Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

    2021       05           10                                         2021/ШЦТ/240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,   

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч С.Т, Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Э, С.Т нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................................................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч.Э /РД:ХБ800000/.

            Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер, Орос хэлний орчуулагч мэргэжилтэй, “Хүнс таван толгой” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Т /РД:ПЭ2356565/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Э, С.Т нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ...................................... тоотод “к2 best” гэх нэртэй вэб сайт буюу мэдээллийн технологийг ашиглан ашиг олох зорилгоор, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Э, С.Т нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ................................ тоотод “к2 best” гэх нэртэй вэб сайт буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог онлайн покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

  1. Шүүгдэгч С.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Вэб сайт, фэйсбүүк-д үзлэг хийсэн: “...хөтчийн түүх хэсэгт “к2 best” гэж бичин хайлт хийж үзэхэд /www.backoffice.k2best.club/ room сайт руу хандсан түүх, үлдсэнийг скрийн шот хийж бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн фэйсбүүк рүү нэвтрэхэд “Хулан цогт” /URL:profile.php.?ID=100025066999364/ гэх нэртэй фэйсбүүк хаяг нэвтэрч нээлттэй байв. Тус хаягт үзлэг хийхэд “к2 best” нэртэй пэйж хуудас үүссэн, тус пэйж хуудас нь 1878 дагагчтай байв...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 22-30/ 

     4. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Гар утсанд үзлэг хийсэн: “...утасны вэб хөтчийг үзэхэд /www.backoffice.k2best.club/ сайт руу хандсан түүх байсныг гэрэл зургаар 1 кадр зураг авч бэхжүүлэв. Үргэлжлүүлэн утасны тохиргоо цэсний паспорт цэс рүү орж үзэхэд /www.backoffice.k2best.club/ сайт руу нэвтрэх нэр, нууц үг хадгалсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 44/

5. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн С.Тын компьютерт үзлэг хийсэн: “...эксел программаар нээж үзэхэд 1, 2 дугаар шийт дээр хэрэглэгчийн нэрс, дансны дугаарууд, утасны дугаар, мөнгөн дүнгийн хүснэгтэд жагсаалт байв. Мөн дэлгэц дээр 00000000 гэсэн файл байх ба мөн эксел программаар нээж үзэхэд 1 дүгээр шийт дээр хэрэглэгчдийн нэрүүд, дансны дугаарууд, утасны дугаарууд, 2 дугаар шийт дээр ширээнд 1-ээс дээш суусан, 10-аас дээш суусан, 30-с дээш суусан гэсэн хүснэгтэд тоо мэдээллүүд, 4 дүгээр шийт дээр хэрэглэгчдийн нэрүүд, дансны мэдээллүүд, утасны дугаарууд байв. Мөн дэлгэц дээр Balaces /5/.hdm гэсэн нэртэй файл байх ба нээж үзэхэд тоглогчдын данс цэнэглэх хүсэлт, мөнгө татах хүсэлт бүхий хүснэгтэн тоон мэдээлэл байв. ...мөн 0000000 гэсэн нэртэй файл байсныг нээхэд тоглогчдын нэр, дансны дугаар, утасны дугаар, ширээнд суусан тоо, дансны үлдэгдэл гэсэн хүснэгтэн мэдээллүүд байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 36-50/

6. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Д.Б-ын компьютерт үзлэг хийсэн: “...Б-ын зөөврийн компьютер дээрээс Д.Б-ын вэб код файл болох 226 мв файл, өгөгдлийн сан буюу тоглогчдын мэдээлэл, 1,2 мв файл, скрийншот хийж бэхжүүлсэн 8 ширхэг зураг 1,5 мв файлыг тус тус гаргуулан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1хх-ийн 51-52/

7. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрөө хайхад Оросын нэг форум сайт дээр мөрийтэй тоглоомын үнэгүй зод байсан. Тэр кодыг С.Тын хамт шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байхаар нь нүүр, загварыг нь солиод покер тоглоход бэлэн болгож өгсөн. Тэгээд сайт руу нэвтрэх админ нэр кодыг үүсгэж С.Тд өгсөн. Түүнээс хойш С.Т энэ сайтаа ажиллуулж эхэлсэн. Дараа нь тухайн сайт нь хаагдчихлаа гэхээр нь www.к2 best.com-ийг www.k2best.net, www.k2best.club болгож өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 67/

8. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард надад нэг зүйлийн админ хийж байгаа, зөөврийн компьютер дээр юм хийж байна гээд шөнө суугаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103/

9. Шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 юм уу 7 дугаар сард С.Ттай уулзсан чинь “хоёулаа хамтарч цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах уу” гэхээр нь би тэр үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учраас “тэгье” гээд зөвшөөрөөд k2best нэртэй вэб сайтын админ хийдэг байсан. Хүмүүс тоглох гээд мөнгө хийхдээ миний данс болох 0000000000 тоот данс руу хийдэг байсан. Би ганцаараа админ хийж амжихгүй болохоор С.Т бас админ хийж бид хоёр хамтарч энэ тоглоомыг зохион байгуулсан. ...2020 оны 9, 10, 11 дүгээр сар гээд нийт 3 сар хууль бус мөрийтэй тоглоом тоглуулаад 3.000.000 төгрөгийн ашиг олсон гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79/,

10. Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын эхээс эхэлж мөрийтэй тоглоом зохион байгуулж 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр программ нь гацаад интернетээр хууль бус гээд мэдээлэл явахаар нь баригдах байх гэж бодоод үйл ажиллагаагаа зогсоогоод тоглуулахаа болиулсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаасан байсан. ...Ч.Э бид хоёр ашгаа хувааж авахад ний олсон орлого нь 1.5-2 сая төгрөгийн хооронд байсан. Тэгээд ашгаа хувааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85/

11. “Хаан банк” ХХК-с ирүүлсэн Ч.Эын 00000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 179-212/

12. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Эын 0000000000 тоот депозит дансны мэдээлэлд үзлэг хийсэн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондын гүйлгээний мэдээлэлд үзлэг хийхэд нийт 8458 орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба уг гүйлгээнүүд 1-8458 хүртэл дугаарлагдсан байв. Дээр дурдсан хугацаанд тус дансанд нийт 360.229.720 төгрөгийн орлого орж, 360.398.472 төгрөгийн зарлага хийгдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 213-214/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

  Шүүгдэгч Ч.Э, С.Т нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-90, 106/-аар тогтоогдож байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд үндсэн шинж нь гэмт этгээд амар хялбар аргаар мөнгө, ашиг олох субъектив санаа зорилгоор олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан санаатай үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.Э, С.Т нар нь цар тахлын үед цахим сүлжээ хэрэглэгчдийг вэб сайтын тоглоомд татан оролцуулж, мөрий тавиулан өөрсдөдөө ашиг хожих, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан покер нэртэй мөрийтэй тоглоомыг тоглох нь хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж зохион байгуулсан үйлдлийг дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж,

мөн уг гэмт хэргийг үйлдэхээр шүүгдэгч нар урьдаас үгсэн тохиролцсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж тус тус үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ч.Э, С.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Дээрх гэмт хэрэг нь хохирол, хор уршиг үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хавтаст хэрэгт уг гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учирсан талаар баримт авагдаагүй байх тул шүүгдэгч нар уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, тэдгээрийн хувийн байдал шүүгдэгч Ч.Э /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч С.Т /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер, Орос хэлний орчуулагч мэргэжилтэй, “Хүнс таван толгой” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан С.Т, Ч.Э нарыг улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Шүүгдэгч Ч.Э, С.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Ч.Э, С.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч.Э, С.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э, С.Т нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э, С.Т нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг тус бүр /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

            5. Шүүгдэгч Ч.Э, С.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Э, С.Т нарт сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Э, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР