| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0043/И |
| Дугаар | 130/ШШ2017/00233 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00233
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дүгээр багт оршин суух, РД:МБ********, С овогт М ын Кын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс /дарга Т.Ө/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б ийн Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг болгож өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч М.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц сумын * дүгээр багт оршин суудаг. Нөхөр бид хоёр хүү Б , бэр Б нарын дундаас төрсөн Ж ийг 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 69 дүгээр захирамжаар үрчилж авсан юм. Миний нөхөр А.Б 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өвчнөөр /цус харвалтаар/ нас барсан. Одоо үрчилж авсан хүү Ж бид хоёр үлдсэн. Ж нь миний асрамжид одоо хүртэл эрүүл саруул өсөж, Цэнгэл сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд суралцаж байна. Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Миний хүсэлтийг шүүхээс хянан шалган үзээд Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэр ёсоор 2003 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн Б ийн Ж ийг А.Б , М.К бид хоёрт үрчлэлтийн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай гэсэн шийдвэрийг албан ёсоор тогтоосон юм. Ингээд миний бэр болох К.Н нь Цэнгэл сумын байцаагч А.А эд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Ж ийн тэжээгч алдсаны тэтгэмжийг авах зорилгоор өгөхөд К.З гэгч мэргэжилтэн элдэв шалтаг ярьж, тэжээгч алдсаны тэтгэмж тогтоохоос татгалзсан хариу өгсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу Б.Ж т тэжээгч алдсаны тэтгэмж тогтоох үндэслэлтэй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана., мөн хуулийн 55.7-д Сум дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, мөн хуулийн 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэж тус тус заасан. Тухайн үед үрчлүүлэгч Б.Б, Т.Б нарын хүү Ж ийг үрчлэн авагч А.Б , М.К бид хоёрын буруу биш. Өнөөдөр тэрээр үхсэн хүн босож үг хэлэхгүй байдлыг далимдуулан, Б.Ж ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоож өгөхгүй байна. Иймд Б.Ж т тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид нар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 5 сар чирэгдэж явж байна. Бид нар ямар хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн биш, бусад хүмүүс тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч явж байхад бид нар яагаад авч болохгүй байгааг ойлгохгүй байна. Иймд шүүхээс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст Ж т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөхийг үүрэг болгож өгөхийг хүсэж байна. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дугаар шийдвэрийг үндэслээд тухайн үед Ж т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгсөн бол бид нар 5 сар чирэгдэхгүй, сард 250000 төгрөг авч байх байсан гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн М ын К ын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Иргэн М.К нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгож өгөхийг үүрэг болгуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн байна.
2. Б.Ж ийг нэхэмжлэгч М.К болон талийгаач А.Б нар үрчилж авсан болохыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр тогтоосон боловч 2003 онд Цэнгэл сумын Засаг дарга хууль бусаар үрчлэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Гэр бүлийн тухай хуулиар үрчлүүлэхийг хориглосон хүнд /этгээдэд/ хууль зөрчиж захирамж гарган үрчлэлт хийсэн байна. Бидний зүгээс тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг даргад гомдол гаргаж байна. Хэрэв тухайн захирамж хүчингүй болох юм бол шинээр илэрсэн нөхцөл байдал үүсэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэрийг дахин хянах үндэслэл болох юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох тухайн нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд миний бие тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдэн хэдэн үндэслэл байгаа. Энэ хэрэг бол Иргэний хэргийн шүүхээр хэлэлцэгдэх маргаан биш гэдэг тайлбараа гаргах болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн үндэслэл байгаа. 1. Нэхэмжлэл нь хэргийн харьяалал зөрчсөн, 2.Хариуцагчийг буруу тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэж хариуцагчийн тодорхойлсон заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулж хэлбэл хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Үүргээ биелүүлээгүй этгээдийг мэргэжилтэн К.З гэж заасан байхад дарга Т.Өд холбогдуулж нэхэмжлэл гаргасан.Т.Ө гэх хүний хувьд ямар нэгэн эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Т.Ө гэх хүний ямар нэгэн оролцоо байхгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч буюу захиргааны албан тушаалтан. Мэргэжилтэн буюу захиргааны албан хаагчийн эс үйлдэхүйг хөндөж тавьж байна. Нэгэнт К.З ч юм уу хариуцагчаар тогтоогдсон байгууллага болох аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс М.К гэх хүнтэй ямар нэгэн харилцаа үүсээгүй, түүний өмнө хүлээсэн үүрэг байхгүй. Тэтгэвэр тэтгэмж тогтоох асуудлыг зохицуулсан тусгай хуультай. Тухайн хуулиар тэтгэвэр тэтгэмж тогтоох үүргийг нийгмийн даатгалын байцаагч нар хариуцдаг. Энэ бол нийгмийн даатгалын байцаагчийн хуулиар тогтоож өгсөн чиг үүрэг. Тухайн чиг үүргээ санаатайгаар эсхүл болгоомжгүй ч юм уу ямар нэгэн үндэслэл шалтгааны улмаас хэрэгжүүлээгүй этгээд нь мэргэжилтэн байгаа. Энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа байцаагч нар учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээд байгууллага биш бөгөөд байгууллагыг тэр хүн төлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл байцаагч тусдаа хариуцагч байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг зааж өгсөн. Энэ хэрэгт анхнаасаа буруу иргэний хэрэг үүсгэсэн гэж үзэж байна. Тухайлбал мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтанд иргэний хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, Захиргааны хэргийн шүүхийн харьяалал байсан. Энэ асуудлыг шүүх анхаараагүй гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлсон үүнийг бол ойлгоно. Гэхдээ энэ бол иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг зөрчсөн. Захиргааны албан тушаалтан буюу нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан албан тушаалтан үүргээ биелүүлээгүй. Хэрвээ тухайн албан тушаалтан хуульд заасан эрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм бол дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Харин дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж Захиргааны ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн. Гэвч иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж байгаад харамсаж байна. Энэ бол хугацаа алдаж байгаа асуудал гэдгийг хэлмээр байна. Шүүх Дээд шүүхийн тогтоолын хууль тайлбарласан хэсгийг хэрэглэхгүй ч гэсэн процессын асуудлаар гаргасан тайлбарыг зайлшгүй мөрдөж ажиллах үүрэгтэй. Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд иргэний хэрэг шийдвэрлэх ерөнхий харьяаллын шүүхэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл маргаан шийдвэрлэхээс гадна шүүх арбитрын харьяаллыг зааглах тухай тусгасан. Үүнд 2.1.1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан захиргааны байгууллага албан тушаалтанд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хэргийн харьяалал зөрчсөн асуудал болохыг тодорхой зааж өгсөн. Энэхүү Улсын Дээд шүүхийн тогтоолыг шүүхээс заавал мөрдөх учиртай. Нийгмийн даатгалын байгууллагын хувьд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг захиргааны байгууллага болох нь хуулиараа тогтоогддог. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хууль, Нийгмийн даатгалын байгууллагын тухай хууль гэх мэт хуулиар зохицуулж өгсөн чиг үүргээ хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гэсэн тодорхойлолтод хүрч байгаа учир нэхэмжлэл хэргийн харьяалал зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч үүрэг болгож өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхээс байгууллага, албан тушаалтанд даалгах, үүрэг болгох шийдвэр гаргадаг болохоос биш Иргэний хэргийн шүүх үүрэг болгодог шүүх биш. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн асуудал болно. Нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох гэсэн шаардлага гаргасан байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох нь нийгмийн даатгалын байцаагчийн эрх мэдлийн асуудал болохоос биш шүүх тэтгэвэр тогтоохгүй. Шүүхээс үүнийг үүрэг болгох тухай шийдвэр гаргах нь бас учир дутагдалтай. Даалгах тухай шаардлага гаргаж болох боловч нэхэмжлэгч үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 744 дүгээр шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд уг шийдвэрийг үндэслээд тэтгэвэр тогтоолгох асуудал байж болохгүй. Шүүхийн шийдвэрийг үндэслээд Иргэний хэргийн шүүх тэтгэвэр тогтоох асуудал байж болохгүй. Шүүхээс тэтгэмж тогтоох асуудлыг ярьж байна. Гэхдээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хэлтсийн хувьд удирдлагын үйл ажиллагааг л чиглүүлж өгдөг. Энэ байгууллага дотор зөвхөн ганцхан байцаагч биш олон байцаагч нар байгаа. Эдгээр хүмүүс тус бүрдээ хариуцсан чиг үүрэгтэй. Хэрвээ эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанд гомдолтой байвал журмаараа дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой. Төрийн захиргааны албан тушаалтан буюу мэргэжилтэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан учир энэ бол иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хугацаа алдалгүй байцаагч нарыг хариуцагчаар тодорхойлж Захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нөгөөтээгүүр байцаагч ямар үндэслэлээр тэтгэмж тогтоохоос татгалзаж байна, эс үйлдэхүйгээрээ би энэ тэтгэврийг тогтоохгүй гээд шийдвэр гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхэд эс үйлдэхүйг шийдвэр гэж үздэг тул уг шийдвэр нь захиргааны акт мөн. Тэрхүү эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, үүрэг болгох, даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Тийм учраас тус захиргааны байгууллага иргэний хэрэгт хариуцагч болж чадахгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.К нь Б ийн Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг болгож өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хэргийн харьяал зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дугаартай шийдвэрээр Б ийн Ж нь 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаар захирамжаар 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Б ийн Ж ийг А.Б , М.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч байгууллага нь Б.Ж ийг А.Б , М.К нарт үрчлүүлсэн үрчлэлт нь 2010 оны Гэр бүлийн тухай хууль батлахаас өмнө үйлчилж байсан Гэр бүлийн тухай хуулийг зөрчиж А.Б 62 настай байхдаа хүүхэд үрчилж авсан гэж маргасан боловч Б.Ж ийг 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 69 дугаар захирамжаар үрчлүүлэхдээ зөвхөн А.Б т үрчлүүлсэн биш гэр бүлийн хоёр хүн буюу эхнэр, нөхөрт Б.Ж ийг үрчлүүлсэн байх бөгөөд үрчлэн авагч А.Б нь 62 настай, эхнэр М.К нь 55 настай байсан ба А.Б нь Б.Ж ийг үрчилж авсны дараа буюу 13 жилийн дараа нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дугаартай шийдвэрээр, аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаар захирамжаар, 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Б ийн Ж ийг А.Б , М.К нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцсон нь хууль зөрчөөгүй байна.
-тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 744 дугаартай шийдвэрийг үндэслэж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэл хүчингүй болгож, төрсний, үрчлэлтийн бүртгэл нөхөн бүртгэх тухай 000013 дугаартай дүгнэлт гарч, үрчлэлтийн бүртгэл хийгдэж улмаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 231/000950 дугаар үрчилсний бүртгэлийн лавлагаа олгосон байна.
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлөх авах агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ гэж тодорхойлсноос үзвэл нийгмийн даатгалын санг аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагч хоёр хамтарч бүрдүүлэх үүрэгтэй ба энэхүү бүрдүүлсэн шимтгэлээс ... даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүс хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг хуульчилжээ.
Б.Ж ийг үрчилж авсан эцэг нь болох А.Б ийн 1028003 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлд 1991 оны 5 дугаар сараас 1997 оны 01 дүгээр сар хүртэл нийт 5 жил 9 сар тооцсон байдал, мөн А.Б ийн 1965 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1965 оны 4 дүгээр сарын 15-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилд орсон болон гарсан тушаалын талаар бичилт хийгдсэн зэргээс дүгнэхэд А.Б нь улсад хөдөлмөр эрхэлж Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих журмын дагуу төлж 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн 14-15 дугаар хуудсанд бичигдсэн бичилтээр тогтоогдож байна.
Тэжээгч алдсаны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн нэг төрөл бөгөөд энэхүү тэжээгч алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан байна.
Б.Ж ийг үрчилж авсан эцэг нь А.Б ийн 1028003 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан жилийг 5 жил 9 сар тооцсон байдал, А.Б ийн Хөдөлмөрийн дэвтэрт 1965 оны 4 дүгээр сарын 15-наас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилд орсон болон гарсан тушаалын талаар бичилт хийгдсэн байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангасан эсэх талаар хариуцагч байгууллага маргаагүй хуульд заасан шаардлагыг хангасан даатгуулагч болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх Нийгмийн даатгалын дэвтэр болон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар "хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн болон үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул Б.Ж ийн эх нь болох М.К ын нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч М.К нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор очиход улсын байцаагч К.З нь А.Б 62 настай байхад хүүхэд үрчилж авсан байна гэж тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгохоор очсон материалыг хүлээн авахаас татгалзсан ба энэхүү асуудлаар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө д орж хэлэхэд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлж авна уу гэж амаар хариу өгсний дагуу шүүхэд хандсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-ийн 12.1.4 дэх хэсэгт заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж хуульчилсан ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллага гэдэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасан ба нэхэмжлэгчийн аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст Б.Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай материал бүрдүүлж өгсөн байх ба үүнтэй холбоотой эрх зүйн ямар нэгэн эрхийн акт гаргаагүй тул энэхүү асуудал нь захиргааны хэргийн шүүхэд хамааралгүй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч М.К нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан иргэнд хуулиараа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөх үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн энэхүү үүргийг хариуцагч байгууллага зөрчиж байгаа тул уг зөрчигдсөн эрхийг шүүхээр тогтоолгох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэгдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч М.К ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б ийн Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.К нь шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга-д хүргүүлсэн 1/1294 дугаартай албан бичиг мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын аймгийн Засаг даргад Цэнгэл сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар албан бичгүүдэд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуулбар үнэн тэмдгийг дарсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримт мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан Б ийн Ж т тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.К нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ