| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Т.Баттүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Д.Чимэддагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чимэддагвад холбогдох эрүүгийн 2115000770133 дугаартай, 163/2021/0153/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Захар овогт Даринчулууны Чимэддагва /РД: ................/, 1974 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ........... аймгийн ............ сумын ......... дүгээр багийн “.........” гэх газарт оршин суух, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Чимэддагвыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чимэддагва өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэг үнэн, нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Баттүвшин өгсөн мэдүүлэгтээ: Уг хэргээс болж миний хавирга хугарсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний болон замын зардал нилээн гарсан, хохиролд нэг сая төгрөг авсан. Тухайн үед би өөрөө архи уусан байсан. Нэгэнт болоод өнгөрсөн асуудал тул надад одоо гомдол, санал байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Д.Чимэддагвыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн “Мээжийн тасархай” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Т.Баттүвшинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг хөлнөөс өргөж байгаад хүчтэй түлхэж унагаасны улмаас цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чимэддагвыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих айгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргаж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулж ялаас өршөөн хасах үндэслэлтэй байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000770133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Чимэддагва нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Мээжийн тасархай гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Т.Баттүвшинтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг хөлнөөс өргөж байгаад хүчтэй түлхэж унагаасны улмаас цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Баттүвшингийн өгсөн “Би 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн “Мээжийн тасархай” гэх газарт Д.Чимэддагва, П.Нармандах, З.Чинболд нарын хамт баяр тэмдэглээд Нармандахын гэрт 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн орчимд бид нар архиа ууж дуусаад байж байтал П.Нармандах, Д.Чимэддагва нар хоорондоо маргалдаад байсан. Тэр үед бид нар ер нь согтчихсон байсан. Тэгээд удалгүй Д.Чимэддагва, П.Нармандах хоёр дахиад маргалдаад байхаар нь би “больцгоо” гэж хэлтэл намайг “чи хуц балай минь” гэж хэлсэн. Тэгээд би хэвтэж байтал Д.Чимэддагва гэр тойрч явж байснаа над дээр ирээд миний хоёр хөлнөөс барьж байгаад өргөснөө намайг цааш нь их хүчтэй түлхэчихсэн. Тэгэхэд нь өнхөрч уначихаад босох гэтэл цээжээр нэг л эвгүй болоод, амьсгаа авч болохоо больчихсон. Тэгтэл З.Чинболд Д.Чимэддагвад “чи боль. Энэ хоёр чиний гарын аяыг яаж даадаг юм. Наад хоёрыгоо алах нь байна, чи боль. Алив явъя би чамайг хүргэж өгье” гэж хэлээд Д.Чимэддагвыг аваад явсан. Тэгээд миний бие нэг л болохгүй байсан учраас би жаахан хэвтэж байгаад босоод арай гэж гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Хохирогч Т.Баттүвшингийн дахин өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв орж эхнэрээ үлдээчихээд буцаад “Мээжийн тасархай” гэх газарт гэртээ 18 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд би гэртээ ирчихээд малаа усалж, хашаад байж байтал Манай саахалтын Ганболд хүрч ирээд “манайхаар ороод ирээрэй” гэж хэлэхээр нь би удалгүй гэрт нь явж очтол Ганболд эхнэр Нараатайгаа хамт байж байсан. Тэгээд бид гурав “Стандарт” нэртэй 0.5 литрийн архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би тэднийхээс гараад 20 цагийн орчимд гэртээ хариад үлдсэн. Үхрээ хашчихаад эргээд Ганболдынх руу явж байтал манай саахалтынхан Ганболдынхоос гараад Чинболдын гэр лүү явж байхаар нь би явж очсон юм. Намайг Чинболдынд ороход Чинболд эхнэртэйгээ, Ганболд эхнэртэйгээ, Нармандах, Чимэддагва нар байж байсан. Тэгээд бид нар Чинболдынд 0.5 литртэй нэг шил архи хувааж уучихаад Чинболдынхоос гарч явцгаагаад Нармандахын гэрээр хальт ороод цааш Ганболдынх руу явсан юм. Тэгээд бид нар Ганболдынд байж байгаад ээлжлээд гарцгаасан. Би тэднийхээс гараад гэрийн гадаа байсан савтай усанд тээглээд унах гэж байгаад гараараа тулаад тогтсон юм. Тэр үед миний бие зүв зүгээр байсан. Тэр үед их харанхуй байсан бөгөөд намайг гараараа газар тулах үед Чимэддагва савтай усны доор хэвтэж байсан. Тэгээд би Нармандахынд яваад очтол Нармандах ээжтэйгээ хамт гэртээ байж байсан. Тэгээд би Нармандахад “ах нь одоо харьж амрая даа” гэж хэлтэл “яах гэсэн юм, амраад яв” гээд гэрийнхээ баруун талд шар гудас тавьж өгөхөөр нь би гутлаа тайлаад хэвтэж байсан юм. Тэгтэл удалгүй гаднаас Чимэддагва, Чинболд хоёр ороод ирсэн юм. Тэгээд л тэрүүгээр шуугилдацгаагаад байсан. Нармандах, Чимэддагва хоёр хоорондоо маргаад байсан санагдаж байна. Тэгэхээр нь би Чимэддагвад “чи манай нутгийнх биш нутаггүй гуйлгачин” гэж хэлтэл Чимэддагва над руу гэнэт хүрч ирээд зогсож байгаад миний хоёр хөлийг минь цээж хүртлээ өргөтөл Чинболд “боль настай хүн чиний гарын аяыг яаж даадаг юм” гэж хэлтэл Чимэддагва хөлийг минь буцаагаад түлхсэн юм. Тэр үед би нэг удаа өнхөрөөд зуухны ард унасан юм. Тэгээд би босох гэтэл цээжээр хөндүүрлээд амьсгаа авч чадахгүй байсан. Тэгтэл Чинболд Чимэддагвыг аваад гараад явсан. Би жаахан сууж байгаад гараад гэрлүүгээ алхаж хариад орондоо ороод байж байтал Чинболд мотоцикльтойгоо манайд хүрч ирээд “ахаа Нармандах дуудаад байна явъя” гэж хэлээд намайг аваад Нармандахынд очсон юм. Тэр үед миний бие өвдөөд л байсан. Тэгээд Нармандахынд хоночихоод өглөө гэртээ харьсан юм. Тэгээд ерөөсөө бие болохгүй, хашаагаа ч давж чадахгүй байхаар нь саахалтын хүнээ гуйгаад мотоциклоо Ганболдын гэрийн гаднаас очиж аваад эргэж гэртээ ирсэн. Тэгээд удалгүй аймаг руу эмнэлэг явсан....” гэх мэдүүлэг/хх-12 тал/,
Гэрч З.Чинболдын өгсөн “2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай саахалтын Ганболд гэх айлын залуу манай гэрийнхнийг, Нармандахын ээж, дүү, Чимэддагва, Баттүвшин нарыг гэртээ урьсан юм. Тэр үед Баттүвшин жаахан халамцуу ирсэн. Тэгээд бид нар Ганболдынд байж байтал Ганболд “Хараа” нэртэй 0.5 л хэмжээтэй хоёр шил архи гаргаж ирэхээр нь Баттүвшин, Чимэддагва, Ганболд бид дөрөв хувааж уусан. Тэгээд бид нар тарчихаад байж байтал Ганболд дахиад 2 шил архи авчирсан. Бид нар буцаж манайд цуглаад “Хараа” нэртэй 0.5 л-тэй нэг шил архийг нь уугаад байж байтал Нармандах бид нар дээр нэмэгдэж ирсэн юм. Тэгээд бид тав Ганболдынд очиж үлдсэн нэг шил архиа уугаад байж байтал Баттүвшин гуай гадаа савтай усан дээгүүр даваад уначихсан юм. Тэгээд хальт ёолж байгаад орж ирээд архиа уугаад сууцгаасан юм. Тэгтэл Баттүвшин ах Чимэддагватай маргах гээд байхаар нь би болиулсан чинь Нармандах, Баттүвшин хоёр гараад явсан юм. Тэгээд удалгүй Чимэддагва араас нь гараад яваад өгсөн. Тэгээд би дараа нь Ганболдынхоос гараад Нармандахынд очтол Нармандах “Ерөөл” нэртэй 0.5 л-тэй нэг шил архи уучихсан сууж байсан. Тэгтэл Нармандах “яваад Баттүвшинг аваад ир, гурвуулаа ууя” гэхээр нь би мотоциклтой Баттүвшинг очиж аваад эргээд Нармандахынд ирсэн юм. Тэгээд бид гурав байж байтал гаднаас Чимэддагва орж ирсэн. Баттүвшин Чимэддагвагад “нутаггүй гуйлгачин минь зайл” гэж хэлэхээр нь би “болио та яах гэсэн юм” гэж Баттүвшинд хэлтэл намайг “чи муу нутаггүй алуурчин” гэж хэлэхээр нь би согтуу хүний үгээр үг хийгээд яахав гэж бодоод гарчихаад эргээд ороод иртэл Чимэддагва ширээний ард суучихсан Баттүвшин гэрийн баруун талд газар хэвтэж байсан юм. Тэгтэл Баттүвшин дахиад Чимэддагвыг “нутаггүй гуйлгачин” гэж хэлтэл Чимэддагва газар өвдөглөцөн сууж байснаа “би чамаас юу гуйсан юм” гээд Баттүвшингийн хоёр хөлийг нь бариад өөрлүүгээ татаад бариад автал Баттүвшин гуай “ёо ёо хавирга” гэж хэлэхээр нь би “боль боль настай хүн чиний аяыг даахгүй” гэж хэлтэл Чимэддагва Баттүвшин хоёр хөлийг баруун тийш нь өөрөөсөө зайлуулаад түлхчихээд гэрээс гараад яваад өгсөн юм. Тэгтэл Баттүвшин гуай занаад л үлдсэн. Тэгээд удалгүй Чимэддагва эргээд гэрт ороод иртэл Баттүвшин гуай гэрийн баруун орон дээр сууж байсан юм. Тэгээд Чимэддагва эвлэрэх санаатай явж очоод орон дээр суутал ор нь салаад уначихсан юм. Тэгэхээр нь би Чимэддагвыг “чи ер нь харь” гэж хэлээд гаргаж явуулаад өөрөө ч удалгүй гараад явсан. Тэгээд маргааш өдөр нь Баттүвшин гуай надтай таарахдаа “ахых нь зүрхээр өвдөөд байна. Ахиж архи уухгүй ээ” гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Гэрч Д.Наранцогтын өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд Булган аймгийн төвөөс “Мээжийн тасархай” гэх газарт байх гэртээ харьсан юм. Тэгээд манай нөхөр Ганболд бид 2 цагаан сар хийгээгүй болохоор хоол цай бэлдээд ойр хавийнхаа айлуудыг гэртээ уриад цайлсан. Тэр үед манай гэрт Нармандахын ээж, Чимэддагва, Баттүвшин, Чинболд эхнэр хүүхэдтэйгээ ирсэн юм. Тэгээд би тэд нарыг цайлж байтал манай нөхөр миний төвөөс авчирсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг гаргаж ирээд ирсэн хүмүүсийг цайлсан юм. Бид нар архиа хувааж уучихаад Чинболдын гэрт очицгоосон. Тэр үед Баттүвшин манай гэрт унтаад үлдсэн юм. Тэгээд бид нар тэндээ байж байгаад би түрүүлээд буцаад гэртээ харьсан юм. Тэгтэл Баттүвшин ах сэргээд босоод ирсэн. Удалгүй араас Чимэддагва, Нармандах, Чинболд, манай нөхөр Ганболд хүрч ирсэн. Би тэр үед гэрээс бие засах гээд гарсан юм. Манай гэрийн гадаа эгнүүлэн тавьсан 80 см өндөртэй усны савнууд байсан юм. Тэгээд намайг бие засчихаад эргээд гэрлүүгээ ирж байтал Баттүвшин ах тэр эгнүүлж тавьсан савны урдуур харанхуйд согтуу харахгүй явж байгаад саван дээр гэдсээрээ тулаад давж байгаад гараараа тулаад зогссон юм. Түүнээс биш усны сав даваад хүчтэй унасан зүйл байхгүй. Тухайн үед би цаашаагаа уначих байх гэж бодоод “хөөе Түвшин ах уналаа” гэж хэлтэл гэрээс Чимэддагва, Чинболд хоёр гарч ирээд Баттүвшин ахыг аваад орсон. Тухайн үед Баттүвшин хальт л ёолоод гэрлүү ороод архиа ууцгаасан. Тэгээд тэд нар удалгүй манайхаас гараад Нармандахын гэр рүү явсан. Маргааш нь Баттүвшин цээжний зүүн талаа барьчихсан малын бэлчээр дээрээ явж байсан...” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: “...Биеийн байдал ерөнхийдөө хүндэвтэр байсан бөгөөд зүүн талын 9-11 дүгээр хавирганууд хугаралтай, зүүн уушиг унасан, 6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд шингэнтэй байсан. Тийм учраас хэвтэн эмчлүүлсэн эхний өдөр буюу 3 дугаар сарын 18-нд цээжний хөндийд гуурс тавих ажилбар хийсэн. Гуурс тавьсанаас хойш 24 цагийн хугацаанд 960 мл шингэн гарсан. Тэгээд 3 дугаар сарын 19-ний өдөр цээжний рентген зураг авахад унасан зүүн уушиг нь боссон байсан бөгөөд цээжний хөндийн шингэнгүй болсон байсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа өвчтөний биенээс шингэн гарч дууссан тул гуурсыг салгаж авсан. Тэгээд эмчилгээний 7 дахь өдөр биеийн байдал тогтворжсон байсан тул зөвлөгөө өгч гаргасан” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 104 дугаартай: “Магадлуулагч Т.Баттүвшингийн биед цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-38-40 тал/,
Шинжээч эмч Б.Буянхишигийн өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 104 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг гэмтлүүд өнхөрөх болон шидэгдэх үед үүсэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт ир үзүүргүй эд зүйлс хамаардаг. Дээрх гэмтлийг авсан хүн тухайн цаг үед хөдлөх боломжтой. Цээжний хөндий цусаар дүүрч уушиг унаж, уушигны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амьсгалын дутагдалд ордог. Уушиг унана гэдэг нь цээжний хөндий цусаар дүүрч, уушиг гаднаасаа шахагдаж, үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ...” гэх мэдүүлэг /хх-33 тал/,
Шүүгдэгч Д.Чимэддагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 09-нд би гэр орныхоо ажлыг амжуулж байгаад 20 цагийн орчимд саахалтын Чинболдын гэрт очсон юм. Намайг Чинболдын гэрт ороход Чинболд эхнэр хүүхэдтэйгээ хамт хоол унд хийгээд байж байсан. Тэгээд тэднийд ороод ширээний ард суутал ширээн дээр 0.5 л-тэй архи байж байсан. Одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд бид хэд хоолоо идээд сууж байтал гаднаас Нармандах, Баттүвшин хоёр халамцуу орж ирцгээсэн. Тэгээд бид дөрөв Чинболдын ширээн дээр байсан архийг хувааж ууж дуусаад байж байтал Нармандах “бүгдээрээ манайх руу явцгаая” гэхээр нь Баттүвшин, Чинболд бид гурав Нармандахыг дагаад гэрт нь очсон юм. Тэгээд бид дөрөв тэдний гэрт ортол Нармандах 0.5 л-тэй нэг шил архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь Чинболд, Баттүвшин гурав тэрийг уух санаатай байж байтал Нармандах гэнэт над руу агсараад “чи муу гуйлгачин” гээд дайраад байхаар нь би Нармандах руу тулж очоод маргалдаж байтал Баттүвшин хүрч ирээд намайг “нутаггүй гуйлгачин” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй Баттүвшин зуухны баруун талд газар зассан орон дээр очоод хэвтээд өгсөн. Тэгээд би Нармандахтай дахиад маргалдаад байж байтал Баттүвшин газар орон дээр хэвтэж байхдаа намайг дахиад “нутаггүй гуйлгачин” гээд байхаар нь би Баттүвшин дээр явж очоод хоёр хөлнөөс нь барьж байгаад өөрийнхөө цээж хүртэл хөлийг нь өргөтөл Чинболд “хүүе чи боль, хөгшин хүн чиний гарын аяыг даахгүй” гэж хэлэхээр нь би шууд Баттүвшинг тавьчихсан юм. Тэгээд би Нармандахынхаас гарч яваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Баттүвшин согтуурхаж, шүүгдэгч Д.Чимэддагвыг “нутаггүй гуйлгачин” гэж хэл амаар доромжилсоноос үүдэлтэй Д.Чимэддагва уурлан Т.Баттүвшингийн хоёр хөлийг өргөж, хүчтэй түлхэж унагаасан үйл баримт болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Баттүвшингийн биед тухайн цаг хугацаанд ир үзүүргүй, мохоо зүйлийн үйлчлэлээр биед цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Чимэддагвын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Чимэддагва нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд түүнийг хөлнөөс нь өргөж шидэх явцад бие, эрхтэнийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чимэддагвыг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Мээжийн тасархай гэх газарт Нармандах, Чинболд, Баттүвшин нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Т.Баттүвшинтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие, эрх чөлөөнд халдаж цээжний хөндийн цус хуралт, цээжний зүүн талд 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Чимэддагвын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Баттүвшингийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Чимэддагва нь хүлээн зөвшөөрч 1.000.000 төгрөгийг төлж барагдуулан, баримтыг шүүхэд ирүүлснээр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч Д.Чимэддагвыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Чимэддагвыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чимэддагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Чимэддагвын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Чимэддагвад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 73-76 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Чимэддагва нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............... аймгийн ............. сумын ........ дүгээр багийн “...............” гэх газарт мал маллан амьдардаг, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Чимэддагвын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Чимэддагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялын төрлийг сонгож хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч Д.Чимэддагвын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.
Иймд шүүгдэгч Д.Чимэддагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Чимэддагва нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Захар овогт Даринчулууны Чимэддагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Чимэддагвыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Чимэддагвад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Чимэддагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хассугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Чимэддагва нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Чимэддагва нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД