| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00104/И |
| Дугаар | 130/ШШ2017/00225 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00225
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, Ш овогт К н С,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, М овогт М н Ж нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь К банкны салбар /захирал М.Е /-т холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох байшин барилгын зөрүү үнэ 20884069 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К.С , М.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Нэхэмжлэгч К.С , М.Ж бид Буянт Сумд харьяалагддаг боловч Өлгий сумын төвд байнга байж амьдардаг юм. учир нь ач, зээ нарыг сургуульд сургадаг. Анх бид 2015 оны 7 дугаар сарын 1-2иы үед ирж суух, худалдах байр хайхад К банк газар байшин худалдаж мөн зээлээр өгч байна гэж дуулаад тус банканд очиж лавласан. Тус банкны зээл олгогч нь 9 дүгээр багт 50%, 60% хувьтай хагас дутуу баригдсан 5 өрөө байшин байна. Энэ байшинг шинээр барих, сэргээн засварлах, үргэлжлүүлэн дуусгаж суух боломжтой. 1000 м.кв газрын хамтаар 10 жилийн хугацаагаар сарын 2.0 хувийн хүүтэй зээлдэнэ гэсэн. Бид хоёр зөвшөөрч тус банктай 2015 оны 09 дүгээр сарын14 ний өдөр 3005/2015/533 тоот хашаа байшингийн 10 жилийн хугацаатай сарын 2.0 хувийн хүүтэй 14.240.800 төгрөгийн зээлийг авсан. Уг байшин болон газрыг 2016 оны 7 дугаар сарын 20-нд хүлээж авсан.
2. Зээлээ төлөх явцад:
1. 5 өрөө байшин гэдэг нь 60%-тай хагас дутуу баригдсан байсныг үргэлжлүүлэн шинээр сэргээн засварлаж, гадна болон дотор талыг орчин үеийн нөхцөл, гоёл, хэв загварт томруулан барьж байгуулсан. Ингэхдээ асар их мөнгө зарцуулж барилгын төхөөрөмж, материал худалдаж авсан бөгөөд 3-4 хүнийг барилга хашаа барих ажилд мөнгө өгч хөлсөөр ажиллуулсан юм. Өвлийн сууцны хэмжээ 72,0 м.кв талбайтай юм.
2.Уг 1000 м.кв газарт шинээр стандарт блок материалыг өөрсдөө хийлгэж мөн худалдаж авч хашаа барьсан, хашаанд хаалга гаргасан.
3. Хашаан дотор зуны байшин барьсан. Байшин нь 4х8м2 хэмжээтэй баригдсан бөгөөд барилгын дотор гадна талыг орчин үеийн загвар маягаар чанартай болгож барьсан юм. Мөн хашааны дотор шинээр муу усны нүх ухаж, бас жорлон барьсан юм.
Ингээд 5 өрөө өвлийн, 3 өрөө зуны сууц, ногоон байгууламж, 32х35м.кв талбай бүхий стандарт блокоор барьсан хашаа, жорлон зэргийг барьж байгуулах сэргээн засварлахад нийт 40.000.000/гаруй сая/ төгрөг зарлага гарсан юм.
3. Бид эдгээр үл хөдлөх хөрөнгөө Улсын үнэлгээчинээр үнэлүүлэхэд бүх хөрөнгийг нийт 36216200 төгрөгөөр үнэлж өгсөн юм.
4. Бид К банканд төлөх зээлээ сүүлийн хэдэн сар төлж чадаагүй болохоор банк тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 19ны өдөр №16/288 дугаараар зээл төлөгч биднээс 15.377.131 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан ба бид нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар тус шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 791 дүгээр захирамж гарсан юм.
Гэтэл К банк нь бидний зээл төлөх чадваргүй болсон байдлыг далимдуулан бидний хүч хөдөлмөр, үнэ хөлсөөр шинээр бүтээн босгогдсон, сэргээн баригдсан 36.216.200 төгрөгийн үнэтэй өмч хөрөнгийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх журмаар авахаар болж байна. К банк нь бидэнд хагас дутуу 50%, 60%-тай баригдсан байшинг 8000000 төгрөгөөр 1000 м.кв газрыг 8000000 төгрөгөөр тус тус үнэлж зээл олгосон болохоор энэ үнэлгээг баримтална гэж зээлийн төлөлтийн байдалд хандаж байна. К банк бидний 36261200 төгрөгийн өмч хөрөнгийг өөрсдийн дураараа үнэлсэн үнэлгээгээр үнэлж хурааж авах нь гэж байгаа тул энэ хөрөнгөө Улсын үнэлгээчинд үзүүлж дээрх үнийг нь албан ёсоор гаргуулсан юм. Бид К банкнаас 14240800 төгрөгийн зээлийг авахдаа тэдний өгсөн 1000 м.кв газар 72 м.кв талбайд хагас дутуу баригдсан байшинг тэдний үнэлгээгээр 16000000 төгрөгөөр авчихсан юм. Зээл авахын тулд бид бараг хоосон шахуу хөрөнгийг их өндөр үнээр авч 36261200 төгрөг хүртэл бүтээн босгосон болохоор хөдөлмөр хөрөнгөө алдаж хохирох болж байгаа тул К банкнаас зээлийн барьцаалсан хөрөнгөнөөс илүү гарсан 20884069 төгрөгийг гаргуулж өгч биднийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж Шүүхэд хандаж байна. Учир нь банкны зээлийг төлж барагдуулах бидэнд боломж, чадвар байхгүй болсон бөгөөд банк барьцаалсан дээрх хөрөнгийг авах болно. Бид газраас бусад хөрөнгийг банканд зээлд шилжүүлж байгаа тул 1000 м.кв газар өмчлөгч бидэнд үлдэх болно. Учир нь банкны нэхэмжлэлийн дотор төлөхийг зөвшөөрсөн байгаа.
Иймд К банкны салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох байшин барилга хашааны зөрүү үнэ болох 20884069 төгрөгийг гаргуулж авч өгөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарын захирал М.Е шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 12-р сарын 20-ний өдрийн 791 тоот шүүгчийн захирамжийн дагуу төлбөр хариуцагч К.С , М.Ж нарт тэдний хашаа байшинг зээлийн өрөнд дүйцүүлэн авах тухай бид ямар нэгэн шаардлага тавиагүй бөгөөд өр барагдуулах ажиллагаа гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбогдох хуулийн дагуу шударга явагдана гэдэгт итгэж байна. Харин төлбөр хариуцагч нарын шүүхэд хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээ хэт өндрөөр үнэлүүлсэн үндэслэлгүй ба ямар нэгэн зөрүү төлбөр олгох асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч К.С , М.Ж нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч К.С , М.Ж бид хоёр 2017 оны 1-р сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь К банкны салбараас зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө буюу байшингийн зөрүү 20884089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Бид Баян-Өлгий аймаг дахь К банкны салбартай харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Бид хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд урд шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262000 төгрөгийг буцааж өгөх захирамж гаргаж өгнө үү. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.С , М.Ж нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт холбогдох зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох байшин барилгын зөрүү үнэ 20884069 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.С , М.Ж уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.С , М.Ж нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт холбогдох зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох байшин барилгын зөрүү үнэ 20884069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч К.С , М.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К.С , М.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262420 төгрөгийн тал болох 131210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 131210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.С , М.Ж нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.С , М.Ж нар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь К банкны салбарт холбогдуулан гаргасан зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох байшин барилгын зөрүү үнэ 20884069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К.С , М.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262420 төгрөгийн тал болох 131210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 131210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.С , М.Ж нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН