Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/203

 

 

 

 

 

 

 

 

    2021       03             25                                        2021/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 2110000890061 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ааа мэргэжилтэй, “ааа” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, дүү, хүргэн, охины хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.А /РД:аа0000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0000 тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч Ч.Дтэй хүүхдийн хажууд хэрүүл хийлээ гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар 2 удаа алгадаж, хэвлий хэсэгт нь цохих зэргээр зодож Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Ань 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0000 тоотод байх гэртээ өөрийн хамтран амьдрагч Ч.Дтэй хүүхдийн хажууд хэрүүл хийлээ гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар 2 удаа алгадаж, хэвлий хэсэгт нь цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оноос

найз охинтойгоо үерхэж эхэлсэн ба маргалдах тоолондоо чамайг үр хүүхэдтэйгээ уулзуулахгүй болгож өгч чадна шүү, ажил төрөлгүй болгож чадна гэх мэт үгээр доромжлон намайг сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Тухайн маргалддаг өдөр би хоёр өдөр охинтойгоо цуг байсан бөгөөд охиноо эргүүлэн ээжид нь хүргэж өгөх гээд гэрээс гарах гэж байхад манай найз охин намайг ирэхдээ тамхи аваад ирээрэй гэхээр нь чиний тамхийг би авч ирж өгч чадахгүй. Чи өөрөө гараад авчих гэж хэлэхэд над руу уурлан орилж хашхирсан. Тухайн үед охин маань айгаад уйлахаар нь охиноо хүргэж өгчхөөд эргээд ирье, тэгээд учраа олъё гэхэд миний үгийг хүлээж авахгүй үргэлжлүүлэн орилж хашхираад байхаар нь тэвчээр алдагдан найз охиноо алгадсан. Буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  1. Хохирогч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч М.Агийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8 дугаар байрны 35 тоотод байсан. Бид хоёр хамт амьдраад гурван жил болж байгаа бөгөөд хэд хоногийн өмнөөс хоорондоо маргалдсан. Би том өрөөнд ганцаараа сууж байтал М.А гарах гэж байхаар нь тамхи аваад ороод ирээрэй гэж хэлтэл чадахгүй өөрөө гараад ав гэхээр нь би жаахан уурлаад маргаан болсон. Ингээд маргалдаж байгаад том өрөөнд миний нүүр хэсэг рүү алгадаад авсан. Би зөрүүлээд алгадсан. Тэгээд би “чи намайг цохьдог хэн бэ” гэж хэлээд уйлсан. Ингээд маргалдаж байхад миний гэдэс рүү хоёр удаа цохьсон. Ингээд М.А охиноо аваад гэрээс гарахдаа миний гар утсыг аваа гарсан. Цагийн дараа гэрт орж ирэхээр нь өөрийн гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

     3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны  өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№434/-ний:

“-Ч.Дгийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/

4. Шүүгдэгч М.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хамтран амьдрагч Ч.Дтэй жижиг асуудлаас болж маргалдсан. Тус өдөр хэрүүл болж Ч.Дд гар хүрч нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан юм. өөрийн үйлдэлдээ харамсаж байна. Хохирол барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

  Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№434/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.Ань ахуйн хүрээний маргааны улмаас хамтран амьдрагч Ч.Дгийн биед халдсан буюу нүүрэн тус газар алгадах, хэвлий хэсэгт нь цохих зэргээр гэмтэл учруулах идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчид Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсныг үйлдэл хор уршиг хооронд шалтгаант холбоотой буюу дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.       

Иймд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хохирогч хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогчийн “...одоо миний биед зовиур, хүндрэл байхгүй ба тухайн үед уурласан уурандаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 59/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй,  хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал /... 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хас Буйоран” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, дүү, хүргэн, охины хамт амьдардаг.../, хохирогчийн зүй бус харьцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч М.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч М.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. М.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Ад сануулсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР