Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Бт холбогдох эрүүгийн 2135001270144 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт машинист ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Чийн Б /РД: ТЯ66121619/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 50-53 УНИ улсын дугаартай Тоёота ланд крузер прадо загварын тээврийг хэрэгслийг улсын чанартай А-17 кодтой авто зам дээр жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь хэсгүүдийг зөрчиж хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр 2135001270144 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-22-р хуудас/,

4. Хохирогч Ч.Нгийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өндөрхангай сумын 5 дугаар багт байрлах ах Ч.Баттулгын гэрээс 13-14 цагийн орчим Улаанбаатар хот руу хөдөлсөн. Сумын төвөөс хөдлөхөд ах Ч.Б гаргаж өгсөн. Сумаас гараад 30-аад километр яваад машины дугуй хагарч машин шидэгдсэн. Тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Машины дугуй хагарч шидэгдэхэд 2 удаа өнхөрч машины 4 дугуй дээшээ харсан байсан. Би машины цонхоор шидэгдсэн байх гэж бодож байна. Үйл явдал маш хурдан болж өнгөрсөн болохоор юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Ухаан ороод хартал дүү Ч.Б замын машин зогсоогоод “эмч, цагдаа дуудаад өгөөч” гээд орилж байх шиг байсан. Машинтай хүн “би сүлжээнд гараад дуудаад өгье” гэж хэлээд явж байх шиг байсан. Удалгүй эмч, цагдаа нар ирээд эмч нар надад эмнэлгийн тусламж үзүүлж сумын төвөөс нэмэлт хүч дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

5. Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 19-ний өглөө миний ах Ч.Б, эгч Ч.Н нар манайд ирээд цай ууж аваад өглөөний 08 цагт сум орчхоод шууд Улаанбаатар явна гэж хэлээд манай гэрийн гаднаас хөдөлсөн. Би машинд засвар хийгээд байж байсан чинь 14 цагийн орчим ах Ч.Б өөрийн 96633666 дугаарын утаснаас над руу залгаад “машин уначихлаа, эмч нар аваад хүрээд ир” гэж хэлэхээр нь би сумын төв рүү ороход манай хамаатны ах, эгч эмч, цагдаа нар аваад гараад явчихсан байсан. Би сумын төвөөс бензин аваад хэргийн газар очиход эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд ах Б, эгч Норолхоо нарыг эмнэлгийн машинд суулгаад сумын төв орж ирсэн. Осол болсон газар очиход Б ах машиныхаа хажууд сууж байсан. Эгч Норолхоог эмч нар шавчихсан газар хэвтсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

6. Гэрч Ч.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай төрсөн хоёр дүү Ч.Б, Ч.Н нар Улаанбаатар хотоос ээж Дыг эргэхээр 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ирэхээр нь би сумын төв рүү оруулахгүй сумын төвөөс 4 км зайтай газарт майхан татаж өгөөд нэг өдөр тэнд нь хонуулсан юм. Улаанбаатар хотоос ирсэн учраас ковид цар тахлын халдвараас сэргийлээд тэнд нь хонуулаад маргааш өглөө нь манай ээж Д Өндөрхангай сумын “Хөдөө ар” гэх газарт байсан тул манай 2 дүү шууд тийшээ очсон. Ээж Д дээр байж байгаад 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед сумын төвд ирсэн. ...Би эхнэр Янжинсүрэнгийн хамт сумын төвөөс дагаж яваад зүүн урагш зүгт сумын төвөөс 9 км газарт 11 цагийн үед гаргаж өгсөн. Тэнд гаргаж өгөхөд ямар нэгэн архи дарс хэрэглээгүй, манай дүү Б нь архи дарс огт хэрэглэдэггүй юм. Тэгээд эхнэр бид 2 буцаж сумын төвд 12 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд 16 цагийн үед гэртээ байж байтал миний 91459293 дугаар луу нэг эмэгтэй хүн залгаад “танай дүү нарын машин хар зам руу явах замд осолдсон байна, та битгий айж сандраарай, танай дүү нарын бие их таагүй байна” гэж хэлэхээр нь би эхнэр Янжинсүрэн, охин Оюундэлгэр нарын хамт сумын Эрүүл мэндийн төвд очоод ЭМТөвийн дарга Мт хэлээд осол болсон газар луу хамт явахад дүү Ч.О машин бариад дагаад явсан. Тэгээд сумын цагдаагийн байранд очоод цагдаад хэлж мэдэгдээд хамт явсан. Осол болсон газарт 16 цаг 40 минутын үед очиход машин доошоо харсан байдалтай манай эмэгтэй дүү Ч.Н машинаас гарчихсан газарт хэвтэж байсан, харин манай эрэгтэй дүү Ч.Б сүлжээ хайгаад хажуу талын уулнаас бууж ирсэн. Тэгээд манай сумын ЭМТөвийн дарга М эмч манай 2 дүүг үзээд эмэгтэй дүү Ч.Нгийн бие их тааруу байна, дотуур цус алдалтай байна гэж хэлж байсан. Ч.Бын бие нь ослоос болоод шоконд орсон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд ЭМТөвийн дарга М дахин сумын төвөөс сувилагч, машин нэмж дуудсан. Тэгээд эмнэлгийн машин манай хоёр дүүг хэвтүүлэн авч явж 18 цаг 45 минутын үед сумын эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

7. Гэрч Ч.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр Халиунтай хамт сумын ШТС-аас бензин аваад шууд сумын төвөөс Улаанбаатар явдаг замаар явж байтал 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс 29 км газар “Жалбын улаан толгой” гэдэг газар очсон. ...Тэгэхэд эгч Ч.Н  осолдсон машины хажуу талд хэвтэж байсан. Харин ах Ч.Б хажуу уулнаас сүлжээ хайгаад явсан байдалтай бид хэдийг очиход ирсэн. Тэгээд сумын ЭМТөвийн дарга М эмч үзээд Ч.Нг бие их тааруу байна дотуур цус алдалтай байна гэж хэлж байсан. Харин ах Ч.Быг ослоос болоод шоконд орсон байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд ЭМТөвийн дарга М дахин сумын төвөөс сувилагч машин нэмж дуудсан. Тэгээд эмнэлгийн машин манай хоёр дүүг хэвтүүлэн авч явж очиход 18 цагийн үед сумын эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

8. Гэрч Г.М /ЭМТөвийн дарга/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд машин унасан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагад жолоочийн хамт ар гэрийнх нь 2 хүнийг суулгаад явсан. Дуудлагын дагуу яваад очиход машин дээш харж унасан байдалтай байсан. Машины баруун урд талд 50 орчим насны эмэгтэй дээш харж хэвтсэн царай нь цайж хөхөрсөн, орь дуу тавьсан, хөдөлгөөнгүй хэвтэж байсан, эрэгтэй нь баруун урд талаас сүлжээ хайж яваад ирлээ гэж хэлж ирсэн. Тухайн үед эмэгтэйг нь үзэхэд биеийн байдал маш хүнд шокийн байдалтай хэвтэж байсан. Судас тэмтрэгдэхгүй, даралт хэмжигдэхгүй, зүрхний цохилт бүдгэрч цөөрсөн, ухаан санаа бүдгэрсэн байдалтай байсан. Баруун гар булгарсан, шуу хэсгээр хавдаж хөхөрсөн, хугарсан байж болзошгүй, нурууны яс хугарч нуруу нь гэмтсэн байж болзошгүй байдалтай байсан. Эрэгтэй нь айж сандарсан, даралт ихэссэн, баруун шанаа хэсэг газар зулгарч цус гарсан байдалтай, цээж нуруугаар хатгаж өвдөж байна гэсэн шинж тэмдэгтэй байсан. Тухайн үед эмэгтэйн биед шаардлагатай эм тариа хийж дахин эмнэлгийн нэмэлт хүч дуудаж тоноглогдсон машин дуудаж тухайн ослын газар 2 хүний биед тогтворжилт эмчилгээ хийж харьцангуй биеийн байдал тогтворжсоны дараа эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

9. Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим машин уначихсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эмч Мын хамт Өндөрхангай сумын Жалби гэх газар очиход машины 4 дугуй дээшээ харсан байдалтай машины хамар хэсэг ертөнцийн зүгээр хойд зүг рүү харчихсан байсан. Машины хажууд 1 эмэгтэй дээш харсан байдалтай хэвтсэн байсан. Эмч бид хоёр буугаад газар хэвтэж байсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн үед биеийн байдал ямар байсныг би мэдэхгүй, эмэгтэйг үзэж байхад жолооч эрэгтэй уулнаас бууж ирж байсан. Эрэгтэйн биеийн байдал харьцангуй гайгүй байсан. Жолооч, эмэгтэй хоёрт эмч эмнэлгийн тусламж үзүүлээд машинд суулгаад Өндөрхангай сумын эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн: “1. Ч.Н-н биед гэмтэл тогтоогдлоо. Ууц, нурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтлүүд учирсан байна. 2. Бүсэлхийн нурууны 1-р нугалмын шахагдаж, бяцарсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д хамаарч байгаа тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг үлэмж хугацаанд сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна” гэх шинжээчийн 328 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/,

11. Шинжээч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын гаргасан: “1. Ч овогтой Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Ч овогтой Б нь 12.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалт, 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. 3. Ч овогтой Б нь /ТЯ66121619/ 119580 дугаарын ‘’В,D’’ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д В-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/ автомашин жолоодон. 4. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нөхцөл нь Ч овогтой Б нь 12.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалт, 12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас уг осол гарсан байна. 5. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно” гэх 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 74-75-р хуудас/,

12. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд байрлах гэрээс өөрийн эзэмшлийн 50-53 УНИ улсын дугаартай Тоёота ланд крузер прадо загварын тээврийн хэрэгслээр эгч Ч.Нгийн хамт гарч 13 цагийн үед Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу бригадын Саадгийн гозгор хадны араар гараад хад ихтэй шороон замаар 55-60 км цагийн хурдтай явж байхад ирмэгтэй ургаа хаданд баруун талын дугуй ярагдаж буудахад жолоодлого алдаж автомашин осолдож өнхөрсөн юм. Машин унасны дараа би автомашинаас гараад ирэхэд автомашины зүүн урд суудал дээр сууж явсан манай эгч Ч.Н автомашины хойд талд гараад ирчихсэн нуруу өвдөөд байна хэмээн хэлээд сууж байсан. Тухайн автомашины ослоос үүдэн эгчийн нуруу өвдөөд байна гээд харин миний нүүрэн тус газар бага зэрэг шалбараад цус гарсан, баруун талын хөл шилбээр хөхөрчихсөн байсан. Тухайн үед би суудлын бүсээ зүүчихсэн байсан ба манай эгч Ч.Н суудлын бүсээ зүүсэн байсан эсэхийг би анзаараагүй юм... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эгч маань ямар нэг гомдол санал байхгүй. Эмнэлэг, эмчилгээний зардлыг нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/-үүд зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Бын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 50-53 УНИ улсын дугаартай Тоёота ланд крузер прадо загварын тээврийг хэрэгслийг улсын чанартай А-17 кодтой авто зам дээр жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь хэсгүүдийг зөрчиж хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт болжээ. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд тодорхойлсон зам тээврийн осол мөн бөгөөд энэ талаар шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын гаргасан “Осол гарахад хүргэсэн шалтгаан нь Ч овогтой Б нь 12.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, 12.3-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 74-75-р хуудас/ нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэхүү дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.

Өөрөөр хэлбэл хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Ч.Н-н биед гэмтэл тогтоогдлоо. Ууц нурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтлүүд учирсан байна. Бүсэлхийн нурууны 1-р нугалмын шахагдаж, бяцарсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д хамаарч байгаа тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 328 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р хуудас/ -ээр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ч.Б нь 50-53 УНИ улсын дугаартай Тоёота ланд крузер прадо загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй хүний биед хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс шүүгдэгч Ч.Бын үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Хохирогч Ч.Н нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч.Б бид хоёр машинд явж байсан өөр хүн байгаагүй. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/, мөн хохирогч Ч.Нгийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...Ч.Бын хамт ээждээ золгох гэж яваад хөдөөгийн бартаатай зам, ургаа хаданд дугуй зүсэгдэж буудан машин унасан. Гэтэл миний нуруунд хөнгөн гэмтэл авсан. Улаанбаатар хотын сэргээн засах эмнэлгийн бариа заслаар эмчлүүлж бүрэн эдгэрсэн. Надад хохирсон зүйл байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ч.Баас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь урд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113-р хуудас/-аар нотлогдсон.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ч.Б: “Манай төрсөн ах Ч.Б Увс аймгийн Өндөрхангай суманд 1966 онд төрсөн. Одоо Улаанбаатар хотод эхнэртэйгээ амьдардаг. 2 хүүхэдтэй, хоёр хүүхэд нь тусдаа гарчихсан, хааяа нэг нутагтаа ирдэг. Их зөөлөн аливаа юманд их тайван ханддаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 135-р хуудас/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 141-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын гаргасан дээрх саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Бт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Бусад хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг шүүгдэгчийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор Ч.Баас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 50-53 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо загварын “RZJ950003143” арлын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Бт буцаан олгож, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Чийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг шүүгдэгчийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 50-53 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо загварын “RZJ950003143” арлын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Бт буцаан олгож, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН