Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

    2021       03             15                                        2021/ШЦТ/164

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2010009950956 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв..

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино зураглаач, эвлүүлэгч мэргэжилтэй, ............... зураглаач эвлүүлэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ......................... тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б.М /РД:аа000000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь “Mysuld” нэртэй 12.900 дагагчтай хохирогч А.Аийн интернэт орчинд ашигладаг инстаграм хаягт 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар халдаж, мэдээллийг нь устгаж, өөрчлөн засварлаж сүлжээг нь ашиглах боломжгүй болгон бусдад зарахаар чатлаж, цахим мэдээллийн аюулгүй байдалд нь хууль бусаар халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь “Mysuld” нэртэй 12.900 дагагчтай хохирогч А.Аийн интернэт орчинд ашигладаг инстаграм хаягт 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар халдаж, мэдээллийг нь устгаж, өөрчлөн засварлаж сүлжээг нь ашиглах боломжгүй болгон бусдад зарахаар чатлаж, цахим мэдээллийн аюулгүй байдалд нь хууль бусаар халдсан болох нь:

  1. Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд би өөрийн ашигладаг фэйсбүүк хаягийг алдаад Б.М гэх хүн олж өгч чадна гэхээр нь Баянзүрх дүүрэг Бөхийн өргөө орчим интернэт тоглоомын газарт уулзаж байсан. Ингээд тухайн үедээ хамт ороод янзалж болох уу гээд имэйл хаяг болон нууц кодоо өгч байсан. Тэгээд тухайн үедээ Мөнхмөрөн гэх залуу надад тус болж чадаагүй салсан. Б.М нь миний зөвшөөрөлгүй инстаграм хаягт маань нэвтрэн, мессеж чатуудтай танилцан, уншиж танилцсан, устгасан, мөн зарна гэж зар байршуулан үе үе код солин шунахайн сэдлээр өөртөө авах гэж удаа дараа оролдсон. 2020 оны 5 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд өөрийн ашигладаг “Mysuld” нэртэй 12.900 гаруй дагагчтай инстаграм хаяг руугаа орох гэтэл код нь өөрчлөгдсөн байдалтай нэвтэрч болохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/

3. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр би он сарыг нь санахгүй байна. Миний төрсөн ах Б.М “Greatmongolianpeoples” нэртэй инстаграм хаягийг надад өгч зараад өг гэсэн. Би учрыг нь ч олоогүй зараад өг гээд гуйгаад байхаар нь 2020 оны 5 дугаар сарын эхээр 12.900 дагагчтай инстаграм хаягийг 300.000-380.000 төгрөгт зарна гэсэн пост хаягийг фэйсбүүк дээрээ оруулж зар байршуулсан. Тэгтэл над руу маш олон хүн хямдхан авъя гэж ярихаар нь би ах Мөнхмөрөнгөөс хэдэн төгрөгөөр зарах юм, тэгээд зарах юм уу гэж асуухаар үнэ нь хямд байна, би бас хүнд зарж өгөх ёстой юм аа гэхээр нь би зараагүй. Тэгээд тухайн инстаграм хаягийг хүнд нь буцаагаад өгчихсөн, зарахаа больчихсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42

     4. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.      

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд хувь хүн, аж ахуй нэгж болон Улсын мэдээллийн сүлжээний аюулгүй байдал нь уг гэмт хэргийн объект байна.

          Уг гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхитэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг онцлогтой.

          Мөн “цахим мэдээлэл” гэдэг нь тооцоолон бодох машин, түүний системийн тусламжтайгаар бий болж байгаа хувь хүн, аж ахуй нэгж, улсын мэдээллийг хэлнэ.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М нь “Mysuld” нэртэй 12.900 дагагчтай хохирогч А.Аийн интернэт орчин буюу мэдээллийн сүлжээнд ашигладаг хувийн хаягт 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар буюу түүний зөвшөөрөлгүй халдаж, уг хаягт байх хохирогчийн хувийн мэдээллийг нь устгаж, өөрчлөн засварлаж, хохирогч уг сүлжээг ашиглах боломжгүй болгон ашиг олох зорилгоор бусдад зарахаар цахим хэрэгслээр харилцаж, цахим сүлжээ ашиглагчийн хувийн мэдээллийн аюулгүй байдалд халдсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цахим мэдээллийн сүлжээнд хуль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөн засварлаж цахим сүлжээг ашиглах боломжгүй болгож цахим мэдээллийн аюулгүй байдалд нь хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Дээрх гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хавтаст хэрэгт хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино зураглаач, эвлүүлэгч мэргэжилтэй, Скин интертаймент студид зураглаач эвлүүлэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч Б.Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгаж, өөрчлөн засварлаж цахим сүлжээг ашиглах боломжгүй болгож цахим мэдээллийн аюулгүй байдалд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Мд сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОРТ