Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар  2021/ШЦТ/636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б.Э /РД:***/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын грашийн хаалга руу эд зүйл шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Д.Дд 548.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

           Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гражийн хаалга руу эд зүйл шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Д.Дд 548.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Д Баянгол дүүргийн 06-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гражид вьетнам авто засвар ажиллуулдаг. Тухайн газар үйл ажиллагаа явуулаад 2 жил гаран болж байгаа. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай ажилчин Van tuan над руу залгаад “хаалга руу юм шидээд байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ өөрийнхөө утсаар камер шүүхэд үл таних хүн согтуу бололтой галын хор, чулуу шидэж байсан. Нэг дэх өдөр нь цагдаад гражийн хаалга эвдсэн талаар өргөдөл өгсөн. Гражийн хаалга нь дээшээ сөхөгддөг төмөр зургаан үетэй механик хаалга байгаа. Анх үйл ажиллагаа явуулснаас хойш тухайн хаалга бүрэн бүтэн байсан. Тэр залууд эвдүүлснээс хойш 2  үе нь цөмөрсөн зам нь доод талдаа сэтэрчихсэн байна. ...Гражийн хаалга эвдсэн хүнийг танихгүй. Манай гражийн хажуугийн 22-р байрны 6 тоот айлын залуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 06-р хороо *** зочид буудлын доор байрлах вьетнам засварын гадна хяналтын камерын бичлэгийн 5 дахь секундэд саарал өнгийн фудволк, хөх өнгийн шорт, саравчтай малгайтай, зүүн гартаа цүнх барьсан  залуу явж байгааг, ...11 дэх секундэд үл таних эрэгтэй газраас эд зүйл авч байгааг, ... 13 дахь секундэд үл таних хүн газраас эд зүйл аван шидэж унаж байгааг, ... 17 дахь секундэд газраас дахин эд зүйл авч шидэж байгааг, ... 23 дахь секундэд газраас дахин эд зүйл авч шидэж байгааг, ... 01 минут 01 дэх секундэд баруун гартаа эд зүйл бариад гарч байгааг, ...01 минут 06 дахь секундэд баруун гартаа эд зүйл бариад шидэхээр далайж байгааг,  ... 01 минут 11 дэх секундэд баруун гартаа эд зүйл бариад шидэхээр далайж байгааг тус тус гэрэл зургаар бэхжүүлэн харуулав.” гэх тэмдэглэл /хэргийн 14-19 дүгээр хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №БГ2-21-808 дугаартай “...Механик төмөр хаалга - 448.000 төгрөг, ажлын хөлс - 100.000 төгрөг, нийт 548.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 129 дүгээр хуудас/,         

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021  оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэртээ компьютер дээр барилгын төсөв бичээд байж байтал гадаа төмөр нүдэх чимээ гараад байсан. Тэгээд би цонхоор харсан чинь ***ийн доод талын засварт дуу гарч байхаар нь би гэрээсээ гарч ирээд танайх наад хаалгаа хааж  байгаад хийгээч би ажлаа хиймээр байна, амармаар байна гэж хэлсэн. Засварын вьетнам нь “жа жа” гэсэн. Тэгээд  би буцаад  гарсан чинь  гражийн хаалга хаасан байсан. Тэгэхээр нь би хаалга руу нь 3  ширхэг чулуу авч шидсэн. Хаалга хаагаад төмөр нүдэх чимээ нь багассан байсан. Тэрнээс өөр  ямар нэг асуудал болоогүй. Уг гражийн хаалганд би тийм их гэмтэл учруулаагүй жижиг хонхойж барьсан байх. 3 чулуу шидсэний нэг чулуу нь очиж оносон. Нөгөө хоёр нь оноогүй. Бага зэрэг л хонхойсон байх...” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 76 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 79 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 82-85 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 108 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 109 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 110-114 дүгээр хуудас/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 115-124 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 138 дугаар хуудас/, хохирогч Д.Дгийн “...Хохирол төлбөрөө хүлээн авсан, гомдол саналгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 139 дүгээр хуудас.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гражийн хаалга руу эд зүйл шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Д.Дд 548.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Эд хөрөнгө гэмтээсэн” гэж бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Б.Мянган нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дд 548.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 548.000 төгрөгийг төлсөн /хэргийн 139 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 179 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.  

  1. Бусад асуудлаар:

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Эыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО