Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Ариунтуяа,

хохирогч П.П,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ө.Год холбогдох эрүүгийн 1708020880127 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ө.Г, 1966 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жилийн хорих ял шийтгэгдсэн, /РД:.../,

Шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-01 тоотод хамтран амьдрагч П.Пгийн гэрт өөрийн дагавар охин болох Б.Бг чулуугаар гар руу нь цохиж гэмтээсэн, урьд П.П, Б.Б нарыг байнга зодож харгис хэрцгий харьцсан догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай иргэн Б.Бг “цагдаа дуудлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодож, хамар нүдний дотор булан, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-11 тоотод иргэн Д.Ныг зодож, эрүүл мэндэд нь зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун хөх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Год холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дахь хэсгийн 1 дэх заалтад “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 1708020880127 дугаар тогтоолоор Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мэдүүлэг авсан /хх 34-37/,

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 1708019230148 дугаар тогтоороор Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мэдүүлэг авсан /хх 74-77/,

3. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1808007380200 дугаар тогтоолоор Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мэдүүлэг авсан /хх 74-77/,

Ийнхүү шүүгдэгч Ө.Гын үйлдсэн гэх гэмт хэрэг тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг прокурорын 2018 оны 82, 89 дүгээр тогтоолуудаар /хх 39, 79/ нэгтгэсэн боловч шүүгдэгч Ө.Гын холбогдох 1708020880127 дугаартай хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг дээр түүний үйлдсэн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэмж сонсголгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон байна.

Өөрөөр хэлбэл Ө.Гын гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт нь хохирогч Б.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нэгтгэсэн боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт” оруулаагүй, мөн нэгтгэсэн хэрэгт яллагдагчаар байцаалт аваагүй зөрчилтэйн гадна ийнхүү өөрчлөлт оруулалгүй яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн үндсэн эрхийг зөрчсөн.

Түүнчлэн эрүүгийн 1708020880127 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэгдсэнээр эрүүгийн 1708019230148, 1808007380200 дугааруудтай тогтоол нь хүчингүйд тооцогдох бөгөөд ингэснээр тухайн тогтоолын дагуу авсан мэдүүлэг нь мөн адил нотолгооны шинж чанараа алдана.

Яллах дүгнэлт хууль ёсны бгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...яллагдагчийн биеийн байцаалттай холбоотой бусад мэдээллийг...” тусгахаар заасан байхад Ө.Гын ял шийтгэл эдэлж байсан талаарх баримтуудыг дутуу бичсэн.

Мөн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”-г тогтоохоор байхад яллагдагч Ө.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ “...Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-01 хамтран амьдрагч П.Пгийн гэрт өөрийн дагавар охин болох Б.Бг чулуугаар гар руу нь цохиж гэмтээсэн, урьд П.П, Б.Б нарыг байнга зодож харгис хэрцгий харьцсан догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэсэн нь ойлгомжгүй.

Тодруулбал шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэлийг байнга үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага болох “цаг хугацааг” тодорхой бичээгүй, хэзээ, хаана, хэдэн сарын хэдний өдөр эсхүл хэдэн оноос хэдэн оны хооронд хэдэн удаагийн үйлдлээр хохирогч нарт ямар хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан талаар тодорхойлоогүй. Энэхүү нөхцөл байдлыг шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй.

Тиймээс дээр дурьдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул шүүгдэгч Ө.Год холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа  2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Яллагдагч Ө.Гын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ял сонсгож уг тогтоолыг яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан,

Мөн түүний үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ял сонсгож уг тогтоолыг яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан,

Ө.Гын үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ял сонсгож уг тогтоолыг яллагдагчид танилцуулан, мэдүүлэг авсан байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж зааснаар “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт” оруулах хууль зүйн үндэслэлгүй, яллагдагчид сонсгосон буюу түүнийг буруутгаж байгаа хуулийн зүйл хэсэг заалт өөрчлөгдөөгүй болно.

Түүнчлэн яллагдагч Ө.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудыг танилцуулсан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн үндсэн эрх зөрчигдөөгүй гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд, “...1....нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна. 2...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно. 4. Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ. 7. Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана...” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...урьд 2 удаагийн ял шийтгэлтэй...” талаар дурдсан ба энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан ба уг хуулийн заалтыг хангасан,

Яллах дүгнэлтэд “...Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-01 тоотод хамтран амьдрагч П.Пгийн гэрт өөрийн дагавар охин болох Б.Бг чулуугаар гар руу нь цохиж гэмтээсэн, урьд П.П, Б.Б нарыг байнга зодож харгис хэрцгий харьцсан догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” талаарх нотлох баримт хэрэгт хавсаргасан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчтай байнга харгис хэрцгий харьцсан догшин авирласан талаар гэмт хэргийн шинжийг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчөөгүй, харин шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд буцааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч П.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие сэтгэл санааны хохиролтой байдаг. Нас өндөр болсон, энэ хүнтэй хамтран амьдарснаас хойш миний сэтгэл санаа байнгын дарамттай байдаг. Турж эцээд харвалт хүртэл өгсөн байгаа. Хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж найдаж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ө.Год холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх  нь “ шүүгдэгч Ө.Гын үйлдсэн гэх гэмт хэрэг тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг прокурорын 2018 оны 82, 89 дүгээр тогтоолуудаар /хх-ийн 39,79х / нэгтгэсэн боловч шүүгдэгч Ө.Гын холбогдох 1708020880127 дугаартай хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг дээр түүний үйлдсэн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэмж сонсголгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болсон”  гэж дүгнэжээ.

Хэрэгт буй баримтыг үзэхэд:

Прокурор  яллагдагч Ө.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар 1708020880127 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, /хх-74х / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1708019230148 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-104х/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1808007380200 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг тус тус үйлдэж, Ө.Год танилцуулж гарын үсэг зуруулжээ.

Хавтас хэргийн 39 дүгээр хуудсанд яллагдагч Ө.Год холбогдох эрүүгийн 1708019230148 дугаартай хэргийг 1708020880127 дугаартай хэрэгт нэгтгэсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн  82 дугаартай прокурорын тогтоол, хавтас хэргийн 79 дүгээр хуудсанд Ө.Год холбогдох эрүүгийн 1708020880127 дугаартай хэрэгт түүнд холбогдох  1808007380200 дугаартай хэргийг нэгтгэсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ны 89 дүгээр прокурорын тогтоол байх бөгөөд дээрх хэргүүд нэгтгэгдэн Ө.Год холбогдох эрүүгийн  1708020880127 дугаартай хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дүгээр  зүйл, заалтыг зөрчөөгүй байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэд Ө.Гын урьд ял шийтгэлийн талаар бичигдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчжээ.

Прокуророос Ө.Год холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд түүний үйлдэлүүдийг  Эрүүгийн хуулийн 4 өөр зүйлчлэлээр зүйлчилсэн нь зарим талаар ойлгомжтой биш болжээ. Тухайлбал:

Прокуророос “...Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-01 хамтран амьдрагч П.Пгийн гэрт өөрийн дагавар охин болох Б.Бг чулуугаар гар руу нь цохиж гэмтээсэн, урьд П.П, Б.Б нарыг байнга зодож харгис хэрцгий харьцсан догшин авирласан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэзээ, хэдэн удаа хэрхэн яаж  гэр бүлийн хүчирхийлэлийг байнга үйлдсэн болохыг тодруулж  хэргийг зүйлчлэх, зүйлчлэхдээ үйлдэл тус бүрийг  хуулийн өөр өөр зүйл хэсгээр  зүйлчлэх нь  үндэслэлтэй эсэхийг   нягталж шалгах шаардлагатай байна.

Иймд прокурорын эсэргүүцлээс   “хэргийг  хуулийн дагуу нэгтгэсэн ” талаар гаргасан  эсэргүүцэлтэй хэсгийг  хүлээж авч, шүүгчийн захирамжаас энэ заалттай холбогдох хэсгийг хүчингүй болгон,  захирамжийн бусад хэсэгт заасан заалтын дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх  нь зүйтэй гэж   давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1174 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээс “хэрэг нэгтгэх” талаар гаргасан эсэргүүцэлтэй хэсгийг хүлээн авч бусад хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

О.ЧУЛУУНЦЭЦЭГ