Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга С.Энхзул

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх

Шүүгдэгч П.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүгэрсүрэн овогт Пиодорын Отгонжаргалд холбогдох эрүүгийн 201610010134 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Шалганы 03-06 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Дүгэрсүрэн овогт Пиодорын Отгонжаргал /РД: ЕБ87020202/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч П.Отгонжаргал нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн гудамжинд зогсож байсан иргэн Г.Батцэцэгийн эзэмшлийн 01-77 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн суудлын автомашины ур талын салхины шилийг хагалж устган, хохирогч Г.Батцэцэгт 200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч П.Отгонжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр улсаас өгсөн хувьцааны 100.000 төгрөгөө банкнаас аваад гэртээ хоол хүнс, хүүхдүүддээ эм тариа худалдаж аваад үлдсэн 20.000 төгрөгөөрөө 2.5 литрийн савлагаатай пиво 2-ыг худалдаж аваад хажуу айлын Энхзул эгчтэй хувааж уусан үүний дараа Энхзул эгч бид хоёр Оюунтүлхүүр эгчийн гэрт очиж 0.75 литрийн Ерөөл архи авч очоод гурвуулаа хувааж уусан тэдний гэрээс гараад гэртээ очоод 2 хүүхдээ унтуулаад гарч тамхи татсанаа санаж байна. Үүнээс хойш архи ууснаас болоод оюун санаа төөрөлдөөд юу хийснээ санахгүй байна. Нэг мэдсэн өглөө цагдаа дээр машины цонх хагалсан хэргээр ирчихсэн байсан ямар машины цонхыг хагалсанаа мэдэхгүй байна гэв.  

-Хохирогч Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ..2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын үед таксинд явж байгаад төв талбай дээрээс үл таних эрэгтэй хүн аваад Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Шалганы 28 айлд хүргэж өгсөн...гэрт нь дагаж ороод таксины мөнгө аваад гарч ирэхэд 01-77 ДГО улсын дугаартай миний автомашины салхины шилийг нэг согтуу эмэгтэй блокны хэлтэрхийгээр нүдэн дээр минь цохиод хагалчихсан. Тэгсэн тэр хавиас тагнуулын ажилтан бололтой форумтай залуу гарч ирээд түр саатуулахаар нь Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 15-16/  

-Гэрч Э.Сайнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Замын-Үүд дэх тагнуулын газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 01 цагийн орчим хилийн гудамжинд нэг согтуу эмэгтэй ганцаараа орилоод яваад байсан. Тэгээд би тэр эмэгтэйг хэсэг ажиглаад үүдэн дээр зогсож байтал манай хашааны гадаа зогсож байсан 01-77 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн жолоочгүй автомашины урд талын салхины шилийг гараараа 2 удаа цохиж үзсэнээ газраас блокны хэлтэрхий аваад урд талын салхины шилийг хагалсан. Ингээд тэр эмэгтэйг түр саатуулж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 23/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8/

-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 10/

- 01-77 ДГО улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн 01222034 тоот гэрчилгээний хуулбар /хх-ийн 20/

- Шинжээчийн 132 дугаар дүгнэлт /хх-ийн 25/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

-Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37/

-Шүүгдэгч П.Отгонжаргалын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 38/

-О.Мөнгөнцагаан, О.Цасанцагаан нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-41/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч П.Отгонжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн гудамжинд зогсож байсан иргэн Г.Батцэцэгийн эзэмшлийн 01-77 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн суудлын автомашины ур талын салхины шилийг хагалж устган, хохирогч Г.Батцэцэгт 200.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өсгөн мэдүүлэг, хохирогч Г.Батэцэцэгийн “......гэрт нь дагаж ороод таксины мөнгө аваад гарч ирэхэд 01-77 ДГО улсын дугаартай миний автомашины салхины шилийг нэг согтуу эмэгтэй блокны хэлтэрхийгээр нүдэн дээр минь цохиод хагалчихсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Сайнбилэгийн “...Тэгээд би тэр эмэгтэйг хэсэг ажиглаад үүдэн дээр зогсож байтал манай хашааны гадаа зогсож байсан 01-77 ДГО улсын дугаартай приус-20 маркийн жолоочгүй автомашины урд талын салхины шилийг гараараа 2 удаа цохиж үзсэнээ газраас блокны хэлтэрхий аваад урд талын салхины шилийг хагалсан” гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 132 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар  зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, шүүгдэгч нь бага насны буюу 3 хүртэл насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.  Шүүгдэгч Дүгэрсүрэн овогт Пиодорын Отгонжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пиодорын Отгонжаргалыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Отгонжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13.5х10 см хэмжээтэй блокны хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонжаргалд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Отгонжаргалд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ        Э.БОЛОРМАА