Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2017/00221

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын * дүгээр багт оршин суух, Ш овогт Б н Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С , хариуцагч байгууллагын захирал Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 25/Б дугаартай Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Алтай сумын Бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон юм. Ингээд тус сургуульд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Ажилласан хугацаанд эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Тэгээд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсон учраас Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч О.А ийн гаргасан тогтоол ёсоор Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаал гарсан юм.

Б.А надад холбогдох хэрэг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Анхан шатны шүүхээс Б.А миний багшлах эрхийг хасаагүй учраас өмнө эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулах талаар сургуулийн захирал Г.Н тай ярихад Та дээд сургууль төгссөн дипломаа аваад ирвэл ажилд авна. Таны оронд одоогоор түр Х.С гэдэг хүнийг ажиллуулж байгаа гэсэн юм. Б.А би 2016 оны 6 дугаар сард Аварга дээд сургуулийг биеийн тамирын багшаар төгссөн юм.

2016 оны намар сургуулийн захирал Г.Н тай дахин очиж уулзахад тэрээр Та түр хүлээж бай, он гараад ажилдаа авъя гэсэн юм. Ингээд 2017 оны 1 дүгээр сарын эхээр захирал Г.Н тай уулзахад тэрээр Чамайг ажилд авч чадахгүй гэж хариу өгсөн юм.

Нэхэмжлэгч Б.А миний нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэж өгнө үү. 1.Б.А намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай одоо хүртэл ажил олгогчоос тушаал гараагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байна. 2.Ажил олгогчоос миний албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тушаал хүчингүй болгоогүй байна. 3.Би тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа өөрөөр хэлбэл биеийн тамирын дээд сургууль төгссөн дипломтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаалыг хүчингүй болгон Б.А намайг Алтай сумын Бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд Г.Н д даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би Алтай сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон. 2008 оны эцсээс 2015 он хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Ажиллах хугацаанд эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч А ийн гаргасан тогтоол ёсоор албан тушаалаасаа түр түдгэлзсэн. Надад холбогдох хэрэг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхээс миний багшлах эрхийг хасаагүй учраас өмнө нь эрхэлж байсан ажлын байранд ажиллуулах талаар сургуулийн захирал Н тай ярихад Та дээд сургуулиа төгсөж ирэхээр чинь ажилд авъя гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сард Аварга дээд сургуулийг биеийн тамирын багшаар төгсөж ирээд 2016 оны намар захиралтай уулзахад Та түр хүлээж бай, он гараад авъя гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр захиралтай уулзахад чамайг ажилд авч чадахгүй гэсэн учраас шүүхэд хандсан. Иймд Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай" 25/Б тушаалыг хүчингүй болгож, намайг Алтай сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар үргэлжлүүлэн ажиллуулахыг захиралд даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирал Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.А нь тус сургуульд биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байсан ба 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хичээлийн зохицуулалтаар биеийн тамирын үндсэн 3 багшаас илүү гарсан 12 цагийг авч, 2 тал тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаад, мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаар тогтоолын дагуу 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирлын тушаалаар албан үүргээс түр түдгэлзүүлсэн.

Б.А нь багш хүний хувьд хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг мэдэж байгаа бөгөөд мөн сургуулийн дотоод журмын 7.4 дэх заалтын дагуу ажил үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Тухайн үед эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь мөн хуулийн 6.1-д заасан Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоо эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасны дагуу албан ёсны гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ямар нэгэн шаардлага, зүй бус нөлөө үзүүлээгүй учир Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх заалт, 39.1, 39.2 дахь заалтуудад заасны дагуу ажилтан өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө өгөөгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтад заасныг баримтлах ёстой учир мөрдөн байцаагчийн түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох тухай /тушаал, тогтоол, захирамж/ ирээгүй учир ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй байсан.

Ажилтан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны хүртэл ямар ч гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй учир 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран сонгон шалгаруулалт зохион байгуулан Б.А ийн оронд Х.С ыг түр томилон одоо хүртэл ажиллуулж байна.

Хэрэв эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол тухайн үед гомдол гаргах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу тус тус гомдол гаргах ёстой байсан юм.

 

 

Б.А нь 2016 оны намар тухайн жилд Аварга дээд сургуулийг төгссөн дипломоо авч ирэхэд Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолын хавсралт 2.2.17-д Багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулах үүрэг хүлээсний дагуу БШУСайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан Багшид багшлах эрх олгох, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 4.2-д багш мэргэжлээр шинээр төгсөгч ЕБС-д 3 болон түүнээс дээш жил ажиллаагүй багш ЕБС-д эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл-өөс зохион байгуулах шалгалтад тэнцсэнээр ЕБС-д нэг жилийн хугацаатай ажиллах эрх нээгдэнэ гэж зааснаар 2014 оноос хойш багшийн мэргэжлээр төгсөгчид багшлах эрхийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай гэдгийг ойлгуулсан.

Б.А ийн ажилд ороогүй шалтгаан нь: Т.Б.А ийн хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан гэрээгээ сунгах үед ажил үүргээ гүйцэтгээгүй.

2. Мөрдөн байцаагчийн түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох ямар нэгэн эрх зүйн акт ирээгүйгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах, багшлах эрхийг нь хасах нотолгоо байгаагүй.

3. 2014 оны 1 дүгээр сарын 01-нээс багшлах эрхийн шалгалтад тэнцсэн багш 1 жил багшаар ажиллах эрх нээгдэж ажилд орох боломжтой болдог журамтай тул 2016 онд дээд сургууль төгссөн багш заавал багшлах эрхийн шалгалтад орж тэнцсэн байх шаардлагатай гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирал Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хичээлийн зохицуулалтаар биеийн тамирын үндсэн 3 багшаас илүү гарсан цагийг А т хуваарилаад хоёр тал тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж цагийн багшаар ажиллуулсан. Тогтоолын дагуу 5 дугаар сарын 08-ны өдрөөс албан тушаалыг нь түдгэлзүүлсэн тушаал гаргасан. А нь хуурамч бичиг баримт ашиглаж ажиллаж байсан нь тогтоогдсон учраас ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. А нь 2016 онд дээд сургууль төгссөн дипломоо авч ирсэн. Өмнөх багшлах эрхийг хүчингүй болсон дипломоор авсан учраас хүчингүй болох байх. Тэгээд багшлах эрхийн шалгалтад тэнцсэн тохиолдолд ажилдаа авах боломжтой гэсэн хариу өгсөн.

Багшлах эрхтэй болсон үед ажилд авна. Би энэ хүнд багшлах эрхийн шалгалтад орсон байх гэсэн шаардлага тавьсан. Би багшлах эрх нь хүчингүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өмнөх багшлах эрхийг хүчингүй болсон дипломоор авсан учраас хүчингүй болов уу гэж бодож байгаа. Одоо ажиллаж байгаа багш бол А ээс өмнө төгсөж ирсэн. Гэхдээ багшлах эрхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25/Б тушаалыг хүчингүй болгож, Алтай сумын Бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүсжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 05/А дугаартай Цагийн зохицуулалт хийх тухай тушаалаар Б.А ийг 2015 оны 2 дугаар сарын 09-нээс цагийн багшийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба мөн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 25/Б дугаартай Албан тушаалаас түр түдгэлзүүлэх тухай тушаалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг үндэслэн мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолын дагуу биеийн тамирын багш Б.А ийг 2015 оны 5 дугаар сарын 11-нээс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд Б.А нь 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн ********** дугаартай Бакалаврын хуурамч диплом ашиглан Алтай сумын Ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж улсад 24380271 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба уг шийтгэх тогтоолоор Б ийн А ийг Хуурамч баримт бичиг, тэмдэг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар ял оногдуулсан бөгөөд тухайн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгчээс Б.А намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, ажил олгогчоос албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тушаал хүчингүй болгоогүй байгаа, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж тайлбарлажээ.

Б.А ийн албан үүргээ биелүүлэхийг 2015 оны 5 дугаар сарын 11-нээс түдгэлзүүлсэн, түүнийг гэм буруутайд тооцсон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарсан байх ба уг тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд албан үүргээ түдгэлзүүлснээс хойш болон шийтгэх тогтоол гарсны дараа ажил олгогч нь албан үүргийг түдгэлзүүлсэн тушаалаа хүчингүй болгоогүй боловч нэхэмжлэгч Б.А ийн ажил, үүргийг гүйцэтгүүлээгүй, ямар нэгэн цалин хөлс олгоогүй байх бөгөөд энэхүү байдлыг ажилтныг ажлаас халсантай адилтган үзэх үндэслэлтэй болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7- д зааснаар Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх ба багшаар ажиллахад тавигдах шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтоос үзэхэд багш бакалавраас доошгүй зэргийн боловсролтой байх шаардлага тавигддаг ба Б.А нь анх ажилд ороход ашигласан диплом нь хуурамч болох нь тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож ял оногдуулсан ба урьдах дипломын үндсэн дээр багшийн ажлыг эрхлэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийтгэх тогтоолоор Б.А ийн багшлах эрхийг хасаагүй гэх боловч багшлах эрх авахдаа багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй мэргэжлийн дипломтой байх шаардлага тавигддаг бөгөөд уг багшлах эрх авах үед тухайн шаардлагыг хангаагүй, тухайлбал түүнийг олгох үндэслэл болсон диплом хуурамч болох нь тогтоогдсон тул багшлах эрхтэй гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.А ээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Аварга дээд сургуулиас олгосон ************* дугаартай бакалаврын дипломыг гаргаж өгсөн боловч энэхүү диплом нь цаг хугацааны хувьд ажлаас гаргаснаас хойшхи байдлыг нотлохоос биш урьдах байдлыг сэргээсэн нотлох баримт биш болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан байх тул хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.А ийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25/Б дугаартай тушаалыг хүчингүй болгон, Алтай сумын Бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг баримтлан Б.А ийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25/Б дугаартай тушаалыг хүчингүй болгон, Алтай сумын Бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК