Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О ургийн овогт Шарын Эд холбогдох 2135000040096 дугаартай  эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-18 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, О ургийн овогт Шарын Э, Регистрийн дугаар ОЮ77122502.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Э нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн З.Сг тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Төрийн орон сууц корпорацийн түрээсийн хоёр өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 5 дугаар сард түүнээс түрээсийн байрны урьдчилгаа нэрээр Хаан банкны 5820139681 тоот дансаар 4,400,000 төгрөг, бэлнээр 400,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000040096 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч З.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нөхөр О.Лгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Итгэл” барааны захад хувиараа гэр ахуйн бараа худалддаг юм. Манайх энэ ажлыг 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хийж байна. ...Би 2019 оны хавар Увс аймгийн Улаангом сумын харьяат Ш.Э гэдэг хүнтэй танилцаж байсан. Тэр хүн үзмэрч бөгөөд би заримдаа тэр хүнд үзүүлж, мэргэлүүлдэг байсан. Тэрнээс биш ямар нэгэн хамаатан садан, ойр дотно найз нөхдийн холбоо байгаагүй. Би Ш.Эд үзүүлж мэргэлүүлж байхдаа “Манайх орон сууцанд орох санаатай байгаа. Урьдчилгаа 30 хувь төлөх гэхээр мөнгө, төгрөгийн асуудал хэцүү байна” гэж хэлдэг байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Ш.Э надтай уулзаад “Би танайхыг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Төрийн орон сууц корпорацийн байранд хямд үнээр оруулж өгөх боломж байна. Надад танидаг хүн байгаа, 1 өрөө байранд хямд үнээр орохоор бол 4 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд, 2 өрөө байранд орохоор бол 5 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд, 3 өрөө байранд орохоор бол 6 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд орох боломж байна. Удахгүй тэр байрнаас 2 айл гарах гэж байгаа. Сулрах байр нь 2 өрөө байр байна. Чи уг байранд орохыг зөвшөөрч байвал 5 сая төгрөгийн урьдчилгаа өгчих. Би танидаг хүнээрээ дамжуулж ярьж байгаа, уг 2 өрөө байранд танайхыг оруулж өгье” гэж хэлсэн. Манайх орон сууцанд орохоор төлөвлөж, байр хайж байсан учраас би Эийн хэлсэн үгэнд итгэж, уг байранд 5 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд орохыг зөвшөөрсөн. Тэрнээс хэд хоногийн өмнө Э нь надтай уулзаад “Би Ховд сум руу ямаа самнахаар явах гэж байна. Танайхаас бараа, материал зээлээр авмаар байна” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн бөгөөд Ш.Э нь 200,000 төгрөгийн бараа, материал зээлээр аваад явчихсан байсан. Намайг 5 сая төгрөгийн урьдчилгаа өгч байранд орохыг зөвшөөрөхөд Ш.Э “Манайх бас Төрийн орон сууц корпорацийн байрны 6 давхарт 2 өрөө орон сууцанд орохоор болсон. Би ямаагаа самнаж ирээд урьдчилгаа мөнгөө хийчихсэн. Танайх урьдчилгаа хийчих юм бол цуг байранд орох юм байна. Миний дүү Төрийн орон сууцны корпорацид ажилладаг болохоор энэ асуудлыг хурдан шийдээд өгөх боломжтой” гэж хэлсэн учраас би Ш.Эийн хэлсэн үгэнд нь итгэсэн. Тухайн үед надад бараа, материал худалдсаны орлого болох 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг бэлэг байсан. Тэгээд би Этэй уулзаж “надад бэлэн 4,400,000 төгрөг байна. Та надаас бараа зээлээр авсан 200,000 төгрөгөө өгөөч” гэж хэлэхэд Э “Чи байгаа мөнгөө ХААН банкны 5820139681 данс руу хийчих. Энэ байрны урьдчилгаа авдаг хүний дансны дугаар байгаа юм. Би чамаас зээлсэн 200,000 төгрөг дээр 400,000 төгрөг нэмээд тэр хүн рүү шилжүүлнэ. Чи харин боломжтой болохоороо миний 400,000 төгрөгийг буцааж өгөөрэй” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би Ш.Этэй хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах ХААН банкин дээр очсон. Тэгээд би ХААН банкны 5819145656 дугаартай өөрийнхөө данснаас Ш.Эийн хэлсэн ХААН банкны 5820139681 данс руу 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Ш.Э “Би үлдсэн 600,000 төгрөгийг энэ хүн рүү шилжүүлчихнэ. Чи надад зөрүү болох 400,000 төгрөгөө удаахгүй өгөөрэй. Би байрны гэрээг чинь хийж өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш 7 хоног орчмын дараа би Ш.Этэй уулзахад Ш.Э “Би үлдэгдэл 600,000 төгрөгийг нөгөө хүн рүүгээ хийчихсэн. Тэр хүн манай, танай хоёрын байрны асуудлыг шийдэж өгнө. Цаашдаа байрны мөнгөнд сар бүр 260,000 төгрөг төлөөд явах юм бол байр танайх болох боломжтой. Чи зөрүү мөнгө болох 400,000 төгрөгөө надад өгөөч” гэхээр нь би Ш.Эд бэлэн 400,000 төгрөг өгсөн. 2020 оны 7 дугаар сарын эхээр би Ш.Этэй дахин уулзаж, байрны асуудал юу болж байгаа талаар асуухад Ш.Э “Би Улаанбаатар хот руу яваад ирлээ. Танай өмнөөс байрны гэрээг чинь хийчихээд ирсэн шүү. Танайх удахгүй 2020 оны 7 дугаар сарын 10-ны үед байрандаа орох байх. Бэлтгэлтэй байгаарай” гэж хэлсэн боловч 2020 оны 7 дугаар сард манайхыг байранд оруулаагүй. Би Ш.Этэй байнга ярьж байрны талаар асууж байсан бөгөөд Ш.Э “Өмнөх айл нь гараагүй байгаа болохоор жаахан хойшилчихлоо” гэж хэлдэг байсан. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр би Ш.Этэй утсаар ярихад Э “танайхыг 2020 оны 8 дугаар сарын 10-ны үед байранд чинь оруулчихна” гэж хэлж байсан. Эийн хэлсэн хугацаа өнгөрсөн ч манайхыг байранд оруулахгүй байсан учраас би 2020 оны 9 дүгээр сарын эхээр Ш.Эийн гэрт очиж, Ш.Этэй уулзсан. Би Ш.Эөөс “ манайх байрандаа орох болоогүй юу? таны хэлсэн хугацаа өнгөрсөн, одоо байрандаа ормоор байна, хэрэв байрны асуудал бүтэхгүй байгаа бол манай мөнгийг буцааж өгөөч, манайх энэ жил байранд орно гээд түлээ бэлтгэж аваагүй. Одоо гэрт байхаар хүйтэн байна, хүүхэд бага болохоор даараад байна” гэж хэлэхэд Ш.Э “өмнө нь байсан айлыг байрнаас нь гаргахаар шүүхэд хандсан байгаа юм байна. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэхэд шүүх хурал нь болоод бүх асуудал шийдэгдэнэ, тэгээд танайх байрандаа ороорой. Би дүүтэйгээ яриад, гэрээ хийгээд бүх зүйлийг бэлэн болгочихсон байгаа, санаа зовох хэрэггүй, манай гадна модоор барьсан хуучин малын амбаар байгаа, танайх тэр амбаарыг буулгаж аваад, түлшиндээ ашиглаж бай. Би тэр амбаар байгаа газрыг цэвэрлээд, автомашины граж барих гэж байгаа, малын амбаарын модыг танайх зүгээр ав, би оронд нь ямар нэгэн юм авахгүй, тэгээд танай байрны асуудал удахгүй шийдэгдчихнэ” гэж хэлсэн. Би Ш.Эийн хэлсэн үгэнд итгээд дахин хүлээсэн боловч байрны асуудал шийдэгдэхгүй удаад байсан учраас Э нь манайхыг байранд оруулж өгнө гэж худлаа хэлж, надаас мөнгө авсан гэдгийг нь би мэдсэн. Улмаар би 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Ш.Этэй дахин уулзаж “манайх мөнгөө буцааж авмаар байна, манайд мөнгөний хэрэгцээ гараад байна” гэж хэлэхэд Э “танай мөнгийг авсан хүн Түргэн суманд мод бэлтгэхээр явсан. Тэр хүний дансанд танай мөнгө байгаа, тэр хүнийг ирэхээр мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш Ш.Э нь өнөөдрийг хүртэл холбоогүй болж, сураггүй болсон. Мөн манайхыг байранд оруулж өгөөгүй, надаас авсан мөнгөө буцааж өгөөгүй учраас би Ш.Эд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Манайх байранд орно гэж төлөвлөсөн байсан учраас түлээ, мод бэлтгэж аваагүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын эхээр Ш.Этэй уулзахад Ш.Э нь “манай амбаарыг буулгаж ав” гэж хэлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны үед манайх уг амбаарыг буулгаж, модыг нь ачиж авсан. Амбаарыг буулгахад ойролцоогоор 3,5-4 метрийн урттай 20 орчим ширхэг мод, 2 метрийн урттай 40-50 ширхэг мод байсныг нь авсан. Тэр үед Э гэртээ байгаагүй. Харин Эийн охин гэх хүн байсан ба тэр хүүхдэд хэлээд уг амбаарын модыг буулгаж авсан. Би 2020 оны 9 дүгээр сарын сүүлээс хойш Этэй холбоо барьж, уулзах гээд чадахгүй байгаа. Ш.Эийн утас нь холбогдохгүй байгаа бөгөөд би олон удаа гэрт нь очсон боловч Э гэртээ байхгүй байгаа. Ш.Эийн охин нь надад “ээж Улаанбаатар хот руу яваад сураггүй болсон, надтай огт холбоо барихгүй байгаа” гэж хэлсэн. Нэгэнт Ш.Э нь миний мөнгийг авч, намайг байранд оруулж өгнө гэж залилаад, сураггүй болсон учраас би энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж, шийдвэрлүүлмээр байна.
...Тухайн үед Э хэлэхдээ “энэ бол байрны урьдчилгаа авч, байрны гэрээ хийж өгдөг хүн” гэж хэлж байсан. Гэхдээ тэр хүнийхээ нэр, ажил, байдаг газрыг нь тодорхой хэлээгүй. Би тэр хүнтэй нь холбоо барьж, уулзаж үзээгүй. Зүгээр л Эийн хэлсэн үгэнд итгээд мөнгөө шилжүүлчихсэн юм. ...Этэй утсаар ярихдаа “би таны хийсэн гэрээг үзмээр байна” гэж хэлэхэд Э “тэр гэрээ манай гэрт байгаа” гэж хэлсэн боловч надад ямар нэгэн гэрээ үзүүлээгүй. Манайх одоо Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 1-34 тоот хашаанд өөрийнхөө хувийн байшинд амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

            2. Хохирогч З.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Итгэл” барааны зах дотор байрлах өөрийнхөө “Мөнх” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрт байж байтал Ш.Эийн эгч Ш.А гэдэг хүн надтай ирж уулзсан. Ш.А гэдэг хүн надтай уулзаад “Би Эийн төрсөн эгч Алтансүх гэдэг хүн байна. Чамайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэж сонссон. Над руу аймгийн Цагдаагийн газраас утсаар ярьж Эийг асуухад нь энэ талаар мэдсэн. Манай дүү Э нь чамд өг гээд миний данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүллээ гээд надад өгсөн. Ш.А гэдэг хүн надад хэлэхдээ “Энэ мөнгийг миний дүү Ш.Э чамд өгөөрэй гэж над руу шилжүүлсэн юм. Тэгээд би чамд өгч байна. Миний дүү Ш.Э нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараад байгаа бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр чиний үлдэгдэл мөнгийг өгч хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж байна лээ” гэж хэлсэн. Нэг ёсондоо надад учирсан 5,000,000 төгрөгийн хохирлын 2,500,000 төгрөгийг нь надад дансаар шилжүүлж өгсөн. Одоо надад 2,500,000 төгрөгийн хохирол үлдээд байгаа. Би энэ хохирлыг Ш.Эөөс барагдуулж авах хүсэлтэй байна. ...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ш.Эийн төрсөн эгч Ш.А гэдэг хүн манай ажил дээр ирж надтай уулзсан. Ш.А нь “манай төрсөн дүү Ш.Э өнөөдрийг хүртэл бид нартай холбоо бариагүй, уулзаагүй байгаа. Бид нар Ш.Эийг хайж байгаа боловч хаана байгаа нь тодорхойгүй байна. Нэгэнт миний төрсөн дүү Э нь чамаас худлаа хэлээд мөнгө авчихсан болохоор би дүүгийнхээ өмнөөс чамд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг өгөх гэсэн юм. Чи надад дансныхаа дугаарыг өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би ХААН банкны өөрийнхөө эзэмшлийн 5819145656 дугаарын дансыг Эийн эгч Алтантуяа гэдэг хүнд хэлж өгөөд явуулсан. Удалгүй ХААН банкны миний эзэмшлийн 5819145656 дугаарын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн байсан. Өмнө нь Эийн төрсөн эгч Алтансүх нь надад 2,500,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Нэг ёсондоо Эийн надад учруулсан хохирол болох 5 сая төгрөгөөс өнөөдрийн байдлаар 4 сая төгрөгийг нь надад буцаан өгч, миний хохирлыг барагдуулаад байна. Би цаашид үлдсэн 1 сая төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Намайг Цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаснаас хойш Ш.Э нь надтай уулзаж, холбоо барьсан зүйл огт байхгүй. Би Ш.Эийг хаана байгаа болохыг огт мэдэхгүй. Ш.Эийн төрсөн эгч Ш.А, Ш.А гэдэг хүмүүс надтай уулзаж Ш.Эийн надад учруулсан 5 сая төгрөгийн хохирлын 4 сая төгрөгийн хохирлыг нь төлж барагдуулаад байна. ...Ш.Э нь надад учирсан үндсэн хохирол болох 5 сая төгрөгийг 3 хувааж өгсөн. Эхлээд 2,500,000 төгрөг өнгөрсөн өвөл өгсөн бөгөөд цагаан сарын үеэр дахин 1,500,000 төгрөг өгсөн. Мөн 2021 оны 6 дугаар сард 1 сая төгрөг өгсөн. Би өнгөрсөн жил 5 сая төгрөг бэлнээр байгаагүй тул “Гялс төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч мөнгийг Эд өгсөн. Хүүнд 2 сая орчим төгрөг төлсөн бөгөөд уг хүүгийн төлбөрийн 50%-ийг Эөөс нэхэмжилсэн. Э нь надад уг хүүгийн мөнгөнөөс 500,000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 500,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлнө гэж баталгаа гаргаж өгөхөө илэрхийлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-15, 18-р хуудас/,

            3. Гэрч О.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр З.Сгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Итгэлт” барааны захад хувиараа гэр ахуйн бараа худалдаалдаг юм. Миний эхнэр З.С бид 2 заримдаа ажил төрөл бүтэхгүй, өвчин зовлон тохиолдсон үедээ Ш.Э гэдэг хүнд очиж үзүүлж, мэргэлүүлдэг байсан. Ш.Этэй уулзаж байхдаа миний эхнэр З.С нь орон сууцанд ормоор байгаа ч урьдчилгаа 30 хувийг төлөх мөнгө байхгүй талаараа хэлж, ярьдаг байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ Ш.Э нь миний эхнэр З.Сд “би танайхыг Төрийн орон сууц корпорацийн 2 өрөө байранд хямд үнээр оруулж өгч чадна. Харин урьдчилгаа болох 5 сая төгрөгийг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн байсан. Эхнэр бид 2 ярилцаж, зөвшилцөөд уг байрны урьдчилгаанд 5 сая төгрөг өгөөд, байранд орохыг зөвшөөрсөн. Ш.Э нь “Урьдчилгаа мөнгөө өгчих юм бол байранд оруулж өгнө” гэж миний эхнэрт хэлсэн байсан учраас бид 2 ярилцаад бараа, материал худалдсан орлогоосоо уг мөнгийг өгч байранд орохоор шийдсэн. Улмаар миний эхнэр С нь Эийн хэлсэн данс руу 4,400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд бид хоёр урьдчилгаа мөнгөө өгснийхөө дараа байранд оруулж өгөхийг шаардахад Э “би Улаанбаатар хот руу яваад ирлээ, танай өмнөөс байрны гэрээг чинь хийчихсэн, танайх удахгүй 2020 оны 7 дугаар сарын 10-ны үеэр байрандаа орно” гэж хэлсэн боловч оруулаагүй. Манай эхнэр байнга байранд оруулж өгөөч гэж шаарддаг байсан. ...Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл холбоогүй болж сураггүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

            4. Гэрч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын харьяат З.С, О.Л гэх хүмүүсийг огт танихгүй. Харин Ш.Э нь миний төрсөн дүү. ХААН банкны 5820139681 дугаарын данс нь миний өөрийн эзэмшлийн данс юм. ...Ямар ч байсан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө миний төрсөн дүү Ш.Э надтай уулзаад “Би өөрийнхөө ХААН банкны виза картыг гээчихсэн. Данснаас мөнгө авч гүйлгээ хийх гэхээр виза карт байхгүй болохоор хэцүү юм. Та надад виза картаа өгч ашиглуулах боломж байна уу?” гэж асуусан. Тухайн үед би ХААН банкны 5820139681 дугаарын дансныхаа виза картыг ашиглахгүй байсан учраас уг виза картыг өөрийн төрсөн дүү Ш.Эд өгсөн. Тэрнээс хойш миний дүү Ш.Э нь ХААН банкны миний эзэмшлийн 5820139681 дугаарын дансны виза картыг ашиглаж, уг дансанд гүйлгээ хийж ашиглаж байсан. Би Төрийн орон сууц корпорацид огт ажиллаж байгаагүй. Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Төрийн орон сууц корпорацийн өмчлөлийн байранд айл оруулж өгөх талаар өөрийн төрсөн дүү Этэй ярилцаж, тохиролцож байсан удаа огт байхгүй. Тэр байранд ямар материал бүрдүүлж яаж ордог талаар надад мэдэх зүйл байхгүй. Би Увс аймгийн Улаангом сумын  3 дугаар багт байрлах Төрийн орон сууц корпорацийн өмчлөлийн байранд айл оруулж өгөх талаар хэн нэгэнд хэлж, ярьж байсан удаа огт байхгүй. Тэгээд би уг байранд хүн оруулж өгөх талаар хэн нэгэнд хэлж, ярьж байсан удаа огт байхгүй. Тэгээд ч би уг байранд хүн оруулж өгөх боломж огт байхгүй. Учир нь надад тэр талаар мэдэх юм юу ч байхгүй. Ямар ч байсан манай хамаатан садны дунд Төрийн орон сууц корпорацид ажилладаг хүн байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Бид нар аав ээжээс долуулаа байсан ба одоо 5 нь байгаа. Миний том ах Ш.Уртнасан, бага дүү Ш.Б нар нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа. Миний эгч Ш.А, дүү Ш.Э бид 3 Увс аймагт ажиллаж, амьдардаг. Миний том ах Ш.Уртнасан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг. Дараагийн эгч Ш.А нь мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, бага дүү Ш.Б нь Улаанбаатар хотод барилгын туслах ажилтан хийдэг. Миний хувьд мөн эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. Миний дүү Ш.Э нь өөрөө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Төрийн орон сууц корпорацийн өмчлөлийн байранд орохоор хөөцөлдөж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл хэлж, ярьж байгаагүй. Тухайн үед миний төрсөн дүү Ш.Э нь ХААН банкны миний эзэмшлийн 5820139681 дугаарын дансны виза картыг ашиглаж байсан. Хэрэв тухайн үед миний дансанд орлого гүйлгээ хийгдсэн бол тэр мөнгийг нь Ш.Э авч ашигласан байх. Тэрнээс биш би ХААН банкны өөрийнхөө эзэмшлийн 5820139681 дугаарын данснаас мөнгө авч, ашигласан зүйл огт байхгүй. 2020 оны 10 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ би төрсөн дүү Этэй утсаар ярихад Э нь “Би самар түүхээр явж байна. Манай хүүхдийг харж, тойрч байгаарай” гэж хэлсэн. Яг хаашаа, хэнтэй, ямар хугацаагаар явж байгаа болохоо надад хэлээгүй. Тэрнээс хойш миний дүү Э нь одоо хүртэл сураггүй байгаа. Ш.Э нь 2 охинтой бөгөөд хүүхдүүд нь одоо миний төрсөн эгч Алтансүхийн гэрт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

            - Гэрч Ш.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний дүү Ш.Э нь З.С гэдэг хүнээс мөнгө авчихаад Улаанбаатар хот руу яваад алга болчихсон байсан. Тийм учраас би өөрийн дүү Ш.Эд туслахаар шийдээд хохирлын мөнгөнөөс нь өөрийн чадах хэмжээгээр барагдуулахаар шийдсэн. Улмаар би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр З.Стэй уулзаж “Би Эийн төрсөн эгч нь байна. Э чамаас авсан мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг нь өөрийн зүгээс өгөх гэсэн юм. Чи надад дансныхаа дугаарыг өгөөч” гэж гуйхад З.С нь ХААН банкны 5819145656 дугаарын дансыг надад өгсөн. Улмаар би З.Сгийн надад хэлсэн ХААН банкны 5819145656 дугаарын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний дүү Ш.Э нь хүнд худлаа хэлж, мөнгө авчихаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас би дүүдээ тус болъё гэж бодоод З.С гэдэг хүнд өөрийн зүгээс 1,500,000 төгрөг өгсөн юм. Миний төрсөн дүү Ш.Э нь одоо яг хаана байгаа болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Сураг сонсоход Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан гэж сонсогдсон. Би Ш.Эийг 2020 оны намар Улаанбаатар хот руу явснаас хойш өнөөдрийг хүртэл уулзаагүй, холбоо бариагүй байгаа. Би дүүгээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай сонсоод энэ тухай хэлж мэдэгдэхээр холбоо барих гэж оролдоод чадахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

            5. Гэрч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний төрсөн дүү Ш.Э нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны үед Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Ш.Э нь ямар ажлаар явсан болохыг би мэдээгүй. Харин сүүлд нь Эийн охин Г.М надад хэлэхдээ “Ээж найзуудтайгаа хамт Сэлэнгэ аймгийн Зүүнхараа руу самар түүхээр явж байна гэж надад утсаар хэлсэн” гэж ярьсан. Миний хувьд Эийг Улаанбаатар хот руу явсан цагаас хойш Этэй нэг ч удаа утсаар яриагүй, уулзаагүй. Ш.Эийн охин Г.М /15 настай/, охин Г.Э /17 настай/ нар нь одоо манай гэрт амьдарч байгаа. Ш.Этэй холбоотой өргөдөл цагдаагийн байгууллагад ирсэн тухай би 2020 оны 12 дугаар сарын дундуур анх цагдаагаас мэдсэн. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед Этэй хамт самар түүж байгаа О гэдэг хүн Эийн охин М рүү утсаар залгасан. Би тэр утсыг авч ярихад О гэдэг хүн “Би Этэй хамт самар түүж байгаа хүн байна. Бид нарын самар түүж байгаа газарт утасны сүлжээ барьдаггүй болохоор би уулан дээр гарч ирээд утсаар ярьж байна. Ш.Э намайг охинтойгоо утсаар яриад хүүхдүүдээ ямар байгааг асуугаад өгөөч хэлсэн юм. Тэгээд би охин руу нь залгасан” гэж хэлсэн. Тэгэхээр би О гэдэг хүнд “Над руу Увс аймаг дахь Цагдаагийн газраас яриад байна. Ш.Э С гэдэг хүнээс мөнгө аваад удаж байгаа юм байна. Тэгээд С гэдэг хүн цагдаад өргөдөл өгчихсөн гэнэ. Над руу цагдаагийн газраас ярьсан. Тэр хүний мөнгийг хурдан төлж барагдуулахгүй бол болохгүй юм байна. Энэ тухай Эд хэлээд өгөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Этэй хамт самар түүж байгаа О гэдэг хүн над руу дахин залгаад “Би таны хэлснийг Эд дамжуулж хэлсэн. Тэгээд Э таны данс руу 2,500,000 төгрөг шилжүүлээд өг гэж надад мөнгө өгч явууллаа. Таныг тэр мөнгийг аваад цагдаад өргөдөл гаргасан хүнд дамжуулж өгөөрэй гэж Э хэлүүллээ. Тэр С гэдэг хүн зах дээр байдаг хүн гэж хэлүүлсэн шүү” гэж хэлэхээр нь би тэр хүнд дансныхаа дугаарыг өгсөн. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкны миний эзэмшлийн 5819038519 дугаарын дансанд 2,500,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Итгэлт” барааны зах дээр очиж С гэдэг хүнийг хайж олоод уулзсан. Би С гэдэг хүнд учир байдлыг нь тайлбарлаж хэлж өгөөд Ш.Эийн миний данс руу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С гэдэг хүний данс руу шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл би өөрийн төрсөн дүү Этэй утсаар ярьж, холбоо бариагүй байна. Миний дүү Э нь юнителийн 88054438 гэсэн дугаарыг барьж ашигладаг байсан. Одоо тэр дугаар нь огт холбогдохгүй байгаа. Эийн одоо байгаа газар нь утасны сүлжээ байхгүй болохоор ямар нэгэн дугаар барьж ашиглахгүй байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

            6. Насанд хүрээгүй гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт өөрийн ээж Ш.Э, дүү Г.М нарын хамт амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 05-ны үед миний ээж Э нь Улаанбаатар хот руу явсан. Ээж Улаанбаатар хот руу явахдаа “Би Өмнөговь аймгийн Цагаан хад руу очиж найзуудтайгаа уулзчхаад ирнэ. Миний 2 охин гэртээ байж бай. Би 1 сар болоод буцаад хүрээд ирнэ” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын дундуур би өөрөө Улаанбаатар хот руу явсан бөгөөд Улаанбаатар хотод очоод ээжтэйгээ уулзсан. Улаанбаатар хотод ээжтэй уулзах үед “Чи түрүүлээд явж бай. Ээж нь ажлаа дуусаад араас чинь очно” гэж хэлсэн. Тухайн үед би хамаатныхаа сэтгэцийн өвчтэй хүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж өгөөд буцаж Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Манай ээж Улаанбаатар хотод үлдсэн. Би Увс аймагт ирсэн цагаас хойш ээжтэй огт утсаар яриагүй, ээж ч над руу холбоо бариагүй юм. Улмаар хэзээ гэдгийг сайн санахгүй байна ээж над руу утсаар залгаад “ээж нь Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явчхаад ирлээ. Хэлэлгүй удаан хугацаагаар явсанд уучлаарай. Энд хөл хориотой байна. Ээж нь шинжилгээгээ өгчхөөд, Увс аймаг руу явах зөвшөөрөл өгвөл удахгүй очно” гэж хэлсэн. Тухайн үед ээж ямар хүмүүстэй, яг ямар газраас самар түүж ирсэн талаараа надад хэлээгүй. Тэрнээс хойш би дахин ээжтэй утсаар яриагүй, ээж надтай холбоо бариагүй өнөөдрийг хүрсэн. Ээжийг одоо хаана байгаа болохыг би мэдэхгүй байна. Миний дүү Г.М бид хоёр гэртээ 2020 оны 11 дүгээр сар хүртэл байсан. Тэрнээс хойш ээжийн төрсөн эгч Ш.Аийн гэрт амьдарч байгаа. Одоо ч бас Алтансүх эгчийн гэрт байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

            7. Хохирогч З.Сгийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга “2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5820139681 тоот данс руу 4,400,000 төгрөгийн зарлага хийсэн” /хх-ийн 52-р хуудас/,

            8.  Шүүгдэгч Ш.Эийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...З.С над дээр ирж үзүүлдэг байсан. С түрээсийн байранд ормоор байна гэж хэлж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан тул би Сд 2 өрөө байранд оруулж өгнө гэж хэлээд урьдчилгаа 4,400,000 төгрөгийг эгчийнхээ дансаар авсан. Тухайн үед эгч Алтантуяагийн виза карт надад байдаг би байнга дансыг нь ашигладаг байсан юм. Түүний дараа 400,000 төгрөг бэлнээр авсан. Би урьд нь 200,000 төгрөгийн барааг Сгээс авсан зээлтэй байсан. Түүнийгээ оруулаад урьдчилгаа 5 сая өгч байна гэж Сд ойлгуулсан юм. Би Сгийн мөнгийг ахуйн хэрэглээнд үрсэн боловч миний дансанд эргэлтийн 5 сая төгрөг гаргаад өгчих мөнгө байсан. Намар 9 сард Стэй очиж уулзаад байр бүтэхгүй байна 10 сард бүтэж магадгүй шаардлагатай бол мөнгөө буцааж авч болно гэдгийг хэлсэн. Тэгэхэд нэгмөсөн 10 сар хүртэл хүлээе гэж хэлээд мөнгөө аваагүй. 10 сард би хүмүүс цуглуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самар түүх ажлаар яваад түүгээрээ ирэхгүй байсаар 2021 оны 5 дугаар сарын 30-нд вакцин хийлгээд 6 дугаар сарын 16-ны өдөр Улаангомд ирсэн. Энэ хугацаанд гар утасны сүлжээгүй газар байсан тул Стэй холбоо барьж чадаагүй. 2021 оны 2 дугаар сард С нь намайг мөнгө аваад өгөөгүй залилсан гэж хэлээд явж байгааг сонссон. Улаангомд ирээд цагдаагийн байгууллагад ирж уулзсан. С түрээсийн байранд орох сонирхолтой байгаагаа хэлж байсан тул надад мөнгөний хэрэг гараад байранд оруулна гэж худал хэлж 4,800,000 сая төгрөг авсан юм. Мөнгийг ахуйн хэрэглээнд зарцуулж дуусгасан. Сгээс мөнгө шилжүүлж авсан талаар эгч Алтантуяа мэдэхгүй. Алтантуяад би тэр мөнгөнөөс өгч байгаагүй. З.Сд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаар 2020 оны 12 сард 2,500,000 төгрөг хүнээр хүргүүлсэн. 2021 оны 2 сард цагаан сарын өмнө 1,500,000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Одоо 1,000,000 төгрөг өгөөгүй үлдсэн байгаа уг мөнгийг өгч хохиролгүй болгох болно. ...Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг бүрэн барагдуулсан тул ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

            Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч З.С нь шүүгдэгчийг урьд өмнө нь танидаг, гэрээр нь очиж мэргэлүүлдэг байсан, ингэж гэрт нь очихдоо шүүгдэгчид байр орон сууцанд орох санаа зорилготой байгаагаа хэлж ярьж байсан болох нь хохирогч З.С, гэрч О.Лгийн мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ш.Э нь хохирогчийн орон сууцанд орох чин зорилго байгааг мэдэж, энэхүү байдлыг нь далимдуулан түүнийг хуурч, мөнгө авч өөрийн хэрэгцээндээ авч зарцуулахын тулд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь болсон бөгөөд хохирогч З.Сг Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн хоёр өрөө байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эд хөрөнгө болох 4,400,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа нь шунахай сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Э нь хохирлыг бүрэн барагдуулсан талаар хохирогчийн “...Ш.Э нь надад учирсан үндсэн хохирол болох 5 сая төгрөгийг 3 хувааж өгсөн. Эхлээд 2,500,000 төгрөг өнгөрсөн өвөл өгсөн бөгөөд цагаан сарын үеэр дахин 1,500,000 төгрөг өгсөн. Мөн 2021 оны 6 дугаар сард 1 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ш.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ш.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Эийн 2020 оны 5 дугаар сард үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Хэдийгээр шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас /хх-ийн 117-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 120-123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч Ш.Э нь хамрагдаж байгаагүй болно.

Мөн шүүгдэгч Ш.Эийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарч байна.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Эд оногдуулсан 8 сарын хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Эийг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Бусад хариуцлагын талаар:

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Эөөс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ургийн овогт Шарын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эийг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Эд оногдуулсан 8 сарын хорих ялыг өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Эийг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Эөөс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН