Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00226

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багт оршин суух, РД:БГ********, Е  овогт М ын Д гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Г.Д /-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс автомашин гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Б сумын * дугаар багийн оршин суугч М.Д миний хүсэлтийг үндэслэн Аймгийн ИТХ-ын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Бугат сумын Эрүүл мэндийн төвийн УАЗ 31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг надад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн 90 тоот тогтоол гарсан. Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн албанаас надад мэдэгдэж, төрийн банкны 342100366009 тоот дансанд мөнгийг нь тушаалгаж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 30 тоотоор Бугат сумын Эрүүл мэндийн төвд уг авто машиныг М.Д д бүрэн бүтэн хүлээлгэж өгөх тухай албан бичиг бичиж өгсөн. Ийм шийдвэр гарсан тул тухайн авто машины үнийг тушааж, сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.А д 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгөхөд тэрээр 2016 оны 6 дугаар сарын 13-нд комисс томилон хүлээлгэн өгнө гэчхээд өнөөдрийг хүртэл дээрх авто машиныг хүлээлгэн өгөхгүй иргэн намайг чирэгдүүлж байгаа тул уг авто машиныг бүрэн бүтэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн УАЗ-32512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машины гүйлтийн норм дуусаж, актлагдаж, аймгийн Төрийн өмчийн хорооны дүгнэлт, аймгийн ИТХ-ын тогтоолоор тус төвд удаан жил түргэн тусламжийн жолоочоор ажилласан М.Д д зохих үнээр худалдсаныг хүчингүй болгуулахаар Бугат сумын ЭМТ-ийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2016/0045 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 211/Ш32017/0361 Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай захирамжаар эцэслэн шийдвэрлэж, Бугат сумын ЭМТ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд М.Д д худалдсан УАЭ-31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг албадан гаргуулах тухай худалдан авагч Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. М.Д гийн нэхэмжлэлтэй Бугат сумын ЭМТ-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагт товлогдсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг үндэслэн ИХШХШ-х тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Дэхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвд холбогдох автомашин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр болж товлосон боловч шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д нь нэхэмжлэгч М.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч УАЭ-31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг М.Д д өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1497 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар УАЭ-31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь УАЭ-31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч М.Д д өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал нь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 35100 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д д олгосугай.

3. Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1497 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар УАЭ-31512 маркийн БӨА **** улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ