| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0121/э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн 2135000000145 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Чын Э, Регистрийн дугаар: ОБ84042611.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Э нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан түнгэ” гэх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000145 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг болох “Цагаан түнгэ” гэх газар Б гэх хүний өвсийг хадаж байсан юм. Тэгэхэд манай 1 дүгээр багийн Ч.Э ирээд “чи миний талбайг хадлаа” гэж уурлаад намайг түлхээд мөргөх гэж дайрсан. Тэгээд бид барьцалдаж авахад миний нүүр хэсэгт гараараа цохисон. Би “миний шүд уначихлаа” гээд орилоход хажууд байсан Н болон Б хоёр салгаж авсан. Тэгж байхад Б багийн эмч ирээд намайг үзээд аваад гэр лүү явсан. Э Б хоёр хамт ирсэн. Б эмч сүүлд нь ирсэн. Харин түүний эхнэр Н эгч өвс бухалдаж байсан. Э нь жаахан халамцуу байсан. ...Би 3 шүдээ “Болор цахиур” гээд эмнэлэг дээр хийлгэсэн бөгөөд хувийн эмнэлэг байсан болохоор надад ямар нэгэн баримт өгөөгүй. Сумаас яваад ирэхэд надаас 1 сая төгрөгийн зардал гарсан ба би тэрийгээ нэхэмжлэхэд Э нь бэлнээр уг мөнгийг өгсөн, одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
2. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан түнгэ” гэх газар дуудлагаар явчхаад эргээд өвс хадаж байсан газраа ирэхэд Д.Уын миний шүд уначихлаа гэхээр нь үзэхэд хоёр шүд уначихсан байсан. Тэгээд би аваад гэрт очоод аймгийн төв рүү хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
3. Гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан түнгэ” гэх газар Уын хамт өвс хадаж байхад манай багийн залуу болох Э, Бийн хамт ирээд Утай “миний хадлангийн газраас өвс хадаж байна” гээд маргалдаад байсан. Тэгээд би дээхэн талд нь өвс бухалдаж байгаад харсан чинь У болон Э хоёр зодолдоод барьцалдаж байхаар нь би салгасан. Тэгэхэд У “миний шүдийг унагаачихлаа” гээд амнаас нь их цус гарч байсан юм. Тэгээд газраар хайхад өвсөн дундаас нэг шүд олсон. Тэгээд бид Уыг аваад гэр лүү нь явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
4. Гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдөр би Эын хамт өвс хадах гээд очиход У болон багийн эмчийн эхнэр Н эгч хоёр өвс хадаж байсан. Тэгээд Э Уыг “чи яахаараа миний өвснөөс хадаж байдаг юм бэ?” гээд тэр хоёр жаахан маргалдаж хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ заамдаад авчихсан байхад Эын шанаанаас нь жаахан цус гарсан. Тэгээд уурлаад Уыг Э нь нүүр хэсэгт нь гараараа цохиод цус гаргачихсан. Би салгах гээд нэлээд ноцолдож байж салгасан. Тэгтэл У нь миний шүд цохиод унагаачихлаа гээд бид салаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
5. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Д.У-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун дээд 1-р шүдэнд булгарсан хугарал, баруун дээд 2-р шүдэнд хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Зүүн дээд 1-р шүд нь хуучин байхгүй байсан байна. Иймд дээрх шүдийг гэмтлийн зэрэгт тогтоохдоо оруулаагүй болно. 6. Баруун дээд 1-р шүдний булгарсан хугарал, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/,
6. Шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч Д.Уаас уучлалт гуйж түүнтэй эвлэрсэн. Учирсан хохиролд 1,000,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Э нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан түнгэ” гэх нэртэй газарт 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн биед баруун дээд 1-р шүдний булгарсан хугарал, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан баруун дээд 1-р шүдний булгарсан хугарал, баруун дээд 2-р шүдний хөндлөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 344 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Ч.Э нь нөхөн төлсөн болох нь хохирогч Д.Уын “...Надад учирсан хохирол 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/-ээр нотлогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ч.Уын “Би Ч.Эын дүү нь юм. Ах Ч.Э нь ааш зангийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй нэг их хэрэлдэж маргалдаад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, элдэв хорт зуршилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч Б.Уийн “Би Ч.Эын бэр дүү нь юм. Хадам ах Ч.Э нь хөдөө эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 3-14 насны 4 хүүхэдтэй. ...Зан аашийн хувьд даруухан зантай, ажилч, хөдөлмөрч зантай, нутгийн ард иргэдийн дунд нэр хүнд сайтай, хүнтэй эвтэй, найртай харьцаж чаддаг, ямар нэгэн зүйл хийхээрээ дандаа эцсийг нь үздэг, хичээнгүй, амьдралын төлөө зүтгэж яваа энгийн л нэг малчин хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг шалгасан хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ч.Э нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 84-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Чын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН