Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0352

 

 

 

 

 

 

 

 

Х.У нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа  

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.У

Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Норовлин сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 127/2022/0006/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.У Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “Норовлин сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар шийдвэрээр: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, 61 дүгээр зүйлийн 61.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.У Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт тус тус зааснаар Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.Мөнхбайгаль нь төсвийн ерөнхийлөн захирагч, Х.У нь төсвийн шууд захирагч юм. Х.У нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.4-д “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”,16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг үүргийг хүлээнэ, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төсвийн зарчим нь “төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх, төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх, төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” төсвийн захирагч эдгээр зарчмыг мөрдлөг болгож хэрэгжүүлдэг байх үүрэгтэй.

Энэ үүргийн хүрээнд А.М нь Х.У удаа дараа төсвийн талаар гаргасан алдаагаа засаж, дахин зөрчил гаргахгүй байхыг сануулдаг байсан боловч уг алдаагаа засаагүй юм.

3.2. Байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж, илүү цагийн мөнгө олгодоггүй гэсэн үндэслэлд Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.М нь Засаг даргын орлогч У хамт тус сургууль дээр хурал хийсэн бөгөөд хурлын үеэр байгууллагын ажилчдын нэрээ нууцалсан захидлууд ирсэн.

Үүнд: Багш нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж, илүү цагийн мөнгө олгодоггүй, харилцаа хандлага муутай зэргийг бичсэн байсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 692 дугаартай магадлалын хянавал хэсгийн 3.7-д “албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгө олгодоггүй, ...нотлох үүднээс шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах замаар бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзлээ гэсэн боловч анхан шатны шүүх уг ажиллагааг зөвхөн гэрчийн мэдүүлгээр хязгаарласан.

Өөр бусад шаардлагатай нотлох баримт болох багш нарын цагийн бүртгэл, илүү цагийн хөлс олгодог талаарх санхүүгийн баримт зэргийг шалгаагүй.

Шүүхээс Г.Т, Ю.Н, М.М, Б.А нарын гэрчүүдийг асуусан. Сургууль 70 гаруй ажилтантай байтал эдгээр гэрчүүдийг ямар шалгуур, сонголтоор асуусан эсэх нь тодорхойгүй. Энэ гэрчүүд хэдийгээр дарамталдаггүй, тийм зүйл байхгүй гэж хариулсан ч бүгд Засаг дарга, орлогчтойгоо ирээд сургуулийн захиралтай холбоотой санал байна уу гэж асууж байсан, ... Засаг даргатай хамтран ажиллах талаар 3 санал бичиж өгч байсан гээд ямар ч байсан бичгээр санал өгсөн талаар бол нотолсон байдаг. Энэ саналыг үнэн гэж үзэх баримт байхгүй гэж шүүх дүгнэсэн хэдий ч худал гэж үзэх үндэслэл бас байхгүй байгаа.

3.3.Санхүүгийн зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлд: Аудитын дүгнэлт гарахаас өмнө сумын тамгын газарт дотооддоо Х.У санхүүгийн зөрчлүүд илэрчихсэн байсан. Уг зөрчлүүдийг арилгах, дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар үүрэг өгч, ярилцсан байсан. Уг зөрчлүүдийг сүүлд аудитын газраас тогтоосон. Уг зөрчлүүдийг сүүлд аудитын дүгнэлтээр илэрсэн мэтээр ойлгоод байна.

Эдгээр санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдаагүй ч үүнийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж тушаалд дурдсан байсан бөгөөд шүүхэд тайлбар өгөхдөө уг зөрчлүүдийг дэлгэрүүлж тайлбарласан байдаг. Зөрчлүүдийн талаар давхар нотолсон баримт нь хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд гэрч М.Мөнхгэрэлийн мэдүүлэг байгаа. Тус мэдүүлэг “Багш нарын өрөөг тохижуулахад авсан тавилгыг байгууллагын хөрөнгөд орлогодож аваагүй. У  1.950.000 төгрөгийг хувиасаа төлсөн боловч өөрөө авахгүй гэсэн тул байгууллагаас тэр мөнгийг гаргаж өгөөгүй, “С а” ХХК-д 4.400.000 төгрөгийг өртэй байсан. Энэ талаар 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгасан байгаа. 1.240.000 төгрөг миний дансаар ороогүй, сумын Засаг даргын нярвын дансаар орсныг бэлнээр авч Х.У даргад өгсөн нь үнэн.

Захирал өөрийн мөнгөөр юм авсан, сургууль өртэй байсан тул өгсөн. Аливаа санхүүгийн гүйлгээнд захирал 1 дүгээр гарын үсэг зурдаг. Тухайн өр төлбөрийг захирал зохицуулна гэж байсан. “С а” ХХК-д төлөх 4.400.000 төгрөгт аудитаар акт тавигдсан. Үүнийг аудитын дансанд төлж барагдуулсан байгаа” зэргээр санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн.

Мөн шүүхээс гэрчээс асуусан асуулт нь хариуцагчийн тайлбараас дараах зүйлсийг асуугаагүй орхигдуулсан байдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу "багшийн хөгжлийн цахим танхим" байгуулах төслийн санхүүжилт болох 19.500.000 төгрөгийн 9.500.000 төгрөгийг цалингийн санд шилжүүлж, "С а" ХХК-ийн дансанд, мөн хичээл үйлдвэрлэлийн зардлаас 5.000.000 төгрөгийг тус компанид шилжүүлж 4.500.000 төгрөгийн өртэй гаргасан зэргийг асуулгүй орхигдуулсан.

3.4.Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй гэдэг үндэслэлд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.

-1.1.2.шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;

-2.1.5.албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

-3.1.1.а.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

-3.1.1.в.харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

-3.1.3.а.төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

-3.1.3.6.албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;

-3.1.5.а.албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах;

-3.1.5.6.ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

-4.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

-4.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

3.5. 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 692 дугаартай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар "хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс ач холбогдол бүхийн нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэж дүгнэсэн.

Ингээд хэрэг анхан шатны шүүх дээр ирснээс хойш шүүхийн журмаар ажиллагаа хийгдэхийг миний зүгээс хүлээж байсан бөгөөд зарим ажиллагаа явагдахгүй болохоор 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандаж дараах хүсэлтийг гаргасан боловч хэрэгт хийгдсэн ажиллагаа байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан.

Хүсэлтүүд нь Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газраас 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн "Төлбөр барагдуулах тухай", "Зөрчил арилгах тухай" актуудыг гаргах болсон бүх материал, хувийн хэргүүдийг хуулбарлан авч хэрэгт хавсаргаж өгнө үү, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2021 оны санхүүгийн тайланг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хуулбарлан, санхүүгийн тайлангийн зөрчилд холбогдох хүмүүсээс тайлбар авч өгнө үү, Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж буй Х.У холбогдох эрүүгийн хэргээс хэргийн оролцогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, прокурор, мөрдөгчийн тогтоол зэргийг гаргуулан авч хэрэгт хавсаргаж өгнө үү.

 Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2020, 2021 онд хүүхдийн эрхийг хамгаалах ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан, хэдэн хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, хэдэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон талаарх баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргаж өгнө үү. Мөн үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2020, 2021 онд тус аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс хэдэн хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, хэдэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон /нэр хаяггүй/ талаарх тодорхойлолтыг гаргуулан авч хэрэгт хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлтүүд байсан боловч уг хүсэлтүүдийг шийдвэрлэсэн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтаар “хэргийн материалд нэгэнт авагдсан байгаа нотлох баримтуудыг гаргуулах тухай хүсэлт ирүүлснээс нь харагдаж байна” гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн, тус захирамж гомдол гаргах эрхгүйгээр гарсан байсан.

Учир нь уг хүсэлтэд дурдсан нотлох баримтууд хэргийн материалд байхгүй байгаа бөгөөд уг захирамжид гомдол гаргах эрхгүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.24-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч Х.У албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, өөрөөр хэлбэл ямар албан тушаалд бууруулан томилж байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна гаргасан гэх зөрчлүүд нь баримтаар хангалттай тогтоогдоогүй, зарим зөрчил нь нэхэмжлэгчид хамааралгүй байна.

   Түүнчлэн хариуцагчаас захирамждаа дурдсан зөрчлүүдийн талаар бус санхүүтэй холбоотой зөрчлүүдийн талаарх тайлбарыг шүүхэд гаргасан, мөн захирамжид заасан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй талаар шийдвэрт зөв дүгнэжээ.

   2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 672 дугаар магадлалаар энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа “…нэхэмжлэгчийг санхүүгийн олон удаагийн ноцтой зөрчлүүд гаргасан гэж буруутгах боловч хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай”, “Зөрчил арилгах тухай” актуудаар 2022 оны 1 дүгээр сард гарсан захирамжийн үндэслэлийг шалгах боломжгүй.

Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд маргаан бүхий актаас хойш гарсан үйл баримтаар хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан болохыг тогтоох боломжгүй бөгөөд харин анхан шатны шүүх Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан зэрэг нотлох баримтыг цуглуулах нь нэхэмжлэгч санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг тодруулахад ач холбогдолтой. …сургуулийн актлагдсан хөрөнгийг шилжүүлсэн үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг цуглуулах, …мөн гэр бүлийн хүрээнд үүссэн үйл баримтад сургуулийн захирал хэрхэн холбогдсон нь тодорхойгүй байх тул хариуцагчаас ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа талаарх тайлбар баримтыг тодруулах шаардлагатай…” гэх зэргээр дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан, хэдийгээр дээрх магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болохын хувьд маргаан бүхий тушаалд тусгагдсан зөрчлийн нэг болох “…төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй…” гэсэнтэй холбоотойгоор “…нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаарх хяналт шалгалт явуулахад сургуулийн албан хаагчдаас ирүүлсэн санал гомдлыг эх хувиар нь ирүүлсэн гэх боловч эдгээр санал гомдлыг хэн, хэзээ гаргасан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна…” гэж, мөн санхүүгийн гэх зөрчилд хамаарах цаг хугацааны хувьд маргаан бүхий захирамжаас хойш гарсан аудитын газрын актуудаар захирамжийн үндэслэлийг шалгах боломжгүй гэж тус тус эцэслэн дүгнэсэн тул зөрчлийн энэ хэсэгт дахин дүгнэлт өгөхгүй шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсан “нэрээ нууцалсан гэх баримтууд”-ыг хэн, хэзээ бичсэн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэснээр байхад хариуцагчаас үүнийг нотлох өөр баримт, эсхүл энэ талаар нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул шүүхийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. 

Тэр тусмаа хэргийг дахин хэлэлцэх явцад шүүхээс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дүгээр албан бичгээр хариуцагчаас нотлох баримт шаардсан боловч үнэлэгдэх боломжтой нотлох баримтыг ирүүлээгүй энэ тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт “…төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй гэж тусгасан нь тодорхой бус байна…” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

3.Гэрчээр ахлах ангийн сургалтын менежер Г.Т, бага ангийн сургалтын менежер Ю.Н, нягтлан бодогч М.М, дотуур байрны багш Б.А нараас авсан мэдүүлгээр “…сургуулийн албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагийн мөнгийг олгодоггүй…” гэх зөрчлүүд тогтоогдоогүй, давж заалдах гомдолд сургуулийн 70 гаруй ажилтнаас эдгээрийг сонгон мэдүүлэг авсан нь тодорхойгүй гэдэг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж өөр ажилтан, албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг авхуулах, эсхүл гэрчүүдээс авсан мэдүүлэгт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох чухам ямар асуулт тавигдаагүй орхигдсон талаар хариуцагч талаас огт хүсэлт гаргаагүй, үндсэндээ хариуцагч тогтоогдсон гэх зөрчлөө нотолж чадаагүй байна.

Ийнхүү дүгнэхийн учир нь энэхүү маргааныг анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа шийдвэрлэж байгаа, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нотлох баримт цуглуулахтай холбоотой зайлшгүй хийгдэх ажиллагааны талаар тодорхой дүгнэсэн нь шүүхэд төдийгүй хэргийн оролцогчдод ч хамааралтай болно.

4.Санхүүгийн зөрчлүүдийн тухайд мөн л цаг хугацааны хувьд маргаан бүхий тушаалаас хойш гарсан аудитын газрын актаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй талаар дээрх магадлалд дүгнэсэн.

Гэхдээ уг зөрчлүүдийг аудитын акт гарахаас өмнө тогтоочихсон байсан, энэхүү үндэслэлээр ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгч нь албан тушаалын хувьд төсвийн шууд захирагч байсан ч багш нарын өрөөг тохижуулах, тавилга авах зардалд 1.935.000 төгрөг хувиасаа гаргасан нь, “С А” ХХК-д 4.400.000 төгрөгийн өртэй байсан зэрэг нь нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх шууд үндэслэл болохгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь гаргасан гэх зөрчлийн шинж, үр дагавартай нийцээгүй байна.

 5.Хэнтий аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37/ 04/51 дүгээр “Норовлин сумын ЕБС-ийн 2020, 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн тухай танилцуулга, мөн өдрийн 37/04/08 дугаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн зөвлөмж, Норовлин сумын ЕБС-ийн 2021 оны санхүүгийн тайлан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсан баримтуудыг цуглуулахаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй, тэгээд ч давж заалдах гомдлын шаардлага нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн.

6.Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн баримтуудыг хариуцагч  захирамж гаргаснаасаа хойш бүрдүүлсэн, уг зөрчил нь сургуулийн орчинд үйлдэгдээгүй талаар, сургуулийн үлдэх өртөгтэй актлагдсан байрыг “Б А О” ХХК буулган авч Эко зуслан барих ажлыг гүйцэтгэхдээ ашигласан асуудлаарх хэрэг бүртгэлтийн хэрэгт нэхэмжлэгч бус харин иргэн П.А холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, хариуцагчаас захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасны дагуу аймгийн Боловсролын газрын саналыг үндэслээгүй талаарх үйл баримтуудын талаар шийдвэрт тус тус үндэслэлтэй дүгнэжээ.

Захирамжид Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үндэслэсэн хэрнээ уг журмын 2-т заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, эсхүл 3-т заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагын чухам алиныг нь зөрчсөн болох, 5-т заасан ёс зүйн зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан болох нь тодорхойгүй, 6-д заасан гаргасан гэх зөрчлийг Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй зэрэг нь маргаан бүхий тушаал хууль, журамд нийцээгүй, нэхэмжлэгчийг буруутгаж буй зөрчлүүд нь хангалттай тогтоогдоогүй, процесс ажиллагаа бүрэн явагдаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эдгээр нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН