Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00092/И |
Дугаар | 130/ШШ2017/00216 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00216
2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 130/ШШ2017/00216 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, утас ********, РД:БЮ********** Ш овогт М ын Б ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өл сумын * дугаар багт оршин суух, утас ********, РД:ЦГ********** Х овогт Ж ы Ет холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , хариуцагчийн өмгөөлөгч К.Е, гэрч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үлдэгдэл үнэ 3900000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Е нь 2015 онд надаас барилгын материал болох труба, цемент, угольник, шүрүүф, дээврийн төмөр гэх мэт нийт 10540000 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнээс Ж.Е нь 6640000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 3900000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй байна. Уг нь иргэн Ж.Е нь энэхүү барилгын үлдэгдэл үнийг төлөх боломжтой хүн. Гэвч барилгын материалын үнийг одоо хүртэл төлж өгөхгүй байгаа тул иргэн Ж.Е ээс нийт 3900000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Ж.Е бид хоёр хөрш суудаг юм. Ж.Е нь орон сууц барьсан. Энэ орон сууцаа барихдаа би бүх зүйлд нь тусалсан. Хятад руу авч очоод бүх материалыг авч өгөөд тусалж байсан. Мөн сайн дураараа надаас хэрэгтэй зүйлээ заримдаа зээлээр, заримдаа мөнгийг нь өгөөд явж байсан. Хамгийн сүүлд нийт тооцоог нь харахад зөрүү 3,9 сая төгрөгийг чамд өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд бас миний зарсан машины мөнгийг өгөхгүй бол энэ мөнгийг өгөхгүй гэж машиныхаа дугаарыг барьцаалсан. Би тэр хүний машиныг худалдаж аваад өөрийнхөө нэрэн дээр буулгаад дахиад өөр хүнд зарсан байсан. Гэтэл Ж.Е нь энэ машины дугаарыг авч өг, тэгэхгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Одоо бол үлдсэн 3,9 сая төгрөг болохоор Ж.Е ийн надаас авсан бараа болон надад өгсөн мөнгөний зөрүү байгаа юм. Нотлох баримт гэхээр тэмдэглэлийн дэвтэр дээр Ж.Е ийн бараа авч байсан жагсаалт байна, өөрийнх нь зурсан гарын үсэг нь байна. Дэвтрийн 2,3 нүүрэн дээр авсан бараануудыг нийлүүлээд авсан маань үнэн гээд гарын үсгээ зурсан байгаа гэв.
Хариуцагч Ж.Е шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэгч М.Б нь надаас барилгын материалын үлдэгдэл болох 3900000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж өөрийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Гэтэл миний бие Өлгий сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн орон сууц бариулсан бөгөөд зөвхөн Б гэлтгүй таних танихгүй олон хүнээс барилгад хэрэгцээтэй материалаа авдаг юм. Зарим нэг ойр зуурын барилгын материалыг манай ажилчид намайг эзгүй үед зээлээр авах тохиолдол гардаг байсан боловч миний бие сарын эцэст зээлээр авсан газруудад очин тооцоо нийлэн төлбөрийг цаг тухайд нь барагдуулдаг байсан. М.Б тай мөн энэхүү зарчмаар хамтран ажиллан цаг тухайд тооцоо нийлэн бүх тооцоог хийж дуусгасаар ирсэн. Харин М.Б ы шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд түүний өөрийнх нь хувийн тэмдэглэл бөгөөд энэхүү нотлох баримтад хариуцагч Ж.Е би түүнээс зээлээр ямар нэг материал хүлээж авч зээлээр олгосон гэх барааны үнийг төлж өгөхөөр ямар ч гарын үсэг зурж, баримт өгөөгүй бөгөөд хүний хувийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж болохгүй гэж үзнэ. Харин миний зүгээс өөрийн баримтаа нягтлан шалгасны үндсэнд М.Б тай холбоотой тооцоог дахин шалгаж үзэхэд миний хувийн тэмдэглэл болон бусад баримтаар түүнтэй холбоотой тооцооноос 297000 төгрөгтэй холбоотой миний хувийн тэмдэглэлийн бичилт болон нотлох баримт гараагүй болно. Иймд миний зүгээс энэхүү эргэлзээтэй байгаа 297000 төгрөгийг М.Б тай хамтран ажиллаж байсан байдлыг харгалзан үзэж хүнлэг сэтгэл гарган төлж өгөхөөр зөвшөөрч байгаа болно. Иймд М.Б ы нэхэмжилсэн 3900000 төгрөгийн 297000 төгрөгийг сайн дураар төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байгаа ба 3900000 төгрөгийн үлдсэн хэсэг болох 3603000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Е ийн өмгөөлөгч К.Е шүүх хуралдаанд тайлбарлахад: Шүүх хуралдааны явцад тайлбарт дурдсанчлан эвлэрээд 297000 төгрөгийг төлж өгнө. Эс тэгвээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасан. Нэгэнт нэхэмжлэгч 297000 төгрөгт эвлэрэх боломжгүй гэсэн тул нэхэмжлэгч М.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Б ы нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ж.Е т худалдсан барилгын материалын үнээс 3900000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж тайлбарлан, мөн нотлох баримтаар өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичсэн тооцоог гарган өгсөн боловч энэ тэмдэглэлийн дэвтэр нь хууль ёсны нотлох баримтын шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Ж.Е барилгын материалыг нэхэмжлэгч М.Б аас худалдан авч байснаа үгүйсгээгүй бөгөөд түүнтэй 297000 төгрөгийн тооцоотой гэж шүүхэд бичгээр гаргасан тайлбарт тусгасан байна. Мөн гэрч Х.Мы мэдүүлгээр хариуцагч Ж.Е нь нэхэмжлэгч М.Б аас барилгын материал худалдан авч байсныг давхар нотолж байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан шаардлага худалдах худалдан авах гэрээнд тавигдаагүй учир нэхэмжлэгч Х.Б , хариуцагч Ж.Е нарын хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь хувийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч Ж.Е ийн бараа авч байсан жагсаалт, мөн Ж.Е нь дэвтрийн 2,3 нүүрэн дээр авсан бараануудыг нийлүүлээд авсан маань үнэн гээд гарын үсгээ зурсан гэх боловч Ж.Е нь хэзээ, ямар төрлийн барааг хэдэн төгрөгөөр үнэлж авч байсан, барааны тоо ширхэг зэргийг нэг бүрчлэн бичээгүй тодорхойгүй байна.
Хариуцагч Ж.Е нь өөрийн баримтаа нягтлан шалгасны үндсэнд М.Б тай холбоотой тооцоог дахин шалгаж үзэхэд хувийн тэмдэглэл болон бусад баримтаар түүнтэй холбоотой тооцооноос 297000 төгрөг эргэлзээтэй төлөгдөөгүй үлдсэн учир төлж өгнө гэсэн боловч эдгээр тооцоог нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны нотлох баримтуудаар нотолж чадаагүй, мөн хариуцагч Ж.Е нь барилгын материалыг нэхэмжлэгч Х.Б аас худалдан авч байсан нь тогтоогдож байгаа ба мөнгийг бүрэн төлсөн гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй, үлдэгдэл эргэлзээтэй тооцоо байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага барилгын материалын үнэ 3900000 төгрөгийн тал хувийг буюу 1950000 төгрөгийг хариуцагч Ж.Е ээс гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46150 төгрөгийг хариуцагч Ж.Е ээс гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:ЦГ********** Х овогт Ж ы Еээс 1950000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:БЮ********** Ш овогт М ын Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч М.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Е ээс 46150 /дөчин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК