Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00232

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Баян-Өлгий салбар /захирал Х.С /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын *-р багт оршин суух, И овогт С ы Б ,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Н овогт Х гийн Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н , хариуцагч С.Б , хариуцагч нарын өмгөөлөгч А.С, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулан, №***************** дугаартай барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Б нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ***************** тоот зээлийн гэрээгээр 20000000 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 26,4%-ийн хүүтэй, төлбөрөө сар бүр тэнцүү хувааж хийхээр, холимог зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авч өөрийн өмчлөлийн автомашин болон хашаа байшинг газрын хамт барьцаалуулсан. Өнөөдрийн байдлаар С.Б ын үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлэн 245 хоног боллоо. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу банк нэг талын санаачилгаар ***************** тоот зээлийн гэрээг цуцалж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү: Зээлдэгч С.Б ын барьцаалуулсан хөрөнгөнөөс зээлийн нийт төлбөр 21093018 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгох, зээлдэгч С.Б ын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч С.Б нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ***************** тоот зээлийн гэрээгээр 20 сая төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр өөрийн автомашин болон хашаа байшинг барьцаалж зээл авсан. Зээлдэгч тухайн зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Хугацаа хэтрүүлсний дараа банк 245 хоногийн дараа зээлийн гэрээ цуцлах талаар нэхэмжлэл гаргасан. Тухайн өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 17.472.669 төгрөг, үндсэн зээлийн хүү 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөгийг зээлдэгчээс нэхэмжилсэн болно. Энэ хугацаанд хариуцагч С.Б ын өөрт нь амаар, утсаар болон биечлэн уулзаж зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага гаргаж байсан. Мөн бичгээр ч шаардлага хүргүүлж байсан. Энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасны дагуу банкны санаачилгаар тухайн зээлийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн зүйл байхгүй, анхны шаардлага хэвээр байгаа. Зээлдэгч өөрийгөө хүндэтгэн үзэх шалтгаантай гэхээр нь тодорхой хугацаа олгож хүлээсэн.Тэр хугацаанд зээлдэгч ямар нэгэн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийг зээлийн гэрээний 5 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Тус гэрээний 5.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан зээлийн гэрээг цуцалж болно гэж заасан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь зээлийн гэрээний 3.2.2-т зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглан зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж заасныг зөрчсөнийг ойлгох тул банк зээлийн гэрээг цуцалсан гэв.

Хариуцагч С.Б , Х.Б нар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие С.Б эхнэр Х.Б ын хамт Х банкнаас зээл авсан нь үнэн юм. 10 гаруй удаа тус банкнаас зээл авч хугацаандаа төлж байсан юм. Миний бие сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн компаниудын газар шорооны ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүйгээс болж банкны зээлээ хугацаандаа төлж чадаагүй юм. Тухайлбал, Хятад Улсын Шон харайх нуруу ХХК-наас 7 сая төгрөг, Монгол Улсын Е ХХК-аас 6 сая төгрөг, Г ХХК-наас 3 сая төгрөг гэх мэтчилэн олон аж ахуй нэгж, иргэдээс авах ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй байна. Цаашид ч гэсэн газар шорооны ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хэлцэлүүд олон байгаа тул банкны зээлийг энэ зунд багтаагаад бүрэн төлөх боломжтой юм. Энэхүү байдлаа банкны зохих ажилтнуудад тухай бүр мэдэгдэж мөн бүх зээлээ зохих журмын дагуу төлж барагдуулахаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Гэвч банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцлан миний амьдралын эх үүсвэр болсон машин болон гэр бүлээрээ амьдарч буй гэр орноо булаан авч дуудлага худалдаагаар хохирлоо арилгуулах шаардлага гаргажээ. Миний гэр бүлийн амьдрал, амьдралын эх үүсвэрээс салгахаар ийм шаардлага гаргаж болох юм уу. Өнгөрсөн жилд улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан надтай ажилласан байгууллагууд төрөөс авах ёстой тендерийн мөнгөө гүйцээд аваагүй гэх шалтгааны улмаас миний ажил гүйцэтгэсний хөлсийг өгч чадаагүй болно. Энэ зунд багтаагаад тэдгээр байгууллагууд надад ажлын хөлсөө бүрэн өгөх тул банкны зээлийг тухайн үед бүрэн барагдуулах боломжтой юм. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 1.4-д хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэсэн бөгөөд миний бие дээрх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Гэвч банктай байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт хугацааг өөрчлөх боломжтой болохыг дурдсан тул банк учиргүй дайрч давчлан намайг амьдралгүй болгохыг л оролдож гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ зунд бүх зээлийг хүүтэйгээ хамт төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Х банк байгуулагдсанаар би тус банкнаас 10 хэдэн удаа зээл авч амьдралаа залгуулж байгаа хүн. 2015 онд тухайн зээлийг аваад ажил хийж байсан трактор маань эвдэрсэн тул Хас банканд учир байдлаа хэлж ойлгуулахад өөрсдөө очиж нүдээрээ үзээд явсан. Тэр хооронд намайг шүүхэд өгөхөөр болсон. Улмаар шүүхэд өгснөөр өнөөдөр ийнхүү хариуцагчаар явж байна. 2013 онд зээл авахад миний хүүхдүүд болох Досжан, М нар хамтран өмчлөгчийн хувьд хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан. 2015 онд Х банкнаас зээл авахдаа 20 сая төгрөгт өөрийн камаз машиныг барьцаалаад зээл авсан болно. 2015 онд хашаа байшин гэж байхгүй байсан. 2013 онд зээл хаагдсан талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Б , Х.Б нараас зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулах, №***************** дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүсжээ.

Зээлдэгч С.Б , Х.Б нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн №***************** дугаартай Зээлийн гэрээгээр 20000000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, 365 хоногт 26,4 хувийн хүүтэй авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулж, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №***************** дугаартай, Барьцаа хөрөнгийн жагсаалтад /1 дугаар хавсралт/ гэрчилгээний дугаар ************, 1997 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-******, Камаз маркийн автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Зээлдэгч С.Б , Х.Б нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдох ба 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №***************** дугаартай Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-д заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нэг талын санаачилгаар зээлдэгч С.Б , Х.Б нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардсаныг хариуцагч С.Б , Х.Б нар нь эс зөвшөөрч зохигчид маргасан болно.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад үндсэн зээл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг нийт 21093018 төгрөг гаргуулах-ыг хүссэн ба хариуцагч С.Б нь банканд эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13500000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд Хас банк Баян-Өлгий салбар нь зээлдэгч С.Б , Х.Б нараас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл/ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл зээлдэгч хэдэн төгрөг төлсөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, хэдэн төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар нарийн тооцоогүй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Х банк Баян-Өлгий салбар нь зээлдэгч С.Б , Х.Б нараас нийт 21093018 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №126011890 дугаартай барьцааны гэрээний 1 дугаар хавсралт, Барьцаа хөрөнгийн жагсаалтад гэрчилгээний дугаар ************, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-******, Камаз маркийн автомашиныг барьцаалсан болох нь нотлогдож байгаа боловч нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын Барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчдын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулж өгнө үү гэх гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь зээлийн төлбөрийг хариуцагчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөр хангуулах талаар хоёр тал гэрээгээр харилцан тохиролцоогүй, чухам хариуцагч нарын ямар эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байгаа нь тодорхойгүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн №А08 дугаартай барьцаалбар нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй байна. Учир нь хариуцагч нар Х банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгөнд гэрээний 1 дугаар хавсралт, Барьцаа хөрөнгийн жагсаалтад гэрчилгээний дугаар ************, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-******, Камаз маркийн автомашиныг барьцаалсан болох нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 126000645701 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулахад хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг авч, барьцаалбараар хашаа, байшинг барьцаалсан ипотекийн гэрээг зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***************** дугаартай барьцааны гэрээ, 126000645701 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулсан, үүнийг холбож өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг яаж холбож өгсөн нь, ипотекийн гэрээ байгуулан хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг хуулийн дагуу авсан эсэх нь тодорхойгүй байна.

Зээлдэгч С.Б , Х.Б нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №***************** дугаартай Зээлийн гэрээ байгуулж 20000000 /хорин сая/ төгрөгийн зээл авахад баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй болох нь шүүх хуралдааны шатанд өгсөн зохигчдын тайлбараар бүрэн нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 126000645701 дугаартай ипотекийн гэрээ байгуулахад хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг авч, барьцаалбараар хашаа, байшинг барьцаалсан барьцаалбарт С.Б , Х.Б , Б.Д, Б.М, Б.А, Б.Х нарын 6 хүний өмчлөлийн газар, өвлийн сууцыг барьцаалан зээл авсан байх ба харин 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа дээрх 6 хүний дотор Б.М нь /РД:БЮ***********/ 2015 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар 18 нас 7 сартай буюу 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байсан байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэжээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж,захиран зарцуулна, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зохицуулсан байна.

Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр эд хөрөнгийг нь барьцаалсан үйлдэл нь хууль бус явагдсан буюу хууль зөрчсөн байх тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын хариуцагч нартай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцаалбар нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь ...2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №1260006457 дугаартай зээлийн гэрээнд зээлдэгч С.Б , Х.Б нартай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, гэрээ нэг л удаа хийгдэх ёстой, дараагийн зээл авахад ипотекийн гэрээг дахин хийх шаардлага байхгүй, өмнөх ипотекийн гэрээ хүчин төгөлдөр байгаа гэх боловч Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон ... ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ гэснээр өмнөх зээлийн барьцаанд тавьсан баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан Х банкны Баян-Өлгий салбарын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гэх Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичигт: Өлгий сумын 5-р багийн иргэн С овогтой Б тус банктай байгуулсан 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул 0213000839 тоот улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин, 0213000156 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын хамт барьцаанаас чөлөөлсөн болохыг тодорхойлов гэсэн захирал Х.Съезгүл гэж гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтаар барьцаалсан хөрөнгүүд нь барьцаанаас чөлөөлөгдсөнөөр баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х банкны Баян-Өлгий салбарын 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гэх албан бичгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг бичмэл нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх нотариатаар баталгаажуулсан баримтад тухай үед Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасан дундын өмчлөлд байгаа ... зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв гэж зөвшөөрсөн зөвшөөрлийн бичигт хамтран өмчлөгчид гарын үсэг зурсан байх ба үүнд ...энэ зөвшөөрөл нь зөвхөн дээр дурдсан үйлдэлд хамаарагдах ба дахин ашиглагдахгүй болно гэж дурдсан байх тул дахин энэ зөвшөөрлийн бичгийг ашиглах боломжгүй гэж үзлээ.

Мөн хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Х банкны Баян-Өлгий салбарын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09:19 минутад Х банкны 126 салбарт 1260008138 дугаартай дансанд 779,593.24 төгрөгийн гүйлгээ хийгдэв, гүйлгээний утга зээл хаав" гэсэн орлогын маягтад тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, теллер гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан баримтаар зээлдэгч С.Б , Х.Б нар нь тухайн үед авсан зээлээ бүрэн төлж, зээлээ хааж байсан нь энэхүү баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Иймд хариуцагч С.Б , Х.Б нараас зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулах, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №***************** дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Б д шүүх хуралдааны товыг шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Б ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, С.Б , Х.Б нараас зээлийн нийт төлбөр 21093018 /хорин нэгэн сая ерэн гурван мянга арван найман/ төгрөгийг гаргуулах, №***************** дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН