| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0105/э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Ц.Бын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Ц.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Цын Лд холбогдох эрүүгийн 2135000000115 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Хар толгой” гэх нэртэй газарт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, мөн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар, тус шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Цын Л, регистрийн дугаар: ОЙ83120714,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 1-р багийн нутаг Дунд тэнүүг гэх газарт хохирогч Ц.Б, Д.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000115 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Улаангом сумын 5 дугаар багт оршин суух Цын Ц 94502009 дугаарын утсаар “Тариалан сумын 5 дугаар баг “Дунд тэнүүг” нэртэй газар Ч.Я нь нас барсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03 цаг 50 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 1-р хуудас/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-11-р хуудас/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-р хуудас/,
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-22-р хуудас/,
5. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “2021 оны 6-р сарын 12-ны өдөр ...Хартолгойгоос гэр лүүгээ хөдлөх үед бүрэнхий болчихсон нар орчихсон байсан, яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Манай гэр Хартолгойгоос 8-9 км зайтай бөгөөд замын дунд машин унтраад асахгүй байсан. Бид тэнд зогсож байтал урдаас хойш Хартолгой чиглэлд хажуугаар хөх өнгийн портер давхиад өнгөрсөн. Сүүлд мэдэхэд Б, Б, А нар хамт явсан портер юм байна лээ. ...Түүний дараа Хартолгой талаас мотоцикл ирж зогссон бөгөөд миний нөхрийн ах Б хүү Б байсан. Б машиныг түрж асааж өгчхөөд явсан. Бид гэртээ ирэхэд хүү А уйлсан бололтой нүд нь хавдсан, үг дуугаа хураачихсан байсан тул юу болсныг асуухад “А, Б, Б 3 ирээд А нь намайг гэрийн гадна байхад цохиод гэрт ороход архи авч өг гэж 2 цохиж унагаад хагас шил архи гаргаж өгөхөд тал архи уухгүй бүтнийг өг гэж хэлээд бүтэн архи гаргуулаад гэрт уучхаад явсан. Дахин ирээд дүү Цэдэнбалжирыг загнаж байгаад дахин 1 шил архи аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань “яагаад хүүхдээс архи нэхдэг юм” гэж хэлээд уурлаад чичрээд бухимдаад байсан. ...Бид нар гэрт байж байтал гэрийн баруун талд манай машины цаад талд машин ирж зогсоод согтуу хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Тэр хүмүүс нь А, Б, Б нар болох нь дуугаар нь танигдаж байсан. Тэгж байснаа А, Б хоёр орж ирсэн. Тэгэхээр нь би “Бгаа дагуулаад ороод ир, та нар яагаад хүүхдээс архи нэхсэнийг чинь асууна” гэхэд тэд нар дуугарахгүй байсан бөгөөд А согтуу бололтой өндөлзөөд байсан. Б цаашаа зугтаад яваад өгсөн бололтой гэрт орж ирээгүй. Тэгээд А нөхрөөс маань “архи гаргаад ир” гэж нэхэхэд нь би урдаас нь “чи өдөр хүүхэд зодож байгаад архи аваад явсан байна лээ, одоо ямар архи байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд А “би хэзээ хаана архи уусан юм” гэж хэлээд дахиад архи нэхээд байсан. Нөхөр маань "чи хүүхэд айлгаж байгаад хамаг архи аваад уучихсан байна лээ. Одоо манайд ямар архи байдаг юм" гэж хэлсэн. Тэгтэл А уурлаад босож ирээд нөхрийг зодох гээд давшлаад байхаар нь би дундуур нь ороход миний шанаа орчимд нэг удаа цохиод намайг заамдсан чигтээ нөхөр лүү очоод нэг удаа хальт цохисон нөхөр бултаад орон дээр сууж байгаад боссон. Тэр хооронд А намайг заамдаж цамцны захаар хоолой боож байгаад мөргөсөн. Тэгэхэд би ухаан орж гараад байсан. Намайг А толгой түрүүгүй зодоод цохиод байсан. Тэгж байхад нөхөр маань... “чи наад хүнээ битгий алчих, муу боловч хэдэн хүүхдийн маань ээж, миний хань, наад хүн чинь бие муутай хүн шүү” гэж хэлсэн. Тэгэхэд А үгэнд нь орохгүй намайг цохиод нөхөр лүү “чамайг хаа байгаа газарт чинь цохиж ална шүү” гэж орилж, нөхөр лүү маань зүтгээд зодох гээд байсан. Би хүү Аын хамт Атай зууралдаад нөхөр лүүгээ ойртуулаагүй. Тэгж байтал нөхөр гэрээс гараад гүйгээд явчихсан. Би охин Хг “аавынхаа араас дүү нараа дагуулаад гар” гэж хэлсэн. Хүүхдүүд гараад явсан. Гэрт А, Б, хүү А, бид дөрөв үлдсэн. А намайг 2-3 удаа мөргөж ухаан балартуулсан. Тэр хооронд хүү А А руу очиж зууралдахад түүнийг хоолойг цамцны захаар нь боосон. Тэгэхэд нь хүү маань түлхээд Аийг орон дээр дарж унасан. Би тэгэнгүүт нь Аийн хөлийг очиж барьж авсан. Тэгээд бид хоёр босгохгүй санаатай дарж байтал хажуугаас Б хүрч ирээд “бос залуу” гэж хэлээд Аыг татаад холдуулчихсан. Тэгэнгүүт А өндийж босоод миний хоолойг цамцны захаар мушгиж боогоод нүүр лүү мөргөж унагасан. Тэгээд намайг чирээд гэрээс гаргасан. Би Бийг дуудаад энийг аваад салгаад өгөөч гэхэд ирж салгаж өгөөгүй. А гэрийн гадна гараад намайг дарж байсан би Бийг дуудаж байгаад ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд А миний хавирга руу өшиглөж байсан. Би босоод өндийхөд А намайг заамдаж чирээд урагш гэрийн урд талын сай гатлаад Бд аваачсан. Тэр хооронд би газарт унахад чирээд, ухаан алдаж муужрахад сэгсрээд ухаан оруулаад чирч гулдраад яваад байсан. Б гадна ирэхэд нь би гэрийн бүснээс зууралдаад гэрт ороогүй. Тэгтэл Б хүү Б гарч ирээд намайг харчхаад А руу “та наад бэргэнийг тавиач, зодохоо боль, яатал нь зодсон юм бэ?, одоо боль” гэж хэлсэн. Бас Б эхнэр гарч ирээд Аийг аргадаад “гараас чинь цус гарч байна, боолгочих” гэж хэлж байсан. А миний фудволкноос заамдаад барьчихсан байсан тул би фудволкоо тайлж хаяад Ааас салсан. Аийг гэр лүү аваад ороход нь би зугтаад гэр лүүгээ явтал замд харганын дэргэд хүү А газарт ухаан алдчихсан хэвтэж байсан. Би очоод татаж сэгсэрч байтал сэргэж ухаан оронгуутаа урагш Бх рүү гүйгээд явчихсан. Би араас нь очиход А гэрийн гадна зогсож байсан би түүнийг аргадаад “А энэ гэрт байна” гэж хэлээд хүүгээ буцааж авч явсан. Гэрт очиход хүн байгаагүй. Би Аыг “мотоциклоо асаагаад аав, дүү нараа олоод айлд хүргэ” гэж хэлчхээд уул руу явж сүлжээтэй газар орж утсаар багийн эмч, сумын цагдаа руу дуудлага өгөөд Улаангомд байдаг Ц гэх дүү рүүгээ утасдаж болсон явдлыг хэлээд цагдаа руу мэдэгдмээр байна гэж хэлсэн. Би Олон нийтийн цагдаа руу ярьж мэдэгдээд би буцаж яваад Зулаа гэх айл руу очихоор явж байтал урд миний хоёр хүүхэд явж байсан. Би хоёр хүүхдээ орилж дуудсаар З очоод тэднийд хоёр хүүхдээ үлдээгээд Зулаагийн эхнэрийг дагуулж тэднийхээс гар чийдэн аваад гэртээ ирэхэд гэр орон ундуй сундуй болчихсон айраг асгарчихсан, хүн байгаагүй тул айлын хүүхэн айна байх гэж бодоод Зулаагийн эхнэрийг хүргэж өгөөд буцаж гэрийн ар талд байдаг О гэх нөхрийн дүүгийн гэр лүү гэр бүлийнхнийгээ хайгаад очсон. Би тэднийхийг арай гэж олоод очиход О, Б нар миний нөхрийг хайгаад явчихсан байсан. Тэднийд миний хүүхдүүд болох А, Х, бага хүүхдийн хамт байсан. Би тэднийхээс хүү Аыг дагуулаад нөхрийгөө хайгаад явж байгаад ухаан алдаад унасан байсан. Нэг сэрэхэд үүр цайж байсан бөгөөд хүү А хажууд байсан. Би нөхрийгөө хайж сүлжээтэй газар очиж ах дүү нар луугаа утасдаж хэлээд дахин уул руу явж нөхрийгөө хайж байгаад буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Түүний дараа цагдаа нар нөхрийг нас барсан байхыг нь олсон талаар хэлэхэд би нөхрийгөө нас барсан талаар анх мэдсэн юм. ...Би Бтай тэр орой уулзаагүй маргааш нь үүрээр гэгээ ороод нөхрийгөө хайж яваад гэртээ ирээд гэрийн гадна хүүхдүүдтэйгээ байтал Б хүрч ирсэн. Б нүүр ам нь хөхөрчихсөн байна гэж хүүхдүүд хэлж байсан. Би нөхрийгөө хайгаад зодуулсан өвчиндөө тэр мэтийг анзаарах сөхөөгүй байсан. А /Л/ ганцаараа хүү бид хоёрыг зодсон. Мөн Бг мөн А зодсон бололтой байсан. ...А нөхрийг зодох гэж дайрч байхдаа “чи дээр үед миний дүүг авч яваад хүчиндэж жирэмсэн болгож байснаа санаж байна уу” гэж давшлаад байсан. Тэгэхэд нөхөр маань “чи суучих, хоёулаа ярилцъя, чи ер нь юу яриад байна” гэж хэлж байсан. Би ч бас “хаанаас юу сонсчхоод юу яриа байгаа юм” гэж хэлэхэд А уурлаад нөхөр лүү тэр талаар яриад агсамнаад ална гэж орилоод байсан юм. ...Би Бхөөс буцаж явахдаа хүү Аыг олоод аавынх нь араас явуулчхаад сүлжээтэй газар хайж арын толгой дээр гарч байтал А манай эзэнгүй гэрт ирээд ална гэж орилж хашхираад түмпэн шанага юм хангинуулж байснаа тас тас хийлгээд гэрийн гадна юм хагалах чимээ гарсан. Тэгэхэд харанхуй байсан тул би хараагүй боловч А манай машины шилийг хагалж байна гэж мэдсэн. ...Бидний хооронд урьд өмнө нь хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Лгийн талбайн дээд талд манай талбай байдаг тул тариа будаагаа ч хамт тарьж усалдаг байсан. Нөхрийг маань урьд өмнө нь маргаж, зодолдож, дарамталж байгаагүй. Харин ч А над руу согтсон үедээ чи нөхрийгөө дарамталдаг гэж хэлдэг байсан. Ядамсүрэнг их өмөөрдөг байсан юм. Миний нөхөр аймхай чанга дуугарсан хүнээс айгаад байдаг, хүнтэй маргалдаад байдаггүй, үг дуу цөөтэй, даруу ноомой, архи дарс уудаггүй хүн байсан юм. Бид хоёр хааяа ахуйн маргаан гаргаж маргалдсан ч гэсэн гар нь чичирч байдаг зөөлөн хүн байсан юм. ...Тухайн үед манай машины урд болон баруун хаалганы шилийг хагалсан байсан. Гал тогооны шүүгээний татуурга татаж унагаад 2 шаазан аяга хагалсан байсан. Хавтгай лед гэрэл хугалаад шидчихсэн байсан. Аяга 1500 төгрөгөөр худалдаж авсан 2 жил болж байгаа. Лед гэрэл 3 жил болж байгаа хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй. Машины шил нь машин худалдан авахад өөрт нь ирсэн юм. Миний хувьд хоёр нүд хавдаж хөхөрсөн, хамар хугарсан бололтой хөндүүрлэж өвдөж байна. Уруул дээд доод хэсэгт дотор талд язралттай, толгойны хуйх, зүүн, баруун чамархай орчмоор хөндүүрлэж өвдөж байгаа ба овойж хавдсан байна. Хүзүүний урд талд хоолойн хэсгээр хөхөрсөн байна. 2 гарын булчин бугалга хэсгүүд хөхөрсөн, баруун хавирга хөхний дээд хэсгээр хөндүүрлэж өвдөж байна. Зүүн гуяны дотор хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбээр хөхөрсөн, зүүн өвдөг үеэр болон тахим хэсгээр хөндүүрлэж өвдөөд гишгиж болохгүй байна. Толгой дүүрээд манарч өвдөөд хоёр гар салганаж чичрээд толгой эргээд өвдөөд байна. Би хоолой өвддөг астма өвчинтэй, өнгөрсөн жил цөсөө авхуулсан. Өөр гэмтэл бэртэл байгаагүй юм. Хань нөхрийгөө алдсан, хүү болон өөрийгөө зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон, эд зүйл устгаж, гэмтээсэн зэрэгт гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31-р хуудас/,
-Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Би 3 охин дүүтэй бөгөөд гурвуулаа манайд ирж очоод, хонож өнжөөд явдаг байсан. Тухайн үед тэднийг нөхөр маань хүчиндэж жирэмсэн болгосон зүйл байхгүй. Хэрэв тийм зүйл болсон бол бид мэдэх байсан. Энэ талаар урьд өмнө нь огт яригдаж байгаагүй. А буюу Л ч энэ талаар бидэнд ярьж агсам тавьж, хэл ам, хэрүүл маргаан, зодоон гаргаж байгаагүй юм. Тухайн үед А согтуудаа агсам тавьж байхад энэ талаар хэлсэн. Би юу яриад байгааг нь ойлгоогүй. А нь миний төрсөн дүү тул би Аийг загначихдаг. А нь миний өмнөөс хэрэлдчихээд байдаг юм. Гэхдээ төрсөн эгч дүүс тул юм бодоод байдаггүй, хааяа маргалдах зүйл гардаг л байсан. Харин миний нөхөр Атай маргалдаж зодолдож байсан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар миний нөхрийг дарамтлаж байгаагүй. Миний нөхөр нас барсан шалтгаан нь А /Л/ ирж агсам согтуу тавьснаас болсон гэж үзэж байна. Мөн би А /Л/-д зодуулж эрүүл мэндээрээ хохирсон, одоог хүртэл айдас түгшүүр арилахгүй байна. Одоо хүртэл А нь ирж уулзаагүй. Эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон. Оршуулгын зардал, засал ном, лам хуварга, Улаангомд удаа дараа ирж эмчид үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн, буцаж явсан замын зардал мөнгийг тооцож байгаад нэхэмжлэх болно. Миний хань архи уудаггүй, агсам согтуу тавьдаггүй даруу төлөв зантай хүн байсан. Сэтгэл санаагаар маш их унаж байна. Үр хүүхдүүд хүртэл айдас түгшүүртэй байгаа, шөнө оройд гэрээс гарч явж чадахгүй болчихсон. Лд гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,
-Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Лгийн зүгээс хохирол барагдуулах зорилгоор 1 сая төгрөгийг том хүү Батчулууны данс руу шилжүүлсэн. Мөн Тариалан сумын 6-р багийн нутаг Хар толгойд байрлалтай 4.7 га хадлангийн талбайн газрыг өгөхөөр ярьж тохирсон. Л нь цаашид бидэнд дэм тус болж явахаа илэрхийлсэн. Бидний амьдралд тус дэм болж явна гэдэгт дүүдээ итгэж байгаа. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-р хуудас/,
6. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Бид хамт яваад “Дунд тэнүүг”-т очоод эхлээд талийгаач Ядамсүрэнгийн гэрт очсон. Тэднийд хүүхдүүд нь байсан бөгөөд эцэг эх нь байгаагүй. Бид гэрт ороод баруун талд Б бид хоёр суугаад А зүүн талд очоод хүүхдүүдийг дуудаад “усалгаа хий гэж хэлээд байхад яагаад ирдэггүй юм” гэж хэлээд Далдаа /А/ гэх хүүхдийг алгадаад цээж рүү нь цохиод газарт унагаасан. Б бид хоёр “боль, зүгээр ам хэлээрээ хэлчхэж болдоггүй юм уу” гэж хэлж загнасан. А тэр хүүхдэд аашлаад “цай унд хурдан хий, архи гаргаж ир” гэж загнасан. Далдаа авдраасаа тал архи гаргаж ирэхэд нь А “хүнд хэзээ тал архи өгч байсан юм, бүтэн архи ууна” гэж хэлээд загнаад бүтэн архи гаргуулж ирээд А өөрөө сөн түшиж бид нар тал хүртэл нь уусан. Тэгээд Б талбайн ажилтай гэж хэлж байсан тул би яаруулаад явахаар болоход А ууж байсан тал шил архийг аваад машинд суусан. Тэндээсээ шууд З очсон. Очиход Зулаа байгаагүй хүлээж байтал мотоциклтой ирсэн. Тэднийд цай унд хоол идээд би ойр зуурын чихэр боов, боорцог, 0.75 литрийн архи авч очсоноо Зулаагийн эхнэрт өгсөн. А тал шил архиа тэднийд авч орж хувааж ууж дуусгасан. Зулаа миний өгсөн архийг задалж бид нар хувааж ууж дуусгасан. Тэр үед А тэр архийг уугаад согтчихсон бөгөөд хүн болгонд үг хаяад маргаан үүсгэж агсам тавих гээд байсан. Бид мал ирэхийг хүлээж байгаад мал ирэхэд нь малаа бариад 1 хонь аваад машин дээрээ ачаад буцсан. ...Тэгээд бид хойшоо эргээд буцах замд А дахин талийгаачийн гэрт ороод 1 шил архи авч гарч ирсэн. Б бид хоёр дахин очихдоо гэр лүү ороогүй. А ганцаараа орсон. Бид нар хойшоо Хар толгой руу явж байтал замд Ядамсүрэнгийн машин тааралдсан. Бид зогсохгүй өнгөрөөд явж байтал А тэднийг харчхаад тэднийд дахин очно, хүүхдүүдээ явуулж ажил хийлгэхгүй байна өөрсдөд нь хэлнэ гэж хэлээд жолоо булаалдаад хажуугаас гар луу цохиод, тохойлдоод байсан. Бид зогсоод машинаас буугаад хартал тэвшин дээр байсан хонь машинаас үсэрч буугаад гэрээ чиглээд явж байсан. А жолоо булаалдаж байхад мал унасан байх гэж бодсон. Бид нар Аийн үгэнд орж буцаж яваад Ядамсүрэнгийн гадна очсон. А машинаас буугаад хашгирч орилоод гэрээс хойш Далдаа /А/-г гүйж явахад нь араас нь чулуу шүүрч аваад шидэх гэхэд нь би очиж болиултал А миний хоёр нүдний дунд цохиод газарт унахад дээрээс өшиглөөд дэвсээд дарж байгаад нүүр нүдгүй гараараа цохисон. Би өндийж чадахгүй зодуулж байгаад “Аийг болиоч залуу” гэж аргадаж байж салж аваад нуугдаж жалга дагаж гүйж холдсон. Б Аийг аваад гэр лүү орчихсон. Би хадны ёроолд суугаад нүүр амныхаа цусыг тогтоож аваад харанхуй болчихсон юу ч харагдахгүй байсан, мөн хоёр нүд хавдаж цээж хөндүүрлэж өвдөөд хөдөлж чадахгүй айл бараадах гэтэл хаашаа явахаа мэдэхгүй болчихсон явж чадахгүй байсан тул хадны ёроолд хоносон. Дөнгөж үүр хаяараад ойр орчмын зүйл харагдаж эхлэхэд нь нэг толгойн орой дээр гараад харахад урд талд талийгаачийн гэр байсан тул очиход талийгаачийн эхнэр /Бат-Орших/, Артаг /О/, Далдаа /А/ нар байсан. Бат-Орших хэлэхдээ А ирээд хамаг гэр орон тарааж хаяад намайг хүүхэдтэй маань бүтэн зодлоо, айраг цагаа асгаад хаячихлаа гэж хэлж байсан. ...Эхлээд миний 2 нүдний дунд цохиж унагаад, унасан хойно дарж байгаад толгойн зүүн хэсэгт шанаа орчмоор гараараа 3 удаа цохисон, босож өндийх гэтэл цээж рүү дэвсээд хавирга руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгж байтал Б салгасан. Би тэдний гэрт огт ороогүй. Сонсож байхад гэрт хүмүүс орилж хашгирлаад байсан. А тэдэнд агсам тавьж байгаа бололтой байсан. Өглөө нь очиход Бат-Оршихын нүд хавдчихсан толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Уг үйлдлийн улмаас миний хамар хугарсан, цээж хөндүүрлэж өвдөөд байгаа хүнд зүйл өргөж чадахгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
7. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ...Зулаагийн гэр лүү явж байтал А замдаа “хүргэн ах Ядамсүрэнгийнхээр ороод гаръя” гээд байхаар нь тэр айлд очсон. Тэдний гэрт очиход Ядамсүрэн эхнэртэйгээ байхгүй, 2 хүүхэд нь байсан. Уг 2 хүүхдийн нэрийг би мэддэггүй ба биднийг очиход гэрийнхээ гадна байсан. Тэгтэл А 2 хүүхдийн том хүүд нь “мэнд устай бай, сэргэлэн бай, чи яагаад дуугарч ядаад байгаа юм” гэж хэлээд гараараа цээж рүү нь 1 удаа цохитол хүү газар унасан. Хүүг газар унасан чинь А дахиж цохиогүй. Тэгэхээр нь Б бид 2 Аид “хүүхэд битгий цохиод бай” гэж хэлээд бид нар бүгдээрээ гэр лүү орсон. Гэрт ортол А том хүүд “архи гаргаад ир” гэсэн чинь хүү авдраас тал шил архи гаргаж ирсэн чинь А “хагас шил архи уухгүй, бүтэн архи гаргаж ир” гэсэн чинь нөгөө хүү авдраас дахин бүтэн 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй 1 шил архи гаргаж ирээд аяганд хийж бид нарт өгсөн. Бид уг архийг тал хүртэл нь хийлгэж ууж байгаад уухаа болиод тал архиа аваад Зулаагийн гэр лүү явсан. ...Бид нар архиа ууж дуусгаад гэрээс гараад малаас 1 хонь бариад машинд ачсан. Тэгээд машиндаа суугаад явсан чинь А “Баянмөнх гэх айлынд очоод явъя” гэхээр нь би “хэрэггүй шууд явъя гэсэн” чинь А “Бд очоод явъя” гээд ард талд байгаа Ядамсүрэнгийнд бас ороод гаръя” гээд зүтгээд байхаар нь Ядамсүрэнгийн гэрийн урд байх Б гэрт түрүүлж очсон. ...Тэгээд бид 3 машинд суугаад хойш нь эргээд явж байтал ард хонь байхгүй юм шиг мэдрэгдэхээр нь зогсоод харсан чинь хонь байхгүй, уначихсан байсан. Тэгсэн А “миний нүдний шил бас алга” гэж хэлээд Бд “чи миний нүдний шилийг унагаачихсан байна, буцаж явж очиж олж өг” гэж хэлснээс болоод тэр 2 маргалдаад эхэлсэн. Бид 3 буцаж машиндаа суугаад хонь, нүдний шилээ хайгаад Ядамсүрэнгийн гэрт очсон. Ингэж очих замд А Бг цохиод байсан. Б нь Ааар цохиулаад хариу цохихгүй яваад байсан. Гэрийн гадна очоод машинаас буутал А Бг газар унагаж байгаад дээрээс нь цохиод эхлэхээр нь би тэр хоёрыг очиж салгаж холдуулсан. Б Ааар цохиулснаасаа болоод зугтаах гээд байхаар нь би Бд “чи зам руу орж бай, араас чинь машин аваад очъё” гэж хэлээд явуулсан. Гэр лүү А түрүүлж ганцаараа орчихсон байсан. Ядамсүрэн эхнэртэйгээ ирчихсэн байсан юм байна лээ. Араас нь удалгүй би бас гэр лүү орсон. А орсон даруйд л шууд хэрэлдээд эхэлсэн. Араас нь ороход тэд машины мотор эвдсэн асуудлын талаар ярьж хоорондоо хэрэлдэж муудалцаж байсан. Хэрүүл маргаан болж байтал А уурлаад Ядамсүрэнг цохих гээд дайртал дундуур нь Ядамсүрэнгийн эхнэр нь ороод Аийг бариа А ч зөрүүлээд Ядамсүрэнгийн эхнэрийг бас бариад авсан. Тэр 2-ын хажууд Ядамсүрэнгийн хүү, охин 2 Аийг барьж аваад орон дээр дараад унасан. ...Тэр үед Ядамсүрэн тамхи татах гээд ороогоод сууж байтал А тэр хүнд “Баянмөнхөд юу хэлээд яваад байгаа юм, чамайг ална шүү” гэж хэлсэн чинь Ядамсүрэн “би чамд үхээд өгье” гэж хэлээд шууд гэрээс гараад явсан. Ядамсүрэнгийн араас хүүхдүүд нь бас гараад явсан. Би бас гэрээс гарсан. Гэрт А Ядамсүрэнгийн эхнэртэй үлдсэн чинь цохиод байх шиг болохоор нь буцаад гэр лүү ороод харсан чинь А тэр хүний нүүр лүү гараараа цохиод, алгадаад байсан. Бас өшиглөж байсан. Би тэр хоёрын дундуур ороод холдуулж салгах гэсэн чинь А намайг “байж бай, байж бай, би Баянмөнхтэй нүүрэлдэнэ” гэж хэлээд тэр эмэгтэйг чирээд урагш аваад явсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг зууралдсан чигт нь явуулсан. Би машинаа асааж аваад Бгийн араас явсан чинь ойролцоо газраар яваад олдохгүй болохоор нь би малын гэр лүүгээ шууд явсан. Үүнээс хойш тэнд юу болсныг мэдээгүй. ...Тухайн үед тэд нарын хэрүүлийн гол сэдэв нь машины мотор байсан боловч А моторын ярианы дундуур цухасхан Ядамсүрэнд “чи миний 15 настай дүүг жирэмсэн болгосон, хэн бэ чи” гэсэн зүйл хальт хэлээд өнгөрсөн. Ядамсүрэн үүнийг сонсоод “би яаж мэддэг юм” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Тэд нар дахиж энэ талаар хэлээгүй тул ямар ч учиртай хүүхэд жирэмсэн болгосныг нь сайн ойлгоогүй. Үүнээс өөр зүйлийн талаар яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/,
8. Гэрч Я.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би тус аймгийн Тариалан сумын нутагт Дунд Тэнүүг гэх газарт гэртээ хоёр дүүгийн хамтаар байхад манайд нагац ах А буюу Л нь хажуудаа Б, Б гэх хүмүүсийн хамтаар Бийн портер загварын автомашинтай манай гэрт ирсэн. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тэд нартай хамт Бийн бага насны хүүхэд дагаад явж байсан. А буюу Л ах надад “архи гаргаад ир, уумаар байна” гэхээр нь би “архи байхгүй” гэхэд “байдаг, гаргаад ир” гээд А миний зүүн хацар луу алгадаад миний хөл рүү өшиглөөд унагасан. Тэгэхээр нь би А ахаас айгаад гэрийн хойморт байх жижиг авдраас 0.5 литрийн “Ерөөл” нэртэй 1 шил архийг гаргаж өгсөн. Тухайн архийг тэд нар уугаад тухайн архины тал нь үлдчихсэн байхад аваад гараад айлд очиж уухаар явсан. Түүний дараагаар орой ойролцоогоор 21 цагийн үед байх... гэрийн баруун талын хэсэгт автомашинтайгаа ирж зогсоод А Б нар хоорондоо зодолдоод А Б гэгчийг цохиод гэрт орж ирээд манай төрсөн аав Я архи нэхсэн. Тэгтэл аав “чи архи аваад уучихсан байна шүү дээ, одоо архи байхгүй” гэхэд А буюу Л ах “байлгаад гаргаад ир” гэж хэлсэн. Тэр үед манай төрсөн ээж Бат-Орших “сая чи байсан архийг гаргаад уучихсан байна шүү дээ” гэхэд А ах ээжийг хоймор хэсэгт зогсож байхад түлхээд гараараа цохиж эхэлсэн. Тэгэхэд ээж Бат-Орших тэр “Бийг дагуулаад ир” гээд А ахыг түлхэхэд гараад явчихсан. Түүний дараагаар А гэрээс гараад Бийг дагуулж орж ирсэн ба Б гэгч нь байхгүй байна гэж хэлсэн. Төрсөн аав Ядамсүрэн тэд нарт хандаад “яагаад архи уугаад агсам тавиад яваад байгаа юм бэ?” гэхэд А “уулгүй яадаг юм пизда минь, архиа гаргаад ир” гэж хэлсэн. Аав хариу хэлээгүй, А ах аавыг цохих гээд далайхад ээж А ахыг бариад авсан. Тэр үед аав гэрээс гараад явсан. Ээж тэр үед аавд хандаж “ахынд очоод байж бай” гэж хэлсэн. ...Би Аийг бариад авахад намайг малгайнаас татаж ирээд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, миний цамцнаас татаад хоолой боохоор нь би Аийн нүүр лүү нь гараараа түлхээд цамцныхаа малгайг татаад авахад ээж Аийг хоёр гараас нь барихад А намайг тавьчихсан. Би аавын араас тэр үед гарахад аав байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Би эргээд харахад А ах ээжийг цохиод гэрээс гараад ирсэн, ээжийг гэрийн зүүн талын хэсэгт зогсоосон байсан машины хажуугаар оруулаад цохисон, ээжийг дарж байгаад цохиод унагасан, унсаны дараа ээжийг цохисон, мөргөсөн. Тэр Б гэгч нь хажууд нь хараад зогсоод байсан. Ээж намайг “урагшаа яваад урд талын айлын Бийг дуудаад ир” гэж хэлсэн ба би манай гэрийн урд байрлах Баянмөнх ахын гэрт ороод Б ахыг “таныг ээж дуудаж байна” гэж хэлчхээд буцаад явж байхад А ах ээжийг цохиж хөөгөөд Баянмөнх ахын гэр лүү явж байх шиг байсан. Харанхуй байсан учраас надад харагдахгүй байна. Би гэртээ очиход манай дүү Х, дүү Лхагва-Очир нар нь гэрт байхгүй байхаар нь би мотоциклоо унаад хоёр дүүгийнхээ араас явсан. Би хоёр дүүгээ аваад аавыг хайгаад явж байхад манай гэрт А ахын дуу гарсан бөгөөд тогооны чимээ гараад, эд зүйл хагарч байгаа чимээ гарсан, удалгүй машины шил хагарч байгаа дуу гарсан. А ах ирэхээс өмнө ээж гэрийн хажуугаар ирээд шууд хойшоо яваад аавыг хайгаад явсан. Би хоёр дүүтэйгээ хамт авга ах Оын гэрт очоод байж байхад Б ах гүйгээд О ахын гэрт ирсэн. Юу болсон талаар асуухад Б ах мотоциклоор А ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Би Б ахаас аавыг асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Ээж бид хоёр үлдээгээд дээшээ гүйгээд уул толгодоор аавыг хайгаад олдоогүй, буцаж бид нар О ахын гэрт очоод охин дүү Хг аваад гэрт хүргэчхээд буцаж яваад би О ахыг гэрт авчирсан. Би хоёр дүүгээ аваад ирэхэд манай гэрийн гадаа цагдаа нар машинтай ирсэн бөгөөд би гэрийн гадаа очиход ээж гэрт байхгүй, толгой дээр аавыг хайгаад явж байсан. Цагдаа нар ирсний дараа ээж гүйж ирээд удалгүй Баянмөнх ахын гэрээс О ах гүйж ирээд араас нь Баянмөнх ах мотоциклтой ирээд Цагдаагийн ажилтнууд явган хайгаад гэрээс дээш яваад дээд талын толгой руу гараад аавыг олсон байсан. ...А аавын нүүр лүү гараараа нэг удаа цохих гэхэд аавын куртикийн баруун талын мөрийн хэсгийг шүргээд А ахыг ээж бариад авчихсан. Аавыг цохисон зодсон зүйл байхгүй. Манай аав, ээж хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Яагаад амиа хорлох үйлдэл хийсэн талаар би мэдэхгүй байна. ...Манай ээжийг А ах нүүр, цээжний хэсэг рүү гараараа цохиод байсан би хичээн удаа цохисон талаар мэдэхгүй байна. А ах ээжийн нүүр нүд рүү, гэдэсний хэсэг рүү нь цохисон байсан. Нүд нь хавдчихсан, гэдэсний хэсэгт байрлах апресс /хагалгааны шарх/ өвдөөд байна гэж хэлж байсан. Мөн хамраас нь цус гараад байгаа гэсэн. Намайг хоолой боогоод миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Өдөр нь архи нэхээд хацар луу алгадаад хөл рүү нэг удаа өшиглөөд унагасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46-р хуудас/,
-Гэрч Я.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “Л урьд өмнө нь манайд ирж агсам согтуу тавьж байгаагүй. 13-14 хоногийн өмнө Л манайд ирж манай машиныг авч явахаар гуйхад ээж түүнд дугуй нь муудчихсан хийгүй гэж хэлсэн. Тэгэхэд Л машинаа харамлаад байгаа юм уу гэж хэлчхээд явсан. Тэр үед аав байгаагүй. Сүртэй хэрүүл маргаан гараагүй. Түүнээс хойш 2-3 удаа манайд ирсэн тэгэхэд ямар нэгэн хэрүүл маргаангүй хэвийн юм ярьж байсан. Л нь аавыг хүндэлж харьцдаг, аав маань үг дуу цөөнтэй, төлөв томоотой хүн учир аавд сайн ханддаг байсан. Ямар нэгэн байдлаар зодож, дарамталж, хэл амаар доромжилж байгаагүй. Сүүлд ирэхдээ Л архи уучихсан согтуу ирсэн бөгөөд ээж болон намайг зодоод байсан. Аавыг зодох гэж дайрахад нь ээж бид хоёр дундуур нь орж салгахад ээжийг зодсон намайг ч бас зодсон юм. Тэр үед аавыг ална гэж хэлж байсан. Урьд өмнө нь аавыг заналхийлж ална гэж хэлж байгаагүй. Л ер нь архи уучихаараа хүнтэй хэрүүл, маргаан гаргаад агсам тавиад байдаг боловч аав түүнд “боль” гэж хориглох үед үгэнд нь ороод больчихдог байсан. ...Тэр орой буюу хэрэг гардаг орой Л маргалдаж байхдаа аавыг чи хүмүүст намайг муу мотор тавьж өглөө гэж хэлээд муулаад явж байна гэсэн гэж хэлж байсан. Л согтуу өөрийгөө хянах чадваргүй шал согтуу, гуйвж дайваад явж байсан. Ээж цохиогүй зууралдаад зодуулаад байсан. Аав маань хэн нэгэн түүнийг дарамталж заналхийлсэн, доромжилсон, сэтгэл санааны дарамтад байгаа талаар хэлж байгаагүй. Амиа хорлох оролдлого урьд өмнө гаргаж байгаагүй. Амиа хорлоно гэж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 хуудас/,
9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “1. Үзүүлэгч Д.Бын биед гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад, баруун шуу, зүүн бугалга, аюулхай, хэвлийн баруун хэсэгт, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний орчим, шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, арьсан доор хий хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, арьсан доор хий хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 245 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-125-р хуудас/,
10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “ 1. Үзүүлэгч Ц.Бын биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний эргэн тойронд, шанаа, хацар, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун, зүүн нүдний орчим, шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, баруун, зүүн мөрний үений урд хэсэгт, бугалга, баруун шуу, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, дээд, доод уруулын салст, хэлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний эргэн тойронд, шанаа, хацар, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун, зүүн нүдний орчим, шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 247 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн139-141-р хуудас/,
11. Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Увс аймгийн Тариалан суманд 2021 оны 6 дугаар сарын байдлаар эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 201,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 168 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 174-р хуудас/,
12. Шүүгдэгч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар надад маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-218-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Л нь Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн нутаг Дунд тэнүүг гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 12-ны шөнө хохирогч Ц.Б, Д.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Л нь хохирогч Ц.Б, Д.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул улсын яллагчаас шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирчээ.
Шүүгдэгч Ц.Л нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Улсын яллагч яллах дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.Л нь амь хохирогч Ч.Яг эд хөрөнгө, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинжгүй, түүнчлэн Ц.Л нь согтуугаар амь хохирогч Ч.Ягийн эзэмшлийн 13-95 УВХ улсын дугаартай Хьюндай Портер загварын автомашины урд болон баруун хаалганы салхины шил, гэрт байсан 2 ширхэг шаазан аяга, лед гэрэл 1 ширхгийг тус тус хагалсан байх боловч тухайн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 168 дугаартай дүгнэлтээр ...нийт 201,000 төгрөгийн хохирол буюу “бага хэмжээний” хохирол учруулсан болох нь тогтоогдож энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч Ц.Лгийн шууд үйлдлийн улмаас амь хохирогч Ч.Я нь амиа хорлоогүй /эд хөрөнгө, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргээгүй/ байх бөгөөд энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Тодруулбал шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн эд хөрөнгө нь 201,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шинжээчийн 168 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 174-р хуудас/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд /2021 оны 6 сарын 12-ны өдөр үйлдэгдсэн/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн боловч шүүгдэгч Ц.Л нь Монгол Улсын Их хурлаас 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан болох нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 235-246-р хуудас/-оор нотлогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн хохирол гомдлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогч нарын гаргасан мэдүүлгүүдээр /1-р хх-ийн 52-53, 38-39, 35-р хуудас/ нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай тодорхойлолт, мөн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 106 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 230-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байсан байна.
Шүүхийн хуралдаанд улсын яллагч үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас шууд бус шалтгаант холбоотойгоор хүний амь нас эрсэдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Лд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч Ц.Л нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг арилгасан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс санал болгосон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.
Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Цын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН