Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1668 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн 1806031651079 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Б.Ц, 1992 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Налайх дүүрэг, 3 дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Ц овогт Т.Б, 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Б.Ц, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгэрэх зочид буудалд байсан А.Чын 1,467,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс 8 загварын гар утсыг хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц, Т.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед тогтоогдов. Прокуророос яллагдагч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага прокурорын шатанд бүрэн хангагдсан байх бөгөөд харин шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б нь улсын яллагчийн санал болгосон 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүгдэгч Т.Бийн улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасныг зөрчиж, улмаар энэ байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл илэрч байх учир хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар нотлогдсон байх, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас үүссэн хохиролыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх гэсэн шаардлагуудыг бүрэн дүүрэн хангасан байх ёстой.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн боломж бүрдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.Б нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаартай прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ”, 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасан үндэслэлээр прокуророос яллагдагчид сонсгосон ялыг танилцуулсан ба яллагдагч Т.Б нь зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд “Т.Бийн улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасныг зөрчиж улмаар энэ байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл шүүх хуралдааны явцад илэрсэн” ...гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ял оногдуулах ялын санкц байхгүй ба шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Бт “300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах санал гаргахад Т.Б нь “...торгуулийн ял оногдуулах боломж байгаа юу гэж тодруулж, лавласан байдлаар асуусан юм. Тиймдээ ч хэргийг буцаах захирамж уншиж сонсгомогц “...Би прокурорын санал болгосон ялыг эдэлнэ” гэж хэлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг буцаах шийдвэр гаргана” гэж заасан. Гэтэл Т.Б нарт холбогдох хэргийн тухайд дээр дурьдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулах байсан гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1668 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа хуулийн зүйл заалтыг ойлгоогүй байсан.Ер нь сайн ойлгохгүй байна. Надад торгуулийн ял оноож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд улсын яллагчийн “300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял”-ын саналыг шүүгдэгч Б.Ц, Т.Б нар хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын 4 дэх хэсгийн 4.3 “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн” нөхцөл байдал хангагдалгүй прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянасны үндсэн дээр мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргана” гэсэн заалтын дагуу анхан шатны шүүх  Б.Ц, Т.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Бээс ямар хэрэгт ял шийтгэгдэж байгаа, тухайн зүйл заалтад заагдсан ял болон прокуророос гаргасан ялын саналыг ойлгосон талаар тодруулахад “энэ талаар сайн ойлголт байгаагүй” гэж тайлбар гаргаж байв.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарт  хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх талаар гаргасан прокурорын тогтоол хавтас хэргийн 57 дугаар хуудсанд байх бөгөөд уг  прокурорын тогтоол нь яллагдагч Б.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, түүнд мэдэгдэхээр тогтоосон тогтоолдоо яллагдагч Б.Ц дээр нэмж Т.Бээр гарын үсэг зуруулсан байна.

 Мөн хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд яллагдагч Т.Бт танилцуулахаар   “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл” үйлдсэн боловч доор нь  Ц гэж нэмж гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй байна.

Эдгээр баримтуудаас харахад яллагдагч нарт хэргийн зүйлчлэл, ял шийтгэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг хүн тус бүрт танилцуулаагүй, ялын саналын талаар огт ойлгуулаагүй байж тэмдэглэл үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мөн хавтас хэргийн 55 дугаар хуудсанд буй баримтанд хохирогч А.Ч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх ба түүний хулгайд алдсан гар утасны хохирол мөнгөөр болон биет байдлаар хэрхэн төлөгдсөн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул тодруулах шаардлагатай болохыг дурдсугай.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж,  прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаартай   эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1668 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

О.ЧУЛУУНЦЭЦЭГ