Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0469

 

 

 

 

 

 

 

 

“Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Ундрага капитал” ХХК-ийн төлөөлөгч Д.Болд

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х с” ХХК

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд “Ундрага капитал” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “У к” ХХК-нд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл-г олгохдоо Х  с ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Х с” ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 159/2023/0001/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Х с” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “У к” ХХК-нд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Х с” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй” болгуулахаар,

 

  1. Гуравдагч этгээд “У к” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Х с” ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгох”-аар тус тус маргасан байна.

 

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр

 

    1. “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “У к” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Х с” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х с” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар У к ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Х с ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

  1. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “У к” ХХК-ийн төлөөлөгч Д.Болд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

    1. “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ингэж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу хэрэглэн, нотлох баримтад болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйг манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2-т "Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ", 6.3-т "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ", 20.1.5-д "шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих", 22 дугаар зүйлийн 22.3-т "Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ", 98 дугаар зүйлийн 98.2- 7 "Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ", 99 дүгээр зүйлийн 99.1-д "Шүүх хуралдаан даргалагч гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтооно", 103 дугаар зүйлийн 103.1-д "Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна" гэж тус тус заасан. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар манай компанийн хэргийн оролцогчдоос асуулт асууж, хариулт авах, бие даасан шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлах, шүүх хуралдаан завсарлахаас өмнө нэмж дүгнэлт хэлэх боломжийг шүүх хуралдаан даргалагчаас огт олгоогүй бөгөөд эдгээр эрхүүдийг зөвхөн нэхэмжлэгч “Х с” ХХК, түүний өмгөөлөгчид олгосон нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж, алдагдуулсан гэж манай компаниас үзэж байна. Дээрх нөхцөл байдлын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн гүйцэд, үнэн зөв тусгасан эсэх нь эргэлзээтэй байсан тул шүүх хуралдааны тэмдэглэлтэй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-т заасны дагуу танилцах хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан ч Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №116 дугаар албан бичгээр татгалзсан нь манай компани энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох боломжгүй байсан нэг илрэл болно.

 

    1. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д "...Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ" гэж заасан ба манай компанийн гаргасан бие даасан шаардлагад хамаарах Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотойгоор түүнийг ямар байр суурьтай оролцох талаар мэдэгдээгүй, урьд бичгээр гаргасан хариу тайлбарыг шүүхээс уншиж огт танилцуулаагүйн дээр Ерөө сумын Засаг даргаас хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй байдлаар 4,73 га талбайд "И ш" ХХК нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулдаг гэсэн нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Х с" ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь заавал нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэж байж тухайн маргаан хянан шийдвэрлэх боломжтойгоос бусад асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул тухайн хэрэгт шийдвэрлэгдвэл зохих бие даасан шаардлага гэж үзэхгүй, тусдаа маргааны үйл баримт болох тул хамтатган шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гуравдагч этгээд нь шүүхэд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой" гэж дүгнэн манай компанийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг манай компаниас огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

    1. Учир нь манай компани нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олж авах үед болон түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд "Х с" ХХК, "И ш" ХХК-ууд нь давхцалтай гэх 2.4 га газарт огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, газар эзэмших эрхээ дэмжихгүйгээр түүнтэйгээ давхцуулж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шат бүртээ гаргадаг атлаа газар эзэмших субьектив эрх зөрчигдсөн гэж шүүхэд хандаж байгаа нөхцөл байдалтай нь уялдуулан "Х с" ХХК-д үр тарианы зориулалтаар газар эзэмших эрх олгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс бие даасан шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр "...бие даасан шаардлага гэж үзэхгүй, тусдаа маргааны үйл баримт болох тул хамтатган шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гуравдагч этгээд нь шүүхэд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой ..." гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

 

    1. Өмнө нь ийнхүү байдлаар дүгнэн манай компанийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал шүүх хуралдаанд зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар бие даасан шаардлагад хамаарах мэтгэлцэх зарчмыг хангаагүйд нь манай компаниас гомдолтой байгаа ба маргаан бүхий шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Харин шүүхээс нэхэмжлэгч "Х с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг "...Хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4- т заасны дагуу Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр "У к" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор ... эрх зүйн үр дагавар үүссэн байна" гэж дүгнэн хангаж шийдвэрлэснийг дараахь байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг аваагүй гэх үндэслэлээр манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч манай компаниас эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

    1. Тодруулбал Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 17 дугаартай шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална", 37.1.1-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон", 37.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй", 37.1.3-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан", 37.1.4-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон" гэж тус тус заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт шууд үнэлэлт өгч, үгүйсгэх байдлаар дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй гэх үндэслэлээр тусгай цуцлах нь зүйтэй гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч "Х с" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Манай компанийн эзэмшиж буй дээрх газартай давхцуулж олгосон асуудлын талаар албан бус байдлаар хүнээс сонсож энэ талаар холбогдох байгууллагад хандахаар бэлтгэж байх зуур 2018 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь "У к" ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэдгийг сонссон. "Х с” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон "У к" ХХК-ийн хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нэхэмжлэл гаргах асуудлыг түр орхисон байсан" гэж дурдсан ба "У к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байсан.

 

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:", 14.4 дэх хэсэгт "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана", 54 дүгээр зүйлийн 54.1.8 заалтад "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж тус тус заасан.

 

    1. "Х с" ХХК нь хууль ёсоор манай компанид олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж, түүндээ хариу аваагүй байдаг ба 2018 онд энэ талаар мэдсээр байгаа атлаа шүүхэд хандаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх тодорхой үндэслэл болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3- д"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заасан ба газар эзэмших эрхээ дэмжихгүйгээр түүндээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа "Х с" ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар байдлаар хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, нэхэмжлэгч нь цаашдаа энэ газар дээр үр тарианы зориулалтаар үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ илэрхийлсээр байгааг анхан шатны шүүх харгалзалгүйгээр энэ асуудлыг маргаанд хамааралгүй асуудал гэж шүүх хуралдаанд илэрхийлэн, энэ талаар маргаж байгаа гуравдагч этгээдийн тайлбарт шүүхийн шийдвэртээ дүгнээгүй нь учир дутагдалтай байна.

 

    1. Нэг үгээр хэлбэл үр тарианы зориулалттай газартай давхацсан нэрийн доор манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар илтэд анхаарч, улайрч байгаа нэхэмжлэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байтал үүнийг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Нөгөөтээгүүр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргаас дахин шинэ захиргааны акт гаргасан ба манай компанид анх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны акттай холбогдуулан шүүх шийдвэрээ гаргаж, түүнийг үнэлж дүгнээгүй ойлгомжгүй байна.

 

    1. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр “У к” ХХК-д 2017 оны А/104 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Их хөндий” нэртэй газарт 215.63 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хариуцагчаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Ерөө сумын болон Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болохыг дүгнэсэн, иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т тодорхой заасан.

Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагчийг шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэхдээ нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтын талаарх дахин дүгнэлт өгчээ.

            Гэхдээ энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй, гагцхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 399 дүгээр захирамжаар эрхийг нь сэргээсэн, мөн 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар хугацааг нь сунгасан гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд одоогийн маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор сэргэх эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд үүнээс хойш гарсан хүчин төгөлдөр захирамжийн эрх зүйн үйлчлэлийг хэрхэн ойлгох, магадгүй тэдгээр захирамжтай дахин маргах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.

            Иймд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлэхээс илүүтэй шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагчаас гаргасан захирамжийг, мөн үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодруулах нь хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг ...Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.

Анх “Х с” ХХК-ийн нэхэмжлэл шүүгч Ж.Б хуваарилагдан захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар тогтоолоор түүнд мөн оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 1 сарын цалинтай чөлөө олгосонтой холбогдуулан Ерөнхий шүүгч Л.О энэхүү хэргийг шилжүүлсэн, харин дээрх хугацаа дууссанаас хойш шүүгч Ж.Б дахин чөлөө олгосон, эсхүл сунгасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгаагаас гадна хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан даргалагч шүүгчийг албажуулаагүй, эсхүл албажуулсан захирамжийн хувийг хавсаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул эдгээр алдааг хэргийг дахин шийдвэрлэхдээ давтах тохиолдолд уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэнд тооцогдох болохыг анхаарвал зохино.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН