| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0213/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/222 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/222
2021 04 05 2021/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2110000000140 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн менежер мэргэжилтэй, “аа” ХХК-д сантехникийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 00 тоотод оршин суух хаягтай, урьд
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, О.М /РД:аа0000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Майдар нь 2021 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Пүрэвхандыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, бүсэлхий зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Мнь 2021 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Пыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, бүсэлхий зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
2. Хохирогч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 03 цагт сэрээд “танай ажлын менежер чинь яг ажлаас чинь дуудсан юм уу, шалгая гээд өөрийнхөө утсаар менежер Хандмааруу залгатал утсаа авахгүй байхаар нь над руу уурлаж “угаасаа чи худлаа ярьсан байна” гэсэн. Үүний дараа босож ирээд миний цээж рүү, толгой руу, нүүр лүү гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохиход нь газар хэвтсэн үү, суусан уу лав газар унаад өгсөн. Дараа нь миний толгой манарч байх үед миний хавирга руу өшиглөж, зүүн гарын дунд хурууг мушгисан. Ингээд би жижиг өрөөндөө ортол 2 охин маань уйлж байхаар нь аргадаад унтуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№191/-ний:
“-Дээрх урьд гаргасан №1342 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний үзлэг, шинжилгээ хэсэгт дурьдагдсан гэмтлүүд нь дүгнэлт хэсэгт тусгагдсан /Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ үзлэг, шинжилгээ хэсэгт дэлгэрэнгүй, дүгнэлт хэсэгт товч бичиж дүгнэлт гаргадаг/ болно.
-Б.П биед дух, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, бүсэлхий зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/
4. Шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн үед сэрээд хартал эхнэр хувцсаа өмсөөд сууж байхаар нь хараад уур хүрч, түүнийг баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохьтол арагшаа гал тогооны тавилга мөргөөд уначихсан. Дахиад явж очоод хавирга руу нь гараа зангидаж байгаад 3 удаа цохиж, баруун гя руу нь нэг удаа өшиглөсөн. Түүний баруун нүд нь хавдсан байхыг харчихаад үлдэгдэл тал архиа уугаад гадна машинд жаахан сууж байгаад буцаад гэртээ орж унтсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62/ зэргээр тогтоогдлоо.
Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул О.Майдарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№191/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж,
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/-аар шүүгдэгч О.М, Б.П нар нь гэр бүлийн харилцаатай буюу эхнэр, нөхөр болох нь тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарна.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч О.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 0000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.П-г хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт, зүүн сарвууны дунд хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, бүсэлхий зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирогч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн түүний “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 69/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн менежер мэргэжилтэй, “ааа” ХХК-д сантехникийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.
Шүүгдэгч О.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч О.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.М-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР