Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 05

 

С.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Төмөрхуягт

 холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч С.Батцэцэг

Хариуцагч Г.Төмөрхуяг нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Г.Төмөрхуягийн давж заалдах гомдлоор тус аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн С.Батцэцэгийн “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” хариуцагч Г.Төмөрхуягт холбогдох иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, С.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 15-нд Г.Төмөрхуягтай танилцаж, 2016 оны 05 дугаар сарын 03-нд охин Нандин-Учралыг төрүүлсэн. Г.Төмөрхуягийн зан харилцааны таарамжгүй байдал, өөрийн охиныг хамтран өсгөхөөс татгалзсан учир хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Төмөрхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 05 дугаар сарын сүүлээр С.Батцэцэгтэй танилцаж, танилцсан өдрөө дотно харьцаанд орсны маргааш нь надад би жирэмсэн болсон гэж хэлж байсан. Тэр үед би тэр үгэнд нь итгээгүй. Хэд хоногийн дараа бид хоёр маргалдаж муудаад салсан. Тэрнээс хойш 4-5 сарын дараа нэг өдөр намайг дуудаад уулзахад гэдэс нь томорчихсон байсан. Энд чиний хүүхэд байгаа, одоо яах гэж байна гэж асуухад нь би яахаа мэдэхгүй байсан. Түүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 03-нд охинтой болсон гэж 5 сарынд 06-нд надад хэлсэн. Энэ хугацаанд зан харилцааны хувьд олон эргэлзээтэй асуудал гарч байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгч байсан. Миний хувьд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч, ажилгүй учраас мөнгө байхгүй болоод шинжилгээ хийлгээгүй. Энэ хүүхэд миний хүүхэд мөн гэдгийг нотлох хэрэгтэй байна. Мөн бол хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж хэлэхгүй гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр шийдвэрт: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Марлан хутагт овогт Батцэцэгийн Нандин-Учралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Зээрд овогт Гантөмөрийн Төмөрхуягаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Төмөрхуягаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Төмөрхуягаас нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28123 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Г.Төмөрхуяг давж заалдах гомдолдоо: Г.Төмөрхуяг миний бие өнгөрсөн хугацаанд сарын орлогогүй байсан учир эцэг тогтоолгож чадаагүй. Одоо шинжилгээ хийлгэх боломжтой болсон тул эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэх хүсэлт гаргаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгч С.Батцэцэг нь “2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Нандин-Учралд тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Хариуцагч Н.Төмөрхуяг нь “миний хүүхэд мөн” гэдэг нь эцэг тогтоох шинжилгээгээр тогтоогдвол хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

Шүүх 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Батцэцэгийн Нандин-Учралын эцгийг тогтоолгүйгээр хариуцагч Г.Төмөрхуягаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4-т “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Хариуцагч Г.Төмөрхуяг нь анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн тайлбартаа “охин Б.Нандин-Учралын эцэг мөн эсэхэд эргэлзэж байгаа тул шинжилгээ хийлгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. Иймээс хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх  боломжгүй байх тул анхан шатны шүүхийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

      Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ                                      

      ШҮҮГЧИД                               Я.АЛТАННАВЧ

                                                                                          Д.БАЙГАЛМАА