Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

 

    2021        04           05                                          2021/ШЦТ/221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Хурц

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мт холбогдох эрүүгийн 00000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх төвд слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..................................................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:0000000000/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ....... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлдээ “Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед” цагийн хязгаарлалтгүй Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR кодыг өөрийн танил Мөнхцоож гэх хүнээр хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ........ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлдээ “Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед” цагийн хязгаарлалтгүй Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR кодыг өөрийн танил Мөнхцоож гэх хүнээр хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь:  

1. Шүүгдэгч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад хуурамч QR код ашиглан хөдөлгөөнд оролцож байсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3/

          3. Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч А.Д-ий 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “... ..... улсын дугаартай автомашины жолооч Ц.М нь хуурамчаар QR код хэвлэн хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн. ...” гэсэн илтгэх хуудас /хх-ийн 4/

          4. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батцэнгэлийн 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “смарт кар гэх тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд”-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

          5. Гэрч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Лавай зах руу ордог автозамын уулзвар дээр Төмөр замын цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч У.Ууганбаярын хамт 234 дүгээр чиглэлд автомашины хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байхад ............ улсын дугаартай приус-20 маркийн автомашин шалгуулсан. Уг автомашины жолооч урд салхины шилэн дээрээ тусгай зөвшөөрлийн QR код тавьсан байсныг шалгагч багажаар шалгахад уншихгүй байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч болох Ц.М-аас энэ хаанаас авсан QR код вэ гэж асуухад манай байгууллагын инженерээс тавьж өгсөн код байгаа юм. Би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Уг тусгай зөвшөөрөл нь хуурамч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

          6. Гэрч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.М нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний Хонда crz ......... улсын дугаартай автомашины хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлөө ахдаа өгчих гээд хуулбарлаж авсан. Энэ үед фэйсбүүк дээр QR кодыг А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэхгүй А5 хэмжээтэй цаасан дээр хэвлэ гэсэн байсан учир би жижигрүүлж хэвлээд А4 цаас нь илүү гарсан байсныг Ц.М надаас гуйж авсан. Би уг зөвшөөрлийн автомашины улсын дугаарыг өөрчилсөн байсныг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

          7. Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би QR код хуурамчаар үйлдсэн гэдгийг цагдаад баригдсаны маргааш нь мэдсэн. Ц.М нь QR код хуурамчаар үйлдэж замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдчихлаа яах вэ гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би та хэдэд хэлсэн биз дээ хуурамчаар ямар нэгэн байдлаар уг зөвшөөрлийг үйлдэж болохгүй Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн гэж та нарт хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгж би анх мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

          8. Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар, шунахайн сэдэлтээр, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн аливаа идэвхитэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

          “Тусгай зөвшөөрөл” гэдэг нь тодорхой төрлийн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас баталсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд QR код олгох зааварт зааснаар “Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс” тус зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд байна. Харин шүүгдэгч Ц.М нь тусгай зөвшөөрөл олгох эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.

          Гэтэл шүүгдэгч Ц.М нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байхад тусгай зөвшөөрөл олгох эрхгүй гэдгээ мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж  ашигласан үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглассан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

          Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Мыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчид үйлчлэх төвд слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.    

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ц.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.       

Ц.Мт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мыг 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Ц.Мт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Мт сануулсугай. 
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.  
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР