Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

   

    2021        03           18                                          2021/ШЦТ/178

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

улсын яллагч Н.Нарангэрэл, 

шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Л-т холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ...................................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Э.Л /ЛН89856523/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Л нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн “санхүү авна” гэх группт байршуулсны дагуу хохирогч Б-той фэйсбүүк чатаар харилцаж нүцгэн эмэгтэйн зураг явуулан “1 хоног нь 500.000, дансаар мөнгөө шилжүүлсний дараа гэрийн хаягаа зааж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн гаднаас интернэт банкаар 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны .................. тоот данс руу шилжүүлэн авч,

Мөн цахим хэрэгсэл ашиглан “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн “санхүү авна” гэх группт байршуулсны дагуу хохирогч Ба-тай фэйсбүүк чатаар харилцаж “саун, массаж, буудлын мөнгө ороод 300.000 төгрөгөөр хононо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ................... тоот данс руу шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Л нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн “санхүү авна” гэх группт байршуулсны дагуу хохирогч Б-той фэйсбүүк чатаар харилцаж нүцгэн эмэгтэйн зураг явуулан “1 хоног нь 500.000, дансаар мөнгөө шилжүүлсний дараа гэрийн хаягаа зааж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн гаднаас интернэт банкаар 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ..................... тоот данс руу шилжүүлэн авч,

Мөн цахим хэрэгсэл ашиглан “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн “санхүү авна” гэх группт байршуулсны дагуу хохирогч Ба-тай фэйсбүүк чатаар харилцаж “саун, массаж, буудлын мөнгө ороод 300.000 төгрөгөөр хононо” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны .................... тоот данс руу шилжүүлэн авч тус тус залилсан болох нь:  

1.Шүүгдэгч Э.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б-ийг залилсан хэргийн нотлогдсон байдал:

          2. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч Б-ын ..................... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38/

          3. Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Гранд марк-2 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз Б-тай хамт гадуур явж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадна буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн гадна очиж зогссон. Зогсоол дээр тээврийн хэрэгсэл дотор сууж байхад найз Б надад 500.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь хоорондоо юм ярьж байгаад өөрийн Хаан банкны ..........................дугаартай данснаас андуураад Э.Л гэх нэртэй Хаан банкны ..................... дугаартай данс руу 500.000 шилжүүлсэн. ...Би урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Миний хувьд тухайн үед андуураад шилжүүлчихсэн юм гээд өргөдөл өгчихсөн юм. ...эхнэр мэдчихвэл яана аа гээд айж байсан юм. Тухайн үед манай эхнэр 1 сарын хугацаанд хөдөө явчихсан байсан болохоор нь тухайн хуурамч фэйсбүүк хаяг нээсэн бөгөөд “.................” гэсэн нэртэй хуурамч хаяг нээж “Ягаан дагина” гэсэн нэртэй хүнтэй 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр чатаар харилцаж байгаад Санхүү авна өгнө гэсэн группээс олж чаталж эхэлсэн бөгөөд миний хувьд болохоор тухайн үед эхнэр хүүхэдтэй хөдөө явчихсан болохоор би ингэж балай юм хийж байгаа юм. Үнэхээр ичиж байна. ...Ингээд тухайн хуурамч фэйсбүүк хаягтай хүнтэй би бас өөрийнхөө нээсэн хуурамч хаягаар бичилцэж байгаад надад тухайн үед эмэгтэй хүний зураг явуулсан бөгөөд тэр зураг нь шалдан байдалтай зураг байсан юм. 1 хоногийн 500.000 төгрөг байдаг, зайсан хавьд байна гэсэн. Тэгээд надад ямар нэгэн гар утасны дугаар өгөөгүй бөгөөд мөнгөө шилжүүлсний дараа гэрийн хаягаа зааж өгнө гэж хэлсэн. Тэгээд хаан банкны ........................... тоот данс руу өөрийнхөө ...................... данснаас 500.000 төгрөгийг “zahialagch saruul” гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгсэн чинь шууд чатаа блоклочихсон. Би өмнө нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнтэй ийм байдлаар уулзаж учирч байгаагүй. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

          4. Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин надад хэлэхдээ данс руу хүн мөнгө андуураад шилжүүлчихсэн гэж хэлж байгаад дараа нь нилээн ярилцсаны эцэст санхүү өгнө гэсэн зарын дагуу нэг хүнээс 500.000 төгрөг явуулчих гэсэн чинь шууд шилжүүлчихсэн гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/

          5. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч Э.Л-ын .................. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/

          2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ба-ыг залилсан хэргийн нотлогдсон байдал:

          6. Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч Ба-ын ..................... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83/

          7. Хохирогч Ба-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард одоо яг өдрийг нь санахгүй байна гэртээ байж байгаад фэйсбүүк ороод байж байтал “Ягаан дагина” гэсэн фэйсбүүк хаягтай хүн “санхүү авах охид байна” гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би “сайн уу, ямар болзолтой юм бэ” гэж асуухад “хоногийн охид байна” гэж хэлсэн. ...одоо цаг орой болсон учир 300.000 төгрөгөөр хононо, энэ мөнгөнд саун, массаж, буудлын мөнгө нь орсон байгаа. Модны хоёрын “Вайт хаус” нэртэй буудал, маргааш 12-оос өмнө гараарай гээд над руу охидуудын хэдэн зураг илгээсэн. ...мөнгөө энэ дас руу шилжүүлчих гээд над руу данс явуулсан. ...Би тэр үед нь ямар нэгэн асуудал байхгүй юм байгаа биз дээ гэхэд “юу гэлээ гэж дээ” гэхээр нь би 300.000 төгрөг шилжүүлтэл намайг фэйсбүүкээр блок хийчихсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/

          8. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч Э.Л-ын ............................. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112/

          9. Шүүгдэгч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд христийн шашинд итгэдэг бөгөөд ийм төрлийн зүйл дээр эсрэг байр суурьтай байдаг болохоор эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдийг мөнгө төлөөд өвөртөө оруулчихдаг гэх атгаг бодлоос нь өөр байдаг шүү гэж мэдрүүлэх гэж байгаад энэ асуудлыг хийчихсэн юм. ...500.000 төгрөг явуулчих тэгээд уулзъя, манайх зайсанд байдаг гэрийн хаягаа өгье гэсэн чинь шууд над руу “zahialga saruul” гэсэн утгаар шилжүүлсэн юм. ...тухайн хуурамч хаяг устгачихсан байгаа юм. Ингээд би тухайн залууг 500.000 төгрөг шилжүүлэхээр нь шууд блок хийгээд чатаа устгасан. ...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөнгөний хэрэгцээ гараад “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээгээд “санхүү өгнө, авна” гэсэн фэйсбүүк группт элсэж ороод санхүү авах талаар пост оруулсан. ............... гэсэн фэйсбүүк хаягтай хүнээс “ах нь санхүүгийн боломжтой хүн байна, нас тогтсон үеийн бүсгүйтэй уулзъя, илүү дутуу асуудал гаргахгүй хүн байвал уулзъя гэж чат бичихээр нь би “байгаа байгаа 300.00 төгрөг болно. ......................тоот энэ данс руу мөнгөө шилжүүлчих, тэгээд хаягаа заалгаад ирж уулзаж болно” гэж хэлсэн. ...Удалгүй миний ........................дугаарын данс руу 300.000 төгрөг шилжиж орж ирсэн. ...мөнгө орж ирмэгц нь ........... гэх хаягийг блок хийгээд өөрийн ашигласан “Ягаан дагина” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаа устгах горим дээр нь тавиад шилжиж ирсэн 300.000 төгрөгийг өөрийн ................... дугаарын данс руу шилжүүлэн авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57, 141/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Э.Л нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/-аар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг тооцохоор хуульчилсан

          шүүгдэгч Э.Л-ын хувьд тэрээр үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан “Ягаан дагина” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн “санхүү авна” гэх зарыг цахим сүлжээнд байршуулж, улмаар хохирогч нартай цахим сүлжээгээр харилцаж мөнгө өгвөл уулзана гэж хохирогч нарыг хуурч, мөнгө өөрийн данс руу нь орж ирмэгч тохирсон ёсоор уулзаагүй, хохирогч нарын мөнгийг цааш хувийн хэрэгцээнд ашиглаж хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх хоёр удаагийн үйлдэл нь Залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогчидтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан болно.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, хохирогч Ба-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104/, түүний хувийн байдал /...32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Шүүгдэгч Э.Л-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.       

Э.Л-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Л-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Лыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Л-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Э.Л-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Л-т сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР