Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Нансалмаа,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1228 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр прокурорын эсэргүүцлээр Д.Н-д холбогдох эрүүгийн 1708029620094 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Д.Н, 1967 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Булнай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага Нарангийн 11 дүгээр гудамжны .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:...../,

Яллагдагч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн .... тоотод 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Т.Т-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзвэл:

Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 5 дугаар сарын 19-ний юм уу 20-ны өдөр байх ажил тараад 19 цагийн орчим гэртээ очиход Д.Н...намайг оройтож ирлээ гэж уурлаад “пизда минь зайл” гэж хэл амаар доромжлоод байхаар нь явах гээд үүдний амбаарт ортол араас гарч ирээд үсдээд толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохихоор нь нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үүдэнд амбаарт байсан хувинтай нүүрс аваад толгой дээр асгасан. Гараад хажуу талын Ж ахны гэрт ороход охин И нь зурагт үзээд сууж байхаар нь ус халаагаад хамарнаас гарсан цусаа угаагаад цагдаа дуудсан. ...Цагдаа нар ирэхээр нь Н-г бариулаад явуулсан. ...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н над руу залгаад хүү цэцэрлэг дээрээ хөлөө хугалсан гэхээр нь хүүгээ эргэхээр гэртээ очсон. Хүү хөлөө гипсдүүлчихсэн орон дээрээ хэвтэж байсан. Би хүүгээ эрхлүүлээд байж байтал зүүж явсан саарал өнгийн нимгэн ороолтоор миний хоолойг улайтал боосон. ...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...намайг хэл амаар доромжлоод баруун нүд рүү...цохиод хөхрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 129-130/,

-Насанд хүрээгүй гэрч Ж.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...он сар өдрийг нь санахгүй байна. Т манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гээд гэрт орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба Т толгойгоо угаасан. Толгой нь нүүрс болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 131-132/,

-Гэрч Т.С мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэгтээ “...манай дүү...удаа дараа Н-д зодуулсан талаараа надад ярьж байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүү Т нөхөр Н-д нүүрс, хоол хүнс аваачиж өгсөн чинь зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боогоод зодсон байсан. Би өөрийн утсаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зургийг нь авч баталгаажуулсан. ...Мөн миний гар утас нь дээр 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зодуулаад 3 дугаар сарын 21-ний өдөр манайд ирэхэд нь авсан зураг байгаа. 2018 оны 3 дугаар сарын 21-нд нүүр нь хавдаад зүүн нүд нь хөхөрсөн зураг байна. Би зодуулаад ирэхэд нь зураг авч байсан...” гэх мэдүүлэг /хх 133-134/,

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 137-139/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийвэл яллагдагч Д.Н нь хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар тогтоолоор яллагдагч Д.Н-гийн холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдэхдээ гэрч Т.С, Ж.И нарын мэдүүлгээр байнга зодсон болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр яллагдагчийн холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, прокурорын дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

Тиймээс дээр дурьдсан зарчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагчийн холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Нансалмаа 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Хохирогч Т.Т 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 05 дугаар сарын 19-ний юм уу 20-ны өдөр байх ажил тараад 19 цагийн орчим гэртээ очиход Д.Н ...намайг оройтож ирлээ гэж уурлаад “пизда минь зайл” гэж хэл амаар доромжлоод байхаар нь явах гээд үүдний амбаарт ортол араас гарч ирээд үсдээд толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохихоор нь нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үүдэнд амбаарт байсан хувинтай нүүрс аваад толгой дээр асгасан. Гараад хажуу талын Ж ахын гэрт ороход охин И нь зурагт үзээд сууж байхаар нь ус халаагаад хамарнаас гарсан цусаа угаагаад цагдаа дуудсан гэж,

Мөн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “анх намайг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр орой ирэхэд чи шөнө орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гэж хардаж уурлаад хэрэлдээд миний толгой руу цохиод авахаар нь би гараад зугтаахад араас үүдний амбаарт гүйцэж ирээд амбаарт байсан хувинтай нүүрсийг миний дээрээс асгачихсан. Тэгээд би гарч яваад цагдаад мэдэгдээд бариулсан бөгөөд маргааш нь хадам ээжийн бие муу байна гэхээр нь Цагдаагийн хэлтэс дээр ирээд Н-д гомдол санал байхгүй гээд гаргаж авч байсан” мэдүүлэг /хх 23-25/ гэж зөрүүтэй мэдүүлгүүдийг тус тус өгсөн.

Насанд хүрээгүй гэрч Ж.И ...Т манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гэж орж ирсэн. Толгой нь нүүрс л болсон байсан болохоос цус гарсан гэмтсэн зүйл харагдаагүй манайх энд амьдарч байх хугацаанд нэг удаа л орж ирсэн. Эхнэр, нөхөр хоёр зодолдож байхыг би харж байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд яллагдагч Д.Н нь 2017 оны 5 дугаар сард хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл хийсэн үйлдэл нь нотлогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэнийг нотлох талаар хуульчилсан гэтэл хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд нь хэзээ, яаж үйлдсэн талаар зөрүүтэй мэдүүлсэн, Насанд хүрээгүй гэрч Ж.И нь Д.Н нь Т.Т-ийг зодож байхыг огт хараагүй, Т нь манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гэж орж ирсэн /хх 131-132/ гэсэн дамжмал мэдүүлэг өгснийг үнэлж хэргийг хүндрүүлж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнчлэн ...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н над руу залгаад хүү цэцэрлэг дээрээ хөлөө хугалсан гэхээр нь хүүгээ эргэхээр гэртээ очсон. Хүү хөлөө гипсдүүлчихсэн орон дээрээ хэвтэж байсан. Би хүүгээ эрхлүүлээд байж байтал зүүж явсан саарал өнгийн нимгэн ороолтоор миний хоолойг улайтал боосон гэж мэдүүлж, тухайн үед утсаараа авсан гэх зургийг хавтаст хэрэгт хавсаргуулсан байдаг. Гэтэл уг нөхцөл байдлын талаар гэрч Т.С “...би өөрийн нүдээр дүү Т-ийг хамтран амьдрагч Д.Н нь зодож байхыг харж байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүү Т нөхөр Н-д нүүрс, хоол хүнс аваачиж өгсөн чинь зүүж явсан ороолтоор хоолойг нь боогоод зодсон байсан” гэж уг үйлдлийн талаар цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлгийг өгсөн нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, яллагдагч нь хохирогчийг удаа дараа зодсон гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй болно.

2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зодсон гэх үйлдлийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгаад хэрэг бүртгэлтийн 180801597 дугаартай хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хаах саналтай прокурорт ирүүлснийг хяналтын прокурор Т.Отгонтөгс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хэргийг хянаад иргэд хоорондын эд хөрөнгийн шинжтэй маргаан, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 1221 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргагч Т.Т-аас прокурорын энэхүү шийдвэрт гомдол гаргаагүй, прокурорын шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Иймд тухайн хэргээс яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол нь хүчинтэй байхад яллагдагчид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн прокуророос хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлан хэргийн бодит байдлыг өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллагдагч Д.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэргийн оролцогч нараас прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй байхад шүүгчийн захирамжид прокурорын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн зөв эсэхэд дүгнэлт хийсэн нь буруу.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1228 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Н-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад оршино” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч...” гэж тус тус заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Үүнд: Насанд хүрээгүй гэрч Ж.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...он сар өдрийг нь санахгүй байна. Т манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гээд гэрт орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба Т толгойгоо угаасан. Толгой нь нүүрс болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 131-132/,

Гэрч Т.С мөрдөн шалгах ажилагаанд өгсөн мэдүүлэгтээ “...манай дүү...удаа дараа Нд зодуулсан талаараа надад ярьж байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүү Т нөхөр Нд нүүрс, хоол хүнс аваачиж өгсөн чинь зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боогоод зодсон байсан. Би өөрийн утсаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зургийг нь авч баталгаажуулсан. ...Мөн миний гар утас нь дээр 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зодуулаад 3 дугаар сарын 21-ний өдөр манайд ирэхэд нь авсан зураг байгаа. 2018 оны 3 дугаар сарын 21-нд нүүр нь хавдаад зүүн нүд нь хөхөрсөн зураг байна. Би зодуулаад ирэхэд нь зураг авч байсан...” гэх мэдүүлгүүдээс  /хх 133-134/ үзэхэд хохирогч Д.Н-гийн:

2017 оны 5 дугаар сарын 19,20-ны үед Д.Н толгой руу нүүрс асгаж зодсон,  2017 оны 10 дугаар сарын 16-нд хоолой боосон гэх мэдүүлгүүдийг гэрчилж байх бөгөөд мөн гэрч Т.С мэдүүлэгт 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зодуулахад гар утсаар зургийг нь баталгаажуулж авсан талаар мэдүүлсэн байна.

Мөн хавтаст хэрэгт буй Д.Н-гийн зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгасан лавлагааг нягталж, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг тодруулах боломжтой.

  Д.Н-д холбогдуулан шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 37 дугаар тогтоолоор /хх-146-147/ түүнд холбогдох дээрхи үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол  гаргасныг хууль зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж  прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1228 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

О.ЧУЛУУНЦЭЦЭГ