Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

    2021       04             09                                        2021/ШЦТ/232

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,   

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эт холбогдох эрүүгийн 000000000001 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймаг Мандалговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................................... тоотод оршин суух хаягтай, урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Ч.Э/РД:000000000000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Энь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд иргэн С.Гийн гээгдүүлсэн Голомт банкны зэс картаас 758.376 төгрөгийн гүйлгээ хийж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Энь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд иргэн С.Гийн гээгдүүлсэн Голомт банкны зэс картаас 758.376 төгрөгийн гүйлгээ хийж гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Ч.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүн рүү мөнгө шилжүүлэхээр Голомт банкны итнернет банк руу өөрийн гар утаснаас ороход миний Голомт банкны зэс картаас мөнгө байхгүй байгааг мэдсэн. Тэгээд өөрийн картаа хаагаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Картаа хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэрэглэсэн ба түүнээс хойш хэрэглээгүй байсан. Дансны хуулгаа харахад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 8.516 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10.600 төгрөг, 133.400 төгрөг, 19.800 төгрөг, 101.900 төгрөг, 60.000 төгрөг, 147.650 төгрөг, 38.700 төгрөг, 53.600 төгрөгийн гүйлгээ тус тус хийгдсэн байна. Миний картыг хамгийн сүүлд эхнэр хэрэглэсэн. Тэгээд хаана хийсэн талаар санахгүй байгаа юм. Гээгдүүлсэн байж магадгүй юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/
  3. Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 19 цагийн орчим өөрийн соната 6 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүү О.О-тэй /5 нас/ хүн тээвэрт явж байгаад Сонсголонгийн гүүрний цаана таксинд явж байсан хүнээ буулгачихаад цааш явж байгаад 1 хүн такси барих гээд гараа өргөж байхаар нь аваад Яармагийн эцсийн буудлаас зүүн зүгт нэг гудамжаар яваад айлын үүдэнд очсон. Тэндээс 2 хүн суулгаад дэлгүүр орно гэж хэлээд Яармагийн эцсийн буудлын хойно байдаг дэлгүүр лүү 2 нь архи авъя чи ахиухан архи авчих гэж хэлээд орсон. Тэгээд удалгүй 5 минут орчмын дараа 1 ууттай юм аваад гараад ирсэн. Тэгээд 8 цаг орчим цаашаагаа замаа дагаад явж бай гэж байгаад урагшаагаа ойролцоогоор 500 метр орчим явж байгаад “энэ дэлгүүр байна, ийшээ орчихъё” гэж хэлээд баахан зогсоолтой газрын баруун талд байсан дэлгүүрийн гадна зогссон. Тэгээд нэг нь нөгөө хоёртоо “та хоёр орчих, би орж болохгүй ээ” гэж хэлээд нөгөө хоёр н ь дэлгүүр лүү орсон. Нэг нь машинаас ерөөсөө гараагүй. Ойролцоогоор 5 минутын дараа нөгөө хоёр нь баахан ууттай пиво, хиам, хоол хүнсний юм авч орж ирж байх шиг байсан. Тэгээд цаашаагаа 9 цаг болох гэж гэж байхад “нисэх оръё” гэж хэлээд очиж байх замдаа тойргийн баруун талд байдаг ЮНИ газ руу очоод төлбөрийн чинь оронд газ-ыг чинь дүүргээд өгье гэж хэлээд 60.000 төгрөгт миний машины газ-г дүүргээд Нисэх рүү явсан. Тэндээс нисэхийн эцсээс хойшоогоо 200-300 метр орчим явсаар байгаад нэг гэр хорооллын зам дагуу байдаг дэлгүүрийн гадаа зогсоод нэг нь машиндаа үлдээд нөгөө хоёр нь дэлгүүр лүү орсон. Тэгээд 5 минут орчмын дараа баахан ууттай юм авч орж ирсэн. Тэгээд тэндээс буцаад төв зам дагуу явж байгаад нисэхийн эцсийн наах нь орчим замын баруун талд байдаг нэг дэлгүүрийг харснаа “энд зогсчих” гээд зогсоод нэг нь үлдээд нөгөө хоёр нь орсон. Тэгээд удалгүй нөгөө хоёр нь бас баахан ууттай архи пиво шиг юм авч гарч ирээд миний машины багаж руу хийгээд байсан. Тэгээд 9 цаг өнгөрч байхад буцаад Яармаг явъя 10 цаг болох гэж байна гэж хэлээд явсан. Яармагт ирээд явж байхдаа “ертөнцийн зүгээр зүүн талдаа байдаг дэлгүүр дээр зогсчих” гэж хэлээд дэлгүүр лүү хоёр нь буугаад орсон. Үлдсэн нэг нь ер нь бол машинаас буугаад байсан ч дэлгүүр орсныг нь бол би хараагүй. Нөгөө хоёроосоо түрүүлээд ороод ирдэг байсан. Тэгээд 10 цаг болох гэж байхад эндээс хойшоогоо явчихъя гэж хэлээд Яармагийн эцсээс зүүн хойшоогоо яваад гэр хорооллын гудамжаар 200 метр орчим яваад хойшоогоо харсан ногоон хашаатай айлын гадна зогсоод гурвуулаа бууж тэр айл руу ууттай юмнуудаа авч орчихоод 5-10 минутын дараа гурвуулаа гарч ирээд машинд суусны дараа цаашаагаа дахиад нэг айлын гадна очиж зогсоод гурвуулаа үлдсэн ууттай юмнуудаа тэр айл руу аваад орох шиг болсон. Тэгээд буулгачихаад би гэр лүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/
  4. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Г-ийн ээжийн О-н гэрт Г-гийн хамт очиж нэг пиво, 0,75 литрийн хараа архи уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор Г-ийн төрсөн дүүгээр 0,75 литрийн хараа архи авхуулаад орой хүртэл ууж суугаад согтуу байдалтай байж байхад оройн 19 цагийн орчим Ч.Э нэлээд халамцуу нэг шил архи аваад орж ирсэн. Тэрийг нь 2 хундага татчихаад дараа нь Э-ыг “хоёр ахыгаа гэрт хүргээд өг, ах нар нь согтоод байна” гэж хэлсэн чинь “би такситай явж байгаа, за яахав хүргээд өгье” гээд намайг саарал өнгийн Соната 6 машинд суулгаад Яармагийн эцсийн хойно байдаг гудамжны үзүүрийн дэлгүүрийн гадна очоод “ахын төрсөн өдөр юм бол ахдаа юм авч өгнө” гээд бор өнгөтэй виза карт өгөхөөр нь пин кодыг нь асуусан чинь “код байхгүй ээ, та зүгээр ороод өөрөө мэдээд уншуулаад авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шил архи, тамхи, ундаа авсан байх. Согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэндээс урагшаа засмал зам дагаж явж байгаад замын баруун тал байсан нэг дэлгүүрийн гадна зогсоод Ч.Э та ороод гайгүй юм аваадах гэж хэлээд карт өгөөд өөрөө машиндаа үлдсэн. Тэгээд би юм авчихаад уншуулах гээд байж байсан чинь Г орж ирээд зайрмаг авна гээд нэмж авсан. Тэгээд төв зам руугаа ороод явж байхад нь би тойргоор хойшоогоо эргээд бид хоёрыг хүргэж өгөх байх гэж бодсон чинь чигээрээ яваад жолоочийн машинд газ хийнэ, дүүргэж өгнө гээд Ч.Э хийснийг нь би санаж байна. Тэгээд цаашаагаа ямар ч байсан Нисэхийн тэр хавьд байдаг ойролцоогоор 3-4 орчим байдаг дэлгүүрийн гадна зогсоод Ч.Э намайг гайгүй юм аваад ир гээд картаа өгөөд оруулаад байсан. Зарим дэлгүүрт нь хааяа Г орж ирж байх шиг харагдсан. Би согтуу байсан учраас яг хэдэн дэлгүүр орж, хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар сайн санахгүй байна. тэгээд нэг мэдсэн чинь ирчихлээ гээд харсан чинь буцаад Олзвойн эгчийн хашааны баруун урд талд байдаг Гийн эгчийн хашааны гадна ирчихсэн зогсож байсан. Тэгэхлээр нь миний өвөрт нэг ууттай юм бас хөлөн доор хроп дүүрэн пиво байхаар нь бариад хашаа руу орсон чинь Ч.Э хүрч ирээд “хөөе, пиво аваад ир” гээд аваад явсан. Тэгээд ороход Сараа эгч байхгүй байхаар нь ууттай юмнуудаа хүүхдүүдэд нь өгчихөөд буцаад гараад харсан чинь нөгөө машин бас Ч.Э байхгүй байсан. Тэндээс зүүн хойд талын гудамжинд байдаг ээжийн хашаанд очсон чинь бас нэг хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан. Би хамт уугаад сууж байхад хажууд гэнэт Ч.Э ороод ирсэн байсан. Тэгээд надад Т ахаа дүү нь одоо явлаа гэж хэлээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
  5. Гэрч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд ээж О-н гэрт Э-ын хамт очиж нэг пиво, нэг 0,75 литрийн Хараа архи авч уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 ны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай төрсөн дүү Л.О дахиад 0,75 литрийн Хараа архи авахуулаад орой хүртэл сууж байгаад нэлээд согтуу байхад 19 цагийн орчимд Ч.Э нэлээд халамцуу орч ирсэн. Э-ыг орж ирэхэд Э  “хоёр ахыгаа гэрт хүргээд өг, ах нар нь согтоод байна” гэж хэлсэн чинь “би такситай явж байгаа, за яахав хүргээд өгье” гээд саарал өнгийн машинд суулгаад явсан. Э нэг дэлгүүр лүү ороод картаар юм аваад байх шиг байсан. Би айлын хүүхдэд юм авна гээд зайрмаг авснаа санаж байна. Цаашаагаа машинд суугаад 2-3 дэлгүүр орсон байх. Би согтуу байсан болохоор тухайн үед болсон асуудлын талаар сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
  6. “Голомт банк” ХХК-иас ирүүлсэн хохирогч С.Гийн 46286********4159 дугаартай кредит картны хуулга /хх-ийн 54-55/

7. Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..2020 оны 12 дугаар сарын сүүлээр би өөрийн түрээслэн ажиллуулж байгаа дэлгүүртээ сууж байхад манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн үүдэнд чинь нэг карт хэвтэж байна гэж хэлээд надад оруулж ирж өгсөн. Тэгээд би тухайн картыг хүн сураглаж орж ирвэл өгье гээд хэтэвчиндээ хийсэн. Түүнээс хойш хэн нэг хүн орж ирж надаас карт асуугаагүй. Надад явж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр түрүүвчээ уудалж байтал нөгөө карт байхаар нь дэлгүүрийнхээ пос машинд уншуулж үзтэл нууц код нэхэхгүй уншиж байсан. Тэр үед картаас 10.000 төгрөг гаргаж авсан. ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ хэдэн найзуудтайгаа архи уусан. ...би гэрээс гараад Яармаг орохоор явсан. Тухайн үед Соната-6 маркийн машин зогссон бөгөөд тэр машинтайгаа Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байх эгч С-нд очиход хадам ээжийн дүү Э тэднийд байсан. ...нөгөө таксиндаа Эахыг суулгаад нэг дэлгүүрийн гадна очиж зогсоод нөгөө олж авсан картыг Э ахад өгч оруулаад дэлгүүрээс ганц юм авчих гэж хэлсэн. Тэгээд тэр дэлгүүрээс Эах нэг шил архи авч гарч ирээд нөгөө такситайгаа С эгчийнд эргэж очоод архиа ууж байхад манай эхнэрийн хамаатан Г ах орж ирсэн. ...Бадмаараг гэж дэлгүүрийн гадна очиж зогсоод Э ахад нөгөө картыг өгөөд архи, пиво ав гээд оруулсан. ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-46/ зэргээр тогтоогдлоо. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул Ч.Энхбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.

          Мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ хохирогч С.Г ийн гээгдүүлсэн Голомт банкны зэс картыг эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй буюу өөрийн эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэгцээнд зориулан дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг тус картыг ашиглан төлж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

          Хэрэгт авагдсан хохирогчийн дансны хуулга /хх-ийн 54-55/-аар шүүгдэгч нь хохирогчийн данснаас нийт 758.376 төгрөгийг зөвшөөрөлгүй зарцуулсан ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.       

Иймд шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч С.Гийн “...800.000 төгрөгийг Ч.Э-аас бүрэн хүлээж авлаа. Надад одоо өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/ авагдсан байх тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хэдийгээр Улсын яллагчийн зүгээс 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан боловч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ тогтмол орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эыг 760 /долоон зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э-т оногдуулсан 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

            Мөн шүүгдэгч Ч.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эыг 760 /долоон зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э-т оногдуулсан 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Ч.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Э-т сануулсугай.   
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР