Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Алтансүх    

Улсын яллагч                                                      Б.Батбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Д.Энхтуяа нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвжавын Ариунбаатар, Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Оргил, Цэдэнбалжир овогт Сүглэгмаагийн Пүрэв-Очир,  нарт холбогдох эрүүгийн 201610010064 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5 ах эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг 01-39 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгээр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвжавын Ариунбаатар /РД:УШ90032071/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн 04-04 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Оргил./РД:EC94010117/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Модны 01-01 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цэдэнбалжир овогт Сүглэгмаагийн Пүрэв-Очир/РД:ЕМ96041012/

Прокурорын яллах дүгнэлтээр:  Яллагдагч П.Ариунбаатар нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд Д.Баатархуягийг сайн уу хөгшөөн гэхэд чамтай хөгшин явснаа санахгүй байна гэж илтэд үл хүндэтгэн түүнийг хавирч унагаан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл, Э.Бат-Оргилтой бүлэглэн Э.Хүрэлтулгыг мөн илтэд үл хүндэтгэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл тус тус учруулж догшин авирлаж танхайрсан,

Яллагдагч Э.Бат-Оргил нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд С.Пүрэв-Очир, П.Ариунбаатар нартай бүлэглэн иргэн Э.Хүрэлтулгыг илтэд үл хүндэтгэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

 Яллагдагч С.Пүрэв-Очир нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Э.Бат-Оргилтой бүлэглэн иргэн Э.Хүрэлтулгыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                          

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч П.Ариунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдрийг Замын-Үүд сумын 2 дугаар баг Үүдийн гудмын 1-1 тоот тэмдэглэж байсан. Тухайн үед гадаа тамхи татах гэж гараад санаандгүй архины халуунд хүн зодож цохиж, хавирч унагаасан. Архины халуунд ийм зүйл болчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

    Шүүгдэгч Э.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд ийм хэрэгт холбогдчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

    Шүүгдэгч С.Пүрэв-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ариунбаатартай хамт тамхи татах гээд гээд гараад ирсэн чинь Бат-Оргил  нэг хүнтэй зодолдож байсан. Тэгээд салгах гээд дийлэхгүй болохоор нь Хүрэлтулга, Баатархуяг хоёрыг цохисон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

          Хохирогч Д.Баатархуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16-17 цагийн орчим Замын-Үүд сумын 2 дугаарт багт байрлах Хараа хүнсний дэлгүүрийн сэлбэгийн дэлгүүр дээр Хүрэлтулгатай таарсан ингээд хүнсний дэлгүүрээс 3 лааз пиво аваад манай гэрт очиж уусан... тэгээд найзындаа

очих гээд Тунгаагийн автосэлбэгийн хажуугаар өнгөрч нарийн гудамжруу ортол мухар гудамж байж таарсан. Тэгээд буцаж гараад хашааны хажуугаар хоорондоо мухар гудамжны талаар юм яриад явж байтал хашааны хажууд сууж байсан 2 залуугийн үстэй залуу нь бид хоёр дээр ирээд хөгшөөн энд тийм гудамж байхгүй гэсэн тухайн залууг зүс таньдаг болохоор таньдаг юм шиг царайлаад юу байна хөгшөөн таньж байна уу гээд хүзүүдээд автал тийм юм байдаггүй юмаа хөгшөөн гээд шууд тэвэрч аваад газарт унагаасан. Халзан толгойтой залуу цаанаас ирээд миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон энэ үед Хүрэлтулга халзан толгойтой залууг холдуулах гэж байгаад хоорондоо зууралдаад хэл амаар нэг нэгнийгээ доромжилсон удалгүй хашаанаас 2-3 залуу гарч ирсэн бөгөөд миний хөл муу болохоор газраас босож чадалгүй сууж байтал үстэй залуу гутлаараа миний дээрээс дэвсэх маягтай өшиглөсөн би нүүрээ хамгаалаад хэвтэж байсан учир хэн нь яаж хэрхэн юугаар цохисныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар халзан залуу хувцаснаас татаж чангаагаад нүүррүү нэг удаа цохисон Халзангаас гадна анх намайг газар унагаасан залуу чирээд хашааны буланд аваачаад өшиглөсөн...одоо миний хувьд санал гомдол байхгүй... гэжээ. /хх-ийн 5-6 тал/

Хохирогч Н.Хүрэлтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16-17 цагийн хооронд автосэлбэгийн дэлгүүрт Баатархуягтай тааралдаж гэрт нь хүний 3, 3 лааз пиво уусан тэгээд Баатархуягийн хамт түүний найз дээр очихоор Үүдийн гудамжаар хойшоо явах гэтэл гудамж нь хаалттай байсан. Тухайн гудамжнаас гараад аль гудамжаар явах билээ гээд хоорондоо яриад явж байтал хашааны үүдэн сууж байсан үл таних 2 залуу босч ирээд энд ийм гудамж байдаггүй юм андуураад байгаан бишүү гэсэн Баатархуяг нэгзалууг таньдаг бололтой тэвэрч аваад юу байна хөгшөөн намайг танихгүй байна уу гэсний хүзүү хүзүүгээрээ зууралдаад таньдаг юм шиг зогсож байтал нөгөө залуу нь чамайг танихгүй юм байна шүү гээд муудалцсан тэгэхээр нь би салгах санаатай дундуур нь ортол хажууд нь зогсож байсан халзан толгойтой залуу намайг зуурч аваад хүзүүнээс боохоор нь зөрүүлж боогоод зогсож байтал хашаанаас хэдэн залуучууд гарч ирээд намайг газар унагаан дээрээс өшиглөж цохисон. Тухайн үед би хэн нь юугаар цохисныг мэдээгүй нүүрээ таглаад газар хэвтэж байсан нэг мэдсэн Баатархуяг анх муудалцсан залууд өшиглүүлээд газар унасан байдалтай байхаар нь очиж хөлийг нь хамгаалаад хэвтэх гэтэл өндөр нуруутай залуу салгаад Баатархуягийг гэрлүү нь таксинд суулгаж явуулсан. Тэнд байсан залуучууд дахиж намайг зодох гээд байхаар нь гэрлүү зугтаасан...миний хувьд одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй … гэжээ. /хх-ийн 11-13 тал/

Гэрч Б.Чулуунболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ариунбаатарын төрсөн өдрийг Баатарболдын эмээгийн гэрт тэмдэглэсэн тухайн үед дээрх найз нар маань бүгд байсан 3 шил 0.75 литрийн ерөөл архи хувааж уугаад ойр зуурын юм ярьж суусан. Орой 19 цагийн үед БатОргил, Ариунбаатар нар тамхи татах гээд хашаанаас гараад нарийн гудамж руу орсон. Баатарболд уусан архиндаа согтоод эмээгийндээ унтсан. Удалгүй гадаа гудамжинд хүмүүсийн хоорондоо маргалдах чимээ сонсогдсон үүнийг сонсоод Пүрэв-Очир бид хоёр ар араасаа гартал Үүдийн гудамжны баруун үзүүрт Бат-Оргил, Ариунбаатар хоёр Хүрэлтулга, Баатархуяг хоёртой муудалцаад нэг нэгнийгээ зуураад зогсож байсан. Бат-Оргил Хүрэлтулгатай зууралдаад зодолдох гээд зогсож байхаар нь салгах гээд оролдоод дийлээгүй тэгтэл Ариунбаатар Баатархуяг нар хоорондоо зодолдоод дээр доороо ороод унахаар нь салгасан тухайн үед Баатархуягийн хөл нь эвгүй болчихлоо гээд орилоод байхаар нь такси дуудаж гэрт нь хариулсан энэ хооронд Бат-Оргил, Пүрэв-Очир хоёр нийлээд Хүрэлтулгыг газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн байдалтай байхаар нь салгаад Хүрэлтулгыг явуулсан … гэжээ. /хх-ийн 16 тал/

Гэрч О.Азхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Надад болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим гэртээ зурагт үзээд сууж байтал хашааны гадаа хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд гэрээс гарч сонирхох гэтэл 2-3 залуучууд согтуу байдалтай 2 залуу руу дайраад байхаар нь салгасан. Надтай хамт тэнд байсан 1 өндөр залуу салгасан хэн хэнийгээ яаж зодож цохисныг хараагүй миний анзаарснаар 2 залуу руу учиргүй дайраад байсан тухайн үед харанхуй байсан болохоор залуучуудын царай зүсийг тогтоогоогүй … гэжээ. /хх-ийн 26 тал/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 159 тоот дүгнэлт Д.Баатархуягийн биед хуйхны зүүн чамархай хэсэгт язарсан шархтай хуйхны баруун чамархай хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун чихний ар талд зулгаралт, хүзүүний урд дунд хэсгээр зулгаралт, эрүүний дор дунд хэсэгт зулгаралт, цээжний баруун ар талд 6, 7 дугаар хавирганы түвшинд цус хуралт, бүсэлхийн 3, 4-р нугаламын түвшинд нурууны зүүн ар талд цус хуралт, зүүн шилбэний доод 1/3 хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

 Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 160 тоот дүгнэлт Э.Хүрэлтулгын биед баруун хөмсөгний сүүл хэсэгт язарсан шархтай, толгойн хуйхны зүүн чамархай хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэгт зулгаралт хамрын нурууны баруун хэсэгбаруун нүдний уг хэсгээр, баруун шууны дотор дунд хэсэгт, зүүн шилбэний урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

  • Гэрч Т.Сүглэгмаагийн мэдүүлэг  /хх-ийн 19-20 тал/,
  • Гэрч Ц.Батхуягийн мэдүүлэг  /хх-ийн 21 тал/,
  • Гэрч Б.Цэмбэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч Г.Болорчулууны мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
  • Гэрч Р.Ганпүрэвийн мэдүүлэг  /хх-ийн 24 тал/,
  • Гэрч Л.Насангийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 63, 76 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 тал/
  • Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 тал/
  • Арилжааны банк болох Хас, Капитал, Капитрон, Худалдаа хөгжил, Голомт, Хаан, Төрийн банкны албан тоот болон дансны хуулга /хх-ийн 88-97/
  • 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын 5/07, 5/08, 5/09 тоот тогтоолууд /хх-ийн 111-112, 114-113,117-118  тал/
  • Э.Хүрэлтулга, Д.Баатархуягийн шүүхийн шатанд гаргасан хүсэлт зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

            Шүүгдэгч П.Ариунбаатар нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд Д.Баатархуягийг сайн уу хөгшөөн гэхэд чамтай хөгшин явснаа санахгүй байна гэж илтэд үл хүндэтгэн түүнийг хавирч унагаан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл, Э.Бат-Оргилтой бүлэглэн Э.Хүрэлтулгыг мөн илтэд үл хүндэтгэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Э.Бат-Оргил нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд С.Пүрэв-Очир, П.Ариунбаатар нартай бүлэглэн иргэн Э.Хүрэлтулгыг илтэд үл хүндэтгэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч С.Пүрэв-Очир нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Үүдийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Э.Бат-Оргилтой бүлэглэн иргэн Э.Хүрэлтулгыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүгдэгч П.Ариунбаатарын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан тогтоолоос үзэхэд 2014 онд шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан  ялтай байдал арилаагүй байгаа боловч уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч П.Ариунбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Пүрэвжавын Ариунбаатар, Боржигон овогт Эрдэнэбаатарын Бат-Оргил, Цэдэнбалжир овогт Сүглэгмаагийн Пүрэв-Очир нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч П.Ариунбаатарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бат-Оргилыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Пүрэв-Очирыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ариунбаатар, Э.Бат-Оргил, С.Пүрэв-Очир нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Ариунбаатар, Э.Бат-Оргил, С.Пүрэв-Очирт  нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 6. Шүүгдэгч П.Ариунбаатар, Э.Бат-Оргил, С.Пүрэв-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ариунбаатар, Э.Бат-Оргил, С.Пүрэв-Очир нарт  авсан   батлан   даалтад   өгөх   таслан   сэргийлэх  арга   хэмжээг   хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ