхуягийг гэрт нь оруулж өгсөн. Зүүн нүд нь хавдаж, зовхи нь унжаад нүдээ тагласан байсан... Батхуягийг гэрт нь хүргэж өгөх замдаа нүдийг асуухад юм хэлэхгүй зүгээр гээд байсан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мод ачих гээд Батхуягийнд очиход нүд болохгүй байна аргаад байна найз нь явж чадахгүй гэж хэлэхээр нь би Батхуягаас чи өчигдөр яасан юм бэ гэж асуухад Батхуяг Батмөнх ах намайг цохиж байсан би газар унаж байсан нэг мэдсэн чинь эмч ирчихсэн надад тариа хийгээд байсан яг юу болсныг сайн санахгүй байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-75 тал/,

Гэрч Б.Анхбаярын “..өөрөө надад хэлэхдээ 2-р сарын сүүлээр хүн намайг модоор цохичихсон гэж хэлсэн бөгөөд тэр цагаас хойш "Имоксопин, виронто’ гэсэн дусаалга дусаасан гэжхэлсэн. Зүүн нүд нь гэмтэлтэй /битүү/ байсан. Баруун нүдэнд дотоод үрэвсэл үүсч эхэлсэн байсан бөгөөд бага зэрэг удсан байсан... хурц, мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсэх гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-77 тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 05- ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Р.Батхуягийн биед зүүн нүдний алим авахуулсан хагалгааны дараах байдал үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65, нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-83-85 тал/,

Шүүгдэгч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “би 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ... гэртээ байж байхад ... манай гэрт Батхуяг ганцаараа согтуу орж ирээд надтай хуучин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байдаг модны хөрөө раманд хамт ажиллаж байсан талаараа яриад сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-108-109 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батмөнх болон гэрчээр оролцсон түүний гэр бүлийн хүн болох П.Отгонжаргал нар хохирогч Р.Батхуягийг “согтуугаар Ц.Батмөнхийн бөгсөн дээр алгадана гэж хөөж яваад хивсний зах ирмэгт тээглэж унахдаа буйдан мөргөсөн” гэж мэдүүлж байгаа нь хохирогч Р.Батхуяг, гэрч Р.Дашсүрэн, Н.Нямдорж, Б.Сайнбаяр, У.Мягмардорж нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээ дэмжиж байна, үнэн зөв. Хохирогч Р.Батхуяг нь зүүн нүдэндээ гэмтэл авсаны улмаас үрэвсэл явагдаж улмаар нүдний болор хатсанаар зүүн нүдээ авахуулж, харааны бэрхшээлээр хөдөлмөрийн чадвар алдагдсан нь хүнд гэмтэлд хамаарна, эмчилгээг цаг алдалгүй хийсэн бол нөгөө нүдэндээ нөлөөлөх үр дагаварт хүрэхгүй байх боломжтой байсан гэж тайлбарлаж байх тул хохирогч Р.Батхуягийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон бөгөөд хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдэл нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг цохих явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Батмөнхийг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарсны задгайд байрлах өөрийн гэртээ Р.Батхуягтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдах явцдаа бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Батмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Батхуягийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалтай холбоотой болон Төрийн банк дахь цалингийн зээлийн дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан эм тариа, эмнэлгийн төлбөр, замын зардал, шатахууны үнэ /250000₮, 19000₮, 18000₮, 5500₮, 104000₮, 4800₮, 7000₮, 72000₮, 11000₮, 15700₮, 75800₮, 6000₮, 2108₮, 7200₮, 5900₮,125000₮, 10200₮, 36000₮, 19000₮, 31800₮, 11200₮, 11400₮, 7200₮, 8500₮, 25000₮, 58000₮, 69600₮, 29000₮, 748₮, 14500₮, 3900₮, 8000₮, 8200₮, 20000₮, 58000₮, 16100₮, 87700₮, 8100₮, 8100₮, 8100₮, 19600₮, 19600₮, 20000₮, 69000₮, 8100₮, 8100₮, 8100₮, 70598₮, 20000₮/ нийт 1530434 төгрөгийг шүүгдэгч Ц.Батмөнхөөс гаргуулж, эмчилгээ үйлчилгээтэй холбоогүй хүнсний хэрэглээний /99900₮, 8700₮, 1050₮/ нийт 109650 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 3 ширхэг баримтыг үнэлээгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн банк дахь хохирогч Р.Батхуягийн цалингийн зээлийн дансны харилцагчийн хуулгаар нэхэмжилж буй цалингийн  зээлийн үлдэгдэл болох 6.580.016 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна, харин хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор цалин хөлс, орлогогүй болсон бол хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчигээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Батмөнх нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр буюу 1.530.434 төгрөгийг нөхөн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Батмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыгтөлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 93-97 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, цагдаагийн газрын бүртгэл хайлтын системийн дэлгэрэнгүй лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Батмөнх нь .......................... ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................. тоотод амьдардаг, хөдөлмөрийн чадвар алдалт 90%-иар тогтож группт байдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

Шүүгдэгч Ц.Батмөнхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” хэмээн заажээ.

Иймд шүүгдэгч Ц.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялаас 15 нэгж буюу 15000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хоёр жилийн хорих ялтай дүйцүүлж 10.800.000 төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 1.200.000 төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхдээ түүний биеийн эрүүл мэнд, хөрөнгө орлогын байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батмөнх нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авга овогт Цанжидын Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Батмөнхийг 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаас 15 /арван тав/ нэгж буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хоёр жилийн хорих ялтай дүйцүүлж 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Батмөнхөд сануулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Батмөнх нь шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй бөгөөд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Батмөнхөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД