| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00188/И |
| Дугаар | 151/ШШ2017/00601 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 151/ШШ2017/00601
2017 оны 06 сарын 09 өдөр Дугаар 151/ШШ2017/00601 Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, ...............? 1972/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, .................... ?/-д холбогдуулж,
Гэрлэлт цуцлуулах, хуваарьт эд хөрөнгө 95 тооны бог малын үнэ 5 302 450 төгрөг, унагатай гүү 729 500 төгрөг, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 1 450 000 төгрөг, үнэлгээний төлбөр 110 000 төгрөг, нийт 7 591 950 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ? С.Ц холбогдуулж хуваарьт эд хөрөнгийн үнэ 6 560 000 төгрөг, цалингийн зээл 1 786 000 төгрөг, гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Р.Булган, хариуцагч Ө.? түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Сансармаа, С.Цэрэндолгор, хариуцагчийн хүсэлтээр гэрч Ө.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Ба-ай 2015 оны 6-р сард анх танилцсан. 2015 оны намар 9-р сарын 20-ны өдөр гэр барьж найр хийж хамт амьдарсан. 2015 оны 12 сарын 10-нд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Хурим найр хийхэд ах дүү найз нөхөд бэлэг өгч байсан. Ө.Б-тэй хамт амьдраад 1 жил гаруй болоод салсан. Анхнаасаа гэр бүл болох зорилгогүй, миний мал хөрөнгийг зарж өр зээлээ төлөх бодолтой байсан гэж ойлгосон. Бид 2016 оны 09-р сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Өмнө нь хэдэн малаа маллаад сайхан амьдардаг байсан. Одоо нэг ч хоньгүй болсон. Миний хуваарьт хөрөнгө болох ааваас өгсөн амь зуулгын хэдэн мал, мотоцикль зэргийг зарсан. Би биеийн эрүүл мэнд муу, эмчийн хяналтад байдаг, Ө.Б-ийн өрийн дарамтаас болж сэтгэл санаа байнга шаналгаатай байсан. Урьд нь гэр бүлтэй байгаагүй, цаашид хамтран амьдрах хүсэлгүй тул гэрлэлтээ цуцлуулж хуваарьт эд хөрөнгө болох 95 тооны бог малын үнэ 5 302 450 төгрөг, унагатай гүүний үнэ 729 500 төгрөг, мотоциклийн үнэ 1 450 000 төгрөг, хөрөнгө үнэлүүлсэн төлбөр 110 000 төгрөг нийт 7 591 950 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ? шүүхэд гаргасан тайлбартаа: С.Ц-той 2015 оны 09сарын 12-нд гэр бүл болсон. Амьдарч байх явцад нөхрийн талын эгч дүү нар амьдралд их оролцдог байсан. ? өөрийн үзэл бодлоор асуудлыг шийдвэрлэдэггүй эгч нарынхаа үгээр байдаг. Энэ байдлаас болж 2016 оны 09 сараас хойш тусдаа амьдарч байна. Ер нь муу зуршилтай. Малдаа явлаа гэж хэлээд малаа орхиод 10 гаруй хоног алга болдог. Найз нөхөдтэйгөө архи уугаад алга болдог байсан. Өр зээл тавиад архи уучихдаг. Унаж явсан мотоциклоо барьцаанд тавиад уучихдаг байсан. Бид хоёр мөнгө төгрөгөөс болж салаагүй. С.Ц-ийн аав, эгч хоёр нь бид хоёрын амьдралд оролцоод байдаг. Би 2015 оны 09-р сарын 05-нд ажил дээрээ жижүүртэй байхад ?2 эгчтэйгээ гэрээ нүүлгээд явсан байсан. Намайг чи удам судар муутай, чамаас дүүгээ салгана гэдэг байсан. Утсаар дандаа дарамталдаг. 2016 оны 12-р сарын эхээр ?хагалгаанд орсон. Тэгэхэд нь би цалингийн зээл авч эмчилгээнд нь зарцуулсан. Гэрийн найраар нутгийн ард түмэн мал өгсөн. Даага, хонь зэрэг нийт 40 гаруй мал өгсөн. Тэрийг бид хоёр зараад өрөө дарсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй,гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:
.......С.Цэ-ос өөрийн хуваарьт эд хөрөнгө болох гэрийн доторх модон тавилгын ком-2.130.000 төгрөг, малчны шар ком-2.100.000 төгрөг, хивснүүд-1.330.000 төгрөг, таван ханатай гэрийн дээвэр 2х250 000 - 500.000 төгрөг, туурга 2х 250000 -500.000 төгрөг нийт 6.560.000 төгрөг мөн хамт амьдарч байхдаа цалингийн зээлэнд 8.000.000 төгрөг авч дундаа хэрэглэсэн учир 4.000.000 төгрөг нийт 10.560.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Шүүх хурлаас өмнө зарим зүйлийг буюу 4 улиралд өмсөж байсан үстэй дээл, хөвөнтэй дээл, куртик бусад гал тогооны хэрэгсэл,түмпэн сав, оёдлын машин жижиг хэрэглээний зүйлээ авсан. Мөн С.Цэ-той тохиролцон авдар 1 ш, ор 1ш, сандал 2ш, шкаф 1ш, орны арын хивс /азарганы зурагтай/ 1, хөмсөг хивс 1 ш, малчны шар ком зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг авахаар тохиролцсон . Одоо “Төрийн банк”-наас 3 536 000 төгрөгийн зээлээс ?гарын үсэг зурсан учир 1 786 000 төгрөгийг , гэрийн туурга 2 ш, дээвэр 2 ш зэргийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарлахдаа:
...Шүүх хурлын өмнө ? хувцас хэрэглэлээ авсан. Мөн харилцан тохиролцож гэрийн эд зүйлээ тэнцүү хуваан авахаар болсон . Надад хээтэй шар модон авдар 1ш, гал зуухны модон тумбочик 1ш, модон сандал 2 ш, модон ширээ 1 ш, гэрийн хананд татдаг 2х6 м хивс 1ш, хөмсөг хивс 1ш зэргийг авахаар тохиролцсон. Харин Дээвэр туурга байгаагүй. Банкны зээлийн тал 1 786 000 төгрөгийг нэхэмжилсэн үүнийг зөвшөөрөхгүй, Миний эмчилгээнд мөнгө зарцуулсан гэж байгаа талаар нотлох баримт байхгүй. Өөрөө авч зарцуулсан нь дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Малчны комыг нь өгч болно. Хууль ёсны гэр бүл болоод хамтран амьдарч байхдаа зээл авсан боловч надад захиран зарцуулах эрх байгаагүй.Би хүнд хагалгаанд ороогүй ердийн эмчилгээ хийлгэж байсан. Иймд ?зээлээ хариуцан төлөх үүрэгтэй. Мөн тухайн үед дан туурга дээвэртэй гэр барьж байсан. Дараа нь 2016 онд гэрээ давхарлаж барьсан. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг дээр тохиролцсон гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эгч С.Цэрэндолгор гэрчээр шүүх хуралд мэдүүлэхдээ: Би С.Цэ-ийн төрсөн эгч, Ө.Б-ай хамт амьдарна, түүний ах мал малладаг гээд малаа туугаад явсан. ?гэдэсний түгжрэл болоод хагалгаанд орсон. Өдөрт 6000 төгрөгийн тариа тарьдаг байсан. Найрны дараа 95 тооны мал тасалж өгсөн. Гэтэл малаа зарж үрсэн талаар сүүлд мэдсэн. Манай дүү биднээс нуусан байсан. Мөн шинэ мотоцикл байсан мөн л зарсан байна. Дүү маань бие муутай гэхдээ хүнд хагалгаанд орсон асуудал болоогүй бөөрний эмчилгээ хийлгэж байсан. Бид гэрийг нь нүүлгэж авсан нь үнэн, гэрийн дээвэр туурга байгаагүй гэв.
Гэрч Сансармаа: Би төрсөн дүү нь гэхдээ хүнд үрчлэгдсэн юм. С.Цэ?ж, ?нарын хурим 2015 оны 09 сарын 28-ны өдөр болсон. 5 ханатай гэр болон дээвэр туурга гээд бүгдийг нь манайх гаргасан. 95 тооны бог мал тасалж өгснийг мэднэ. Сүүлд бойлсон гэдгийг мэдсэн. Яагаад бойлсон юм бэ гэхэд ?манай ахад энэ жил зуд болно. Ирэх жил цалингийн зээл аваад хонь авч өгье гэсэн байсан. Тэр мөнгөөрөө юу хийснийг нь мэдэхгүй. ?нэг бөөрөө авахуулж байсан. Бие жаахан муутай. Манай аав ? ахад өөрийн малаасаа түүнд оногдох хуваарьт малыг нь өгсөн ,мөн мотоциклтой байсан гэв.
Гэрч Ө.Буянхишиг /хариуцагчийн хүсэлтээр орсон/: Малчны комыг С.Цэ?ж, ?нар тусдаа гарахад нь 2 000 000 төгрөгөөр авч байсан. С.Цэ?жийн талаас 900 000 төгрөг өгсөн. Гэр бүл болох үед гэрт нь очиход гадаа нь мал байсан. Хэдэн мал тасалж өгсөн талаар мэдэхгүй. Мал зарсан талаар мэдэхгүй. С.Цэ?жид найдаж дүүгээ суулгасан. Гэтэл ?архи ууж, дүүг маань зовоодог байсан. Энэ хоёрын найран дээр найз, нөхөд таньдаг хүмүүс гээд 40, 50 хүн ирсэн байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд, гэрч нарын мэдүүлгүүд бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
С.Цэ?ж, ? нар нь 2015 оны 06 сард гэр бүл болж 2015 оны 12 сарын 10- нд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Тэд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 9 сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тэдний дундаас хүүхэд төрөөгүй, энэ хугацаанд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон тэд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлагыг аль аль нь гаргаагүй байх тул Эвлэрүүлэн зуучллын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг дахин явуулах шаардлагагүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгийн зарим хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Цэ?ж, хариуцагч Ө.Баасанд холбогдуулж гэрлэхийн өмнө олж авсан хуваарьт өмч 95 тооны бог малын үнэ 5 302 450 төгрөг, унагатай гүү 729 500 төгрөг, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 1 450 000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр 110 000 төгрөг нийт 7 591 950 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ? гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч хурим найрын үйл ажиллагааны үед бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан хуваарьт эд хөрөнгийн үнэ нийт 6 560 000 төгрөг, цалингийн зээл 1 786 000 төгрөг, дээвэр 2 ш, туурга 2 ш зэрэг эд зүйлийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргаж байгаа эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ?: - хээтэй модон авдар 1 ширхэг, ор 1 ш, гал зуухны модон шүүгээ 1 ш,модон сандал 2 ш, модон ширээ 1 ш, гэрийн хананд татдаг 2х6 м хивс 1 ш, хөмсөг хивс 1ш зэрэг эд зүйлийг авахаар, /хх 90 /
Хариуцагч ?: - авдар 1 ш, ор 1 ш, сандал 2 ш, шкаф 1 ш, орны ард татдаг хивс /азарганы зурагтай/ -1 ш, хөмсөг хивс 1ш, малчны ком багцаар нь авахаар харилцан тохиролцсон байна. /хх 92/
Зохигчдын хоорондох маргаж байгаа эд хөрөнгийн тухайд:
Нэхэмжлэгч ? нь гэрлэхийн өмнө олж авсан хуваарьт хөрөнгө гэж 95 тооны бог мал, унагатай гүү , Мустанг-5 маркийн мотоцикл, үнэлгээний төлбөр нийт 7 591 950 төгрөг гаргуулахаар,
Хариуцагч ?сөрөг нэхэмжлэл гаргаснаас зөвхөн Төрийн банкнаас барьцаат зээлийн гэрээ хийж 2015 оны 12 сарын 15 нд 3 536 000 төгрөгийн цалингийн зээл авсан түүний тал хувь 1 786 000 төгрөг, гэрийн дээвэр туурга тус бүр 2 ширхэг нийт 128 000 төгрөг зэргийг гаргуулахаар тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д “ гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, “мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-д “ ... бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан... эд хөрөнгө...тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө. мөнгө“ зэрэг нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж зааснаар тус тус шаардах эрхтэй байна.
Хуулиар шаардах эрхтэй хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд: маргааны зүйл болох дээрх эд зүйлийг буюу Мустанг-5 маркийн мотоцикл, 95 тооны бог мал, унагатай гүү зэрэг зүйлийг зохигчид хамтран амьдарч байх явцдаа зарж борлуулж захиран зарцуулсан одоо байхгүй байгаа эд хөрөнгийг нэхэмжилж байгаа нь өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байгаа ба нэгэнт байхгүй байгаа хөрөнгийг шүүх хуваах үндэслэлгүй юм.
Учир нь нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч С.Цэ?жийн хуваарьт өмч гэх 95 тооны бог мал , унагатай гүү нь түүний эцэг З.Сандагцэдэнгийн нэр дээр тоологдсон тухай малын А дансны хуулга, / хх-17 /, багийн засаг даргын тодорхойлолт /хх-10/ , Мустанг-5 маркийн мотоциклын талаарх түүний төрсөн дүү С.Сэргэлэнгийн тодорхойлолт, /хх 98/ зэрэг, баримт нь түүний хуваарьт хөрөнгө болохыг нотолж чадахгүй байх тул хэрэгт хамааралгүй гэж үнэлэв.
Хариуцагч нь Төрийн банкнаас авсан цалингийн зээлийн тал хувь гэж 1 786 000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ба хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Түүнчлэн зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч С.Цэ?жтой үүсээгүй харин иргэн ?- Төрийн банкны хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа дуусаагүй, банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх Ө.Ба-д олгогдоогүй зэрэг үндэслэл тогтоогдож байгаа ба энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн Монгол гэрийн дээвэр 2 ш, туурга 2 ширхэгийн үнэ гэж нийт 128 000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдохгүй байна.
Иймд хариуцагчаас хэрэгт ирүүлсэн зээлийн гэрээ / хх 59-61 /, дансны хуулга /хх 123-126/ зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй тул мөн үнэлээгүй болно.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар талуудын хоорондох хөрөнгийн маргааныг гэрчлүүлэхээр өөрсдийн төрөл садангийн хүмүүсийг тус тус мэдүүлэг өгүүлсэн байна. Төрөл садангийн хүмүүс нь гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд тухайн хэрэг шийдвэрлэхэд өөр өөрийн сонирхол байгаа гэж үзэж тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай тул үнэлээгүй болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч ?эд зүйлээсээ - хээтэй модон авдар 1 ширхэг, ор 1 ш, гал зуухны модон шүүгээ 1 ш,модон сандал 2 ш, модон ширээ 1 ш, гэрийн хананд татдаг 2х6 м хивс 1 ш, хөмсөг хивс 1ш зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг авахаар,
Хариуцагч ?авдар 1 ш, ор 1 ш, сандал 2 ш, шкаф 1 ш, орны ард татдаг хивс /азарганы зурагтай/ -1 ш, хөмсөг хивс 1ш, малчны ком багцаар зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг тус тус хувааж авахаар тохиролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө тус тусдаа маргаж байгаа эд хөрөнгөндөө үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хурлаас өмнө хоорондоо тохиролцож эд хөрөнгөө хувааж авсан тул /хх 11-15/, /хх 67-79/ талд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв.
Зохигчдын хоорондох маргаан бүхий Мустанг-5 маркийн мотоцикл, 95 тооны бог мал, унагатай гүү, цалингийн зээл авсан түүний тал хувь 1 786 000 төгрөг, гэрийн дээвэр туурга тус бүр 2 ширхэг нийт 128 000 төгрөг зэрэг эд хөрөнгийн талаарх ач холбогдолтой нотлох баримт ирүүлээгүй, нотолж чадахгүй байх тул тус бүр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хавтас хэргийн 114, 115 дугаар талд авагдсан Ж.Энхцогийг гэрчээр асуусан мэдүүлэг хуульд заасан шаардлага хангаагүй, гэрч гарын үсэг зураагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан нотлох баримтаас хассан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Нэхэмжлэгч С.Цэ?жоос хуваарьт эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул түүнд төлсөн тэмдэгтийн хураамж 136 431 төгрөг, үнэлгээний тайланд тушаасан 110 000 төгрөг нийт 246 431 төгрөгөөс 27 208 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, цалингийн зээл гаргуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон тул түүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 183 910 төгрөгөөс 27 010 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Ө.Ба-д олгож, 156 900 төгрөгийг тус бүр “Төрийн сан”-гийн орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Сан-йн ?/НС-2/, Боржигон овогт Өв- Баа-н /НЭ8-005/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цэ?жид хээтэй модон авдар 1 ширхэг, ор 1 ш, гал зуухны модон шүүгээ 1ширхэг,модон сандал 2 ш, модон ширээ 1 ш, гэрийн хананд татдаг 2х6 м хивс 1 ш, хөмсөг хивс 1ш зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг олгох,
Хариуцагч Ө.Ба- авдар 1 ш, ор 1 ш, сандал 2 ш, шкаф 1 ш, орны ард татдаг хивс /азарганы зурагтай/ -1 ш, хөмсөг хивс 1ш, малчны ком багцаар зэрэг 7 нэр төрлийн эд зүйлийг тус тус олгосугай.
3. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Б-йн нэхэмжлэлтэй Ц.Цэ?жид холбогдуулж цалингийн зээл 1 786 000 төгрөг, гэрийн дээвэр туурга тус бүр 2 ширхэг нийт 128 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч С.Цэ?ж, Ө.Ба-д холбогдуулж 95 тооны бог мал, унагатай гүү , Мустанг-5 маркийн мотоцикл, үнэлгээний төлбөр нийт 7 591 950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэ?жоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баа*-ас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэ?жоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 431 төгрөгөөс 127 208 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 119 223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183 910 төгрөгөөс 27010 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Ө.Ба-д олгож 156900 төгрөгийг тус бүр Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 114, 115 дугаар талд авагдсан Ж.Энхцогийг гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ