| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/167 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Э.Улаанхүү,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,
Шүүгдэгч М.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Даваадоржид холбогдох эрүүгийн 2115000590122 дугаартай, 163/2021/0156/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дудэл овогт Мөнхбаатарын Даваадорж /РД: .................../, 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээчин мэргэжилтэй, ................................... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн ........... сумын ......... дугаар багийн Ухаарлын .................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Даваадоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Даваадорж өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 3 дугаар сарны 01-ний өдөр ажлаа тараад гэрлүүгээ харьж явтал Улаанхүү над руу залгасан. Тэгээд Отгоогийн ах нь нас барсан гэж байна хүрээд ир гэсэн. Би гэртээ хариад хоолоо идээд байж байтал Улаанхүү залгаад Мөнхцэцэг ирнэ гэж байна хамт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Мөнхцэцэгийн гэрийг заалгаад хамт очсон. Бид хоёрыг очих үед Отгоо, Саранцэцэг, Өсөхөө, Улаанхүү нар байсан. Тэгээд бид хэд юм ярингаа пиво уусан. Сараа пиво дуусчихлаа гэхээр нь би Отгонбаатарт ганц нэг пиво авч өгье гэсэн. Тэгээд Өсөхөө бензингүй болчихлоо гээд бензинд явсан. Өсөхөөтэй хамт Отгонбаатар, Саранцэцэг хоёр явсан. Улаанхүү, Мөнхцэцэг бид гурав миний машинд үлдсэн пивоо хувааж уугаад сууж байсан. Тэгээд би машинаараа дрифт хийсэн. Гэтэл юм мөргөх шиг болохоор нь гараад харсан чинь Улаанхүү газар хэвтэж байсан. Би Улаанхүүг машинд чирж суулгаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очоод түргэний өрөө рүү оруулж өгөөд байж байхад хоёр цагдаа ирээд Мөнхцэцэг бид хоёрыг цагдаа руу авч явсан. Би Улаанхүүгийн гэрийнхэнд болон Улаанхүүд уучлаарай гэж хэлмээр байна. Энэ үйлдэл санаатай биш санамсаргүй болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Улаанхүү өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 3 дугаар сарын 01-ний орой Отгонбаатар, Сараа, Мөнхцэцэг, М.Даваадорж бид 5 уулзсан. Тэгээд пиво уугаад юм ярьж суусан. Гэтэл ууж байсан пиво дуусаад нэмж пивонд явсан. Пиво авахаар Сараа, Отгонбаатар, Өсөхөө бид дөрөв явсан. Тэгээд 2 пиво уугаад нэг нь талдаа орсон байсан. Тэр үед Өсөхөө бензин дуусч байна бинзенд явъя гэж хэлсэн. Өсөхөө, Сараа, Отгонбаатар гурав бензинд явсан. Харин М.Даваадорж, Мөнхцэцэг бид гурав үлдсэн ба тал пивоо уугаад М.Даваадоржийн машинд сууж байсан. Би машины ард талын суудал дээр сууж байсан. Тэгээд би тамхи татах гээд машинаас буусан. Гэнэт машин хөдлөөд намайг урдаас мөргөсөн. Тэр үед машины кабины гэрэл асаалттай байсан ба М.Даваадорж, Мөнхцэцэг хоёр инээж байгаа нь харагдаж байсан. Тэгээд би хойшоо савж унасан. Би уг явдалд гомдолтой байна, уг нь М.Даваадорж миний багын найз юм. Би хөдөлмөрийн чадвараа алдсан. Эмчилгээний зардал 5.000.000 гаруй төгрөг болсон. Дээрээс нь намайг сахихаар ээж, аав маань ажлаасаа чөлөө авсан. Ээж маань эмнэлэгт 5 хоног нойр, хоолгүй намайг сахиж хоносон. Би Улаанбаатар хот руу түргэний машинд явж байхдаа ингээд үхчих юм болов уу гэж бодсон. Тухайн үед болсон үйл явдлыг Мөнхцэцэг бүгдийг нь мэдэж байгаа. Би нийт 5.373.475 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Ээж, аав маань ажлаасаа чөлөө авч намайг сахиж эмчилгээ хийлгэсэн. Мөн эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй болоод хүнээс хүүтэй мөнгө зээлж авсан. Ээж аавын цалин нэмэгдээд нийт 8.373.475 төгрөгийн зардал гарсан. Үүнээс М.Даваадоржийн өгсөн 3.000.000 төгрөгийг хасаад 5.373.475 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа 5.373.475 төгрөг дээр хувцасны үнэ 106.500 төгрөгийг нэмж нэхэмжлэнэ. Үүнд эмчилгээний зардал болон ээж, аавын ажилгүй байсан үеийн цалин, хүүтэй зээлсэн мөнгөний хүү 1.500.000 төгрөг, хоол хүнсний зардал орсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч М.Даваадоржийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орой Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Mitsubishi L-200” загварын тээврийн хэрэгслээр Э.Улаанхүүг мөргөж биед нь зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хана, хоёр нүдний ухархайнд дотор хана, хамар ясны хоёр хажуу талын ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваадоржийг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөл хамруулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлжээ.
Эрүүгийн 2115000590122 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Даваадорж нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орой Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Mitsubishi L-200” загварын тээврийн хэрэгслээр Э.Улаанхүүг мөргөж биед нь зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хана, хоёр нүдний ухархайнд дотор хана, хамар ясны хоёр хажуу талын ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Машинд мөргүүлсний дараа хохирогч Э.Улаанхүүгээс гаргаж өгсөн гурван ширхэг кадр зураг /1хх-65 тал/,
Хувцасанд үзлэг хийсэн: “1. Хар ногоон өнгийн удаа цахилгаантай куртик байх ба уг куртикны баруун суга хэсэг нь урагдсан түүнээс доош оёдолоороо доод имжээр хүртэлээ урагдсан, мөн зүүн талын суга нь урагдсан. ...Уг куртик нь бүхэлдээ шороо тоосоор бохирлогдсон байв. 2. Хар өнгийн дотортой биеийн тамирын өмд байх ба гадна хэсгээрээ цагаан саарал өнгийн босоо канттай байв. Уг өмдний салтаа хэсэг нь 30 см хэмжээтэй оёдолоороо урагдсан байх ба бүхэлдээ тоос шороогоор бохирлогдсон байв. 3. Саарал өнгийн малгайтай цамц байх ба энгэр хэсгээс доош 20 см зайд урагдсан байв. Энгэр хэсэгтээ 5х6 см, 10х10 см, 25х12 см хэмжээтэй талбайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-68-71/,
Хохирогч Э.Улаанхүүгийн өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган суманд байсан. Энэ өдөр найз Отгонбаатар, Саранцэцэг, Өсөхмандах нар болон Даваадорж, Мөнхцэцэг нарын хамт байсан. Бид нар хамтдаа Булган аймгийн морь барианы газарт 2.5 литрийн 3 ширхэг пиво хувааж уусан. Өсөхмандах гээд үеэл дүү маань пивоноос уугаагүй. Энэ хооронд Өсөхмандах, Саранцэцэг, Отгонбаатар нар нь миний машиныг аваад бензин авах гээд явсан. Би Даваадорж, Мөнхцэцэг нартай хамт үлдэж үлдсэн пиво ууж байсан. Би Даваадоржийн машинаас буугаад тамхи татаад зогсож байтал Даваадорж, Мөнхцэцэг нар машинтай хөдөлсөн. Тухайн үед Даваадорж өөрөө машинаа барьж байсан. Мөнхцэцэг жолоочийн хажуу талд сууж байгаа харагдсан. Тэгээд Даваадорж машинаараа буцаж эргээд намайг өөрийнхөө ............ улсын дугаартай машинаараа нэг удаа мөргөсөн. Энэ үед би газарт унасан дараа нь Даваадорж машинаасаа буугаад намайг цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би машинд мөргүүлээд арагш савж унахдаа толгойгоо газарт цохьсон байх. Нэг хэсэг ухаангүй болсон. Ухаан санаа орж, гараад байсан. Даваадорж намайг цохиод байсан. Нэг мэдсэн Даваадорж намайг машин руугаа чирж байсан. Тэр үед нөгөө гурав ирж байна хурдал, хурдал гэж Мөнхцэцэг, Даваадорж хоёр хоорондоо яриад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1хх-85-88 тал/,
Гэрч М.Мөнхцэцэгийн өгсөн: “...Пиво ууж байхад Өсөхөө бензингүй болж байна даа шар нь ассан байна гэж ярьж байсан. Саранцэцэг дахиж пиво ууя гэж хэлээд Улаанхүү, Өсөхөө, Отгоо, Саранцэцэг тэр дөрөв пиво авахаар яваад өгсөн. Араас нь Даваадорж бид хоёр дагаж уруудаад Даваадорж бид хоёр “Анаг” амралт гэсэн бичигтэй засмал замын хажуу талын самбарны ойролцоо зогсож үлдсэн. Саранцэцэг, Улаанхүү, Өсөхөө, Отгоо тэр дөрөв 10-20 минутын дараа аваад ирлээ гээд хүрээд ирсэн. Даваадорж бид хоёр машинаасаа буусан чинь Саранцэцэг бензинд явчихаад ирье гээд Улаанхүүг үлдээгээд Саранцэцэг, Өсөхөө, Отгоо тэр гурав явсан. Би буцаад машинд суусан. Улаанхүү машины ард суусан. Даваадорж жолооныхоо ард, би хажуу талын суудал дээр нь суусан. Даваадорж бид хоёр хоорондоо ойр зуурын юм яриад машины хөгжим сонсоод сууж байсан. Би Улаанхүүг машинаас буусныг мэдээгүй байсан юм. Даваадорж дрифт хийнэ гэж хэлээд машинаараа нэг бүтэн эргээд зогссон. Даваадорж машинаасаа буугаад явсан. Би араас нь буусан чинь Улаанхүү Даваадоржийн машины зүүн талынх нь хойд дугуйны харалдаа баруун талаараа эвхрэлдсэн байдалтай газар хэвтэж байсан. Даваадорж очиж дуудахад Улаанхүү хариу үг, үйлдэл үзүүлэхгүй байсан. Би очиж үзэхэд Улаанхүүгийн хамарнаас нь цус гарсан байсан. Даваадорж Улаанхүүгийн куртикны энгэр хэсгээс нь дээш татахад куртикных нь хоёр ханцуй урагдсан, яг аль хэсгээрээ урагдсаныг нь хараагүй. Тэгсэн Даваадорж яана аа, бие хаа нь өвдөөд байгаа юм байх даа гялс эмнэлэг рүү явъя гэж хэлээд би Улаанхүүгийн хоёр хөлнөөс нь өргөсөн. Даваадорж цээжнээс нь өргөөд Улаанхүүг Даваадоржийн машины арын суудал дээр нь хэвтүүлээд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод яаралтай түргэн тусламж дээр нь очиход 103 дуудаж үзүүл гэж хэлсэн. Би 103 руу очиж эмчид хэлээд эмнэлгээс гараад ирсэн чинь цагдаа нар хүрч ирээд Даваадорж бид хоёрыг аваад явсан. ...Анх уулзахад Улаанхүүгийн биед ил харагдах гэмтэл, бэртэл, шарх байхгүй байсан. ...Даваадорж нэг бүтэн дрифт хийж зогсоод “яанаа, юу болчихвоо” гэж хэлээд машинаасаа буугаад явсан. Би араас нь буухад Улаанхүү, Даваадоржийн машины зүүн талын хойд дугуйны орчим газар эвхрэлдсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн үед би Даваадоржоос юу болсон талаар асуугаагүй. Даваадорж надад юу болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх-92-95 тал/,
Гэрч Г.Саранцэцэгийн өгсөн: Даваадорж, Мөнхцэцэг хоёр Улаанхүүгийн машин дотор орж ирж суугаад Отгонбаатарын авсан пивийг Улаанхүү, Отгонбаатар, Даваадорж, Мөнхцэцэг бид тав хувааж ууж дуусгасан. Даваадорж миний картыг аваад яв гурван пиво аваад хүрээд ир гэж хэлсэн. Отгонбаатар, Улаанхүү, Өсөхөө бид дөрөв Даваадоржийн картыг аваад хүнсний дэлгүүр орж “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн 4 сав пиво аваад Даваадорж, Мөнхцэцэг хоёр дээр очиход Даваадорж, Мөнхцэцэг хоёр чацарганатай модны хажууд зогсож байсан. Хажууд нь очиж зогсоход Даваадорж, Мөнхцэцэг хоёр Улаанхүүгийн машин дотор орж ирж суусан. Отгонбаатар, Улаанхүү, Мөнхцэцэг, Даваадорж бид тав 2 пивог хувааж ууж дуусгасан. Машины бензин дууслаа гэж Өсөхөө хэлэхээр нь Отгонбаатар, Өсөхөө бид гурав бензин авахаар явсан. Даваадорж Улаанхүү, Мөнхцэцэг хоёрт хандан гурвуулаа манай машинд байж байя, наад гурав чинь бензин аваад хүрээд ирэг гэж хэлсэн. Улаанхүү, Даваадорж, Мөнхцэцэг гурав үлдээд Даваадоржийн машинд суусан. Отгонбаатар, Өсөхөө бид гурав Тэс шатахуун түгээх станцаас бензин аваад буцаад Улаанхүү, Даваадорж, Мөнхцэцэг гурав дээр очихоор явахад замд засмал зам дээр Даваадорж хажуугаар зөрөөд Булган сумын төв рүү орж явсан. Араас нь дагаад явж байгаад Тэс шатахуун түгээх станцийн орчмоос Даваадоржийг алдсан. Даваадоржийн гар утас нь Улаанхүүгийн машин дотор явж байсан болохоор Мөнхцэцэг рүү залгаад байхад Мөнхцэцэг утсаа авахгүй байж байгаад нэг авахаар нь би хаана байна гэж асуухад Мөнхцэцэг эмнэлэг дээр Улаанхүүгийн хамарнаас цус гарсан, ухаан алдаад унасан гэж хариулсан...” гэх мэдүүлэг /1хх-104-105 тал/,
Гэрч Д.Чулуунцоожийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагдахь Цагдаагийн газрын албадан эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх үед оройн 23 цаг 20 минутын орчимд оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Г.Батзориг, дэд ахлагч Г.Ганбаяр нар нэгдсэн эмнэлэг дээрээс согтуугаар танхайрсан гэх утгатай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн авчирсан. Хоёуланг нь согтуурал хэмжих багажаар үлээлгэж үзэхэд эрэгтэй нь 1 бүхэл гарантай байсан. Эмэгтэйг нь санахгүй байна. Эрэгтэй хүнийх нь мэдээллийг асуухад Мөнхбаатарын Даваадорж 27 настай гэж байсан ба эрүүлжүүлэгдсэн хүнийг хүлээн авах бүртгэлд бүртгэж хүлээж авсан. Би М.Даваадорж гэх хүнээс юу болсон талаар асуухад М.Даваадорж бид нар зодоон хийгээгүй би өөрийн унаж байсан “Mitsubishi L-200” загварын машинтай хөдөө зуслангийн хавьцаа дрифт эргэх гэж байгаад хөдлөөд эргэх явцад машины бөгсөөрөө юм мөргөх шиг болохоор нь машинаа зогсоогоод буугаад эргэн тойрноо хартал машины хажууд найз /нэрийг нь хэлээгүй/ газар хэвтэж байсан. Очоод үзсэн чинь нүүр нь цус болсон, дуудахад сэрэхгүй байхаар нь би өмсөж явсан куртик цамцнаас нь татахад цамц нь урагдсан. Тэрнээс биш ямар нэг зодоон цохион болоогүй гэж хэлсэн ба хамт байсан эмэгтэй нь хэлэхдээ хойно хүн зогсож байгааг анзааралгүй М.Даваадорж машинаараа дрифт хийх гээд эргэсэн. Тэгээд машиныхаа бөгс хэсгээр найзыгаа мөргөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-107 тал/,
Гэрч Г.Ганбаярын өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Г.Батзоригийн хамт хэв журмын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс аймгийн нэгдсэн эмнэлэг дээр зодуулсан хүн ирлээ гэх дуудлага ирлээ очиж шалгаадах гэж хэлэхээр нь уг дуудлагын дагуу Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очиход ухаангүй байдалтай хамарнаас нь цус гарсан, зүүн талын дух хэсэгтээ халцарсан байдалтай, орон дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Уг эрэгтэй хүнийг үзэж байсан эмчээс яасан юу болсон талаар асуухад “сая эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүргэж ирлээ, тэр хүмүүсээс асуу” гэж хэлэхээр нь эмнэлэгийн гадаа зогсож байсан “Mitsubishi L-200” загварын тээврийн хэрэгсэл дотор сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дээр очиход эмэгтэй нь миний зүс таних Мөнхцэцэг гэх хүн байсан. Хоёуланг нь машинаас буулгаад юу болсон талаар асуухад дээрх хоёр хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба цагдаагийн газар руу аваад явсан. Авч явах замдаа юу болсон талаар асуухад эрэгтэй нь хөдөө зуслангийн газар дрифт хийж байхад ард манай найз зогсож байсныг мэдээгүй машиныхаа хойд хэсгээр мөргөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-108 тал/,
Гэрч Ц.Өсөхмандахын өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би хичээлээ тарчихаад гэртээ 14 цагийн орчимд байж байхад Улаанхүү ах над руу залгаад “ахын дүү гараад ирээч, хоёулаа дээшээ Отгонбаатарынд очоод ирье” гэж ярихаар нь би гэрээсээ гартал гэрийн гадаа Улаанхүү ахын улсын дугаарыг нь мэдэхгүй, нүдэн Верна загварын автомашин зогсож байсан. Би очоод хойд талд нь ороод суухад Улаанхүү ах, Саранцэцэг эгч хоёр байж байсан. Бид гурав Арвай хүнсний дэлгүүр орж нэрийн мэдэхгүй 2.5 литрийн хоёр сав пиво, мөн идэж уух зүйлс аваад дээшээ Анаг амралтын ойролцоо байдаг Отгонбаатар ахынх руу явсан. Удалгүй Отгонбаатар ах ирээд авсан пивоо хувааж уусан. ...Отгонбаатар ахын хүнсний дэлгүүрээс авсан пивог Саранцэцэг эгч, Даваадорж ах, Мөнхцэцэг эгч, Отгонбаатар ах, Улаанхүү ах тэр тав хувааж уугаад дууссан чинь Даваадорж ах миний картыг аваад яв, пиво аваад ир гэж Саранцэцэг эгчид хэлсэн. ...Тэс шатахуун түгээх станцаас 10000 төгрөгөнд бензин хийгээд буцаад Даваадорж ах, Мөнхцэцэг эгч, Улаанхүү ах нарын байгаа газар очихоор явж байхад Мөнхцэцэг эгч Саранцэцэг эгч рүү залгаад хаана явж байгаан гэж утсаар ярьсан. Би одоо очлоо засмалаас салах гэж байна гэж хэлсэн. Би засмал замаас салаад шороон зам руу ороож явж байхад хажуугаар Даваадорж ах их хурдтай зөрөөд өнгөрсөн. Би хаашаа явах гэж байгаа юм бол гэж бодоод эргээд харсан чинь Булган сумын зүгт явсан. Би араас нь явсан боловч Даваадорж ахыг гүйцээгүй, хаашаа явсаныг хараагүй юм. ...Эмнэлэг дээр ирэхэд Даваадорж ахын машин нь байж байсан ба энд байгаа юм байна гэж Саранцэцэг эгч бид хоёр хоорондоо ярилцаад эмнэлэг рүү ороод сая энд ухаан алдсан хүн ирсэн үү гэж эмчээс нь асуухад ирсэн, сая ар гэрийнх нь хүмүүс аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би Саранцэцэг эгчийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирээд өөрийн төрсөн эгч болох Даваажаргалд хандаж “Улаанхүү ах сая ухаан алдаад эмнэлэг рүү явсан гэнэ. Аав, ээж нь эмнэлгээс очоод аваад харьсан байна, хоёулаа Улаанхүү ахын машиныг нь хүргэж өгөхдөө Улаанхүү ахыг харчихаад ирье” гэж хэлээд эгч Даваажаргалын хамт Улаанхүү ахынд очиход Улаанхүү ах том өрөөнийхөө буйдангийн урд газар дээш харсан байдалтай хөдөлгөөнгүй, нүүр ам нь хавдаад танигдахын аргагүй болсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-113-114 тал/,
Гэрч Б.Мөнхдэмбэрэлийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг өнгөрч байх үед гаднаас хүнд зодуулсан байдалтай гэмээр согтуу эрэгтэй хүн орж ирсэн. Уг эрэгтэй хүнийг нэг залуу түшсэн орж ирсэн. Хажууд нь нэг эмэгтэй байсан. Дээрх хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Согтуу залуу нь манай эмнэлэгт асрагч хийдэг Замбага эгчийн хүүхэд байсан. Ажилбарын өрөө рүү уг согтуу залууг оруулаад байгаа байдлыг нь харахад ам, хамарнаас нь цус гарсан, гадуур өмсөж явсан куртик нь урагдсан, өмд нь салтаагаараа урагдсан, нүүр нь цус болсон байхаар нь уг согтуу залууг дуудахад хариу үйлдэл үзүүлэх гэж оролдсон. Ярьж байгаа яриа нь ойлгогдохгүй нилээн согтолттой байсан болохоор нь ар гэрийнх нь хүмүүст утсаар хэлж мэдэгдээд давхар цагдаад дуудлага өгсөн. Удалгүй уг согтуу залуугийн ээж болох Замбага, түүний дүү Дашбалдан нарыг ирэхээр нь би Замбага эгчид хандаж байгаа байдлыг танилцуулж тайлбарлаад “хүүхэд чинь их согтолттой байна гэртээ аваад харь, архийг нь гарахаар аваад ир” гэж хэлээд Замбага эгчид хүлээлгэж өгөөд явуулсан. Би шөнө Дашбалдан гэх хүний ********* гэсэн дугаар руу нь залгаж биеийн байдлыг асуухад “гайгүй байна, унтах гээд байна” гэж ярихаар нь би “болохгүй бол эмнэлэг дээр аваад ирээрэй” гэж хэлсэн. Шөнө 04 цаг 45 минутанд Замбага эгч хүүхдээ дагуулаад эмнэлэг дээр хүрээд ирсэн. Замбага эгч хэлэхдээ “толгой нь өвдөөд байна гэнэ, цусаар бөөлжсөн” гэж хэлэхээр нь би биед нь үзлэг хийхэд хоёр нүд, нүүр нь бүхэлдээ хавдсан, амин үзүүлэлтийг үзэхэд даралт, зүрхний пульс тогтвортой байхаар нь гэмтлийн эмч болох Алтангэрэлийг дуудаж уг хүнийг үзүүлсэн. ...Даваадорж гэх хүнээс юу болсон талаар асуухад “бид нар найзуудаараа салхинд гарсан юм” гэж хэлсэн. Би Даваадоржоос “та хэд зодоон хийж, чи зодсон юм биш үү. Энэ хувцас болон байгаа байдлыг нь хараач” гэж асуухад Даваадорж “зодоон болоогүй, би юу гэж найзыгаа зоддог юм” гэж хэлэхээр нь би “тэгээд яг юу болсон юм бэ” гэж асуухад Даваадорж нь “дрифт хийж байгаад машины бөгсөнд цохигдож унасан” гэж хэлсэн. Бас согтуу зогсож байгаад унахдаа машин мөргөж унасан гээд ойлгогдохгүй юм яриад байсан. ...Хамгийн эхэнд би үзлэг хийхэд дээд талын нэг шүд унасан, духны зүүн талын хэсэг нь шалбарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-116 тал/,
Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэртээ амарч байсан. 2021 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 04 цаг өнгөрч байх үед миний гар утас дуугарсан. Утсаа аваад хартал жижүүр эмч Мөнхдэмбэрэл залгаад “эмнэлэг дээр зодуулсан байдалтай хүн ирлээ, хүрч ирээд үзээрэй” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр 05 цагийн үед ирэхэд хүлээн авах өрөөний ажиглалтын өрөөнд даралт, пульс үздэг аппарат биедээ залгасан эрэгтэй хүн хэвтэрийн байдалтай орон дээр байж байсан. Би очиж биед нь үзлэг хийхэд толгой хаван хавдартай, нүүр дух хэсэг зулгарсан шархтай, зүүн нүд хавдсан, дээд шүд унасан, мөчдөд ил харагдах гэмтэл, шарх сорви байхгүй, тэмтрэлтээр толгой маш их эмзэглэлтэй, амин үзүүлэлтүүд хэвийн, артерийн даралт 133/89, сатураци 94, зүрхний цохилт минутанд 82 удаа, амьсгалын тоо 19, биеийн халуун 36.2, зовиур ёолох, цусаар бөөлжих, асуусан асуултанд хариулахгүй, толгой дохино, согтолттой архи үнэртэж байсан. ...Э.Улаанхүүгийн дээд талын үүдэн нэг шүд нь шинээр буюу хэрэг болсон үед унасан байх боломжгой буйль нь шинэ шархтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-116, 118 тал/,
Хүний биед хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2473 дугаартай: “Э.Улаанхүүгийн биед зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хана, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хоёр хажуу ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-133-135 тал/,
Шинжээч Т.Номинцэцэгийн өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Э.Улаанхүүг ГССҮТ-д гавал тархины тасагт үзэхээр очсон боловч уг тасаг Ковид-19 цар тахал өвчний улмаас тусгаарлагдсан байсан учир өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн талаар 2473 дугаартай миний гаргасан тогтоолын дүгнэлт хэсэгт бичсэн байгаа. Э.Улаанхүүгийн биед ГССҮТ-ийн ГТПГ-ийн 1628 дугаартай өвчний түүхэнд тусгагдсан гэмтлүүд нь зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногтой ба уг цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугаралтай, уг хугарал харалдаа зүүн талд бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрээс цус хуралттай. Хоёр талын хоншоор хөндийн өмнөд болон хажуу хана, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хоёр хажуу ясны хугаралтай, нүүрээр хаван хавдартай, хоёр нүдний салстад цус хурсан, мөн хоёр нүдний зовхи цус хуралт, зүүн хацар, дух цус хуралттай байсан байна. ...Э.Улаанхүүгийн биед учирсан гэмтлүүд нь толгой, нүүр хэсэгт байна. Тиймээс яг тэр хэсэгт хүч үйлчилсэн тохиолдолд дээрх гэмтэл учирна. Нарийвчлан тогтоох боломжгүй. Машинаар мөргөх үед үүссэн байх боломжгүй гэмтлүүд байна гэж үзэж байна. ...Цооног нь хуучин байсан /хагалгааны үлдэц/, үүн дээр 2 тийш салаалсан шинэ хугарал үүссэн байна. Мөн тэр хэсэгт хатуу хальсны дээрээс голомтлог цусан хураа байгаа нь шинэ буюу тухайн үед үүссэн гэмтэл байна. Энэ шинэ буюу салаалсан хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1хх-153-155 тал/,
Хохирогчийн өмсөж явсан хувцасны үнэлгээг тогтоосон “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №21/396 дугаартай: “ногоон өнгийн куртик 46750 төгрөг, малгайтай цамц 38250 төгрөг, бэлтгэлийн өмд 21250 төгрөг, нийт 106250 төгрөгөөр тогтов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-163-169 тал/,
Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №121 дугаартай: “...Магадлуулагч Э.Улаанхүүгийн биед учирсан зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс 2 тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хананы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны 2 хажуу ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 зовхи, алимны салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Магадлуулагчийн биед зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс 2 тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал гэмтэл нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Магадлуулагчийн биед зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салсан шугаман сэлтэрсэн хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны цусан хураа гэмтэл нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Магадлуулагчийн биед №2473 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1хх-175-179 тал/,
Шүүгдэгч М.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрч байхад Э.Улаанхүү над руу залгаад “Отгонбаатарын ах нь нас барсан байна, Буриадын хороонд хүрээд ир” гэж утсаар ярихаар нь “би гэртээ харьчихаад яръя” гэж хэлсэн. Би гэртээ байж байхад Э.Улаанхүү залгаад “ирж байна уу, болж байна уу” гэж ярихаар нь “би арай болоогүй байна, гэрээс гарахаараа яръя” гэж хэлсэн. Удалгүй Э.Улаанхүү залгаад “Мөнхцэцэг наашаа ирнэ гэсэн, аваад хамт ирээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхцэцэг рүү залгаад “хаана байгаа юм бэ?” гэж ярихад Мөнхцэцэг “гэртээ байна” гэж хэлсэн. Мөнхцэцэгийг гэрээс нь очиж аваад Буриадын хороо руу өгсөж Э.Улаанхүүгийн байгаа газар руу очсон. Би өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай, хар өнгийн “Mitsubishi L-200” загварын тээврийн хэрэгслээр явсан. Э.Улаанхүү дээр очиход Саранцэцэг, Отгонбаатар, Өсөхөө /бүтэн нэрийн мэдэхгүй/ Э.Улаанхүү тэр дөрөв байсан. Дээшээ ойрхон уул руу гараад Э.Улаанхүүгийн машин дотор Саранцэцэг, Отгонбаатар, Мөнхцэцэг, Э.Улаанхүү бид тав нэрийг нь мэдэхгүй 2.5 литрийн 3-4 сав пиво уусан. Пиво ууж байсан уулнаасаа доош бууж зогсоод Э.Улаанхүү, Өсөхөө, Отгонбаатар, Саранцэцэг тэр дөрөв пиво авчирахаар явсан. Тэр дөрөв 3 сав 2.5 литрийн пиво авчирсан. Дахиж Э.Улаанхүүгийн машин дотор Саранцэцэг, Мөнхцэцэг, Э.Улаанхүү, бид дөрөв 2.5 литрийн 3 сав пивийг хувааж уусан. Отгонбаатар тасраад унтаад өгсөн. Өсөхөө машин барьж явсан болохоор пиво уугаагүй. Өсөхөө “машины бензин дууслаа бензинд явчихаад ирье” гэж хэлээд Саранцэцэг, Отгонбаатар, Өсөхөө гурав Э.Улаанхүүгийн машиныг унаад явсан. Э.Улаанхүү, Мөнхцэцэг, бид гурав миний машинд суугаад үлдсэн. Машинаас Э.Улаанхүү буусан. Бензинд явсан Саранцэцэг, Отгонбаатар, Өсөхөө гурав ирэхгүй удаад байхаар нь би урдаас нь хөдлөх гээд байж байхад Э.Улаанхүү орж ирэхгүй болохоор нь би машинаас бууж Э.Улаанхүүг хайтал Э.Улаанхүү миний машины зүүн хойд тал хавьцаа газар хэвтэж байсан. Би Э.Улаанхүүг дуудахад Э.Улаанхүү сэрэхгүй хагас дутуу ухаантай, дуудахад айн гэж хэлчихээд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Э.Улаанхүү сэрэхгүй байхаар нь би Мөнхцэцэгийг машинаас дуудаад Мөнхцэцэгтэй хамт Э.Улаанхүүг өргөөд машины хойд суудалд суулгаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-234-235 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Даваадорж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Улаанхүүгийн амь бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл тухайн өдөр Э.Улаанхүү, М.Мөнхцэцэг, Г.Саранцэцэг, М.Даваадорж, Ц.Өсөхмандах нар нь н.Отгонбаатарын ах нас барсан гэх шалтгаанаар уулзалдаж тодорхой хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Г.Саранцэцэг, Ц.Өсөхмандах. н.Отгонбаатар нарыг бинзен авахаар явсаны дараа М.Даваадорж нь Э.Улаанхүүгийн амь бие, эрх чөлөөнд халдаж, түүнийг хүнд зодуулсан байдалтайгаар Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Э.Улаанхүүгийн биед учирсан зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тус тус гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хананы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хоёр нүдний ухархайн дотор хана, хамар ясны хоёр хажуу ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, алимны салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа нь “нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно” гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.Даваадоржийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Даваадорж нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Даваадоржийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн орой Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Mitsubishi L-200” загварын тээврийн хэрэгслээр Э.Улаанхүүг мөргөж бие, эрх чөлөөнд нь халдсанаар биед нь зүүн чамархай ясны мэс заслын хуучин цооногийн ар болон урд хэсгээс хоёр тийш салаалсан шугаман сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэгт голомтлог хатуу хальсны дээрх цусан хураа, хоёр талын хоншоорын хөндийн өмнөд болон хажуу хана, хоёр нүдний ухархайнд дотор хана, хамар ясны хоёр хажуу талын ханын хугарал, нүүр, хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, алимны салстад цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Даваадоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Улаанхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч өөрийн эмчилгээ, оношилгоо, сувилгаатай холбоотой гарсан зардал болон ээжийнхээ дутуу авсан цалинд 1.327.245 төгрөг, аавынхаа дутуу авсан цалинд 850.000 төгрөг, эмчилгээнд зориулж зээлж авсан мөнгөний хүүд 1.500.000 төгрөг, нийт 8.373.475 төгрөг, тухайн үед өмсөж явсан хувцасны үнэ 106.250 төгрөгийг тус тус нэхэмжилж мөрдөн шалгах ажиллагааны /хх1-44-63 тал/ шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд /17 хуудас/ нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийн 45, 50-63 дугаар тал болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаар хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ, Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан болон хамт явсан хүний замын зардал болох бинзен шатахуун, түүнийг асарч сувилсантай холбоотойгоор ээж Д.Замбагын дутуу авсан цалин, хохирогчийн эмчилгээнд зориулж авсан зээлийн хүүд төлсөн төлбөр, хувцасны үнэ зэргийг нотлогдож байгаа хэмжээнд нь хангаж, шүүгдэгч М.Даваадоржоос нийт 3.625.454 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин хэргийн 46-49 дүгээр талд авагдсан баримтаар нэхэмжилсэн 423.749 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй, өөрөөр хэлбэл өдөр дутмын хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлийн үнэ болох нь нотлогдсон, мөн хохирогчийн эмчилгээний зардалд зориулж 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан, зээлийн хүүд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус төлсөн нь мөнгө хүлээлцсэн тухай баримт, харилцах дансны харилцагчийн хуулгын баримтаар нотлогдож байх тул зээлийн хүүгийн төлбөрт 600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөг, нийт /423.749₮+900.000₮/ 1.323.749 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын бүрдэл хангагдаагүй, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүйгээс хэлэлцээгүй орхисон хохирогчийн аав Д.Эрдэнэбилэгийн дутуу авсан цалин, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгэсэн эмчилгээний төлбөр болон “Энимон” мэдрэлийн эмнэлгийн төлбөр буюу нэхэмжлэлийн зөрүү /8.373.475₮+106250₮/-/3.625.454₮-1.323.749₮/ болох 3.530.522 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Даваадорж нь шүүх хуралдаанаас өмнө 3.000.000 төгрөгийг, гэм буруугийн шүүх хуралдааны дараа 625.454 төгрөгийг тус тус төлснөөр хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр төлөхөө шүүхэд ирлэрхийлсэн болно.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Даваадоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Даваадоржийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Даваадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 197-209 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, дээд боловсролын үнэмлэх буюу диплом, Булган аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын газраас ирүүлсэн түүний ажил байдлын тодорхойлолт зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Даваадорж нь Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Ухаарлын 10-1004 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй байна.
Шүүгдэгч М.Даваадоржийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Даваадоржийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож, ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” хэмээн заажээ.
Иймд шүүгдэгч М.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13.000.000 төгрөгөөр торгох ялаас 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хоёр жилийн хорих ялтай дүйцүүлэн 10.800.000 төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 2.200.000 төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхдээ хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хохирогчийн зөрчигдсэн эрхийг сэргээж, түүний цаашдын эмчилгээний зардлыг тэргүүн ээлжинд төлөх шаардлагатай байгааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Даваадорж нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн куртик нэг ширхэг, саарал өнгийн малгайтай цамц нэг ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дудэл овогт Мөнхбаатарын Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Даваадоржийг 13000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 / арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13.000.000 / арван гурван сая/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хоёр жилийн хорих ялтай дүйцүүлж 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж, үлдэх 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваадоржид оногдуулсан торгох ялын үлдэгдэл 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Даваадоржид сануулсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Даваадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Даваадорж нь гэм хорын хохиролд 3.625.454 /гурван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Эрдэнэбилэгийн Улаанхүү /РД: ..................../ нь шүүхийн хэлэлцээгүй орхисон иргэний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн куртик нэг ширхэг, саарал өнгийн малгайтай цамц нэг ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг даалгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД