Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/940

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01772 1295 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Б, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч  Д.Б нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол орчим хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа өөрийн таксинд үйлчлүүлсэн иргэн К.Г-ын таксины мөнгө шилжүүл гэж өгсөн сим картыг ашиглан данснаас нь мобайл банкаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Март дэлгүүрийн гадна 18 цаг 57 минутын үед *** улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотроос өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 600,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 107 дугаар байрны гаднаас ач охин Б.Э-ий Хаан банкны *** дугаарын данс руу 800,000, охин Б.Т-ын Хаан банкны *** дугаарын данс руу 1,020,000 төгрөгийн тус тус шилжүүлж нийт 2,420,000 төгрөг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Д.Б нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол орчим хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа өөрийн таксинд үйлчлүүлсэн иргэн К.Г-ын таксины мөнгө шилжүүл гэж өгсөн сим картыг ашиглан данснаас нь мобайл банкаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Март дэлгүүрийн гадна 18 цаг 57 минутын үед ***улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотроос өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 600,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 107 дугаар байрны гаднаас ач охин Б.Э-ий Хаан банкны *** дугаарын данс руу 800,000 төгрөг, охин Б.Т-ын Хаан банкны *** дугаарын данс руу 1.020.000 төгрөгийн тус тус шилжүүлж нийт 2,420,000 төгрөг завшсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй, ял шийтгэлийг зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. К.Г-аас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад хандан гаргасан: “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс такси бариад таксины жолоочид сим картаа алдаж улмаар данснаас 2,420,000 төгрөгөө алдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);

3. Эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 8 дугаар хуудас), эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 9 дүгээр хуудас);

4. Хохирогч К.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өглөө хамт ажилдаг Э-ын гэрт очсон. Тэгээд Э бид хоёр 0.75 граммын Соёрхол нэртэй архи уусан. Бид хоёр тухайн архинаас ууж дуусгачхаад Э-ын гэрээс 17 цагийн үед гараад хорооллын эцсээс такси барьсан. Уг нь тухайн такситай Хан-Уул дүүргийн нүхт рүү явах гэж байгаад явах шаардлагагүй болсон тул Нүхт рүү явахаа больчихлоо, би харин таны гар утсанд сим картаа хийгээд таны данс руу 100,000 шилжүүлчихье, та энэ мөнгөнөөс таксиныхаа мөнгийг аваад үлдэгдлийг нь надад өгчих, миний гар утасны цэнэг нь дуусчихлаа гэж хэлсэн. Би тухайн такситай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Март худалдааны төвийн Хаан банкны АТМ-н гадаа зогсоод жолооч надад АТМ-с бэлэн мөнгө авч өгсөн. Дараа нь зочид буудалд орох гэсэн юм, ойрхон зочид буудалд хүргээд өгөөч гэхэд намайг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын зам руу дагуу байрлах нэг буудлын гадаа буулгасан. Миний гар утасны цэнэг дууссан байсан тул би таксины жолоочийн rap утсанд сим картаа хийсэн байсан. Тэгээд тухайн таксины жолооч миний сим картыг буцааж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-16 дугаар хуудас);

-Хохирогч К.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...би хохирлын 2,420,000 төгрөгөө дансандаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо сайн санаад байхад би тухайн таксинаас буухдаа өөрийн сим картаа асуугаагүй, тэр эмэгтэй ч надад сим картын талаар хэлээгүй өнгөрсөн юм байна лээ. Өөрөөр хэлбэл би тэр эмэгтэйд сим картаа хариуцуулж өгөөд буцаад авахаа мартсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас);

5. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** дугаартай данс миний охин Б.Э бид хоёрын эзэмшдэг дундын данс юм, хүүхдийн мөнгө тухайн данс руу ордог. Би тухайн гүйлгээний талаар огт мэдээгүй байсан. Маргааш нь буюу 2021 оны сарын 11-ний өдөр миний ээж Б Э-ий данс руу 800,000 төгрөг шилжүүлчихсэн байгаа, буцаагаад явуулчих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед хороолол хавиар явж байсан чинь 40 орчим насны согтуу эрэгтэй гар өргөөд 1 дүгээр хороололд буудалд хүргээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд суулгасан. Замдаа явж байгаад эгчээ миний гар утасны цэнэг дуусчихсан, та утсандаа миний сим картыг хийгээд өөрийнхөө дансанд 100,000 төгрөг шилжүүлж аваад энэ мөнгөнөөсөө таксины мөнгөө авчих гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт М.Мартын ард талын Хаан банкны бэлэн мөнгөний машины гадна зогсож сим картыг нь авч өөрийн утсандаа хийгээд 100,000 төгрөгийг дансандаа шилжүүлж, таксины мөнгөө 20,000 төгрөгөөр тооцож аваад 80,000 төгрөгийг тухайн залууд хүлээлгэж өгсөн. Мөнгөө авчхаад тухайн залуу дэлгүүр орчхоод ирье та хүлээж байгаарай гэж хэлээд явах хооронд би мобайл банкнаас нь 18 цаг 57 минутад өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 600,000 төгрөгийг шилжүүлж авсан. Удалгүй нөгөө залуу эргэж ирэхээр нь би 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрлах зочид буудлын урд буулгаад гэр лүүгээ түгжирч явж байгаад 19 цаг 53 минутад...хүү Б-ийн Хаан банкны *** дугаарын данс руу 800,000 төгрөгийг, 21 цаг 17 минутын үед охин Т-ын Хаан банкны *** дугаарын данс руу 1,020,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би шуналдаа автаад ийм зүйл хийсэн хийсэн, гэмшиж байна. Энэ талаар хүү охин хоёртоо хэлээгүй байж байтал маргааш нь цагдаа залгасны дараа хүү, охин хоёроосоо мөнгөө асуутал үрээгүй байхаар нь хүүгийнхээ дансанд хохирогчийн 2,420,000 төгрөгийг нийлүүлж байгаад бэлнээр авч хохирогчид буцааж өгсөн. Манай охин Говь-Алтай аймгийн Дарви суманд амьдардаг. Ихэнхдээ утас нь холбогддоггүй сүлжээгүй газар байдаг, би уг хэргийг ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 54-55 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 62 дугаар хуудас), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 63 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 64 дүгээр хуудас), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 65-96 дугаар хуудас) хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 92-94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 2,420,000.0 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч К.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож  байх тул шүүх уг дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 2,420,000.0 төгрөг буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч ашиглан шамшигдуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн дураар захиран зарцуулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-г хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч К.Г нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй (хх-ийн 90 дүгээр хуудас) гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар зургаан сарын хугацаатай эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж тогтоосугай.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА