| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/162 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.*******,
Иргэний нэхэмжлэгч С.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******,
Шүүгдэгч Н.Алтанхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн 1915002110132 дугаартай, 163/2019/0145/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хяналтын шатны шүүхээс хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Нэргүйн Алтанхуяг /РД: .................../, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................ аймгийн ................ сумын ..... дүгээр баг, ............, ............ дугаар гудамжны ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Алтанхуягийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Алтанхуяг өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.******* өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг процессийн хувьд алдаатай гэж үзэж гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гарсан. Хохирол төлөгдсөн. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Н.Алтанхуягийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн ................ сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг буюу 1.96 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн ................ сумын нутгаас ................ аймгийн ................ сум руу тээвэрлэж, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Алтанхуягаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 1.96 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлж, эд мөрийн баримтыг устгах санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаархи эргэлзээ бүхий маргаан Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдэж, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарч уг хуулийг баталсан өдрөөс нь хүчингүй болгосон. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бий болсон. Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж хуульчилсан учир албадлагын арга хэмжээг ч хэрэглэх боломжгүй гэж мэтгэлцжээ.
Эрүүгийн 1915002110132 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн ................ сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг буюу 1.96 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн Орхон сумын нутгаас Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэж, бусдад худалдан борлуулж Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газар байх ба уг газар нь боролзгоно ихтэй, өвс шарлаж гандсан, модны гишүү ихтэй газар байв. Уг моднуудаас хөрөөдсөн гэх модны үзүүр болон хожуулуудынх нь зургийг авч бэхжүүлэв” гэжээ /хх-7-9 тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 23 ширхэг шинэс төрлийн хуурай мод байв... уг моднууд нь түлшний, хуурай шинэс төрлийн байна...” гэжээ /хх-10 тал/,
Хохирогч С.*******ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр намайг албан ажлаар хөдөө явж байхад Орхон сумын 4 дүгээр баг “Дайвууны ам” гэх газраас ............ улсын дугаартай ачааны машин ойгоос мод ачаад явлаа гэж И.*******а гэдэг хүн хэлсэн. Тус мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байсан. Ойг аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хаачихсан байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай...” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэрч И.Лхагвын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөө 10 цагийн үед Булган аймгийн ................ сумын 4 дүгээр баг “Дайвууны ам” гэх газраас мод ачсан машин орж ирээд ................ аймгийн зүг засмал замруу орсон. Би хойноос нь машинтай гүйцэж түрүүлж очсон. Очоод би ............ улсын дугаартай ачааны машины жолоочоос бичиг баримтаа шалгуул гэхэд шалгуулаагүй. Ачиж яваа модыг тоолоход 30 ширхэг мод байсан. Ийм учир сумын байгаль орчины хяналтын улсын байцаагч С.*******ад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: “...Алтанхуягаас “ямар учраас ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд байна” гэж асуусан чинь Алтанхуяг гэх залуу “Булган явчихаад буцахдаа хоосон яваад яахав гээд мод аччихсан юм аа, ах уучлаарай” гэж байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад хандсан. Ойг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Аймгийн засаг даргын захирамжаар хаачихсан байгаа тул ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд өгөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-33 тал/,
Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн: “Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. Уг мод нь шинэс төрлийн хуурай, түлээний зориулалтаар бэлтгэсэн байна. Шинэс төрлийн хэрэглээний хуурай мод 1.96 м3, 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 60000 төгрөг, нийт хохирол 117600 төгрөг” гэх дүгнэлт /хх-38 тал/,
Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 117600 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 352800 төгрөг болж байна” гэх 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-40 тал/,
Шүүгдэгч Н.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон. аймгаас эхнэр Баярбаясгалангийн эзэмшлийн ............ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймаг руу хүнтэй уулзах ажлаар явсан юм. Тэгээд Булган аймагт орж нөгөө хүнтэйгээ уулзчихаад буцаад ................ аймаг явах замдаа Булган аймгийн ................ сумын 4 дүгээр багийн нутагт байрлах уулнаас 2 босоо хуурай мод унагааж, унагаасан моднуудаа 1 метр 40 см хэмжээтэй тасдаж, нийт 27 ширхэг мод болгоод машиндаа ачаад ................ аймаг руу явж, зарсан юм. Би мод бэлтгэж тээвэрлэхдээ эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /хх-58 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан маниулын хэсэг нь улаан өнгийн тагтаж, цагаан өнгийн банктай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бензинээр ажилладаг моторт хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Н.Алтанхуягийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Алтанхуяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, улсын ойн сан бүхий газарт халдаж босоо модыг хөрөөдөн унагаж бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж, бусдад зарж борлуулсан байна.
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь улсын ойн санд дур мэдэн халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Н.Алтанхуягийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Алтанхуягийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг буюу 1.96 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Булган аймгийн Орхон сумын нутгаас Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэж, бусдад худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Алтанхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 117600 төгрөгийн шууд хохирол /хх-38 тал/ учирсан нь Булган аймгийн Булган сумын сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 352800 төгрөгийн /хх-40 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирол нөхөн төлбөрийг Булган аймгийн Орхон сумын Байгаль хамгаалах 100040755402 дугаарын төрийн сангийн дансанд төлж барагдуулсан болох нь хх-71 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Алтанхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Алтанхуягийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Алтанхуяг нь сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хомсдол өвчтэй боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Алтанхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 60-62 дугаар талд авагдсан урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Алтанхуяг нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 5, эхнэр бага насны хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Алтанхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Уг гэмт хэрэг буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг гэмт хэрэг нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, ...бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батан гаргасан байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан ба уг заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх мэдээлэлийн дагуу маргаан үүсгэж, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр мөрдөх хугацааны талаар хуульд шууд заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын хуулийг Монгол Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн 1915002110132 дугаартай хэрэг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн тул энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааны талаархи эргэлзээ бүхий маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиролдолд шүүгдэгч эрүүгийн хариуцлага буюу ял, албадлын арга хэмжээнээс чөлөөлөгдөх хууль зүйн үр дагавар бий болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл; гэмт хэрэг үйлдэж олсон 1.96 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн, ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон яллагдагчийн өгсөн мэдүүлэг зэргээр Ганбаатарын Баярбаясгалангийн эзэмшилд байдаг болох нь тогтоогдсон байна.
Иймд мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл, 1.96 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч, эзэмшигчдийнх нь эзэмшилд тус тус үлдээж, харин хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын таг нь улаан өнгөтэй, цагаан өнгийн банктай, бензинээр ажилладаг моторт хөрөөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хурааж, үнийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Нэргүйн Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн 1915002110132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Н.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Мөрдөгчийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ............ улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгсэл, 1.96 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 26 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч, эзэмшигчдийнх нь эзэмшилд үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Алтанхуяг нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн маниулын таг нь улаан өнгөтэй, цагаан өнгийн банктай, бензинээр ажилладаг моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД