Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 126/2022/0030/З |
Дугаар | 221/МА2023/0339 |
Огноо | 2023-05-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0339
Э.М нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Э.М
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8.177.695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 60 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н
Хариуцагч Л.Ю
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 126/2022/0030/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8.177.695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю даалгах”-аар маргасан байна.
2.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8.177.695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Э.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Миний зүгээс байгууллагын дарга Л.Ю нь миний 4 дүгээр сард гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 7 дугаар 5-ны өдрийн “Захиргааны актыг хүчингүй болгох” тухай 01/1287 дугаартай албан тоотыг хэрэгжүүлээгүй учраас тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцуулах гомдлыг дахин Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гаргасан боловч "Хөвсгөл аймгийн нийгмийн Даатгалын хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна" гэсэн үндэслэлээр шийдвэрлэж өгөөгүй.
Дээрх нөхцөл байдал нь намайг нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын сарын 24-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" гэж нэмэгдүүлэхэд хүргэсэн юм.
3.2.Урьдчилан хэлэлцүүлгийн явцад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг халсан тушаалаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулаагүй болох нь нотлогдсон талаарх баримт хэрэгт байсаар байтал шүүх үнэлээгүй, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн захиргааны актыг хүчингүй болгох тухай 01/1287 дугаартай албан тоотоор нотлогдсон байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэхтэй холбоотой журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 96-д "Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсэн эмэгтэйг төрийн албанаас халахдаа Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх бөгөөд эрх зүйн онолын үүднээс хуулийг тайлбарлан хэрэглэвэл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохоор байна". Мөн шийдвэрийн 97-100 дугаар хэсэгт Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө хууль тогтоомж зөрчиж тэтгэвэр, тэтгэмж олгосон үйлдлээ хаацайлахын тулд гаргаж чамд хамааралгүй гэж намайг хуурч байгаад гарын үсэг зуруулсан актуудыг хэрэгт хамааруулж шүүхээс хэт нэг талыг барьж үнэлснийг буруу гэж үзэж байна. Хэрвээ Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр, тэтгэмж олгох эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж материал нь зөрчилтэй байсан иргэдэд тэтгэвэр тогтоолтын хуудас бичиж тэтгэврийн мөнгийг олгоогүй байсан бол дээрх актууд гарахгүй байсан нөхцөл байдал акттай холбоотой маргаан болон миний гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа зэрэгт анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Миний зүгээс тэтгэвэр тэтгэмжийн материалыг дутуу бүрдүүлсэн байж болох хэдий ч надад тэтгэвэр тэтгэмж олгох нийгмийн даатгалын санд хохирол учруулах эрх мэдэл байхгүй билээ. Мөн дээрх актуудаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг эрүүгийн гэмт хэрэгт яллуулахаар улайрч байна.
3.4.Мөн шүүхийн шийдвэрийн 101-т "...Э.М нь нийгмийн даатгалын даатгалын сангийн мөнгөн хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Нэхэмжлэгч Э.М шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан болох нь гэрч Б.А мэдүүлгээр нотлогдсон" гэсэн илт хууль бус дүгнэлтийг шүүхээс хийсэнд маш их гомдолтой байна. Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т сумын нийгмийн даатгалын тасаг (байцаагч) нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан эрхийг эдлэхээр зохицуулсан, ажлын байрны тодорхойлолтод мөнгөн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй нь албаны байдлаа урвуулан ашиглах боломжгүй болохыг нотолж байгаа. 9 дүгээр сард ажил тасалсан болохыг нотолсон хөдөлшгүй нотлох баримт эх сурвалжгүй байхад гэрчийн өгсөн худал мэдүүлгийг үнэлж, байгууллагын удирдлагын гүжир гүтгэлгийг үндэслэлтэй гэж үзсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй хэт нэг талыг баримталсан болохыг харуулж байна.
3.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 92-т "Энэхүү хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 тушаалыг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй" гэж дүгнэжээ. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр жирэмсний амралтаа авсан байсан. Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс надад сахилгын шийтгэл оногдуулж байгаа болон ажлаас халж байгаа талаар огт мэдэгдээгүй сонсох ажиллагаанд оролцуулаагүй, халсан тушаалаа хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулаагүй, жирэмсний амралтаа албан ёсоор авсан байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч нотлох баримт бүрдүүлэн намайг ажлаас халсан тушаал гаргасан байхад дарга Л.Ю хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажилласан, тушаалыг илт хууль бус захиргааны акт үзэхгүй гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна.
3.6.Анхан шатны шүүхээс миний цалин хөлс аваагүй болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байдалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар миний ажилласан хугацаандаа авах ёстой байсан цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг 4.027.300 төгрөг болгон бууруулж байна.
Иймд нэхэмжлэгч Э.М миний бие Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж хэргийн бодит байдлыг үнэлж дүгнэж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3 өдрийн 126/ШШ2023/0060 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Захиргааны актыг хүчингүй болгох тухай” 01/1287 дугаар албан бичгээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгон хуульд нийцүүлэн эргэж мэдэгдэхийг хариуцагчид үүрэг болгохдоо “…акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, шийдвэрийн хувийн хэрэг, дагалдах хуудсыг хөтлөөгүй, Э.М 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халах шийдвэр гаргасан байх хэдий ч түүний 2021 оны 9 дүгээр сараас хойшх нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж заасныг зөрчин тухайн албан хаагчийн цалин болон жирэмсэн, амаржсаны тэтгэмжээс суутгал хийсэн зэрэг зөрчил илэрлээ…” гэсэн,
Үүнтэй холбогдуулан хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 211 дүгээр албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас тодруулга хүссэн, мөн энэхүү тодруулгынхаа хариуг ирсний дараа асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх болохоо Э.М мөн оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 214 дүгээр албан бичгээр мэдэгдсэн, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар анх захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор бус харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох…” гэж өөрчилсөн байх тул энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар “хэлтсийн удирдах албан тушаалтнуудад мэдэгдэлгүй шалтгаангүйгээр ажил тасалж сумын иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэлгүй чирэгдэл учруулан албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Э.М сануулах сахилгын шийтгэл оногдуулсан,
-аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарны 14-ний өдрийн 17/45 дугаар актаар тэтгэврийн эрх үүсээгүй нэр бүхий 41 хүнд нийт 59.565.131 төгрөг олгосныг, 17/46 дугаар актаар 34 хүнд 16.006.300 илүү төгрөг олгосныг олгосныг, 17/47 дугаар актаар тэтгэвэр тогтоолгох баримтын шаардлага хангаагүйгээс буцаагдсан 5 хүнд 12.280.106 төгрөг олгосныг тус тус нэхэмжлэгч Э.М нөхөн төлүүлэхээр,
-улсын байцаагчийн мөн өдрийн 17/48 дугаар актаар нэр бүхий 10 хүнд дутуу олгосон 833.676 төгрөгийг нөхөн олгохыг Э.М даалгаж шийдвэрлэсэн, эдгээр актуудын “хүлээн зөвшөөрсөн” гэсэн хэсэгт бүгдэд нь нэхэмжлэгч гарын үсэг зуржээ.
Давж заалдах гомдолд “…нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө хууль тогтоомж зөрчиж тэтгэвэр, тэтгэмж олгосон үйлдлээ хаацайлахын тулд чамд хамааралгүй гэж хуурч байгаад гарын үсэг зуруулсан актуудыг хэрэгт хамаатуулж шүүхээс хэт нэг талыг барьж үнэлсэн...” гэх боловч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2138001060052 дугаар тогтоолоор:
“…Э.М нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хооронд хууль, эрх зүйн акт, албан тушаалын тодорхойлолтод заасныг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэврийг, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг тус тус олгож, тэдгээрт давуу байдал бий болгон нийгмийн даатгалын санд 66.707.343 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс сар бүрт өөрт нь ирүүлсэн тэтгэвэр олгосон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан,
Прокуророос 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 56б тоот яллах дүгнэлт үйлдэж, тус хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд шүүх нотлох баримтыг хэт нэг талаас нь үнэлсэн гэж үзэхгүй.
3.Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ч 2020 онд цахим хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар мөн оны оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 76, 78, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр актаар 2.562.800 төгрөгийг төлж барагдуулахыг Э.М даалгасан талаар хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хүргүүлсэн тодруулга авах тухай албан бичигт дурдсан байх бөгөөд Э.М уг төлбөрийг цалингаасаа тооцож барагдуулахыг зөвшөөрсөн тухайгаа бичгээр илэрхийлсэн төдийгүй 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс дээрх төлбөрийн үлдэгдлийг суутгаад үлдэгдэл тэтгэмжийг олгохыг хүссэн,
улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 17/130 дугаар актаар нэр бүхий 3 хүнд илүү олгосон 3.642.520 төгрөгийг нөхөн төлөхийг Э.М даалгасныг тэрбээр мөн л зөвшөөрч гарын үсэг зуржээ.
4.Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, хариуцагч нь сумын нийгмийн даатгалын байцаагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан бөгөөд уг тушаалд Төрийн албаны тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудаас гадна Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах болон Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус үндэслэсэн, мөн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт гэж үзэхгүй.
Учир нь уг хуулийн 47.1-д илт хууль бус актын тохиолдлыг, тухайлбал утга агуулгын илэрхий алдаатай; бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй; тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тодорхойлсон.
Эдгээрийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг бусад тохиолдлуудын нэгэн адил ойлгох буюу хэнд ч илт хууль бус болох нь тодорхой байх агуулгаар ойлгоно.
Иймд тушаалыг хууль зүйн үндэслэлгүй буюу зөрчил гаргаагүй байхад гаргасан гэж буруутгасан, эсхүл тэрхүү зөрчлөө бүрэн тогтоогоогүй, хамааралгүй хуулийг үндэслэсэн, давж заалдах гомдолд дурдсанчлан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас халсан, ажил таслаагүй байхад тасалсан гэж үзсэн, дээд шатны албан тушаалтнаас тушаалыг хууль бус гэдгийг тогтоосон гэх зэргээр эс зөвшөөрч мэдэгдэж буй үндэслэлүүд нь нэхэмжлэлийн “илт хууль бус болохыг тогтоолгох”-оос илүүтэй “хүчингүй болгох” шаардлагын хүрээнд дүгнэгдэх учиртай.
5.Ажил тасалсан талаар зөвхөн гэрч Б.А мэдүүлгийг үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч ажилтай тэрбээр тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн цагийн бүртгэлийг гаргаж аймгийн нийгмийн даатгалын хэлтэс руу явуулдаг,
“…2021 оны 8 сард ажилдаа ороход нь Э.М оронд Баясгалан гэдэг эгч ажиллаж байсан. А.М хааяа нэг ажил дээрээ ирдэг байсан. Аймгаас Баясгалан, Э.М нарын цагийн бүртгэлийг гаргаж явуул гэхээр нь төхөөрөмжөөс бүртгэлийн цагийг гаргаж явуулсан. Б эгч хурууны хээгээ дарж цагаа бүртгүүлсэн, харин Э.М хурууны хээ уншуулсан цаг байгаагүй. Хурууны хээ унших төхөөрөмжийн мэдээлэл одоо байхгүй, төхөөрөмж маань эвдэрсэн…” гэсэн мэдүүлэг өгсөн нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас одоогийн маргаан бүхий актын хүчингүй болгож, хуульд нийцүүлэн эргэж мэдэгдэхийг үүрэг болгосон албан бичигт “…Э.М 2021 оны 9 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй…” гэснээр, хариуцагчаас энэ дагуу тодруулга авахаар хүргүүлсэн албан бичигт “…Э.М 2021 оны 9 дүгээр сараас хойш нэг ч өдөр ажиллаагүй бөгөөд ажиллаагүй ажилтанд цалин хөлс олгох эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг, ажиллаагүй ажилтанд НДШ-ийг ямар үндэслэлээр тайлагнах талаар зөвлөмж өгөх…”-ийг хүссэн зэргээр нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан болохыг нотолж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН