Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

    2021       04             08                                        2021/ШЦТ/228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

насанд хүрээгүй гэрч Т.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Хүрэлбаатар

насанд хүрээгүй гэрч М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсаруул,

гэрч Б.А,

өсвөр насны шүүгдэгч Ж.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ё.Жамсум, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, О.Баяр М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гд холбогдох эрүүгийн 000000000000000000 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ......................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Г /РД:УО0000000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Челенжер спорт клубт хичээллэж байх үедээ хамт хичээллэж байсан Б.Ч-ыг удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр хоолны газар даалгаж, даахгүй бол ална шүү, мөнгө байлга, байлгахгүй бол ална шүү, 40.000 төгрөг өг, 20.0000 төгрөг өг, төрсөн өдрийн бэлгэ өгөхгүй юм уу, чиний тухай бусдад хэлнэ гэх мэтээр айлган сүрдүүлж, мөн пүүз, үнэртэй ус, боксын бээлий, бэлэн мөнгө зэргийг өгөхийг шаардаж, түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, пүүз-2 ширхэг, үнэртэй ус-1 ширхэг, боксын бээлий-1 ширхэг, бэлэн мөнгө зэргийг авч, хоолонд даалгаж, дэлгүүрээс чихэр, ундаа зэрэг эд зүйлс авахуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны шүүгдэгч Ж.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Челенжер спорт клубт хичээллэж байх үедээ хамт хичээллэж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ч үргэлжилсэн үйлдлээр хоол авч өгөх, мөнгө өгөхгүй бол ална шүү гэж мөнгө өгөхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны намар 10 дугаар ангид орсон. Тухайн үед хичээл ихтэй байсан болохоор аав, ээж секцэнд явуулаагүй. Харин 12 дугаар сард Дарханд болох боксийн тэмцээнд орохоор болж 14 хоног бэлтгэлд явж, Дарханд очиж тэмцээнд орсон. Тэрнээс хойш бэлтгэлдээ яваагүй. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болох тэмцээнд орох гэж бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэлд явахдаа Т.Х, Б бид гурав урьд нь Дарханд цуг тэмцээнд орсон болохоор нэг нэгнээ мэддэг дотно байж байхад Б.Ч нэмэгдэж бид 4 найзалж эхэлсэн. Ингээд нэг удаа бэлтгэлийн дараа хувцас солих өрөөнд Б.Ч надад танай Орос 3 дугаар сургуульд сурч байгаад одоо манай Америк сургуульд сурч байгаа М гэх хүүхэд таныг зоддог байсан гэж ярьж байсан гэхэд нь би Ч-ын хажууд М-тэй утсаар ярьж уулзахаар болон гарах гэтэл Б.Ч надад Т ахаа би худлаа хэлсэн юм, намайг хэлсэн гэж М-эд битгий хэлээч би танд 10.000 төгрөг өгье гээд өгсөн. Үүний дараа нэг өдөр Б.Ч, Т.Х хоёр над руу залгаад М хоёр хүүхэдтэй ирчихээд бид хоёрыг зодох гээд байна, та хэлээд өгөөч гэж гуйхаар нь би М рүү залгаад наад хоёр чинь манай клубт надтай цуг хичээллэдэг миний хоёр хуурай дүү нар байгаа юм. Чи хоёр найзыгаа аваад яв, дахиад битгий оролдоорой гэж хэлээд болиулсан. Тэрнээс хойш М найз нартайгаа Б.Ч, Х хоёрыг дахиж оролдоогүй гэсэн. Тэр үйл явдлын дараа Б.Ч надад М-ээс хамгаалсанд баярлалаа гэж хэлээд дахин 10.000 төгрөг өгсөн. Б.Ч 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тэмцээний өмнө бэлтгэл хийж байхдаа клубын хүүхдүүдийн өмнө “би энэ тэмцээнд алтан медаль авбал манай ээж надад 500.000 төгрөг өгнө гэсэн, би алтан медаль авчихвал ээжийн өгөх мөнгөөр та нарыг кино үзүүлж, хоолонд оруулж, гадуур тансаглуулна” гэж хэлсэн. Тэгээд тэр тэмцээнд Б.Ч алтан медаль авсан. Тэгээд Б.Ч хэлсэн амандаа хүрэхгүй болохоор нь би Б.Чд чи ер нь ийм их мөнгө үрж яах юм бэ надад 40.000 төгрөг өгчих, тэгвэл би бусад хүүхдүүдэд ойлгуулаад хэлнэ гэхэд нээрээ юм уу Ж.Г ахаа гээд надад 40.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд би Б.Ч-ас тохирсон 40.000 төгрөгөө авахдаа 15.000 төгрөг бэлнээр, 20.000 төгрөг дансаар үлдсэн 10.000 төгрөгийг бэлнээр, нийт 40.000 төгрөгийг Б.Час авсан. Ч-ыг өмгөөлж байснаас зодож, дарамталж  байсан удаа байхгүй. Яагаад ингэж худлаа хэлээд байгааг нь ойлгохгүй байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Насанд хүрээгүй гэрч Т.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Гийг хэзээнээс гэдгийг мэдэхгүй байна, гэхдээ танина. Харин Б.Ч 2017 оноос мэддэг болсон. Б.Ч Ж.Гөөс өмнө таньдаг байсан. Мийг танихгүй. Б.Час мөнгө болон пүүз авч байсан Хэзээ гэдгийг нь санахгүй байна. ...Ж.Г Б.Чаас мөнгө хэрэгтэй байна гэж нэхэж авсан. ...Б.Ч Б.А багшаас 20.000 төгрөг зээлсэн. Гэхдээ тэр мөнгөөр хамт юм авч идэж байгаагүй. ...Ж.Г Б.Чар хоолонд даалгуулж байсан. Хамт хоолонд орох санааг нь Ж.Г гаргадаг байсан. ...Б.Ч Ж.Гийг өөрийг нь дарамталдаг гэж ярьж байсан. ...Б.Ч Ж.Г ахаас айдаг. Тэгээд хоолны тооцоо хийдэг байсан. Ж.Г Б.Чд гар хүрч байсныг харж байгаагүй. Харин эвгүй харьцаж байгааг нь харж байсан удаа бий. Пүүзийг би өөрөө Б.Час гуйж авч байсан. Тухайн үед Ж.Г ах Б.Чд надад пүүз өг гэж хэлүүлж байсан. ...Ж.Г Б.Ч руу мөнгө явуул гэж бичиж байсан. ...Бид нар 7 хоногийн 4 өдөр хоолонд ордог байсан. Санаачлагыг ярилцаад эсхүл Ж.Г ах гаргадаг байсан. ...Ж.Г Б.Чар даалгуулдаг, Ж.Г Б.Чд намайг даачих гэдэг байсан. ...Ж.Г Б.Час Цэнхэр бээлийг гэрийнх нь гадаа очиж авахдаа ёс бус үг хэрэглэж байсан. ...Б.А багшаас мөнгийг би зээлээгүй. Ж.Г Б.Ч зээл гэж хэлсэн. ...Б.Ч мөнгө байхгүй гэх үед Ж.Г дансыг нь шалгая гэж Зайсангийн Будда Виста, Сарнайхын АТМ орж шалгаж байсан. ...Б.Ч Ж.Гд М таны дүү юм байналээ гэхэд Ж.Г манай доод ангийн дүү гэж хэлсэн. Ж.Г одоо ярья гэхэд нь намайг гэж битгий хэлээрэй гэж Б.Ч хэлэхэд Ж.Г тэгвэл надад 20.000 төгрөг өг гээд авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Насанд хүрээгүй гэрч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Чэллэнж гэх клубт би 2018 оноос эхлэн явж эхэлсэн. 2019 оны 03 сараас эхлэн Ж.Гийг таньдаг болсон. Б.Ч клубт 2018 оны 03 сард явж эхэлсэн. Ж.Г Б.Ч дээрэлхэж байгаагүй. Би энэ талаар харж байгаагүй. Ж.Г Б.Ч дарамталж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  4. Гэрч Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай клуб 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. ...Ж.Г 2018 оны 12 дугаар сараас эхэлж явж байсан. Манай клубт оройдоо бэлтгэл хийдэг байсан. ...Б.Ч Ж.Г хоёр хагассайн өдөр таардаг байсан. Б.Ч Ж.Г нар нэг нэгнээ дээрэлхэж байсан удаа байхгүй. ...Б.Ч нэг удаа бөөнөөрөө нийлж юм авч идье гэж надаас 20.000 төгрөг аваад дараа нь буцааж өгсөн. ...Хүүхдүүддээ хараа хяналтыг биечлэн тавьдаг. Хоорондоо нөхөрсөг харьцаатай байсан. 2019 оны 03 сарын 03-ны өдрийн тэмцээнд Б.Ч оролцоод алтан медаль авсан. Тухайн өдөр бүгд амжилттай оролцсон. Харин пиццаг орой Б.Ч авчирч өгсөн. ..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  5. Насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома таун” хотхоны хажууд байх Челенжер нэртэй кикбоксын клубт явж эхэлсэн. Тухайн клубт анх орсон эхний өдөр бэлтгэлийн дараа тарах гэж байхад үүдэнд Ж.Г гэгч нь намайг чи “Circle K” сүлжээ хоолны газарт хоолонд даахгүй бол чамайг ална шүү гэхээр нь би надад мөнгө байхгүй гэтэл байлга, байлгахгүй бол ална шүү гэсэн. Тэгээд би хамт “Circle K” сүлжээ хоолны газарт ороод нэг хотдог, нэг мантуун бууз мөн ундаа дагалдаж ирсэн. Хотдог нь 3000 төгрөгийн үнэтэй, мантуун бууз нь 1300 төгрөг гэдэг. Би өдөр бүр бэлтгэлдээ явдаг. Харин Ж.Г нь Даваа, Лхагва, Баасан, Бямба гарагуудад бэлтгэлд явдаг. Тэгээд би бэлтгэлдээ явахад Ж.Г ирсэн өдөр бүр намайг ална шүү гэж дарамталдаг. Ийм юм авч өг, тийм юм авч өг гэж дарамталж авахуулдаг. “Circle K” сүлжээ хоолны газраас болон “Sunpeak” хүнсний дэлгүүрээс юм авахуулдаг, авч өгөхгүй бол ална шүү гэх зэргээр дарамталдаг. 2019 оны 3 дугаар сард нэг удаа миний толгой руу гараараа цохиж байсан. Тэрнээс хойш би бүр айдаг болсон. Ж.Г нь бэлтгэлдээ ирэх болгондоо надаар юм авахуулдаг байсан. 2019 оны эхээр 1 юм уу 2 дугаар сард Ж.Г нь ....................... тоот байрны гадна ирээд бээлийгээ одоо надад өг гэж хэлэхээр нь ээж зөвшөөрөхгүй гэсэн чинь тэгвэл жинхнээсээ ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад өгчихсөн юм. Тухайн бээлий нь цэнхэр судалтай, хар өнгийн бэлтгэлийн бээлий бөгөөд манай ах Австрали улсаас 60 доллароор худалдан авч явуулан надад бэлэглэж байсан. 2019 оны 02 дугаар сарын эхээр Ж.Г нь надаас 40.000 төгрөг өг, өгөхгүй бол ална шүү гээд байсан. Тэгэхээр нь би өөрт байсан 15.000 төгрөг дээрээ өөрийнхөө үнэртэй усаа өгсөн. Тухайн үнэртэй усаа би зайсангийн хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд өгсөн бөгөөд тухайн үед над руу утсаар байна уу пизда минь 40.000 төгрөг өгөхгүй бол ална шүү, зөндөө нууцыг чинь хадгалж явж байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөгөө үнэртэй устайгаа өгөх гэж очсон бөгөөд халаасандаа мөнгөө гаргахдаа нууж байсан 5.000 төгрөгөө 10.000 төгрөгтэйгөө цуг гаргаж ирсэн чинь Ж.Г харчихаад наад мөнгөө өг гээд надаас дээрэмдээд авчихсан. ...Мөн Ж.Г нь 2018 оны 12 дугаар сард намайг пүүзээ бэлтгэл дээр аваад ир за юу гэсэн. Тэгээд би пүүзээ авч ирэхэд чи энэ пүүзээ Х-д өг гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж загнана болохгүй гэтэл битгий маяглаад бай ална шүү гэж хэлээд Х-д пүүзийг өгүүлсэн. Уг пүүзийг Солонгос улсаас авч байсан 220.000 төгрөгөөр үнэлж байна. 2019 оны 02 дугаар сард Ж.Г нь Х-д чи Б.Час пүүзийг нь ав, хоолонд даалга, мөнгө нэх гэж шаардаж байсан. Би үүнийг нь мэдэж байсан бөгөөд Хүрэлээ надад ногоон хар алаг пүүзээ өгчих гэхээр нь би өгсөн юм. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Ж.Г нь олон удаагийн үйлдлээр нийт 300.000 гаруй төгрөгийг бэлнээр өгөхгүй бол ална шүү гэж дээрэмдэж авсан. ...дээрх эд зүйлсийг надаас авахдаа гөлөг минь, пизда минь, ална шүү гэж дарамталдаг байсан учраас би айсандаа эд зүйлсээ өгсөн юм. Миний толгой хэсэг рүү нэг удаа цохиж байсан. Хувцас сольдог өрөөнд нэг удаа намайг заамдаж байсан. Хэрэв намайг дарамталдаггүй, зоддоггүй, цохьдоггүй байсан бол би дээрх эд зүйлсээ өгөхгүй байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мессенжерээр дарамтлан сүрдүүлж Ө гэх хүний 000000000000 тоот дансаар 20.000 төгрөг шилжүүлж авсан. Уг мөнгийг ээж 00000000000 тоот данснаасаа явуулсан. Уг мөнгийг би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Америк” сургууль дээр Ж.Г нь өөрөө ирж надаас 10.000 төгрөгийг дарамталж авсан бөгөөд тухайн үед математикийн багш А харсан бөгөөд дараа нь надаас энэ хүүхэд чамайг дарамталж мөнгө авсан юм уу гэхээр нь би Ж.Гөөс айгаад үгүй гэж хэлчихсэн. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-35/
  6. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сараас эхлэн манай хүү харьцахгүй их мөнгө хэрэглэх болсон бөгөөд би тухайн үед өөрөөс нь асуухад би бэлтгэл их хийж байгаа болохоор өлсөөд заримдаа 2-3 удаа хоол авч идэж байгаа. Бас ус ундаанд нилээд мөнгө зарцуулж байгаа гэж тайлбарласан. Энэ байдал нь бүр нэмэгдэж сүүлдээ сургууль дээрээ хоол зээлээр идсэн. Зарим өдөр хоол идэхгүй байна гэж гал тогоо хариуцсан багш Т хэлж байсан. Тэгээд би 2019 оны 3 дугаар сараас эхлээд ямар нэг байдлаар хүүхдэд дарамт учраад байж болзошгүй байна гэж бодоод сургуулийн захиралтай уулзаж манай хүүхдийг анхааралтай ажиглахыг хүссэн. Мөн гал тогооны Т багшид бас ажиглахыг хүссэн. Тэгтэл аль аль нь ноцтой юм ажиглагдаагүй гэж хариу өгч байсан. Би хүүтэйгээ өөртэй нь олон удаа ярилцаж үзэхэд нуугаад хэлэхгүй байсан. Биеийн байдлын хувьд 2 килограмм хассан, харшил нэмэгдсэн, нойр муудсан, сэтгэл санаа тогтворгүй байгаа байдал ажиглагдсан. Тэгээд надаас мөнгө гуйх нь нэмэгдсэн бөгөөд би тэрийг нь өгч байсан. ...2019 оны 4 дүгээр сарын дундуур би хүүгээ унтаж байх хойгуур нь утасных нь кодыг нь тайлж орж үзэж мессеж болон фэйсбүүк мессенжерүүдийг үзсэн. Тэгтэл мессежнүүд дундаас нь ноцтой зүйл илрээгүй. Харин фэйсбүүк мессенжерээр Ж.Г гэх хүнтэй харьцсан маш их чат байсан. Тэгээд уншаад үзтэл мөнгө, Б.Ча пизда минь 10.000 өгөөдөх, 20.000 босгоодох, байхгүй бол ална шүү, маяглаад байгаарай, гөлөг минь, пүүз яасан гэх дарамталсан чатууд байсан. Миний хүү өөдөөс нь уучлаарай, мессежээ уншиж болохгүй байсан. Надад одоохондоо мөнгө алга. Маргааш 10.000 төгрөгтэй болно, 5 дахь гэхэд 30.000 төгрөгтэй болгож чадна гэх зэргээр хариу бичсэн байсан. ...маргааш нөгөөдөр нь миний хүү над руу хичээл орж байгаа цагаараа буюу 11 цаг 10 минутын орчимд залгаад ээж 20.000 төгрөг манай найзын данс руу шилжүүлж өгөөч гэхээр нь яагаад хичээлийн цагаар мөнгө асууж байгаа юм бэ гэтэл харин найзад маань яаралтай асуудал гараад чөлөө авч байгаад ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ айдастай байна гэж мэдээд шууд зөвшөөрөөд дансны дугаарыг нь аваад 20.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараахан би Ч-ын математикийн багштай нь тааралдахад өчигдөр нэг шөвгөр царайтай гадны хүүхэд манай сургууль дээр ирж Б.Час мөнгө авсан. Тухайн үед Б.Ч манай кабинетэд орж ирээд сандарчихсан би мөнгөө энд унагаачихсан байна уу гээд хайгаад байсан. Тэгээд түүний дараахан завсарлагаанаар Б.Ч гартаа мөнгө атгаад тухайн шөвгөр шардуу царайтай хүүхдэд өгч байсан гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандахаар шийдэж хүүдээ энэ тухай хэлсэн чинь ээжээ цагдаад битгий хандаач энэ хүүхэд яаж ч магадгүй, хэн нэгэнд ховлох юм бол ална шүү гэж занасан. Би клубтээ сургуульдаа явж чадахаа больчихно шүү дээ гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37
  7. Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Б.Ч-ын ангид өглөө эхний цаг математикийн хичээл орсон. Тэгээд байж байтал Б.Ч өдрийн хоолны цагийн дараа над руу ирээд багшаа би мөнгөө гээчихлээ таны өрөөнд унагаачихсан юм шиг байна гээд коридорт хайгаад сандраад гүйгээд байсан. ...Б.Час арай өндөрдүү, туранхайвтар, цайвар царайтай, хар бараан халимаг үстэй хүүхэд орж ирсэн бөгөөд Б.Ч өөдөөс нь очоод үгийн зөрөөгүй тэр хүүхдэд мөнгө өгчихөөд буцаад явсан бөгөөд би Чангын араас чи яагаад хичээлийн цагаар гарч ирээд нээн хүүхдэд мөнгө өгч байгаа юм бэ, чамайг дээрэлхээд байгаа юм уу, юун хүүхэд вэ гэхэд Б.Ч үгүй багшаа тийм юм байхгүй, миний хуурай ах, хамаатны ах ч гэлүү гэж хэлээд гүйгээд явчихсан. ...Б.Ч тухайн өдөр мөнгө хайгаад сандраад гүйгээд байсан. Мөн хоорондоо юу ч дуугараагүй нь их сэжигтэй санагдсан тул би Б.Час асуусан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39/
  8. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ч нь надаас хоёр удаа мөнгө авч байсан. Эхлээд 10.000 төгрөг өгөөч юм авах гэсэн чинь дутчихлаа гэж байсан. Би өгөөд явуулж байсан. Зөрөөд хоол бариад ороод ирсэн. Би тухайн он сар өдрийг нь санахгүй байна. Харин 2019 оны цагаан сарын дараа Б.Ч клуб дээр надаас 20.000 төгрөг байвал зээлээч юм авч идэх гэсэн юм гэхээр нь өгч байсан. Тухайн үед Б.Ч гараад дэлгүүр орчихоод гарч ирж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42/
  9. Насанд хүрээгүй гэрч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ж.Г нь Б.Ч-ын үнэртэй усыг нь авч байсан. Яг авч байх үед нь би байгаагүй. Сүүлд нь Б.Час сонссон. Төрөө ахад тал үнэртэй усаа өгсөн гэж байсан. Яг хэзээ нь тодорхой санахгүй байна. Мөн Ж.Г Б.Час 10.000 төгрөг хүүхдээс хамгаална гэж авч байсан. Мөн Ж.Г Б.Ч-ын ногоон өнгийн пүүзийг Хүрэлээд өг гэж хэлсэн байсан. Үүнийг нь би мэдээгүй бөгөөд би тухайн өдрийн өмнөх өдөр нь Б.Час пүүзээ өгчих гэж гуйж байсан. Харин маргааш нь буюу 2019 онд цагаан сарын дараа байх надад Б.Ч ногоон өнгийн пүүзээ өгсөн. Б.Ч надад Төрөө ах намайг пүүзээ Х-д өг гээд дарамтлаад байсан гэж сүүлд нь хэлсэн. Би сүүлд нь мэдсэн. ...Ж.Г Б.Ч жаахан дээрэлхдэг. Ерөнхийдөө Б.Ч нь Ж.Гөөс айдаг учраас хоолонд даадаг, хэлсэн үгэнд нь ордог, эд зүйлээ өгдөг, мөнгө өгдөг. ...сүүлд Ж.Г надаас чатаар мөнгө нэхэж авч байсан гэж Б.Ч надад хэлж байсан. Б.Ч нь Ж.Гд мөнгө өгч байхыг хараагүй. Харин хоолонд, дэлгүүрт даадаг байсныг нь мэднэ. Б.Ч мөнгө шилжүүл, дансаар явуул, хурдлаарай, ална шүү гэж чатаар бичиж байсан. Би үүнийг нь хальт уншиж байсан. Ж.Г намайг Б.Чар хоолонд даалга, мөнгө ав гэж хэлж байсан. Би ойролцоогоор 5-6 удаа Б.Чар хоолонд даалгаж байсан. Б.Ч нэг удаа надад 20.000 төгрөг өгч байсан. Би Б.Ч дарамталсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45/
  10. Насанд хүрээгүй гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г нь Б.Час 10.000 төгрөг авахдаа өгөхгүй бол зургийг чинь үзүүлнэ шүү пизда минь гэж байсан. ...Б.Ч нь Ж.Гөөс айгаад байдаг. Ж.Гийн хажууд Т ах гэдэг боловч надад би тэр Т-д дургүй гэж ярьж байсан. Б.Ч ихэвчлэн мөнгөтэй ирдэг бөгөөд анх өөрөө даадаг байсан. Гэтэл Ж.Г улам давраад мөнгө өг, ундаа аваад өгчих гэдэг болчихсон. Миний мэдэхийн Ж.Г нь нэг удаа Б.Час 10.000 төгрөг өг гэж шаардаж байсан. Мөн бээлийгээ өгчих гэхэд Б.Ч ээж уурлана гэхэд юун сүртэй юм бэ, 2 хоног өгчих гээд авч байсан. ... “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/
  11.  “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ХУ1-19-35 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...боксын бээлий-78.492 төгрөг, үнэртэй ус-221.400 төгрөг, пүүз-120.000 төгрөг, пүүз-131.200 төгрөг, нийт 551.092 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэсэн тайлан /1хх-ийн 194-195/
  12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргуулсан фэйсбүүк чатны хуулбар /1хх-ийн 69-77, 79-82, 105-130/
  13. “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч Б.Ч-ын эх Д.Б-гийн 000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 78, 87-103/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.      

            Өсвөр насны шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1, 3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон хэдий ч өсвөр насны шүүгдэгчийн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэн тайлбарлаж, яллах дүгнэлтэд тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

          Учир нь хавтаст хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 135/, нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 222/ зэргээр тэрээр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 настай, 2019 оны 3 дугаар сард 15 нас 11 сартай байсан болох нь тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны субъект үйлдсэн тодорхой төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь хуульд зааснаар 16 насанд хүрсэн этгээд байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.Г нь 2018 оноос 2019 оны 3 сар хүртэл хугацаанд 16 нас хүрээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан тусгай субъекттэй /14-16 нас/ гэмт хэрэгт хамаарахгүй байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Гийн 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ч заналхийлж мөнгө авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй.

          Харин өсвөр насны шүүгдэгч Ж.Гийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогчоос дансаар авсан 20.000 төгрөг /1хх-ийн 220/, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр авсан 10.000 төгрөгийг, нийт 30.000 төгрөг авсан үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзнэ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх 2 удаагийн үйлдэл нь бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж өсвөр насны шүүгдэгч Ж.Гийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “өмчлөх эрх”-ийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдыг эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэх өгөхийг шаардаж хохирогчийг өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх зэрэг санаатай хийсэн идэвхитэй үйлдлээр уг гэмт хэргийн объектив шинж илэрнэ.

          “Бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардах” гэдэгт хохирогч болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэх аргаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэхийг,

          “хүч хэрэглэсэн” гэдэгт гэмт этгээд хохирогч болон түүний ойр дотны хүний бие махбодид халдсаныг ойлгоно. Бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, өшиглөх, түлхэх зэрэг идэвхитэй үйлдлээр илрэхийг,

          “хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэдэгт гэмт этгээд хохирогч болон түүний ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд нь хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлснийг,

          “эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэх” гэдэгт хохирогч болон түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэхийг тус тус ойлгоно.

          Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй гэрч Т.Хийн: “...Ж.Г Б.Чар хоолонд даалгуулж байсан. Хамт хоолонд орох санааг нь Ж.Г гаргадаг байсан. ...Б.Ч Ж.Гийг өөрийг нь дарамталдаг гэж ярьж байсан. ...Б.Ч Ж.Г ахаас айдаг. Тэгээд хоолны тооцоо хийдэг байсан. Ж.Г Б.Чд гар хүрч байсныг харж байгаагүй. Харин эвгүй харьцаж байгааг нь харж байсан удаа бий. Пүүзийг би өөрөө Б.Час гуйж авч байсан. Тухайн үед Ж.Г ах Б.Чд надад пүүз өг гэж хэлүүлж байсан. ...Ж.Г Б.Ч руу мөнгө явуул гэж бичиж байсан. ...Бид нар 7 хоногийн 4 өдөр хоолонд ордог байсан. Санаачлагыг ярилцаад эсхүл Ж.Г ах гаргадаг байсан. ...Ж.Г Б.Чар даалгуулдаг, Ж.Г Б.Чд намайг даачих гэдэг байсан. ...Ж.Г Б.Час Цэнхэр бээлийг гэрийнх нь гадаа очиж авахдаа ёс бус үг хэрэглэж байсан. ...Б.А багшаас мөнгийг би зээлээгүй. Ж.Г Б.Ч зээл гэж хэлсэн. ...Б.Ч мөнгө байхгүй гэх үед Ж.Г дансыг нь шалгая гэж Зайсангийн Будда Виста, Сарнайхын АТМ орж шалгаж байсан. ...Б.Ч Ж.Гд М таны дүү юм байналээ гэхэд Ж.Г манай доод ангийн дүү гэж хэлсэн. Ж.Г одоо ярья гэхэд нь намайг гэж битгий хэлээрэй гэж Б.Ч хэлэхэд Ж.Г тэгвэл надад 20.000 төгрөг өг гээд авч байсан. ...” гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мессенжерээр дарамтлан сүрдүүлж Ө гэх хүний 00000000000 тоот дансаар 20.000 төгрөг шилжүүлж авсан. Уг мөнгийг ээж 00000000000 тоот данснаасаа явуулсан. Уг мөнгийг би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Америк” сургууль дээр Ж.Г нь өөрөө ирж надаас 10.000 төгрөгийг дарамталж авсан бөгөөд тухайн үед математикийн багш А харсан бөгөөд дараа нь надаас энэ хүүхэд чамайг дарамталж мөнгө авсан юм уу гэхээр нь би Ж.Гөөс айгаад үгүй гэж хэлчихсэн. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-35/

Хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын дундуур би хүүгээ унтаж байх хойгуур нь утасных нь кодыг нь тайлж орж үзэж мессеж болон фэйсбүүк мессенжерүүдийг үзсэн. Тэгтэл мессежнүүд дундаас нь ноцтой зүйл илрээгүй. Харин фэйсбүүк мессенжерээр Ж.Г гэх хүнтэй харьцсан маш их чат байсан. Тэгээд уншаад үзтэл мөнгө, Б.Ча пизда минь 10.000 өгөөдөх, 20.000 босгоодох, байхгүй бол ална шүү, маяглаад байгаарай, гөлөг минь, пүүз яасан гэх дарамталсан чатууд байсан. Миний хүү өөдөөс нь уучлаарай, мессежээ уншиж болохгүй байсан. Надад одоохондоо мөнгө алга. Маргааш 10.000 төгрөгтэй болно, 5 дахь гэхэд 30.000 төгрөгтэй болгож чадна гэх зэргээр хариу бичсэн байсан. ...маргааш нөгөөдөр нь миний хүү над руу хичээл орж байгаа цагаараа буюу 11 цаг 10 минутын орчимд залгаад ээж 20.000 төгрөг манай найзын данс руу шилжүүлж өгөөч гэхээр нь яагаад хичээлийн цагаар мөнгө асууж байгаа юм бэ гэтэл харин найзад маань яаралтай асуудал гараад чөлөө авч байгаад ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүгээ айдастай байна гэж мэдээд шууд зөвшөөрөөд дансны дугаарыг нь аваад 20.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараахан би Ч-ын математикийн багштай нь тааралдахад өчигдөр нэг шөвгөр царайтай гадны хүүхэд манай сургууль дээр ирж Б.Час мөнгө авсан. Тухайн үед Б.Ч манай кабинетэд орж ирээд сандарчихсан би мөнгөө энд унагаачихсан байна уу гээд хайгаад байсан. Тэгээд түүний дараахан завсарлагаанаар Б.Ч гартаа мөнгө атгаад тухайн шөвгөр шардуу царайтай хүүхдэд өгч байсан гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандахаар шийдэж хүүдээ энэ тухай хэлсэн чинь ээжээ цагдаад битгий хандаач энэ хүүхэд яаж ч магадгүй, хэн нэгэнд ховлох юм бол ална шүү гэж занасан. Би клубтээ сургуульдаа явж чадахаа больчихно шүү дээ гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37

Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Б.Ч-ын ангид өглөө эхний цаг математикийн хичээл орсон. Тэгээд байж байтал Б.Ч өдрийн хоолны цагийн дараа над руу ирээд багшаа би мөнгөө гээчихлээ таны өрөөнд унагаачихсан юм шиг байна гээд коридорт хайгаад сандраад гүйгээд байсан. ...Б.Час арай өндөрдүү, туранхайвтар, цайвар царайтай, хар бараан халимаг үстэй хүүхэд орж ирсэн бөгөөд Б.Ч өөдөөс нь очоод үгийн зөрөөгүй тэр хүүхдэд мөнгө өгчихөөд буцаад явсан бөгөөд би Ч-ын араас чи яагаад хичээлийн цагаар гарч ирээд нээн хүүхдэд мөнгө өгч байгаа юм бэ, чамайг дээрэлхээд байгаа юм уу, юун хүүхэд вэ гэхэд Б.Ч үгүй багшаа тийм юм байхгүй, миний хуурай ах, хамаатны ах ч гэлүү гэж хэлээд гүйгээд явчихсан. ...Б.Ч тухайн өдөр мөнгө хайгаад сандраад гүйгээд байсан. Мөн хоорондоо юу ч дуугараагүй нь их сэжигтэй санагдсан тул би Б.Час асуусан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39/

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ч нь надаас хоёр удаа мөнгө авч байсан. Эхлээд 10.000 төгрөг өгөөч юм авах гэсэн чинь дутчихлаа гэж байсан. Би өгөөд явуулж байсан. Зөрөөд хоол бариад ороод ирсэн. Би тухайн он сар өдрийг нь санахгүй байна. Харин 2019 оны цагаан сарын дараа Б.Ч клуб дээр надаас 20.000 төгрөг байвал зээлээч юм авч идэх гэсэн юм гэхээр нь өгч байсан. Тухайн үед Б.Ч гараад дэлгүүр орчихоод гарч ирж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42/

Насанд хүрээгүй гэрч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г Б.Час 10.000 төгрөг хүүхдээс хамгаална гэж авч байсан. Мөн Ж.Г Б.Ч-ын ногоон өнгийн пүүзийг Х-д өг гэж хэлсэн байсан. Үүнийг нь би мэдээгүй бөгөөд би тухайн өдрийн өмнөх өдөр нь Б.Час пүүзээ өгчих гэж гуйж байсан. Харин маргааш нь буюу 2019 онд цагаан сарын дараа байх надад Б.Ч ногоон өнгийн пүүзээ өгсөн. Б.Ч надад Т ах намайг пүүзээ Х-д өг гээд дарамтлаад байсан гэж сүүлд нь хэлсэн. Би сүүлд нь мэдсэн. ...Ж.Г Б.Ч жаахан дээрэлхдэг. Ерөнхийдөө Б.Ч нь Ж.Гөөс айдаг учраас хоолонд даадаг, хэлсэн үгэнд нь ордог, эд зүйлээ өгдөг, мөнгө өгдөг. ...сүүлд Ж.Г надаас чатаар мөнгө нэхэж авч байсан гэж Б.Ч надад хэлж байсан. Б.Ч нь Ж.Гд мөнгө өгч байхыг хараагүй. Харин хоолонд, дэлгүүрт даадаг байсныг нь мэднэ. Б.Ч мөнгө шилжүүл, дансаар явуул, хурдлаарай, ална шүү гэж чатаар бичиж байсан. Би үүнийг нь хальт уншиж байсан. Ж.Г намайг Б.Чар хоолонд даалга, мөнгө ав гэж хэлж байсан. Би ойролцоогоор 5-6 удаа Б.Чар хоолонд даалгаж байсан. Б.Ч нэг удаа надад 20.000 төгрөг өгч байсан. Би Б.Ч дарамталсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45/

Насанд хүрээгүй гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г нь Б.Час 10.000 төгрөг авахдаа өгөхгүй бол зургийг чинь үзүүлнэ шүү пизда минь гэж байсан. ...Б.Ч нь Ж.Гөөс айгаад байдаг. Ж.Гийн хажууд Төрөө ах гэдэг боловч надад би тэр Төрөөд дургүй гэж ярьж байсан. Б.Ч ихэвчлэн мөнгөтэй ирдэг бөгөөд анх өөрөө даадаг байсан. Гэтэл Ж.Г улам давраад мөнгө өг, ундаа аваад өгчих гэдэг болчихсон. Миний мэдэхийн Ж.Г нь нэг удаа Б.Час 10.000 төгрөг өг гэж шаардаж байсан. Мөн бээлийгээ өгчих гэхэд Б.Ч ээж уурлана гэхэд юун сүртэй юм бэ, 2 хоног өгчих гээд авч байсан. ... “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт хавсаргуулсан фэйсбүүк чатны хуулбар /1хх-ийн 69-77, 79-82, 105-130/

“Хаан банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч Б.Ч-ын эх Д.Б-гийн 00000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 78, 87-103/ гэх зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд насанд хүрээгүй хохирогч Б.Ч мөнгө олж ирэхгүй болно ална шүү, Мэд хэлнэ шүү гэх зэргээр хохирогчийг удаа дараа заналхийлж, улмаар түүнээс бэлнээр 10.000 төгрөг, дансаар 20.000 төгрөг, нийт 30.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчоос заналхийлж авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б М.Б, Б.Тэнгис нар шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан учир гэмт хэрэгт тооцохгүй” гэж маргаж байх боловч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан эсэхээс үл хамааран шилжүүлэн өгөхийг шаардсанаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогддог, өөрөөр хэлбэл хохирол, хор шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч Б.Ч нь уг гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хямралд орсон, улмаар гадаад улсын сэтгэл зүйчтэй цахим сүлжээгээр холбогдож сэтгэл зүйн зөвлөгөөг төлбөртэй авсан талаараа мэдүүлж, зөвлөгөө авсан талаарх баримт, орчуулгын баримт, төлбөрт 1625 ам доллар шилжүүлсэн талаарх баримт, нийт 15 хуудас баримт гаргаж өгснийг шүүх хүлээн авч, нотлох баримтаар үнэлэн уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санаа болоод хууль ёсны төлөөлөгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй..         

          Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Хохирол, хор уршгийн тухайд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяа насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүйн эмчилгээнд сэтгэл зүйчтэй цахим хэрэгслээр холбогдон зөвлөгөө авч уг төлбөрт 1625 ам доллар зарцуулсан талаар 15 хуудас баримт гаргаж өгчээ. Шүүхээс уг хохирлын нэхэмжлэлийг хүлээн авч уг 1625 ам доллар дээр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өсвөр насны шүүгдэгч Ж.Гийн насанд хүрээгүй хохирогчоос дансаар авсан 20.000 төгрөг /1хх-ийн 220/, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр авсан 10.000 төгрөгийг нэмж 1625 ам долларыг тухайн үеийн валютын ханшаар тооцон хөрвүүлж, нийт 4.319.187 төгрөгийг энэ гэмт хэргийн хохиролд тооцож, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагч Ё.Жамсум нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяад 1.000.000 төгрөг төлж барагдуулсан тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч Ё.Жамсумаас нийт 3.319.187 төгрөг гаргуулж, хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяад олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын нэхэмжилсэн хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 551.092 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа. Учир нь тус хэрэг үйлдэгдэх үе буюу 2018 оны 12 дугаар сард өсвөр насны шүүгдэгч Ж.Г нь 15 настай буюу уг гэмт хэргийн субъектийн шинжийг хангаагүй байсан тул уг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүх уг нэхэмжлэлийг хангахаас татгалзсан хэдий ч хууль ёсны төлөөлөгч гэмт хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Хэрэгт авагдсан Ж.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 135/, нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 222/ зэргээр тэрээр хамгийн сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдэх үед 16 нас, 1 хоногтой байсан ба хэрэг шүүхэд хянан хэлэлцэх шатанд 17 нас 11 сар 23 хоногтой буюу өсвөр насны шүүгдэгч болох нь тогтоогдсон болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал /...17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч Ж.Гд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн Ж.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Гийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг эд хөрөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч Ж.Гд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Гд 1 /нэг/ жилийн тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Ё.Жамсумд тус тус даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ж.Гд сануулсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ё.Жамсум нараас нийт 3.319.187 төгрөг гаргуулж, насад хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болортуяад олгосугай.
  6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
  7. Ж.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР