Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/192

 

    2021        03           22                                       2021/ШЦТ/192

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Т.Мижиддорж,   

хохирогч Ө.Б, 

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч У.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.А-д холбогдох эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.А /РД:АХ23568988/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны оффист хохирогч Ө.Бд Америкийн нэгдсэн улсаас машин ачуулсан Гааль, татварын мөнгийг нь төлчих, дараа нь машинаа зараад ашгаа хуваана гэж 27.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны оффист хохирогч Ө.Бд Америкийн нэгдсэн улсаас машин ачуулсан гааль, татварын мөнгийг нь төлчих, дараа нь машинаа зараад ашгаа хуваана гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 27.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

1. Шүүгдэгч Д.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ө.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Шүүгдэгчтэй нэг байранд амьдардаг ба таньдаг болоод нэг жил гаран хугацаа өнгөрч байна. Д.А нь манай ажил дээр машин байна чи гаалийг нь төлчих 7 хоногийн дотор буцаагаад мөнгийг нь өгнө гэж 10 дугаар сараас эхлэн шаналгасан ба итгэхгүй явж байтал Д.А надад нөгөө машин чинь ирчихлээ гаалийн мөнгийг хийе гэж хэлээд надаас мөнгө шилжүүлж авсан. Үүнээс хойш арваад хоногийн дараа Д.Агаас машин нь орж ирсэн үү, зарах хүнээ олсон уу гэхэд өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө, түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш надад ямар ч мөнгө өгөөгүй. Сүүлдээ цагдаад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын үед зүс таних манай байрны 107 тоот машины зогсоолын А гэх залуу надтай таарч улмаар өөрийн каргогоор дамжуулан АНУ-аас Лексус 570 маркийн машин хямдхан авсан байгаа. Энэ машиныг Монголд оруулж ирж зарж ашгаа хувааж авъя гэх санал тавьсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Маршал таун”-д байрлах миний ажлын байр дээр орж ирж уулзаад нөгөө машины зураг чинь энэ байна, одоо ачигдаж байна, 14 хоногийн дараа Монголд орж ирнэ гэж хэлээд гааль татвар нийлээд 27.000.000 төгрөг болох юм байна. Энэ машин орж ирснээс нь хойш 7 хоногийн дараа 35.000.000 төгрөг болгож өгнө гээд гарч явсан. Тэгээд 7 хоногийн дараа надтай утсаар яриад өөрийн компанийн данс гээд ...................... гэсэн дансыг өгсөн тул би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нийт 27.000.000 төгрөгийг өөрийн мобайл банкаар 2 хувааж шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/   

4. Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б бид хоёр харилцан тохиролцож машин орж ирсний дараа болон зарагдсаны дараа ашгаа хувааж авъя гэж хэлээд амаар тохиролцсон байсан юм. миний бие АНУ-д ажиллаж амьдардаг баз Г гэгчид Лексус RX-400 гэдэг машиныг захиалсан ба 16 мянган ам долларыг миний бие О гэх эмэгтэйд 16 ам долларыг бэлнээр өгч О-ийн ээж гэх хүн АНУ-д байдаг ба цааш мөн 16 ам долларыг Г-д хүлээлгэж өгсөн. Г нь цаашаа мөнгөө машины зуучлалын газарт өгөөд алдсан бас маргаантай байгаа. Энэ шалтгаанаас болж мөнгө гацаад машинаа оруулж ирж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А нь хохирогч Ө.Б-ыг машин зарж ашгаа хувааж авах тул орж ирсэн машины гааль, татварын төлбөр болох 27.000.000 төгрөгийг төлчих, 35.000.000 төгрөг болгож өгнө гэж авсан хэдий ч мөнгийг буцааж өгөөгүй үйл баримт тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.А нь хохирогчийг 2018 оноос хойш мэдэх бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан бодит байдал дээр машин оруулж ирэх боломжгүй байсан хэдий ч уг байдлыг нууж, хохирогчид Лексус 570 загварын машиныг Америкийн нэгдсэн улсаас оруулж ирнэ гэж итгүүлэн 27.000.000 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэдий ч хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хохирогчийн мөнгөөр өөрийн хувийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт /хх-ийн 40-52/-аар нотлогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.А-д хохирогч нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс мөнгө шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн Америкийн нэгдсэн улсаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн, хилээр оруулж ирсэн он, сар, өдөр нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд байх тул түүнийг машин оруулж ирэх санаа зорилго байсан гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нар харилцан тохиролцож, хохирогч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр портер машиныг 14.500.000 төгрөгөөр тооцож хохирогчид өгсөн, мөн 1.500.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн, хохирогчид нийт 27.000.000 төгрөгийн хохирол учирснаас 16.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

Харин хохирогчийн үлдэгдэл хохирол болох 11.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гаас гаргуулж, хохирогч Ө.Б-д олгох нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчийн зүгээс 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгосон хэдий ч шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /...42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.../, “Коко групп ложистикс” ХХК-д менежер ажил эрхэлдэг, хохирогчид учирсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас тэрээр тогтмол орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. 

            Шүүгдэгч Д.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А-д оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Д.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.А-д сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гаас 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.Б-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТБ